Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/222

 

  

 

 

 

 

  

 

2022         03             03                                     2022/ШЦТ/222

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Хэргийн индекс: 185/2022/0192/Э

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Номин,

Улсын яллагчаар хяналтын прокурор Г.Баярмаа,

Шүүгдэгч Г.Д  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Д д холбогдох эрүүгийн “2209...” дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. ХЯНАВАЛ: 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Г.Д  нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолоор ховор ан амьтны жагсаалтад оруулсан Алтайн хойлог-/Tetraogallus altaicus/-ийн түүхий эд болох 1 бодгалийг 2022 оны 01 дүгээр сард бусдаас худалдан авч, хадгалсан, улмаар 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг бусдад худалдах зорилгоор хадгалж авч явсангэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Яллагдагч Г.Д  нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолоор ховор ан амьтны жагсаалтад оруулсан Алтайн хойлог-/Tetraogallus altaicus/-ийн түүхий эд болох 1 бодгалийг 2022 оны 01 дүгээр сард бусдаас худалдан авч, хадгалсан, улмаар 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг бусдад худалдах зорилгоор хадгалж авч явсан гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

 Цахим орчинд байршуулсан зар, мэдээлэл /хх-ийн 2-р хуудас/,

 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр эд зүйлийг хураан авсан тухай “...48-21 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийн арын хаалгыг Г.Д аар онгойлгуулахад арын суудал дээр цэнхэр өнгийн гялгар уутанд амьтны гаралтай 1 бодгаль зүйл /хойлог шувуу мэт харагдах/-ийг хийсэн байлаа. Уг амьтны гаралтай 1 бодгаль зүйл нь 35.5 см урттай, 13.5 см өргөнтэй /захын хэсэг хүртэл хэмжив/ байх ба шувуу мэт зүйлийн толгойн ард далавчны дээд хэсэг, хүзүү орчимд цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байлаа...” гэх тэмдэглэл /хх-ийн 5-7-р хуудас/,

Хохирогч , иргэний нэхэмжлэгч Б.Т ийн мөрдөн шалгах ажиллаагын үед өгсөн: “...Алтайн хойлог шувуу нь Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан ан амьтны экологи, эдийн засгийн хохирлын үнэлгээгээр 1 бодгаль нь 130.000 төгрөгийн үнэлгээтэй байдаг. Амьтны тухай хуулиар экологи эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр торгодог учраас байгаль орчинд учирсан хохирол нь 260.000 төгрөг болдог. Уг алтайн хойлог шувуу нь Монгол орны улаан номонд бүртгэлтэй, амьтны тухай хуулийн ховор зүйлийн жагсаалтад багтсан дэлхийн байгаль хамгаалах холбооны улаан дансны ангиллаар олон улсын хэмжээнд анхааралд өртөхөөргүй, Монгол орны хэмжээнд ховордож болзошгүй ангилалд хамаардаг. Уг шувуу нь Монгол орны Алтайн нуруу, түүний салбар уулсаар тархагдсан байдаг...байгаль орчинд учруулсан хохирлыг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/,

Гэрч М.Батжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “...өнөөдөр буюу 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өглөө би найз Дашнямаас “маргааш Ховд аймаг явна, зээлэх мөнгө байна уу” гэхэд “надад нэг шувуу байгаа тэрийг зараад мөнгө өгье” гэсэн. Тэгээд найз Дашнямтай хамт явж байтал нэг дугаар луу залгаад Дашням миний утаснаас залгаад “шувуугаа зарахаар боллоо” гээд эхлээд 1 дүгээр эмнэлэгт очоод, дараа нь “ШУТИС дээр хүрээд ир” гэж байна гэхээр нь очсон, тэгээд экологийн цагдаагийн албанд ирцгээсэн. Дашнямд шувуу байгааг өнөөдөр л мэдсэн...ямар учиртай хэзээ хэнээс авсан шувуу гэдгийг би мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/,

Гэрч Ц.Батболдын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би хайрцагтай дайврыг юу байсныг мэдээгүй, нэр, хаяг байхгүй скочидсон хөнгөндүү зүйл байсан, би хот хоорондын автобусанд Дашнямын дугаар, нэрийг нь бичээд явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 505 дугаартай “1. Шинжилгээнд ирүүлсэн 1 бодгаль хөлдөөсөн шувуу нь Тахиатан-Galliformes /Gebler, 1836/ баг, Гургуулынхан-Phasianidae овгийн Алтайн хойлог-Tetraogallus altaicus /Gebler, 1836/ зүйлийн бие гүйцсэн, хүйс нь эм байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн Алтайн хойлог- Tetraogallus altaicus /Gebler, 1836/ нь ховор амьтны жагсаалт, Монгол улсын улаан номны /2016 он/ ховор шувуунд орсон зүйл юм.  3. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын Ан-амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ жагсаалтад Алтайн хойлог-Tetraogallus altaicus /Gebler, 1836/-н нэг толгойд 130.000 төгрөгөөр үнэлсэн байна.  4. Амьтны тухай Монгол Улсын хуулийн  37.2-т амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи- эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тооцохоор заасан болно...” гэх дүгнэлт /хх-ийн 29-31-р хуудас/

