| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Азжаргал |
| Хэргийн индекс | 185/2022/0074/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/271 |
| Огноо | 2022-03-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Болорзул, |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 2022/ШЦТ/271
2022 03 16 2022/ШЦТ/271
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 185/2022/0074/Э
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,
нарийн бичгийн дарга И.Номин,
улсын яллагч С.Болорзул,
шүүгдэгч Б.Ө , түүний өмгөөлөгч Б.Өлзиийбаяр, И.Ирмүүн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Ө холбогдох эрүүгийн 2109... дугаартай хэргийг хүлээн авч:
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Ө нь 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 50-249 тоотод иргэн Б.Б той “хашаанд машинтайгаа дураараа орж ирлээ” гэх шалтгааны улмаас маргалдаж, түүний хоолойг 3 удаа боож, зүүн гараараа хоолойг нь багалзуурдаж, улмаар баруун гараараа хамар хэсэгт 1 удаа цохиж эрүүл мэндэд нь “хамар ясны далд хугарал, хамрын таславчийн мурийлт, хүзүүнд цус хуралт, эрүү, төвөнх орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Ө нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Би хохирогчийг цохиж зодсон зүйл байхгүй. Биднийг хоорондоо зууралдаж байх хооронд манай ажилчид биднийг салгасан. Хэрэг гардаг өдөр хашаанд ирээд намайг, миний хүүхдүүдийг хэл амаар доромжилсон. Би хохирогчид таны авч явах гэж байгаа экскаваторт би өөрөө 8 сая төгрөгөөр засвар хийсэн, танай байгууллагад эхлүүлсэн ажил 70 хувьтай явж байгаа одоо болиулахаар би эдийн засгаараа хохироно гээд эвээр хэлж байхад хохирогч над руу дайраад хэл амаар доромжлоод байхаар нь би хашаанаасаа гаргах гээд түлхэх үед над руу буцааж дайраад бид хоорондоо зууралдсан..” гэв.
Хэргийн үйл баримтын талаар:
Хохирогч Б.Б ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: 2021 оны 10 дугаар сарын 27-ны өглөө 09 цагийн үед Б.Ө ын утас руу залгахад утсаа авахгүй байсан тул Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 50-249 тоот дээр байрлах ажил дээр нь яваад очсон. Ажил, гэр нь нэг газар байдаг юм байна лээ, би хашаа дотор ороход Б.Ө миний эзэмшлийн экскаватор дотор сууж байсан. Би явж очоод чи яагаад гар утсаа авахгүй байгаа юм бэ, би экскаватороо авмаар байна гэхэд Б.Ө өгөхгүй, тийм юм байхгүй, маргааш чиний ажлыг дуусгачихна, мөнгийг чинь хийчихнэ гээд өгөхгүй байсан. Би ачлагын автомашин дуудсан байгаа, би экскаватороо одоо авч явна, экскаватор чамд ямар байдалтай байсан байдалд оруулаад буцаагаад өг гэхэд тийм юм байхгүй, чадахгүй гээд миний биед халдан, хоолой боосон. Би Б.Ө од өөрт нь гар утас дээр бичлэг хийж байгаа гэж хэлэхэд миний биед халдахаа болиод экскаватороор миний унаж явсан 0200 УБН дугаартай ланд 200 маркийн автомашиныг гамбир болгоно гэж заналхийлж сүрдүүлсэн. Тэгэх юм бол тэг, би чамайг миний автомашиныг ямбийлгуул гэж би чамаас гуйгаагүй гэхэд миний хоолойг дахин боосон. Б.Ө миний гар утсыг булаах гэж дайрч байгаад гар утас авч чадаагүй тул миний хамар луу хүчтэй цохисон. Тэгээд цагдаа дуудсан ... Б.Ө миний хоолойг 3 удаа боосон, 3 дахь удаа миний хоолой боож байхад зүүн гараараа хоолой багалзуурдаад баруун гараараа нэг удаа хамар луу нударсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 тал/
Гэрч Б.Амгалангийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мастер Төмөр Уран Дархан ХХК”-ийн ажил дээрээ, ажлаа хийх гээд бэлтгэлээ хангаад зогсож байхад манай компанид бартераар экскаватор өгсөн хүн хүрч ирээд, тэнд байсан хүмүүсээс Б.Ө хаана байна гэж асуухад бид хойд хашаа дотор экскаватор асаагаад байгаа гэж хэлэхэд хойш явсан. Бид ажлаа хийж байх үед Б.Ө тэр хоёр муудалцаад унасан, жаал муудалцаж байхад тэр хоёр заамдалцаад түлхэлцээд, зодолдох гээд байхаар нь бид тэр хоёр дээр очиж салгасан ...” гэх мэдүүлэг /хх- ийн 24-25 тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №10552 дугаартай
“1. Б.Б ын биед хамар ясны далд хугарал, хамрын таславчийн мурийлт, хүзүүнд цус хуралт, эрүү, төвөнх орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26-27 тал/
Яллагдагч Б.Ө ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 10 цагийн үед экскаватор асаагаад хүүхдийн тоглоомын элс тараах гээд асаагаад сууж байхад Бат-Оргил ланд 200 маркийн автомашинтай маш их хурдтай хашаа дотор орж ирсэн. Хашаа дотор орж ирээд, миний сууж байсан экскаваторын өмнө зогсон, автомашинаасаа бууж ирээд, намайг шууд хэл амаар доромжилж, бандиа гэж намайг дуудаад, экскаватор ачиж явна гээд байсан. Би эвээр учир начраа олох гэсэн бүтэхгүй, сүүлд нь миний уур хүрээд би Бат-Оргилын өмсөж байсан хувцаснаас заамдан авч, хоолойг нь боосон. Тэгээд би Бат-Оргилын хүний эзэмшлийн хашаанд яасан овоо орж ирдэг юм гээд хөөж гаргах гэхэд гарахгүй нэлээн хэд заамдсан. Тэгээд манай ажилчид хүрч ирж болиулахад би цагдаа дуудсан юм ... Бат-Оргил бид хоёр бартерын ажилтай байсан. Би Бат-Оргилоос засвартай экскаватор аван оронд нь 2 давхар барилга барьж өгөөд, зөрүүнд нь мөнгө өгөхөөр болсон. Би Бат-Оргилд барьж өгөх барилга 70%-тай явж байхад ковид 19 цар тахлаас болж хил хаагдсан, гадуур барилгад ашиглагдах материал нь олдохгүй, дууссан байсан тул барилга зогсонги байдалд орсон. Тэрнээс болж бид хоёр муудалцсан ... Хамар ясны далд хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтлүүдийг би учруулаагүй, хүзүүнд цус хуралт, эрүү, төвөнх орчмын зөөлөн эдийн няцрал гэмтлүүдийг би хоолойг нь боож учруулсан ... Бат-Оргил анх надтай уулзаж байхад хамар нь шал мурийлттай байсан, бас экскаваторын бичиг баримт азаад ир, албан ёсоор гэрээ байгуулъя гэхэд хүрч ирэхгүй тойрч зугтаад байгаа. Бат-Оргил экскаватороо надаар үнэгүй засуулаад, үнэгүй барилга бариулаад, экскаватороо буцаан авах гэж оролдсон ...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6 тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:
