Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
Хэргийн индекс | 128/2019/0966/З |
Дугаар | 0432 |
Огноо | 2020-06-19 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 0432
2020 оны 06 сарын 19 өдөр | Дугаар 128/ШШ2020/0432 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “2” дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д овогт Ч-ийн С
Хариуцагч: Нзда
Нэхэмжлэлийн шаардлага: “Нздын 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн А/******* захирамжийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, түүний өмгөөлөгч Г.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ц нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Сээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Анх Нздын 2015 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн А/933 тоот захирамжаар Баянгол дүүргийн 14-р хороо ******* байрны хойд талын газрыг Бгдздтгт “Тохижилт бүхий газар доорх авто зогсоол” барих зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар газар эзэмшүүлэх эрх олгож шийдвэрлэсэн. Гэтэл маргаан бүхий Нздын 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн А/******* тоот захирамжаар Бгдздтгт “Тохижилт бүхий газар доорх авто зогсоол” барих зориулалтаар олгогдсон уг газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд энэ нь үндэслэлгүй, хууль зөрчсөн шийдвэр тул миний зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.
Учир нь иргэн Ч.С би 2015 онд Нздын мөрийн хөтөлбөрт тусгагдсан авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор дээр дурдсан Баянгол дүүргийн 14-р хороо, ******* байрны хойд талд дээрээ ногоон байгууламж иж бүрэн тоглоомын талбайтай газрын доор /одоо байгаа төвшинд/ 68 авто машины дулаан зогсоолыг 780 сая төгрөгийн өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэн хийж өгөхөөр шаардлагатай материалыг бүрдүүлж, холбогдох байгууллагад хүсэлтээ гаргасан. Үүний дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 175 тоот тогтоолоор батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж талбайд авто зогсоол төлөвлөх, барьж байгуулах журмын дагуу судлан үзэж уг журамд нийцүүлэн миний бие өнгөрсөн хугацаанд уг хүчин төгөлдөр захирамжийн дагуу хууль, журамд заасны дагуу Архитектор төлөвлөлтийн даалгавар авч 68 автомашины дулаан зогсоолын ажлын зураг зуруулж батлуулан дүүргийн Баянгол дүүргийн Засаг даргатай гэрээ байгуулж, онцгой байдлын газраар дүгнэлт хийлгүүлж, цахилгаан дулааны техникийн нөхцөл авсан, геологийн дүгнэлт хийлгүүлж, Барилга хөгжлийн төвөөр экспертиз хийлгүүлж хянуулах зэрэг холбогдох бүх ажлуудыг хийгээд явж байгаа болно.
...Нийслэлд газар олгохдоо газар эзэмшигчийн хүсэлтийг үндэслэн Газрын тухай хуульд заасан шаардлагад нийцүүлэн холбогдох хууль, тогтоомжийн дагуу судалсны үндсэн дээр Нздын захирамжаар тухайн газрыг олгодог. “Тохижилт бүхий газар доорх авто зогсоол” барих зориулалтаар олгогдсон Баянгол дүүргийн 14-р хороо ******* байрны хойд талд байрших уг газар нь жирийн иргэн хүнд олгогдсон газар биш бөгөөд харин ч төр засгийн тэр дундаа Газар эзэмших эрхийг олгодог захиргааны байгууллагад олгож буй газрыг тухайн үед Бгдздтгт эзэмшүүлэхдээ Газрын тухай хууль болон бусад холбогдох хууль, тогтоомжид заасны дагуу судалгаа, шинжилгээ хийлгүйгээр, мөн Газрын тухай хуулийн 31.3 дахь хэсэгт заасан нөхцөл байдал, үндэслэлийг шалгаж тогтоолгүйгээр тухайн газрыг эзэмшүүлэхээр олгосон байх үндэслэл байхгүй гэж үзэж байна. Тухайн үед уг газрын эзэмшлийн талаар ямар нэгэн байдлаар маргаан огт гараагүй байхад хууль, гэрээний дагуу автомашины зогсоолын төслийн дагуу зохих ажлуудыг хийгээд явж байхад Нзда гэнэт захирамж гаргаж уг автомашины зогсоол баригдахаар төлөвлөгдсөн Баянгол дүүргийн 14-р хороо ******* байрны хойд талын газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.