Яллагдагч Г.Д ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...ховор шувуу хадгалсан үйлдэл нь үнэн болохоор нэмж шалгуулах тодруулах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59-р хуудас/ болон энэ шүүх хуралдаанд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа гэсэн мэдүүлэг бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Урьд ял шийтгүүлж байсан талаарх Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62 тал/ зэрэг баримтууд болно.
  • Шүүгдэгч Г.Д ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 65 тал /,
  • Шүүгдэгч Г.Д ын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 64 тал/,
  • Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 74 тал/,
  • Шүүгдэгч Г.Д ийн байнга оршин суугаа хаягийн лавлагаа: Ховд аймаг Жаргалант сумын 1 дүгээр баг Алагтолгой 12-08 тоотод оршин суух,
  • Зөрчлийн хэргийн шийдвэрлэлтийн бүртгэл /хх-ийн 89-97 тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2  зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллага холбогдох хууль журмыг сурталчлах, соён гэгээрүүлэх ажил хангалтгүй хийгдсэн, гэмт хэрэг зөрчлийн талаарх мэдээллийг Цагдаагийн байгууллага хангалтгүй зохион байгуулж, энэ талаарх сургалт сурталчилгааг зохих төвшинд, холбогдох хүмүүст нь хүртэл хийж чадаагүй зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Шүүгдэгч Г.Д  нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулиар ард түмний мэдэл, төрийн төрийн хамгаалалтанд байх ховор амьтан болох 1 тооны Алтайн хойлогийг худалдан авч, худалдах зорилготойгоор хадгалж экологи эдийн засагт хохирол учруулж, байгаль орчин “амьтны жам ёсны эрх”-д хор уршиг учруулсан үр дагаварт зориуд хүргэж, хууль бусаар ан агнах үйлдэл хийснийг дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч Г.Д ын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь “амьтны жам ёсны эрх”-д халдсан буюу амтад идэш тэжээлээ олох, амьдрах идээшил, тархац нутгаа сонгох, үржил хөөцөлд орж, үр төлөө үлдээх, бүл сүрэгтэй дасан ижилсэх, айдас цочрол, хомроглон устгагдахаас ангид байх, Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д заасныг зөрчиж ховор амьтан Алтайн хойлог-Tetraogallus altaicus /Gebler, 1836/ нь Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасан “Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно” гэж заасны дагуу Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Алтайн хойлог-Tetraogallus altaicus /Gebler, 1836/ экологи эдийн засгийн үнэлгээ болох 130.000 төгрөгийг хоёр дахин өсгөсөн мөнгөн дүн болох нийт 260.000 төгрөгийн хохирол учирч түүний улмаас байгаль орчинд бага бус хэмжээний хохирол учруулсан байна. Шүүгдэгч Г.Д  нь амьтны аймагт 260.000 төгрөгийн хохирол учруулснаас 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр төрийн сангийн 100200000906 тоот дансанд хүү торгуулийн орлого нэрээр 260.000 төгрөг шилжүүлсэн ХААН банкны шилжүүлгийн мэдээллийн баримт /хх-ийн 103 дугаар хуудас/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.Д д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “худалдан авсан, худалдан борлуулах зорилгоор хадгалсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэххэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, хохирол төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлж, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдал зэрэг байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх шүүгдэгч Г.Д д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчид 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтайгаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байх тул прокурорын саналыг харгалзан шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Г.Д   нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10  зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г.Д ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “худалдан авч, худалдах зорилгоор хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д ыг 5.400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3  зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Г.Д  5.400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.3  зүйлийн 5 дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан түргэн муудах, онцлог эд мөрийн баримт болох бор саарал өнгийн 2472.6 грамм жинтэй, 460 мм /сүүлгүйгээр/ урттай хойлог шувууны 1 ширхэг бодгалийг устгахыг Экологийн цагдаагийн албанд даалгасугай.

6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.   

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Д д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.                

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.АЗЖАРГАЛ