Шүүгдэгч Б.Ө ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах тал (хх-ийн 34 тал),
Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл (хх-ийн 37 тал),
Иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 44 тал),
Шүүгдэгч Б.Ө ын оршин суугаа газрын хаягийн лавлагаа: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 18 дугаар хороо Бэлхийн 50-249 тоот (хх-ийн 45 тал),
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа (хх-ийн 47 тал),
Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа (хх-ийн 48 тал),
Нийгмийн даатгал төлөлтийн талаарх тодорхойлолт (хх-ийн 49 тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагчаас “Шүүгдэгч Б.Ө нь Б.Б ын эрүүл мэндэд нь “хамар ясны далд хугарал, хамрын таславчийн мурийлт, хүзүүнд цус хуралт, эрүү, төвөнх орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай” гэх дүгнэлтийг гаргасан бол
Шүүгчдэгчийн өмгөөлөгчөөс нараас “Тухайн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нотлогдон тогтоогдоогүй байна. Хэргийн эргэлзээ бүхий нөхцөл байдлыг арилгахгүйгээр шүүгдэгчийг гэм буруутайд тооцох боломжгүй, хохирогч гэрч нарын мэдүүлгийн зөрүүтэй, Шинжээчийн дүгнэлт нь шүүх шинжилгээний тухай хуулийн холбогдох заалт, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 дүгээр заалт, 2.6 дугаар заалтыг зөрчсөн. Хохирогчийн гэмтлийн зэргийг тогтоохоор дахин шинжээч томилуулах шаардлагатай. Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу гараагүйг арилгах шаардлагаиай учир хэргийг прокурорт буцаах шаардлагатай байна” маргажээ.
Үйл баримтын талаарх дүгнэлт
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Б.Ө нь хохирогч Б.Б той маргалдаж, түүний хоолойг боож, хоолойг нь багалзуурдаж, улмаар баруун гараараа хамар хэсэгт 1 удаа цохиж” зодсон үйл баримт тогтоогдож байна.
Тухайн гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн бөгөөд хавтаст хэргийн 26 талд авагдсан шинжээчийн дүгнэлтэд “хамрын хянга ясанд шинэ хуучин хавсарсан бага зэрэг зөрүүтэй хугарлууд” гэж дурдсан нь хохирогчийн хуучин гэмтэл нь шүүгдэгч Б.Ө той шүргэлцсэний улмаас Б.Б ын биед хамар ясны далд хугарал, хамрын таславчийн мурийлт, хүзүүнд цус хуралт, эрүү, төвөнх орчмын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирсан байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.
Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б.Ө ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Шүүгдэгч Б.Ө нь хохирогч Б.Б ын эрүүл мэндэд халдаж хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Хохирогч Б.Б д Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №10552 дугаар дүгнэлтээр “...хамар ясны далд хугарал, хамрын таславчийн мурийлт, хүзүүнд цус хуралт, эрүү, төвөнх орчмын зөөлөн эдийн няцрал” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Б.Ө нь хохирогч Б.Б ын эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Б.Ө ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.
Хохирогч Б.Б нь гэм хорын хохиролд 420.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч нь хохирогчид 420.000 төгрөгийг төлж барагдуулгүй байх тул шүүгдэгчээс 420.000 төгрөгийг даруй гаргуулж хохирогч Б.Б олгох нь зүйтэй байна. Мөн хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх болно” гэсэн мэдүүлэг өгчээ.
Хохирогч Б.Б нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.Ө гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүх шүүгдэгч Б.Ө од ял оногдуулахдаа шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчид “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулъя гэснийг, шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү ” гэснийг тус тус харгалзан үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын төрлүүдтэй.
Шүүхээс шүүгдэгч Б.Ө ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогчид “...хамар ясны далд хугарал, хамрын таславчийн мурийлт, хүзүүнд цус хуралт, эрүү, төвөнх орчмын зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учирсан, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө нь оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэв.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Б.Ө од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлээ.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Ө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Б.Ө ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө оос 420.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б д даруй олгосугай.
6. Хохирогч Б.Б нь цаашид гарах гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Ө од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