Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхтуяагийн Халиунбаяр |
Хэргийн индекс | 221/2015/0000/З |
Дугаар | 221/МА2015/0203 |
Огноо | 2015-05-13 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 221/МА2015/0203
2015 оны 5 сарын 13 өдөр | Дугаар 221/МА2015/0203 | Улаанбаатар хот |
Ө ХХК болон Т.Г нарын
11 иргэний нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Л.Хэрлэнчимэг, нэхэмжлэгч Ө ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, нэхэмжлэгч Т.Г-ийн өмгөөлөгч Ц.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х, Б., гуравдагч этгээдийн төлөөлөгч Г.С нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 127 дугаар шийдвэрт Ө ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон нэхэмжлэгч Т.Г, С.О, тэдгээрийн өмгөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлын дагуу Ө ХХК болон Т.Г нарын 11 иргэний нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.С нар нь СӨХ байгуулахдаа анхнаасаа оршин суугчдын хурал хийгээгүй, насанд хүрээгүй хүүхдээр гарын үсэг зуруулсан, оршин суугчдын гарын үсгийг хуурамчаар зурсан бөгөөд энэ нь цагдаагийн байгууллагын шалгалтаар тогтоогдсон. Мөн Г.С нь тухайн байранд оршин суудаггүй тул тухайн байрны оршин суугчдын таатай нөхцөл бүрдүүлнэ гэдэг нь эргэлзээтэй. Иймээс оршин суугчид өөрсдөө хуралдан сууц өмчлөгчдийн холбоог байгуулах хүсэлтэй байгаа тул Ц СӨХ-г Баянзүрх дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэсэн бүртгэл, 109 тоот гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Баянзүрх дүүргийн Засаг даргаас СӨХЭЗБНЗОСДӨЖХтХ-ийн 18.1.1-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Ц СӨХ-г бүртгэсэн. Ө ХХК нь тухайн орон сууцыг барьсан бөгөөд Барилгын тухай хуулиар 3 жил эвдрэл гэмтлийг хариуцах үүрэгтэй. Энэ үүргээ СӨХ байгуулан иргэдийн мөнгөөр гүйцэтгэх санааг агуулж нэхэмжлэл гаргасан байна. Уг хуулийн этгээд нь СӨХ байгуулах эрхтэй этгээд эсэхийг тогтоох нь зүйтэй. Ц СӨХ-ны гомдлын дагуу үйл ажиллагаагаа таслан зогсоох тухай Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас албан бичгийг Ө ХХК-д хүргүүлж байсан. СӨХ байгуулах хуралд 180 өрхөөс 102 хүн оролцон 55,5 хувийн ирцтэй хуралдсан. Хуульд зааснаар СӨХ-ны гүйцэтгэх захирал нь холбооны гишүүн бус байж болно. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ө ХХК нь СӨХ байгуулах асуудалд хөндлөнгөөс оролцох эрхгүй. Иргэн Т.Г нь СӨХ байгуулах хуралд оролцох эрхээ эдэлж чадахгүй байна гэсэн нь үндэслэлгүй бөгөөд удаа дараа хуралд оролцож, тайлбар хийн, хурлыг үймүүлдэг байсан. Тэрээр Ө ХХК-ийн харуул хамгаалалтын дарга тул 2012 оноос сар бүр 15000 төгрөгийг хүчээр байрны мөнгөтэй хамтатган авдаг. Иймээс СӨХ байгуулах нь түүний хувьд ашиггүй тул нэхэмжлэл нь хууль бус үйлдлээ хэрэгжүүлэх гэсэн оролдлого гэж үзэж байна. гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 127 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 143.4, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 5.6, 9 дүгээр зүйлийн 9.1, 18 дүгээр зүйлийн 18.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан "Ө" ХХК, иргэн Т.Г, М.А, Д.Т, Д.Тр, Н.А, Н.О, Г.Д, Т.Ш, Н.Б, Б.Ц, С.О нарын нэхэмжлэлтэй "Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр "Ц" СӨХ-д олгосон 109 дүгээр гэрчилгээ болон бүртгэлийг хүчингүй болгуулах" шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч С.О, Т.Г, түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо:Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015.03.12-ны өдрийн 127 тоот шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давах гомдол гаргаж байна. Үүнд:
Иргэн Т. Г болон нэхэмжлэгч бусад иргэд "Ц" Сууц Өмчлөгчдийн
Холбоог байгуулахад оролцоогүй бөгөөд ямар нэг гарын үсэг зураагүй, гэтэл Т.Г-ийн гарын үсгийг СӨХ байгуулах тухай оршин суугчдын гэх тодотголтой
жагсаалтад дуурайлган зурж нийт оршин суугчдын 50% дэмжиж гарын үсэг зурсан
гэж хууль бус баримт бүрдүүлсэн үйлдлийг нягтлан шалгахгүйгээр Баянзүрх
дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн төв Сууц өмчлөгчдийн Холбооны
бүртгэлд бүртгэсэн нь хууль зөрчсөн үйлдэл болсон байна.
