Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 2018/ШЦТ/187

 

 

                                                    

           

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,

Улсын яллагч П.Нямцэцэг,

Шүүгдэгч Б.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Тогмид нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Б.Бд холбогдох эрүүгийн 1811002870087 дугаартай хэргийг 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Боржигон овогт Б.Б, Монгол Улсын иргэн, 1993 оны 8 дугаар сарын 20ы өдөр Архангай аймгийн Их тамир суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эмээгийн хамт Архангай аймгийн Их тамир сумын 6 дугаар баг Эрдэнэтолгойд оршин суух хаягтай боловч одоо Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 59 дүгээр гудамжны 786 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:................................................/.

          Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 01 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Д.Мөнхбатад таксины мөнгө өгөөгүйн улмаас маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Баас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн” гэсэн мэдүүлэг,

Яллагдагч Б.Баас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2018 оны 01 сарын 17-ны шөнийн 00 цаг өнгөрч байхад Ууганбаярын гэрээс гарч яваад 17-н уулзвар дээрээс гар өргөж такси барьж Чингэлтэй дүүрэг 16 дугаар хороо Хайлаастын Хаан банктай эцэс дээр хүргүүлсэн. Ингээд би таксины жолооч ахад хандан ар талаар гудамжаар эргээд орчих гэсэн чинь Мөнхбат давраад байгаарай буу гэж хэлсэн Би таксины мөнгийг өгөхгүй машинаас буугаад уурандаа гараараа нүүрэн тус газар нь нэг удаа цохьсон. Тэгээд цаашаа юу болсоныг санахгүй байна” гэсэн мэдүүлэг /хх-38х/,

Хохирогч Д.Мөнхбатаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2018 оны 01 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад Чингэлтэй дүүрэг 13 дугаар хороо 17-н уулзвараас Баасанжав согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гар өргөхөд аваад Хаан банкны Эцсийн буудал орно гэсэн. Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Хаан банкны эцсийн буудал орж мөнгөө өг гэхэд гэр лүүгээ ороод мөнгө аваад ирье гэж хэлээд Баасанжав машинаас буусан. Буухад нь би араас нь дагаад хартал гэр лүүгээ орохгүй хашааныхаа араар явж байхаар нь би араас нь очиж барьж авч мөнгөө нэхэхэд мөнгө өгөхгүй гээд цаашаагаа яваад байсан. Тэгэхээр нь би араас нь барьж хашаанаас нааш татаж барихад Баасанжав өөрөө хальтарч уначихаад намайг зодлоо гээд орилж хашгираад байсан. Тэгсэн тэр хашаанаас 2 хүүхэд гарч ирээд Баасанжавыг надаас салгах гэж дундуур орсон. Тэгээд намайг согтуу байна гээд цагдаа дуудаж намайг үлээлгэсэн. Би тухайн үед эрүүл байсан. Тэр үед миний зүүн талын нүд хөхөрч хавдсан байсан тул би өргөдөл гаргасан” гэсэн мэдүүлэг /хх-14х/,

Насанд хүрээгүй гэрч М.Янжинлхамаас мөрдөн шалгах ажиллагааны үед  мэдүүлсэн: “...нөгөө үл таних эрэгтэй хүн таксиныхаа мөнгийг өгөөгүй гэж хэлсэн. Ээж би өгнө гэж хэлээд байхад Баасанжав ах таксины жолооч ахтай маргалдаад бие биенийгээ заамдаж аваад цохиод байсан” гэсэн мэдүүлэг /хх-28х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1597 тоот шинжээчийн дүгнэлтэд:

“1.Д.Мөнхбатын биед зүүн ухархайн дотор хананы этмойд хөндий рүү цөмөрсөн хугарал, тархи доргилт, зулай, чамархайн хуйх, зүүн нүдний дээд доод зовхи, цээжний зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хацарт зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, алимны салстад цус харвалт гэмтэл тогтоогдлоо.

2. дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэжээ /хх-32х/,

Шүүгдэгч Б.Бын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-39х/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-41х/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-40х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 01 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Д.Мөнхбатад таксины мөнгө өгөөгүйн улмаас маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байна.

Хэрэгт нотлолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Д.Мөнхбат нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б.Быг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн  хувийн  байдал  зэргийг  тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцон түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2018 оны 5 дугаар сарын 12ы дотор төлүүлэх, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан торгох ялыг 2 (хоёр) сарын хугацаанд буюу 2018 оны 5 дугаар сарын 12-ны дотор төлөхийг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ё.ЦОГТЗАНДАН