2015 онд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 175 тоот тогтоолоор батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж талбайд авто зогсоол төлөвлөх, барьж байгуулах журмын дагуу Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас орон сууцны дунд тохижилт бүхий газар доорх авто машины зогсоолыг барьж байгуулахаар төсөл зарласны дагуу иргэн миний бие нийт айлуудаар явж төслийн ач холбогдлыг таниулан нэг бүрчлэн санал авсан. Энэ үед СӨХ-ийн удирдах зөвлөлийн дарга нь надад гурван зогсоол өгчих тэгвэл би танай ажлыг дэмжинэ үгүй бол хүмүүстэй нийлээд бариулахгүй гэж хэлж байсан, Манай хийж байгаа төсөл нь нийслэл хотод тулгамдаад байгаа авто зогсоолын тоог нэмэгдүүлэх түгжрэлийг багасгах, иргэдийн ая тухтай амьдрах орчинг сайжруулах зэрэг олон зүйлийг шийдсэн ажил болж байгаа. Гэтэл ашиг сонирхол харсан зарим хүмүүсээс болоод иргэдийн төлөө хийж байгаа ажил зогсож өнөөдрийг хүртэл миний хийсэн ажлууд болон би нийт гаргасан санхүүгээр хохироод байна.
...Ч.С би маргаан бүхий Нздын 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн А/******* тоот захирамжид холбогдуулан 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр мөн Засаг даргад гомдол гаргасан боловч Нздын тамгын газрын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 07/5183 тоот хариу албан бичгээр татгалзсан хариу ирүүлсэн. Үүнийг миний зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Мөн би энэ асуудлаар 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайдад гомдлоо гаргасан боловч хуульд заасан хугацааны дотор хариу ирүүлээгүй тул харьяаллын дагуу тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно.
Иймд Нздын 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн А/******* тоот захирамж нь үндэслэлгүй тул хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нздын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/933 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 11 дүгээр хороо ******* байрны хойд зайг Бгдздтгт авто зогсоол барих зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар газар эзэмшүүлэх эрх олгож шийдвэрлэсэн. Гэтэл Нздын 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн А/******* тоот маргаан бүхий захирамжаар Бгдздтгт олгосон уг газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг. Нэхэмжлэгч Ч.С нь 2015 онд Нздын мөрийн хөтөлбөрт тусгагдсан авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн ая тухтай амьдрах зорилгоор дээрх газарт ногоон байгууламж бүхий 61 автомашины зогсоолыг өөрийн хөрөнгөөр байгуулахаар холбогдох материалыг бүрдүүлэн хүсэлтээ гаргасан. Үүний дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 175 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж талбайд авто зогсоол төлөвлөх, барьж байгуулах” журамд нийцүүлэн архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлуулж, Баянгол дүүргийн Засаг даргатай гэрээ байгуулсан байсан. Гэтэл маргаан бүхий захирамжаар газар эзэмших эрхийг нь хүчингүй болгосон. Маргаан бүхий захирамжийн үндэслэх хэсэгт Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг дурдаж, давхцалтай байна гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон байдаг. Нийслэлийн хэмжээнд газар олгохдоо газар эзэмшихээр гаргасан хүсэлтийг үндэслэн Газрын тухай хуульд заасан шаардлагад нийцүүлэн хууль тогтоомжийн дагуу судалсны үндсэн дээр газрыг олгодог. Маргаан бүхий газар нь жирийн нэгэн иргэнд олгосон газар биш. Өөрөөр хэлбэл Бгдздтгт олгосон газар юм. Анх газар олгохдоо газрын давхцал байгаа эсэхийг тодруулсны үндсэн дээр олгосон гэж бид ойлгосон. Тухайн үед газар эзэмшилтэй холбоотой ямар нэгэн маргаан гарч байгаагүй. Гэрээнийхээ дагуу авто зогсоолын ажил хийгдээд явж байсан. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Г.О шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Нздаас эрх хэмжээнийхээ хүрээнд захирамж гаргаж газар олгохдоо бүрдэл материалыг шалгасан байх ёстой. Энэ маргааны хувьд гол асуудал нь газрын давхцалтай холбоотой тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ талаар тайлбар хэлэхээс өөр аргагүй. Өөрөөр хэлбэл газар давхцалтай гэсэн үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд иргэн Ч.Сийн нэхэмжлэлтэй Нздын 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн А/******* дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагад дараах тайлбарыг гаргаж байна.