СӨХ байгуулахыг дэмжсэн орон суугчдын гарын үсгийг хууль бусаар цуглуулсан.
Ц СӨХ-ыг байгуулах тухай анхдагч баримтуудад хавсаргасан нийт оршин
суугчдын гарын үсгийн жагсаалт наад захын шаардлагыг хангахааргүй байхад
Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн төв үндэслэн гэрчилгээ
олгосныг шүүх авч хэлцээгүй тооцсон. Жагсаалтын толгой гарчиг хэсэгт СӨХ
байгуулах тухай тодорхой бус, оршин суугчдын овог нэр хаяг, тоот, Регистрийн
дугаар. утасны дугаар, гарын үсгийн тайлал зэрэг нь тодорхой бус, тухайн тоотыг
төлөөлж хэн зурсан нь тогтоогдохгүй, оршин суугаа тоот нь жинхэнэ өмчлөгчийн
тооттой зөрсөн гэх мэт анхан шатны баримт бичгийн зөрчилтэй байсныг шүүх авч
дүгнээгүй.
Мөн энэхүү жагсаалтан дээрхи гарын үсгийг СӨХ байгуулах хурал хийсэн гэх этгээдүүд ээлж ээлжээрээ айлын гэрийн хаалга тогшиж гарын үсэг зуруулсан гэдгээ хүлээн зөвшөөрсөөр байхад шүүх дүгнээгүй.
Иймд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015.03.12-ны өдрийн 127 тоот шийдвэрийг хүчингүй болгож, "Ц" Сууц Өмчлөгчдийн Холбоог Баянзүрх дүүргийн Сууц өмчлөгчдийн Холбооны бүртгэлд бүртгэсэн бүртгэл, 109 тоот Гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгч Ө ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 127 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.
Тус шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт:... 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол Да хүрээ гудамжны 66С байрны оршин суугчид Хурал хийж 5 асуудал хэлэлцсний нэг нь тус байрны СӨХ-г байгуулах асуудал байжээ,.. гэж дүгнэсэн мөн ... СӨХ байгуулахыг 98 орон сууцны оршин суугчид дэмжин санал асуулгын хуудсанд гарын үсгээ зурцгаасан... гэж тус тус дүгнэжээ. Ингэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь тус байрны сууц өмчлөгчид хурал хийсэн тухай баримт хавтаст хэрэгт байхгүйн дээр 98 сууц өмчлөгч гарын үсгээ зурсан нь хангалттай нотлогдохгүй байхад дээрх дүгнэлтийг хийсэн байна.
СӨХ байгуулахыг дэмжиж 98 сууц өмчлөгч гарын үсэг зурсан гэх боловч гарын үсэг гарын үсгийн тайлалтай /хэн гэх сууц өмчлөгч зурсан гэх нь мэдэгдэх/ 28-н тэмдэглэгээ, хэн гэх сууц өмчлөгч гарын үсэг зурсан нь мэдэгдэхгүй /сараачсан/ 24 тэмдэглэгээ, нэр бичсэн 46 тэмдэглэгээ байхад гарын үсэг гэж, тухайн гарын гарын үсэг гэх тэмдэглэгээ бүхий 7 хуудас материалын толгойн хэсэг нь СӨХ орон сууцны контортой холбоотой ямар асуудлыг дэмжсэн нь үл ойлгогдохоор байхад СӨХ байгуулахыг дэмжсэн сууц өмчлөгчдийн гарын үсэг байна гэж хийсвэр дүгнэсэн байна.
Энэхүү асуудал нь 98 хүн гарын үсгээ, нэрээ, гарын үсэг нэрээ бичсэн эсэх эсхүл 1 хүн 98 удаа тэмдэглэгээ хийсэн эсэх нь эргэлзээтэй. Шүүхийн шийдвэрт дурдсанаар 98 хүн гарын үсэг зурсан байлаа гэхэд сууц өмчлөгчид зурсан эсэх нь мөн эргэлзээтэй байхад энэхүү асуудалд хууль зүйн дүгнэлт хийсэнгүй.
