Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 494

 

2017 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2017/00494

Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 4-р байр, 1-р орцны подваль, Тайхар СӨХ-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 3-р байр, 1 тоотод оршин суух, Будрагчаагийн Светланад холбогдох,

 

СӨХ-ны төлбөрт 3 959 800 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, үйлчилгээний зардалд төлсөн 2 022 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Одонтуяа, хариуцагч Б.Светлана, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Ариунзул, нарийн бичгийн дарга Ц.Дамба нар оролцов.

Нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Тайхар СӨХ-ны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одонтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Светлана нь 2014 оны 9 сараас 2016 оны 5 сарыг хүртэлх хугацааны үндсэн байрны 29 м.кв талбайн СӨХ-ны төлбөр, дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний болон цэвэрлэгээний хөлс зэрэг төлбөрт нийт 3 959 800 төгрөгийг төлөөгүй байна. Б.Светлана нь байрандаа өргөтгөл хийж янз бүрийн үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж байсан. СӨХ-ны зүгээс Б.Светланатай удаа дараа уулзаж СӨХ-ны мөнгөө төлөхийг шаардаж байсан боловч өнөө маргаашгүй өгнө гэж аргацаасаар өнөөдрийг хүрлээ. Иймд 2015 оны 1 сараас эхлэн 29 м.кв талбайд үсчин ажиллуулж байгаа тул м.кв-ыг 1000 төгрөгөөр, өргөтгөлийн 75 м.кв талбайд Начинзаан ломбард ажиллаж байгаа тул м.кв-ыг 2 000 төгрөгөөр тооцож нийт 3 959 800 төгрөгийг Б.Светланагаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигч талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: Тайхар СӨХ-ны нэхэмжлэлтэй Б.Светланагаас 3 959 800 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй үйлчилгээний зардалд төлсөн 2 022 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч тал 1 350 000 төгрөгөөс, хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзаж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 509 800 төгрөгийг төлөхөөр, 1 050 000 төгрөгийг нэхэмжлэгч Тайхар СӨХ хариуцагч Б.Светланад төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байна. Мөн Тайхар СӨХ нь Б.Светланаагаас СӨХ-ны төлбөрт 50 м.кв-аар тооцож түрээслэж байгаа бол м.кв-ыг 1000 төгрөгөөр, түрээслээгүй тохиолдолд м.кв-ыг 150 төгрөгөөр, үндсэн байрны 29 м.кв талбайг үйл ажиллагаа явуулж байгаа бол м.кв-ыг 1000 төгрөгөөр, айл амьдарч байгаа бол м.кв-ыг 150 төгрөгөөр тус тус тооцож авахаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. 2016 оны 6 сараас 2017 оны 2 сарыг дуустал хариуцагч Б.Светлана үндсэн байрны төлбөрийг төлж байсан тул хоёр тал баримтаар тооцоог нийлж дуусгахаар тохиролцов гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Тайхар СӨХ нь хариуцагч Б.Светланад холбогдуулан СӨХ-ны төлбөрт 3 959 800 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг, Б.Светлана нь үйлчилгээний зардалд төлсөн 2 022 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Тайхар СӨХ нь нэхэмжлэлийн шаардлага болох 3 959 800 төгрөгийн 1 350 000 төгрөгөөс, хариуцагч Б.Светлана сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь тус тус татгалзаж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 509 800 төгрөгийг хариуцагч Б.Светлана төлөхөөр, өмнөх шүүхийн шийдвэрээр биелэгдсэн төлбөрөөс 1 050 000 төгрөгийг Тайхар СӨХ-өөс гаргуулж Б.Светланад тус тус төлөхөөр болж, Тайхар СӨХ нь Б.Светланаагаас СӨХ-ны төлбөрт 50 м.кв-аар тооцож түрээслэж байгаа бол м.кв-ыг 1000 төгрөгөөр, түрээслээгүй тохиолдолд м.кв-ыг 150 төгрөгөөр, үндсэн байрны 29 м.кв талбайг үйл ажиллагаа явуулж байгаа бол м.кв-ыг 1000 төгрөгөөр, айл амьдарч байгаа бол м.кв-ыг 150 төгрөгөөр тус тус тооцож авахаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. 2016 оны 6 сараас 2017 оны 2 сарыг дуустал хариуцагч Б.Светлана үндсэн байрны төлбөрийг төлж байсан тул хоёр тал баримтаар тооцоог нийлж дуусгахаар эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Шүүх шийдвэр гарахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд зохигч эвлэрэх эрх-ийнхээ дагуу нэхэмжлэгч хариуцагч нар нь эвлэрч гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Тайхар СӨХ нь нэхэмжлэлийн шаардлага болох 3 959 800 төгрөгийн 1 350 000 төгрөгөөс, хариуцагч Б.Светлана сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь тус тус татгалзаж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 509 800 төгрөгийг хариуцагч Б.Светлана, 1 050 000 төгрөгийг Тайхар СӨХ Б.Светланад тус тус төлөхөөр, мөн Тайхар СӨХ нь Б.Светланаагаас СӨХ-ны төлбөрт 50 м.кв-аар тооцож түрээслэж байгаа бол м.кв-ыг 1000 төгрөгөөр, түрээслээгүй тохиолдолд м.кв-ыг 150 төгрөгөөр, үндсэн байрны 29 м.кв талбайг үйл ажиллагаа явуулж байгаа бол м.кв-ыг 1000 төгрөгөөр, айл амьдарч байгаа бол м.кв-ыг 150 төгрөгөөр тус тус тооцож авахаар харилцан тохиролцож, эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 99 107 төгрөг, хариуцагч Б.Светланагаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 107 390 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Светланагаас 39 107 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Тайхар СӨХ-д, Тайхар СӨХ-өөс улсын тэмдэгтийн хураамжинд 29 750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Светланад тус тус олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