Баянгол дүүргийн Засаг 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 13 а байрны хойд талд Нздын 2015 оны А/933 дугаар захирамжаар Бгдздтгт 1389 м.кв газрыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 175 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс тохижилт бүхий газар доорх авто гражийн зориулалтаар эзэмшүүлсэн байна.
Ийнхүү эзэмшүүлэхдээ тус орчны газрын ашиглалт хамгаалалтыг хариуцан ажиллаж байсан Нздын 2015 оны А/04 дүгээр захирамжаар “Д” сууц өмчлөгчдийн холбооны ашиглаж байсан 10950 м.кв газарт давхцуулан нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчсөн байна.
Иймд Нздын 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн А/******* захирамжаар Бгдздтгт газар эзэмшүүлсэн захирамжийг Захиргааны ерөнхий хууль, Газрын тухай хуульд заасан журмын дагуу хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг хэлнэ гэж заасан бөгөөд Нздын дээрх захирамжийн улмаас иргэн Ч.Сийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянгол дүүргийн 11 дүгээр хороо ******* байрны хойно байрлах 1389 м.кв газрыг Нздын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/933 дугаар захирамжаар эзэмшүүлэхээр олгосон. Тухайн үед Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 175 дугаар тогтоолын дагуу тохижилт бүхий авто зогсоолын зориулалтаар эзэмшүүлсэн. Ингэхдээ Нздын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/4 дүгээр захирамжаар “Д” СӨХ-нд эзэмшүүлсэн 10950 м.кв газартай давхцуулан олгосон. Нздын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/933 дугаар захирамжаар 1389 м.кв газрыг олгосон. Уг газар нь кадастрын мэдээллийн санд одоогоор бүртгэлгүй байгаа. Харин “Д” СӨХ-нд эзэмшүүлсэн 10950 м.кв газар нь кадастрын мэдээллийн санд бүртгэлтэй байдаг. 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/933 дугаар захирамж нь бусдын эрх, ашгийг хөндсөн, давхардуулан газар олгосон байсан тул хүчингүй болгож шийдвэрлэсэн. Энэ нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасны дагуу Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд нийцүүлэн гаргасан шийдвэр юм. Газрын давхцал байгаа нь нотлогдсон. Үүн дээр талууд маргахгүй байгаа. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Гуравдагч этгээд Бгдздтгын дарга Д.Д-аас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 175 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд авто зогсоол төлөвлөх, барьж байгуулах журам” болон Нздын 2014 оны А/684 дүгээр захирамжаар батлагдсан Газар барилгажилтын зөвлөлийн 2015 оны 1 дүгээр хурлаас гарсан дүгнэлтийг үндэслэн Нздын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/933 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны 13а байрны хойд талд 1389 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар тус дүүргийн Засаг даргын Тамгын газарт эзэмшүүлсэн болно.
Дээрх газарт баригдах “Тохижилт бүхий авто зогсоол” барих хүсэлтийг оршин суугчид дэмжсэн бөгөөд санал өгвөл зохих иргэдийн 80 хувь дэмжсэн тул дээрх байршлыг Нийслэлийн Газар, барилгажилтын зөвлөл болон Нзда баталгаажуулж, тус хорооны оршин суугчид гэрэлтүүлэг, орчин үеийн шаардлагад нийцсэн тоглоомын талбай, орчны тохижилт бүхий авто гарааштай болж эрүүл, аюулгүй орчинд амьдрах таатай нөхцөл бүрдсэн хэмээн итгэл үнэмшилтэйгээр төсөл хэрэгжихийг хүлээн өдийг хүрсэн болно.