Тухайн гарын үсэг зурсан нь сууц өмчлөгч байгаагүй, бага насны хүүхдүүд байсан гэдэг нь Цагдаагийн ахлах дэслэгч М.Одонхүүгийн албан бичиг болон түүнд мэдүүлэг өгсөн Х.Нандин-Эрдэнийн мэдүүлгүүдээр нотлогддог болно. Мөн гарын үсэг цуглуулсан гэх Х.Нандин-Эрдэнийн мэдүүлэгт гарын үсгийг айлуудаар явж цуглуулсан хаалга тайлсан хүмүүсээр гарын үсэг зуруулсан гэж мэдүүлдэг нь сууц өмгөөлөгчдийн хурал хийгээгүй, гарын үсэг зурсан гэх иргэд нь сууц өмчлөгч мөн эсэх нь тодорхойгүй байна.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т сууц өмчлөгч гэж хан болох талаар тодорхой заасан байдаг бөгөөд тухайн гарын үсэг зурсан хүмүүс сууц өмчлөгч байсан эсэх нь эргэлзээтэй байхад шүүх ийн дүгнэсэн нь хэтэрхий хийсвэр дүгнэлт болсон.
Мөн нэхэмжлэгч Ганпүрэвийн гарын үсгийг хуурамчаар үйлдсэн байгаа нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3.1.4 үнэн зөв, бодитой байх зарчмыг зөрчсөн байна.
Иймд 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 127 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэхэд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ бүрэн хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Нэхэмжлэгч Ө ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амгалан, иргэн Т.Г нар хамтран Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан Ц сууц өмчлөгчдийн холбоог Баянзүрх дүүргийн сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэж, 109 дүгээр гэрчилгээ олгосныг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэл, түүнд хавсаргасан баримтаас үзэхэд нэхэмжлэгч нар хамтран нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад анхан шатны шүүхийн шүүгчийн 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 5793 дугаар захирамжаар Ө ХХК-ийн нэхэмжлэлээр Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан захиргааны хэрэг үүсгэсэн. Харин иргэн Т.Г-ийн нэхэмжлэлийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна. Энэ нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д /шүүгч энэ хуулийн 34.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзвэл нэхэмжлэлийг хүлээн авсан, эсхүл нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаж ирүүлсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор захиргааны хэрэг үүсгэх тухай захирамж гаргана/ заасныг зөрчсөн байна.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх иргэн Т.Г-ийн гаргасан нэхэмжлэлээр Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэг үүсгэх ажиллагааг хийгээгүй атлаа Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан эрх үүргийг иргэн Т.Гт тайлбарлан өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж түүний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчжээ.
Мөн Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Захиргааны хэргийг нэгтгэх тухай 6716 дугаар шүүгчийн захирамжаар нэр бүхий иргэдийг төлөөлөн гаргасан иргэн С.Отгоны нэхэмжлэлтэй Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг Ө ХХК-ийн нэхэмжлэлтэй Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэгтгэх ажиллагааг явуулахдаа анхан шатны шүүх мөн иргэн Т.Г-ийн нэхэмжлэлийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна.
Тиймээс иргэн Т.Г-ийн нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэсний дараа түүний нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг шүүх шийдвэрлэх ёстой байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д Хууль, эрх зүйн бусад акт болон үүсгэн байгуулах баримт бичгийн дагуу олгогдсон эрх хэмжээний хүрээнд байгууллагын эрх баригч, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийг төлөөлнө, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-д Төлөөлөгчийн бүрэн эрхийг төлөөлүүлэгчээс бичгээр олгосон итгэмжлэл, бусад бичиг баримтаар тодорхойлно. Итгэмжлэл нь Иргэний хуулийн 64.2-т заасан шаардлагыг хангасан байнагэжээ.
