Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 510

 

 

 

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 183/ШШ2017/00510

Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 12 дугаар хороо, Сонгино 6-р гудамж, 41 тоотод оршин суух, Боржигон овогт Лувсанцэрэнгийн Очирбат /УС 40090157/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 12 дугаар хороо, 12 айлын сууцны 42-3 тоотод оршин суух, Сартуул овогт Равдандоржийн Ундармаа /ЦД 76053001/-д холбогдох,

 

700 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Очибрат, хариуцагч Р.Ундармаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Дамба нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Очирбат шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2016 оны 1 дүгээр сард Р.Ундармаа нь надаас мөнгө хэрэг болоод байна мөнгө зээлээч удаахгүй өгье гэж гуйсны дагуу 150 000 төгрөгийг бэлнээр, өөрийн 550 000 төгрөгийн үнэ бүхий 12 лангийн мөнгөн тоногтой ширэн бүсээ өгч явуулсан. Р.Ундармаа зээлсэн мөнгөө өгнө гэдэг боловч одоо хүртэл өгөөгүй байна. Иймд Р.Ундармаагаас 700 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Р.Ундармаа шүүх хуралдаан болон шүүхэд гаргасан тайлбартаа: ... Би Л.Очирбатаас авсан 700 000 төгрөгөө хоёр сарын хугацаанд төлж барагдуулах болно гэв.

 

Зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хариуцагч Р.Ундармаа нь нэхэмжлэлийн шаардлага болох 700 000 төгрөгийг хоёр сарын хугацаанд төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгч Л.Очирбат хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулсан тул эвлэрлийг баталж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Очирбат нь хариуцагч Р.Ундармаад холбогдуулан 700 000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Р.Ундармаа нь нэхэмжлэлийн шаардлага болох 700 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч хоёр сарын хугацаанд буюу 2017 оны 5 сарын 07-ны дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг эвлэрлийг батлав.

 

Иймд нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Л.Очирбатын нэхэмжилсэн 700 000 төгрөгийг хариуцагч Р.Ундармаа нь төлөхөөр хүлээн зөвшөөрч, хариуцагч Р.Ундармаа нь 700 000 төгрөгийг хоёр сарын хугацаанд буюу 2017 оны 5 сарын 07-ны дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 21 350 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Р.Ундармаагаас улсын тэмдэгтийн хураамжинд 21 350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Очирбатад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