Гэтэл Нздын 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн А/******* дүгээр захирамжаар дээрх байршил дахь газрыг Нздын 2015 оны А/04 дүгээр захирамжаар сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах холбоо буюу “Д” сууц өмчлөгчдийн холбоонд ашиглуулахаар шийдвэрлэсэн газартай давхцаж байна гэх үндэслэлээр хүчингүй болгосон байна.
Бодит байдал дээр тус газрыг “Д” сууц өмчлөгчдийн холбоо болон дүүргийн Засаг даргын Тамгын газар эзэмших эрхийн гол зорилго бол “тухайн хорооны өнгө үзэмж, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах үндсэн зорилго нэг юм”.
Учир нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 175 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд авто зогсоол төлөвлөх, барьж байгуулах журам”-ын 6 дугаар зүйлийн 6.4-т “Төсөл хэрэгжүүлэгч нь авто зогсоолын барилга байгууламжийн өмчлөгч байх бөгөөд хөрөнгө оруулалтаар хийгдсэн тохижилтын ажлыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн 2014 оны 68 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн өмчид үнэ төлбөргүйгээр шилжин ирж буй нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг бүртгэн авах тухай журам”-ын дагуу хүлээлгэн өгнө.”, б.5-д “Нийслэлийн өмчид хүлээн авсан тохижилтын ажлын ашиглалтын асуудлыг холбогдох хууль, тогтоомжийн дагуу дүүргийн Засаг дарга шийдвэрлэнэ” гэж тус тус заасан байдаг тул уг төсөл хэрэгжих нь нийслэл болон дүүргийн өнгө үзэмжид сайнаар нөлөөлсөн бүтээн байгуулалтын томоохон ажил юм.
Иймд Нздын 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн А/******* дүгээр захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 “Иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” үндэслэлд хамаарч байх тул Захиргааны илт хууль бус актад тооцож хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд “Д” СӨХ-ны гүйцэтгэх захирал С.О шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Д” СӨХ нь иргэн Ч.Сийн нэхэмжлэлийг тус шүүхээс гардан танилцлаа. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул доорхи тайлбарыг гаргаж байна.
“Д" СӨХ нь 1999 оны 12-р сарын 1-нд байгуулагдсан. Тус СӨХ Баянгол дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 12,1 За, 136 байруудыг хариуцан ажилладаг. Нийт 367 өрхтэй.
Сууц өмчлөгчдийн холбоо нь орон сууцны байшингийн нийтийн эзэмшлийн эд хөрөнгө, дундын эзэмшлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээ, харуул хамгаалалт, орчин тойрны газрыг ашиглах хамгаалах, оршин суугчдад үйлчлэх, тэдний ая тухтай байдлыг хангах үүрэгтэй байдаг.
“Д” СӨХ нь Нздын 2015 оны 01-р сарын 9-ний өдрийн А/04 тоот шийдвэрийг үндэслэн Нийслэлийн Өмчийн Харилцааны Газартай 10950м2 талбай бүхий газрыг 15 жилийн хугацаатай ашиглах гэрээ байгуулж, газрынхаа кадастрын зургийг хийлгүүлж, мэдээллийн санд оруулж, баталгаажуулан газраа зориулалтын дагуу ашиглаж байна.
Нздын 2015 оны 12-р сарын 01-ний өдрийн А/933 тоот захирамжаар Баянгол дүүргийн 14-р хороо, 85-р цэцэрлэгийн урд, 13а байрны хойд талын газрыг Бгдздтгт эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь “Д” СӨХ-ны ашиглалтын газартай давхцаж, тус СӨХ-ны эрх ашиг хөндөгдсөн. Тэрчлэн иргэн Ч.С нар дээрхи газар дээр ирж, хашаа хатгах гэхэд нь тус СӨХ-ны сууц өмчлөгчид эсэргүүцэж, хөөж явуулсан.
Улмаар “Д” СӨХ нь Нздын 2015 оны 12-р сарын 01-ний өдрийн А/933 тоот захирамжийг хүчингүй болгуулах хүсэлтийг сууц өмчлөгч-иргэдийн гарын үсэг бүхий эсэргүүцлийн бичгийн хамт Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нздад хүргүүлсэн.
