Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 2018/ДШМ/72

 

2018              12              03                                                2018/ДШМ/72

 

Б.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                       

                                                                                                                                                                                    Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

            Прокурор: С.Энхням,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ч.Энхтүвшин,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

 

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2018/ШЦТ/133 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Б.Бд холбогдох, эрүүгийн 1819001740109 дугаартай, 1 хавтас, 131 хуудас бүхий хэргийг хохирогчийн өмгөөлөгч А.Ганбатын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, мал малладаг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Дорноговь аймгийн .. сумын ... дугаар багт оршин суух, урьд Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 1999 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял, Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 28 тоот шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял, мөн шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 56 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Эрдэнэбанди овогт Б-ийн Б /РД:ЕД760426.../-д холбогдуулан Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Энхнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ. 

 

Шүүгдэгч Б.Б 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг, Аюушийн 5-5 тоотод хохирогч М.Ж-тай маргалдаж, улмаар түүнийг зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 Анхан шатны шүүх: Шүүгдэгч Эрдэнэбанди овогт Б-ийн Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 төгрөгөөр торгох ял шийтгэж,

 

Монгол Улсын Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг 1000000 төгрөгийн торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

 

 Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

 

Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт хураагдан ирээгүй болохыг тус тус дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч М.Ж нь 3000000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэйг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн өмгөөлөгч А.Ганбат давж заалдсан гомдолдоо: Миний үйлчлүүлэгч М.Жыг бичиг үсэг үл мэдэгчийг далимдуулан Б.Б нь үйлдсэн гэмт хэргээ далдлах зорилгоор буруу ташаа мэдүүлж байсан нь шүүх хурлаар эцэслэн тогтоогдсон гэж үзэж байна. Хувийн зан байдал нь хэдийгээр хуулиар гэм буруутайгаа өөрөө нотлох үүрэг хүлээх албагүй ч гэсэн хэргийн бодит үнэнийг тогтооход гэмт хэрэг үйлдсэндээ хувийн зүгээс хэрхэн дүгнэлт хийж байгаа нь тодхон харагдаж байна. Тэгээд ч Б нь урьд нь энэ төрлийн гэмт хэргээр удаа дараалан шийтгэгдэн ял эдэлж байсан зэргээс харахад үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж дүгнэлт хийхгүй байна гэж үзэхээс аргагүй байна. Ингэхээр анхан шатны шүүхээс Бд оногдуулсан 1000000 төгрөгийн торгох ял хөнгөдсөн гэж үзэж байх тул тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхтүвшин давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогчийн өмгөөлөгч Ганбат, Жыг бичиг үсэг мэдэхгүйг нь далимдуулсан, мөн түүнийг чин санаанаасаа гэмшээгүй гэж яриад байна. Б Жыг эмнэлэгт хэвтсэнийг сонсоод, эмнэлэг дээр нь очиж 100000 төгрөг өгсөн байдаг. Ж нь эмчилгээ хийлгэж байгаад эмнэлгээс оргоод явчихсан байсан. Сүүлд төлбөр гарахаар нь Б санаачлагаараа очиж 150000 төгрөгийг төлсөн байгаа. Эмчилгээний зардал 250000 төгрөгийг төлчихсөн байгаа. Түүнийг гэмшээгүй гэж хэлж болохгүй. Тиймээс хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан гомдол үндэслэлгүй байна гэв.

 

Прокурор С.Энхням давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүхээс Бд 2018.10.18-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, түүнд 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэснийг хохирогчийн өмгөөлөгчөөс ял хөнгөдсөн гэдэг байдлаар гомдол гаргасан. Анхан шатны шүүхээс хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын нөхцөл байдал зэргийг харгалзаад түүнд 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгуулийн ялын санкц нь 450-1350 нэгжтэй тэнцэх хэмжээний торгуулийн хэлбэлзэлтэй байгаа. Энэ хүрээнд ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

 

Тодруулбал Хавтаст хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох гэмт хэргийн талаар гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-2/, М.Жын хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх 8-10/, Э.Баянмөнхийн гэрчээр өгсөн мэдүүлэг/хх-12/, Л.Бгийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх13-15,59-60/, шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг/хх-111/, гэрч Н.Сарнайцэцэгийн мэдүүлэг /хх-61/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 864 дугаар “2.М.Жын биед тархи доргилт, баруун дал ясны цууралт, хамар ясны далд хугарал, хамрын таславчийн мурийлт, дагзанд язарсан шарх, баруун бугалга, баруун гуянд цус хуралт, хамар дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 3. М.Жын биед учирсан тархи доргилт, хамар ясны далд хугарал, хамрын зөөлөн э дийн няцрал, баруун далд ясны цууралт, дагзны язарсан шарх, дагзны зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тус бүртээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэрэгт хамаарна. Баруун бугалга, баруун гуяны цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4. Дээрх гэмтлүүд цаашид биеийн эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт хх 46-48/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг, Аюушийн 5-5 тоотод хохирогч М.Жтай маргалдаж, түүнийг зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогджээ.

 

Хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн эдгээр баримтыг хавтас хэрэгт авагдсан бусад баримтуудтай харьцуулан шинжлэн судалж, эх сурвалжийг магадлан шалгаж үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  16.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасан шаардлагад нийцсэн, хохирогчоос хуульд заасны дагуу үнэн зөв мэдүүлэг өгсөн байх тул хэрэгт байгаа нотлох баримтуудыг тухайн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтат мэдээлэл байна гэж үзлээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгчөөс хэргийн оролцогчдын “хуулийн өмнө эрх тэгш” байх эрхийг бүрэн хангасан байх буюу хавтаст хэргийн материалтай танилцуулсан, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон баримт болох Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч нарын бүрэлдэхүүнтэй хийсэн №864 дугаар дүгнэлтийг тэдэнд танилцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагад нийцсэн, оролцогч нараас энэ дүгнэлтийг үл зөвшөөрөх, тайлбар өгөх, шинжээчид асуулт тавих, нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх талаар ямар нэг санал хүсэлт гаргаагүй байна.  

 

 Анхан шатны шүүх, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1000000/нэг сая/ төгрөгийн торгох ял оногдуулсан нь тухайн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

 

Харин шүүгдэгч Б.Бгийн 1999, 2003, 2009 онд эрүүгийн хариуцлага хүлээж байсныг, энэ удаагийн буюу  2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэгт хариуцлага хүлээлгэхдээ харгалзах үндэслэлгүй бөгөөд урьд ял шийтгүүлсэн нь Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал”-д хамаарахгүйн гадна энэ зүйлд заагаагүй нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхийг хориглосон болно.

 

Мөн 2002 оны Эрүүгийн хууль дахь “ялтай байдал, ялтай байхдаа гэмт хэрэг дахин үйлдсэн” зэрэг зохицуулалт нь одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа 2015 оны Эрүүгийн хуульд тусгагдаагүйн гадна энэ хуульд  “...гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж тодорхойлжээ.

 

            Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч Б.Бд холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөх, оногдуулсан ялыг хүндрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч А.Ганбатын “...Б.Б урьд энэ төрлийн гэмт хэргээр удаа дараалан шийтгэгдэн ял эдэлж байсан зэргээс харахад үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж дүгнэлт хийхгүй байна гэж үзэхээс аргагүй, түүнд оногдуулсан 1 000 000 төгрөгийн торгох ял хөнгөдсөн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.      

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2018/ШЦТ/133 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч А.Ганбатын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

               ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.БАТЧИМЭГ

                                                    ШҮҮГЧИД                                   А.САЙНТӨГС

                                                                                                        Н.БОЛОРМАА