| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2017/00478/И |
| Дугаар | 529 |
| Огноо | 2017-03-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 529
| 2017 оны 03 сарын 13 өдөр | Дугаар 183/ШШ2017/00529 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал би:
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо, Грийн хаус, А4 байр, 2 тоотод оршин суух, Боржигон овогт Баатарын Гантиг /ЖЭ 74052601/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Гэрэлт хотхон, 25-р байр, 49 тоотод оршин суух, Нийпрагийн Дэлгэрсайханд холбогдох,
Зээлийн төлбөрт 21 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие өөрийн нөхөр болох Н.Мөнхжаргалын хамт 2013 оны 3 сард Хаан банкнаас 200 000 000 төгрөг зээлсэн бөгөөд хамтран зээлдэгчээр Н.Дэлгэрсайхан оролцсон. Хаан банкнаас зээлсэн мөнгөнөөс 50 000 000 төгрөгийг Н.Дэлгэрсайханд зээлдүүлсэн бөгөөд тухайн мөнгөнөөс 21 500 000 төгрөгийг одоо хүртэл төлөөгүй байна. 2015 оны 3 сарын 11-ний өдөр үлдсэн мөнгийг төлөх талаар баталгаа гаргаж гарын үсэг зурсан хэдий ч өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна. Иймд Н.Дэлгэрсайханаас зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 21 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.Дэлгэрсайхан шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Гантигийн талийгаач нөхөр Н.Мөнхжаргалтай найз байсан, нэхэмжлэлийн шаардлагын хувьд маргах зүйл байхгүй, бүрэн төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Гантиг нь хариуцагч Н.Дэлгэрсайханд холбогдуулан Зээлийн төлбөрт 21 500 000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Дэлгэрсайхан нэхэмжлэлийн шаардлага болох 21 500 000 төгрөгийг төлж барагдуулахаар зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Гантигийн шаардсан 21 500 000 төгрөгийг хариуцагч Н.Дэлгэрсайхан нь төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 265 500 төгрөгөөс 132 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Дэлгэрсайханаас улсын тэмдэгтийн хураамжинд 132 750 төгрөгийг, улсын төсвөөс 132 750 төгрөгийг /ХУД-ийн Татварын хэлтсийн 2603030349 данс/ тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Гантигт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