Үүний үр дүнд Нзда 2019 оны 09-р сарын 24-ний өдрийн А/******* тоот захирамж гаргаж, уг захирамжаар Бгдздтгт тус дүүргийн 14-р хорооны 85-р цэцэрлэгийн урд,13а байрны хойд талд газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн Нздын 2015 оны 12-р сарын 01-ний өдрийн А/933 тоот захирамжийг хүчингүй болгож цуцалсан.
Ингэснээр тус “Д” СӨХ-ны газар ашиглах эрх давхцалгүй болсон байна. Тус СӨХ дээрхи газар дээрээ хүүхэд хөгшид, иргэдийн нарлаж, салхилах, чөлөөт цагаа өнгөрүүлэх, ногоон байгууламж бүхий тоглоомын талбай байгуулах ажлыг нийслэлийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгүүлэх хүсэлтийг зохих газарт тавьснаар 2018 онд 45 сая төгрөг төсөвт суусан. Гэвч Нздын 2015 оны 12-р сарын 01-ний өдрийн А/933 тоот захирамжаас болж давхцал үүссэн гэдэг шалтгаанаар төсөвт суусан хөрөнгө буцаан татагдаж, сууц өмчлөгчдийн эрх ашиг хохирсон. Дахин 2019 онд Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангаас дээрхи зориулалтаар 65 сая төгрөг төсөвлөгдөж, энэ хөрөнгийн эх үүсвэрээр зохих ажил хийгдэж байна.
Иргэн Ч.С нь дээрхи газарт хуулийн дагуу газар эзэмшдэггүй, Нздын 2019 оны 9-р сарын 24-ний өдрийн А/******* тоот захирамжаар Нздын 2015 оны 12-р сарын 01-ний өдрийн А/933 тоот захирамжийг цуцалж, хүчингүй болгосон нь иргэн Ч.Сийн газар эзэмших эрхийг зөрчөөгүй тул тухайн иргэн уг захиргааны актыг хүчингүй болгуулахаар Захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргах эрх үүсэхгүй гэж үзэж байна.
Иймд Ч.Сийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд “Д” СӨХ-ны өмгөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Д” СӨХ нь тухайн газарт тодорхой хэмжээний зайг эзэмшиж, ашиглах эрхтэй. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасан байдаг. Дээрх хуулийн зохицуулалтыг зөрчсөн байсан учраас хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна. “Д” СӨХ-ийн хувьд эзэмшиж, ашиглах эрхтэй газар дээрээ тохижилт үйлчилгээг хийгээд явж байгаа учраас саад учруулахгүй байхыг хүсэж байна. Ч.Сийн байгуулсан гэрээ нь захиргааны гэрээ биш байна. Хэрэв архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу тодорхой хэмжээний ажил хийсэн бол холбогдох материалаа бүрдүүлээд иргэний журмаар маргах боломжтой гэж үзэж байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр Нздын 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн А/******* захирамжийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв. Үүнд:
Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар газар эзэмшүүлэхэд тавигдах үндсэн шаардлага нь “...бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй” байх явдал бөгөөд маргаан бүхий газрын эзэмших, ашиглах эрхийн тухайд захиргааны байгууллагууд давхцал бүхий дараах шийдвэрүүдийг, тодруулбал,
- Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А/161 дүгээр захирамжаар тус дүүргийн 14 дүгээр хороо, 13а байрны хойд талд дээрээ хүүхдийн тоглоомын талбайтай, газар доорх авто зогсоолтой гражийн зориулалтаар 0,06 га газрыг Бгдздтгт 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн[1],
- Нздын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн өдрийн А/04 дүгээр захирамжаар Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 13а байрны хойд талд 10950мкв газрыг орон сууцны орчны газрын зориулалтаар “Д” СӨХ-нд 15 жилийн хугацаагаар ашиглуулахаар шийдвэрлэсэн[2],
- Нздын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/933 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 13 дугаар байрны хойд талд байрлах 1389мкв газрыг тохижилт бүхий газар доорх авто зогсоолын зориулалтаар Бгдздтгт эзэмшүүлсэн[3],
- маргаан бүхий Нздын 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн А/******* захирамжаар дээр А/933 дугаар захирамжийн Бгдздтгт холбогдох хэсгийг өмнө олгогдсон орон сууцны орчны газрын ашиглалтын талбайтай давхцуулж олгосон нь хууль бус гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон[4] шийдвэрүүдийг гарсан байна.
Маргаан бүхий А/******* дүгээр захирамжаар хүчингүй болгосон Бгдздтгын эзэмшиж байсан 1389мкв газар нь гуравдагч этгээд “Дөлсан” СӨХ-ийн ашиглалтын 10950мкв газартай давхцалтай болох нь нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02-06/107 дугаартай албан бичгээр ирүүлсэн зургаар тогтоогдов[5].
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс дээрх А/******* дүгээр захирамжийг эс зөвшөөрч “төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоогүй байдлын улмаас нэхэмжлэгч нь шалгарсан төслөө хэрэгжүүлэх боломжгүй болсон, газар давхардуулан олгосон явдал нэхэмжлэгчийн буруутгах боломжгүй” гэж тайлбарлан маргасан.
Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Газрын тухай хуульд заасан журмыг зөрчиж бусдын ашиглалтад олгогдсон байсан газар дээр газар эзэмших эрх олгосон захиргааны хууль бус үйл ажиллагааг залруулсан тул маргаан бүхий акт нь хуульд нийцсэн” гэж тайлбарлан нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 175 дугаар тогтоолоор “Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд автозогсоол төлөвлөх барьж байгуулах журам”-ын нэмэлт өөрчлөлтийг баталсан байх ба уг журмын нэгдүгээр зүйлийн 1.5-д “газар барилгажилтийн зөвлөлийн хурлын дүгнэлтийг үндэслэн авто зогсоол барих газрын асуудлыг Нздын захирамжаар шийдвэрлэх бөгөөд газрын эрх нь зогсоолыг ашиглалтад оруулах хүртэл тухайн дүүргийн Засаг даргын тамгын газарт хадгалагдах”-аар, дөрөвдүгээр зүйлийн 4.3.5-д зааснаар төсөл хэрэгжүүлэгч нь “авто зогсоолын барилга байгууламжийг ашиглалтанд оруулж комиссын акт баталгаажсаны дараа газар эзэмших эрхийг шилжүүлэхийг шаардах эрх”-тэй байхаар тус тус заажээ[6].
Иргэн Ч.Сийн “Тоглоомын талбай, газар доорх авто зогсоол” төслийг нийслэлийн Газар барилгажилтын зөвлөлийн 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн тул Ерөнхий төлөвлөгөөний газар/хуучин нэрээр/-ын 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 10/621 дугаартай албан бичгээр “... гэрээ байгуулж, журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг мэдэгдэж”[7] шийдвэрлэжээ.
Хэдийгээр маргаан бүхий газрыг эзэмших эрх нь нэхэмжлэгч Ч.Ст хаяглагдаагүй боловч, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 175 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд автозогсоол төлөвлөх барьж байгуулах журам” нь авто зогсоолын барилга, байгууламж, ил зогсоолыг иргэн, хуулийн этгээдийн хөрөнгөөр барьж байгуулах, хөрөнгө оруулалтаар бий болсон тохижилтыг нийслэлийн өмчид шилжүүлэн авах харилцааг зохицуулах зорилготой байх тул уг журмын хүрээнд хэрэгжих төслийн байршиж буй газрын эрхийг хүчингүй болгосон нь төсөл хэрэгжүүлэгч иргэн Ч.Сийн хувьд төслөө үргэлжлүүлэх боломжгүй болсон үр дагаварыг үүсгэсэн байх энэхүү үр дагаварыг арилгуулахаар гомдол нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Иймд гуравдагч этгээдийн “Иргэн Ч.С нь дээрхи газарт хуулийн дагуу газар эзэмшдэггүй, Нздын 2019 оны 09-р сарын 24-ний өдрийн А/******* тоот захирамжаар Нздын 2015 оны 12-р сарын 1-ний өдрийн А/933 тоот захирамжийг цуцалж, хүчингүй болгосон нь иргэн Ч.Сийн газар эзэмших эрхийг зөрчөөгүй тул тухайн иргэн уг захиргааны актыг хүчингүй болгуулахаар Захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргах эрх үүсэхгүй” гэсэн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Иргэн Ч.С нь Баянгол дүүргийн Засаг даргатай 2016, 2017 онуудад хамтран ажиллах гэрээ байгуулсны үндсэн дээр дээрх газарт баригдах “Дээрээ тохижилт бүхий авто зогсоол”-ын барилгын архитектур төлөвлөлтийн даалгаврыг 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр батлуулсан, ажлын болон загвар зургуудыг зуруулсан, барилгын зураг төсөлд галын аюулгүй байдлын дүгнэлт гаргуулсан, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас техникийн нөхцөлийг 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр авч, хамгийн сүүлд Барилгын хөгжлийн төвөөр зураг төслийн баримт бичгийн магадлалын ерөнхий дүгнэлтийг 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр батлуулсан[8] зэрэг үйл баримт тогтоогдож байгаагаас үзвэл, нэхэмжлэгчийн хувьд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчим үйлчлэхээр байна.
