Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/282

 

 

 

 

 

2022          03            18                                            2022/ШЦТ/282

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                        Хэргийн индекс: 185/2022/0070/Э

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ч.Батбаатар,

Шүүгдэгч А.А , түүний өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар болон бусад оролцогч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.А холбогдох эрүүгийн “2103 ... дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч А.А  нь 2021 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 08 цаг 50 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн зам, Мини маркет хүнсний дэлгүүрийн баруун урд замд “Toyota alphard” маркийн 05-20 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ж.Цг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.А  нь шүүхийн хэлэлцүүлэгт: Гэм буруугаа хүлэн зөвшөөрч байгаа. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй гэв.

   Шүүгдэгч А.А  нь мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн: “Би 2021 оны 07 дугаар сарын 14-ний өглөө гэрээсээ 08 цаг 50 минутын орчим өөрийн эзэмшлийн Toyota Alphard маркийн 05-20 УНБ улсын дугаарын автомашин жолоодон эхнэр Рэнцэндолжингийн хамт Бэлх зуслан орж айлын хашааны хаалга хийх зорилготой явж байсан.Тэгээд Бэлхийн замаар урдаасаа хойшоо чиглэлд нэгдүгээр эгнээгээр, ойролцоогоор 50 орчим км/цагийн хурдтай явж байх үед зорчих хэсгийн хойд талаас явган зорчигч ганцаараа гарч ирсэн.Би хурдаа сааруулж тоормос гишгэсэн, тэр явган зорчигч зорчих хэсгийн голын цагаан шугамаар дагаж алхаж байсан, тэгэхээр нь би надад зам тавьж өгч байна гээд хаазаа нэмэх үед миний явж байсан эгнээрүү ороод ирсэн. Тэгээд би тоормос гишгэтэл тулаад ирсэн байсан учир мөргөсөн. Тэгээд би буугаад эмнэлэг болон цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэгтэл нэг хүн ирээд би танина ар гэрийнхэнд нь хэлээд ирье гээд явсан удалгүй эгч нь гээд эмэгтэй хүн, охинтойгоо гарч ирээд босгох гээд байсан. Тэгтэл тэрүүгээр явж байсан нэг эрэгтэй хүн босгож болохгүй гэж хэлээд нөгөө эгчийг тайвшруулсан. Удалгүй түргэн тусламжын автомашин ирж үзээд тархийг нь боогоод эмнэлэгрүү аваад явсан” гэх мэдүүлэг

Хэргийн үйл баримтын талаар:

2021 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 04-13 дугаар хуудас/,

Хохирогч Ж.Цгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2021 оны 07 дугаар сарын 14-ний өглөөний 08 цагийн орчим би боссон. Тухайн үед гэртээ ээж Цэрэннадмид болон 2 хүүхдийнхээ хамт байсан юм. Тэгээд би босоод хашаандаа хамт байдаг эгчийнхээ гэрт нь орж хартал манай эгч унтаж байх шиг байсан. Би буцаж гэртээ ороод байж байгаад цай унд уучихаад хашаанаасаа гараад замын эсрэг талд байдаг дэлгүүрт очсон. Гэтэл дэлгүүрийн гадна өмнө нь хамт ажилладаг байсан танил ахтайгаа тааралдсан. Тэр ах намайг цаахан талаас нэг хүн дуудаад өгөөч гэхээр нь би тэр хүнийг дуудаж өгчихөөд буцаад иртал тэр ах надад өөрт нь байсан буюу ууж байсан архинаасаа өгөхөөр нь би хоёр аягыг уусан. Тэр үед манай хажуу айлын ах надад “ хөөё хариач “ гэж хэлэхээр нь би гэр рүүгээ явах гэж явж байгад машинд мөргүүлсэн. Би тэр үедээ машинд мөргүүлсэнээ санахгүй байгаа. Гэмтлийн эмнэлэгт хэвтэж байгаад гарсан. Ослын талаар сайн мэдэхгүй байгаа...Гомдолтой байна.” гэх мэдүүлэг, /хх-ийн 64 дүгээр хуудас/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 6323 дугаартай: “Ж.Ц-н биед дагз, баруун зулай ясны шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн дагз хэсгийн хатуу хальсан доорх цус хураа, баруун зулайн хуйханд шарх, баруун дээд, доод зовхи, баруун бугалга, шуу, ташаа, зүүн шилбэнд цус хуралт, зулайн хуйх, дух, хоёр хацар, баруун шуу, зүүн бугуйн үе, өвдөг, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн “хүнд” зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, /хх-ийн 41-42 дугаар хуудас/,

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Авто техникийн шинжээчийн 1948 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн схем зураг болон гэрэл зурагт үзүүлсэн мөрөөр “Toyota alphart” маркийн 05-20 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь зам тээврийн осол хэргийн газарт 65.1 км/цаг хурдтай явж байсан байх боломжтой...” гэх дүгнэлт, /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

Хяналтын камерийн бичлэг бүхий СД-д үзлэг хийсэн тухай 2021 оны 08 дугаар сарын 3-ны өдрийн тэмдэглэл, /хх-ийн 143 дугаар хуудас/,

 Механик тээврийн сургуулийн техникийн шинжээч нарын 10/11 дугаартай: “... 65.95 км/цаг...Toyota alphart” маркийн 05-20 УНБ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч Амгаланбаатарын Амар нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4-р заалтыг буюу “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км..ээс хэтрүүлэхийг хориглоно” гэснийг зөрчсөн гэж үзэж байна...” гэх дүгнэлт, /хх-ийн 171-172 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

- Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 70 дугаар хуудас/,

- Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 111 дүгээр хуудас/,

- Байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт: Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо Дамбадаржаа 29 гудамж 359-3 тоот /хх-ийн 112 дугаар хуудас/,

- В ангиллын 193564 дугаартай жолоочийн үнэмлэхний хуулбар, Тоёота Alphard маркын 0520 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 71 дүгээр хуудас/,

- Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 113 дугаар хуудас/,

- Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 114 дүгээр хуудас/,

- Жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 116 дугаар хуудас/,

- Урьд ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59 дүгээр хуудас/ зэрэг баримт бичиг болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэх үндэслэлээр шүүх үнэлээгүй болохыг дурдаж байна.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч “2021 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 08 цаг 50 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн зам, Мини маркет хүнсний дэлгүүрийн баруун урд замд “Toyota alphard” маркийн 05-20 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ж.Цг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан” болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, шүүгдэгч А.А аас 1.544.370 төгрөгийг гаргуулан хохирогч Ж.Цд олгох саналтай” гэх дүгнэлтийг гаргасан ба хохирогчийн өмгөөлөгч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж “хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Эмчилгээний зардал болон өмгөөлөгч авсан нийт 2.544.370 төгрөгийн хохирол төлбөрийг гаргуулан авах хүсэлтэй байна. Анх энэ хэрэг прокурорын шатанд хэрэгсэхгүй болж байсан. Энэ үед өмгөөлөгчийн туслалцаа зайлшгүй шаардлагатай байсан. Өмгөөллийн зардал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зардал гэж ойлгож байгаа иймд өмгөөллийн зардлыг гаргуулан авах нь зүйтэй. Мөн цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэсэн саналыг, шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нь “Энэ гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай ажиллагаа байсан. Хохирогч нь гүн согтолттой замын хөдөлгөөнд оролцож улмаар машины урдуур гүйж гараад мөргүүлсэн. Шүүгдэгчээс гадна хохирогчийн буруутай ажиллагааг бодолцож гэм буруугийн асуудлыг тогтоох нь зүйтэй байна. Улсын яллагчаас гаргасан хохирол төлбөрийн талаарх саналыг дэмжиж байна. Өмгөөлөгч эрх зүйн туслалцаа авах нээлттэй эрхээ эдэлсний төлөө хохирол төлбөр болгон нэхэмжлэх ёсгүй гэж үзэж байна” гэж гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Үйл баримтын талаарх дүгнэлт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмйг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч А.А  нь 2021 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 08 цаг 50 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн зам, Мини маркет хүнсний дэлгүүрийн баруун урд замд “Toyota alphard” маркийн 05-20 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа явган зорчигч Ж.Цг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.

 

Эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос А.А ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д  зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д  Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

 

Улсын яллагчаас А.А ыг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний гэж яллах дүгнэлт ирүүлсэн ба тус акт нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэх заалт.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

 

Шүүгдэгч А.А  нь тээврийн хэрэгсэл жолоодож, Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Ж.Цгийн эрүүл мэндэд халдаж хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй байна.

Хохирогч Ж.Цгийн Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 6323 дугаар дүгнэлтээр: ... дагз, баруун зулай ясны шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн дагз хэсгийн хатуу хальсан доорх цус хураа, баруун зулайн хуйханд шарх, баруун дээд, доод зовхи, баруун бугалга, шуу, ташаа, зүүн шилбэнд цус хуралт, зулайн хуйх, дух, хоёр хацар, баруун шуу, зүүн бугуйн үе, өвдөг, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн “хүнд” зэрэгт хамаар ч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч А.А  нь тээврийн хэрэгсэл жолоодож, Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Ж.Цгийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, хохирогчид учирсан хүнд хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч А.А ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн нөхцөл байдал нөлөөлсөн байна.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.

Шүүгдэгч А.А ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Цэвээнсахъяад 1379590 төгрөгийн хохирол учирсан ба хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд эмчилгээний зардал болон өмгөөлөгч авсан нийт 2.544.370 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах тухай хүсэлт гаргасан ба шүүгдэгч нь хохирол төлбөр төлж барагдуулахаар шүүх хуралдааныг завсарлуулах тухай хүсэлт гаргаж, хохирогчийн эмчилгээний зардалд нэхэмжилсэн 1.544.370 төгрөгийг төлж барагдуулсан болохыг дурдаж, хохирогчийн өмгөөллийн хөлс болох 1.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хангахаас татгалзаж шийдвэрлэлээ.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт өмгөөлөгчид төлөх зардлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд оруулахаар заасан бөгөөд мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг Засгийн газар батална гэж заажээ. Монгол улсын Засгийн газрын 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 161 дугаартай “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журам”-ын 2.6.6-д “...төлбөрийн чадваргүй хохирогч, гэрчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр олгохоор” заасан байна. Төлбөрийн чадваргүй хохирогчид улсын өмгөөлөгч томилсон тохиолдолд үүнийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцохоор заасан байх бөгөөд төлбөрийн чадвартай хохирогч нь сайн дурын үндсэн дээр өмгөөлөгч авсан тохиолдолд  үүнийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцож гаргуулах хууль зүйн үндэслэлгүй, иргэд хоорондын сайн дурын, чөлөөт сонголтын үндсэн дээр хийгддэг хэлцэл байна. Иймд хохирогчийн өмгөөлөгчийн хөлсийг хэрэгсэхгүй болгосон байна. Хохирогч Ж.Ц нь цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч А.А  нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 Шүүх шүүгдэгч А.А т ял оногдуулахдаа шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийг ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэх албадлагын арга хэмжээ авуулах, мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилээр хасуулах саналтай байна. Саналтай байна. шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийг 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн; 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нөхцөл байдал нотлогдон тогтоогдож байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар миний үйлчлүүлэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх албадлагын арга хэмжээ оногдуулж өгнө үү” гэснийг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч А.А ын үйлдсэн гэмт хэргийн тухайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.4 дахь заалтад заасан учруулсан хохирлыг төлсөн мөн гэмт хэрэг гарахад хохирогчийн хууль бус, буруутай үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг гарсан зэрэг, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсоныг дурдаж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ялын төрлүүдтэй.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага зэргийг харгалзан үзсэн болно. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар ял оногдуулахдаа тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн энэ хуулийн үйлчлэлд хамаарна” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч А.А ын үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 07 дугаар сарын 18-ны өдөр үйлдэгдсэн байх тул дээрх өршөөлийн хуулийн үйлчлэлд хамаарахгүй болохыг дурдах нь зүйтэй.

Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, 1 ширхэг В ангилалын 193564 дугаартай жолоочийн эрхийн үнэмлэхийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж,  шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч А.А т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлээ.

 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч А.А ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч А.А т тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

 

5. Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдсан, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан, тэнссэн шүүгдэгч А.А т хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сидийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч А.А ын В ангиллын 193564 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг шүүгчийн туслах Н.Энхзулд даалгасугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Хохирогч  Ж.Цг цаашид гарах гэм хорын хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.А т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.АЗЖАРГАЛ