Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 473

 

2017 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2017/00473

Улаанбаатар хот

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал би:

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг Чингисийн талбай, Бодь Цамхаг, 604 тоотод байрлах, Гутал ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Батбаярын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө, өөрийн байр Гутал ХК,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Дөрвөн улирлын цэцэрлэг С-1 байр, 311 тоотод оршин суух, Гутал ХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Төмөр нарт холбогдох,

 

Гутал ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн хурал, 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хурлыг хууль бусд тооцуулж, эдгээр хурлаас гарсан тогтоол, шийдвэрүүдийг хууль бусд тооцуулж, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Гутал ХК нь 1 618 684 ширхэг хувьцаа гаргасан. Миний бие өөрийн хүүхдүүдийн хамт Гутал ХК-ийн нийт хувьцааны 44.2 хувь буюу 715 935 ширхэг хувьцааг эзэмшдэг. Хувьцаа эзэмшигчдийн хурлаараа 9 гишүүн бүхий Төлөөлөн удирдах зөвлөлийн сонгодог бөгөөд ТУЗ-ын 6 энгийн гишүүний 3 нь манай гэр бүлээс, 3 нь Ц.Төмөрийн гэр бүлээс мөн хараат бус 3 гишүүнтэйгээр ажиллаж ирсэн. Компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ц.Төмөртэй холбоотой компани дотооддоо шийдвэрлэх нилээн олон асуудлууд хуримтлагдаж ирсэн. Гэтэл Ц.Төмөр нь 2015 оны 10 сарын 09-ний өдөр өөрийн нэгдмэл ашиг сонирхол бүхий эхнэр Ч.Долгормаа, охин Т.Даариймаа, хараат бус байх ёстой атлаа Ц.Төмөрөөс хараат болсон Б.Бүүвэй, О.Буяннэмэх нарын бүрэлдэхүүнтэйгээр ТУЗ-ын гэх хурлыг хуралдуулж хуулийн хүчин төгөлдөр бус хурал хийж тогтоол шийдвэр гаргасан. Компанийн тухай хуулийн 80.5-д ТУЗ-ын гишүүдийн 3/2 буюу 66.66 хувийн ирцтэй байхыг шаарддаг бөгөөд компанийн 6 гишүүн хуралд оролцсоноор хүчин төгөлдөр хурал хийгдэх ёстой. Харин Ц.Төмөр нь 5 гишүүний ирцтэйгээр хурал хийж компанийн удирдлагатай холбоотой хууль бус шийдвэрүүд баталж, 5 хууль бус тогтоол гаргаад байна. Мөн 2015 оны 10 сарын 16-ны өдөр мөн дээрх бүрэлдэхүүнтэйгээр дахин хууль бус хурал хийж Ш.Ууганжаргалыг ТУЗ-ын гишүүнээр томилсон. Иймд Гутал ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн хурал, 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хурлыг хууль бусд тооцуулж, эдгээр хурлаас гарсан тогтоол, шийдвэрүүдийг хууль бусд тооцуулж хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Батбаяр нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Миний бие Гутал ХК болон Гутал ХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Төмөр нарт холбогдуулан Гутал ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн хурал, 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хурлыг хууль бусд тооцуулж, эдгээр хурлаас гарсан тогтоол, шийдвэрүүдийг хууль бусд тооцуулж хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Батбаяр нь хариуцагч Гутал ХК болон Гутал ХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Төмөр нарт холбогдуулан Гутал ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн хурал, 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хурлыг хууль бусд тооцуулж, эдгээр хурлаас гарсан тогтоол, шийдвэрүүдийг хууль бусд тооцуулж хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Батбаяр нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг ирүүлсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

Нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар тал хувиар бууруулан тогтоох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Б.Батбаяр нь хариуцагч Гутал ХК болон Гутал ХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Төмөр нарт холбогдуулан Гутал ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн хурал, 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хурлыг хууль бусд тооцуулж, эдгээр хурлаас гарсан тогтоол, шийдвэрүүдийг хууль бусд тооцуулж хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгөөс 35 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Гутал ХК болон Гутал ХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Төмөр нараас улсын тэмдэгтийн хураамжид 35 100 төгрөгийг, улсын төсвөөс 35 100 төгрөгийг /ХУД-ийн Татварын хэлтсийн 2603030349 данс/ тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Батбаярт олгосугай.

 

3. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