Өөрөөр хэлбэл, Ч.С нь “Дээрээ зогсоол бүхий газар доорх авто зогсоол”-ын төслийн ажлыг сайн дурын үндсэн дээр эхлүүлээгүй бөгөөд нийслэл, дүүргийн Засаг дарга нарын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан үйл ажиллагааг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлж хэрэгжүүлэхээр нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагаас тогтоосон хүчин төгөлдөр журмын дагуу төсөл хүргүүлж, холбогдох зөвшөөрлүүдийг авч ажилласан байх тул захиргааны байгууллагын хууль ёсны шийдвэр үйл ажиллагаанд оролцох итгэл үнэмшилтэйгээр хэрэгжүүлсэн түүний үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуульд заасан “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчмын хүрээнд хамгаалагдах учиртай.
Гэтэл хариуцагч нь Нзда бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Замын байгууламж, нүхэн гарц, газар доорх болон олон давхар авто зогсоолуудыг төлөвлөн барьж байгуулах”[9] арга хэмжээний хүрээнд нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох журмын төслийн саналыг хүргүүлж батлуулсан, уг журмын хүрээнд иргэн Ч.Сийн “Дээрээ зогсоол бүхий газар доорх авто зогсоол”-ын барилгын төслийг хэрэгжүүлэх эрх олгосон, ингэхдээ төсөл хэрэгжих газрыг анхнаасаа “Д” СӨХ-ийн ашиглалтын газартай давхцуулан олгосон атлаа 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн А/******* захирамжаар “бусдын ашиглаж байгаа газартай давхцсан” гэсэн үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.
Учир нь Бгдздтгаас хүргүүлсэн дээрх баримтууд Ерөнхий төлөвлөгөөний газар/хуучин нэрээр/-т 2016 оны 06 дугаар сард хүргэгдсэн, түүнчлэн Ч.Сийн төслийг хэрэгжүүлэхийг дэмжсэн Газар барилгажилтын хурлын шийдвэр мөн оны 08 дугаар сард гарсан, тус газраас 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 10/621 дугаартай албан бичгээр “... гэрээ байгуулж, журмын хэрэгжилтийг хангаж ажиллах”[10]-ыг мэдэгдсэн зэргээс үзвэл, маргаан бүхий газар нь гуравдагч этгээдийн ашиглалтад олгогдсон байсныг хариуцагч мэдээгүй байх үндэсгүй бөгөөд маргаан бүхий А/******* дүгээр захирамж өмнө нь тухайн давхцал бүхий газар дээр Ч.Сийн төсөл хэрэгжих боломжтой гэж шийдвэрлэсэн үндэслэлээ үгүйсгэсэн байх тул нь өмнөх үйл ажиллагаа, шийдвэрээ үгүйсгэсэн зорилгодоо үл нийцэх хууль бус акт болжээ.
Нөгөө талаас, Баянгол дүүргийн Засаг даргаас маргаан бүхий газрыг тус дүүргийн Тамгын газарт эзэмшүүлж шийдвэрлэсэн 2014 оны А/161 дүгээр захирамж, дүүргийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө, гаражийн дахин төлөвлөлтийн талаарх уулзалтын тэмдэглэл зэргийг Ерөнхий төлөвлөгөөний газарт хүргүүлж байсан болох[11] нь Хот байгуулалт, хөгжлийн газрын 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 09/2033 тоот албан бичгээр эдгээр баримтуудыг шүүхэд ирүүлснээр тогтоогдож байх ба иргэн Ч.Сийн төлөвлөсөн “Дээрээ зогсоол бүхий газар доорх авто зогсоол” төсөл нь анхнаасаа зогсоолгүйгээр төлөвлөгдөж баригдсан хуучин байрнуудын дундах газарт хэрэгжихээр байх тул уг төсөл хэрэгжих газар нь СӨХ-ын ашиглалтын газартай давхцалтай байж болохыг үгүйсгэхээргүй байна.
Мөн түүнчлэн захиргааны хэргийн шүүх нь нэхэмжлэгчээс тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх эрх хэмжээтэй.
Гэвч нэхэмжлэгч нь “Д” СӨХ-нд 10950мкв газрыг ашиглуулахаар шийдвэрлэсэн захиргааны байгууллагын шийдвэртэй холбогдуулж нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэлийн “Нздын 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн А/******* захирамжийг хүчингүй болгуулах” шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байлаа ч “Д” СӨХ-нд газар ашиглуулсан шийдвэр хүчин төгөлдөр хэвээр үлдэхээр нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхгүй юм.
Дээрхээс нэгтгэн үзвэл, хариуцагч нь иргэн Ч.Сийн захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаанд итгэсэн хууль ёсны итгэл хэрхэн хамгаалагдах тухайд, мөн нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 175 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд автозогсоол төлөвлөх барьж байгуулах журам”-ын нэгдүгээр зүйлийн 1.5-д заасан авто зогсоол барих газрын эрх нь зогсоолыг ашиглалтад оруулах хүртэл тухайн дүүргийн Засаг даргын тамгын газарт хадгалагдах, дөрөвдүгээр зүйлийн 4.3.5-д заасан төсөл хэрэгжүүлэгч нь “авто зогсоолын барилга байгууламжийг ашиглалтанд оруулж комиссын акт баталгаажсаны дараа газар эзэмших эрхийг шилжүүлэхийг шаардах эрх” хэрхэн хэрэгжих тухайд болон түүнчлэн төсөл хэрэгжих газар нь орон сууцны орчны газрын зориулалтаар гуравдагч этгээдийн ашиглалтад олгогдсон давхцалтай байгаа нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа эсэхэд холбогдох дүгнэлт өгсний үндсэн дээр Бгдздтгт тохижилт бүхий газар доорх авто зогсоолын зориулалтаар эзэмшүүлсэн А/933 дугаар захирамжийг хүчингүй болгох эсэхийг шийдвэрлэх нь байжээ.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” зааснаар Нздын 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн А/******* захирамжийг 3 /гурван/ сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасныг тус тус баримтлан Нздын 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн А/******* захирамжийг 3 /гурван/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан хариуцагч Нзда нь энэхүү шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан шалгавал зохих нөхцөл байдлуудыг шалган тогтоосны үндсэн дээр захиргааны шинэ акт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол Нздын 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн А/******* захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч болон хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ
[1] 3 дугаар хавтаст хэргийн 45 дахь талд
[2] 1 дүгээр хавтаст хэргийн 95-98 дахь талд
[3] 1 дүгээр хавтаст хэргийн 7-8 дахь талд
[4] 1 дүгээр хавтаст хэргийн 73 дахь талд
[5] 1 дүгээр хавтаст хэргийн 87-94 дэх талд
[6] 1 дүгээр хавтаст хэргийн 101-107 дахь талд
[7] 2 дугаар хавтаст хэргийн 119 дэх талд
[8] 1 дүгээр хавтаст хэргийн 28 дахь талд
[9] 3 дугаар хавтаст хэргийн 26 дахь талд
[10] 2 дугаар хавтаст хэргийн 119 дэх талд
[11] 2 дугаар хавтаст хэргийн 248, 3 дугаар хавтаст хэргийн 1-14 дэх талд