Иймд Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт тус компанийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлд гарын үсэг зурах, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, эвлэрэх ... гэсэн тусгайлсан эрхийг зааж, Ө ХХК-ийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг М.Амгаланд олгосон Ө ХХК-ийн ерөнхий захирал Н.Янжмаагийн 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн итгэмжлэл, мөн Ө ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Уламбаярын 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн итгэмжлэл хэрэгт авагдсан байх бөгөөд Ө ХХК-нд 2005 оны 10 дугаар сарын 12-ны өдөр олгосон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд захирал Норолхой овогтой Янжмаа гэснээс үзэхэд хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх, шүүхэд итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томилох эрх бүхий этгээд нь гүйцэтгэх захирал, ерөнхий захирлын аль нь болохыг тогтоохын тулд хуулийн этгээдийн эрхийн бүртгэлийн лавлагаа авах болон компанийн хуулийн этгээдийн үүсгэн байгуулах дүрмийг нотлох баримтаар хэрэгт авах нь зөв байна.
Мөн анхан шатны шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 6716 дугаар шүүгчийн захирамжаар нэр бүхий иргэдийг төлөөлөн нэхэмжлэл гаргагч иргэн С.Отгоны нэхэмжлэлээр Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан захиргааны хэрэг үүсгэжээ.
Гэтэл иргэн С.Отгонд шүүхэд нэхэмжлэл гаргах эрх /итгэмжлэл/ олгосон гэх төлөөлүүлэгч нэр бүхий иргэд болох иргэн Д.Туяа /Баянгол дүүргийн 4-р хороо, 2 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 12 дугаар байр, 34 тоот/, иргэн Д.Түвшинбаяр /Чингэлтэй дүүргийн, 9 дүгээр хороо, дэнж 27 гудамж, 0319 тоот/, иргэн Н.Арсланбаатар /Сүхбаатар, 9 дүгээр хороо, Алтайн 10 гудамж, 291б тоот/, иргэн Н.Одгэрэл /Баянзүрх, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 22 дугаар байр, 111 тоот/, иргэн Г.Дарханбаатар /Баянзүрх, 16 дугаар хороо, Дандарбаатарын гудамж, 1-1 тоот/ иргэн Т.Шинэхүү /Баянзүрх, 9 дүгээр хороо, ээж хайрхан 4 дүгээр гудамж, 97 тоот/, иргэн Б.Баттулга /Баянзүрх, 20 дугаар хороо, арцат 1 гудамж, 13 тоот/, иргэн Б.Цолмон /Баянзүрх, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 22 дугаар байр, 111 тоот/ нар нь Ц сууц өмчлөгчийн холбоонд хамаарах Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 66С байрын оршин суугч болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.
Тиймээс шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан үүргийн дагуу нэр бүхий иргэдийг Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 66С байранд орон сууц өмчилдөг, түрээслэдэг, эзэмшдэг эсэх, мөн уг байрны оршин суугчид мөн эсэхийг тухайн хорооны Засаг даргаас тодорхойлолт авах замаар дээрх нотлох баримтыг бүрдүүлэх шаардлагатай байна.
Учир нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-д сууц өмчлөгч гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь сууцыг захиран зарцуулах эрх бүхий этгээдийг, 4.1.3-д сууц өмчлөгчдийн холбоо гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин /цаашид орон сууцны байшин гэх/-гийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий, хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоог, 5.3-д Холбоог зохион байгуулах хурлыг сууц өмчлөгчдийн санаачилгаар хуралдуулна, 5.6-дСууц өмчлөгч бүр бүх гишүүдийн хуралд өмчилж буй сууц бүрийн тоогоор саналын нэг эрхтэй оролцох бөгөөд тухайн орон сууцны байшингийн хэд хэдэн сууцыг нэгтгэн нэг сууц болгон өөрчилсөн сууц өмчлөгч нь нэгтгэсэн сууц бүрийн тоогоор саналын нэг эрхтэй байна гэж заажээ.
Тодруулбал, дээрх хуулийн заалт болох хэргийн үйл баримтаас үзэхэд маргаан бүхий бүртгэл, гэрчилгээтэй холбоотой асуудлаар нэр бүхий дээрх иргэд Баянзүрх дүүргийн Засаг даргатай маргах эрх үүссэн эсэхээс хамаарч нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн, зөрчигдсөн болохыг тогтоох, уг нэхэмжлэлд үндэслэн захиргааны үйл ажиллагаанд дүгнэлт өгөх, шүүхээс гаргах шийдвэрийн агуулга тодорхойлогдох чухал ач холбогдолтой юм.
Иймд дээрх үндэслэлүүдийг тодруулж, холбогдох баримтуудыг цуглуулаагүй байхад давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаахаар шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн88.1.4, 88.3.3, 88.3.4 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 127 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ө ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон нэхэмжлэгч Т.Г нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн тус бүр 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан буцаан олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР