Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 528

 

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2017/00528

Улаанбаатар хот

 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал би:

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Скайтел плаза, Скайтел ХХК-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэр гудамж, 24а байр, 814 тоотод оршин суух, Хувхүүгийн Алтансүх /ДЮ 68081034/-д холбогдох,

 

Гэрээний үүрэгт 53 984 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.Алтансүх нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2014 оны 12 сарын 25-ны өдөр дараа төлбөрт Postpaid BC-20к үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээ байгуулж 91922366 дугаарын эзэмшигч болсон. Гэтэл Х.Алтансүх нь гэрээний үүргээ үл биелүүлж 91922366 дугаарын 2015 оны 5 сарын байдлаар 99 984 төгрөг төлөөгүй тул гэрээний 5.1.7-д заасны дагуу үйлчилгээг хаасан. Х.Алтансүхэд төлбөрөө төлөхийг сануулж байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд Х.Алтансүхээс төлбөрийн үлдэгдэл болох 99 984 төгрөг үүнээс гэрээний 5.1.8-д заасны дагуу барьцаа 50 000 төгрөгийг хасч үлдэгдэл 49 984 төгрөг, нотариатын залдал 4000 төгрөг, нийт 53 984төгрөгийг Х.Алтансүхээс гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Скайтел ХХК нь хариуцагч Х.Алтансүхээс гэрээний үүрэгт 53 984 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.Алтансүх нь нэхэмжлэлийн шаардлага болох 53 984 төгрөгийг төлж барагдуулсан талаарх тайлбар болон холбогдох баримтаа шүүхэд ирүүлжээ.

 

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 74.6, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Скайтел ХХК-ийн гэрээний үүрэгт 53 984 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Х.Алтансүх биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 550 төгрөгөөс 2 275 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Х.Алтансүхээс улсын тэмдэгтийн хураамжид 2 275 төгрөг, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2603030349 тоот данснаас 2 275 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Скайтел ХХК-д олгосугай.

 

3. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