Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/324

 

  

 

 

 

 

 

2022         03             25                                     2022/ШЦТ/324

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Хэргийн индекс: 185/2022/0294/Э

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Номин,

Улсын яллагчаар хяналтын прокурор Л.Мажигсүрэн /онлайн/,

Шүүгдэгч Г.Т  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Т д холбогдох эрүүгийн “2209...” дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. ХЯНАВАЛ: 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1977 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Булган аймагт төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй,Хишиг Арвин ХХК-нд жолоочоор ажилладаг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгино хайрхан дүүргийн 10 дугаар хороо.Зүүн Баян уулын 29 дүгээр гудамж 9а тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, Г.Т  /РД:МЬ77120310/

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Г.Т  нь 2022 оны 02 дугаар сарын 4-5-ны өдөрт шилжих шөнө согтуурсан байх үедээ Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Янзага зуслангын урд талын хашаанд Ц.Э той маргалдаж улмаар түүнийг ир үзүүртэй зүүн гарын хэсэгт зүсэх, гараараа цохих зэргээр зодсоны улмаас эрүүл мэндэд нь “биед баруун мөр, бугалгад зулгаралт.зүүн бугалганд зүсэгдсэн шарх” бүхий гэмтлүүд учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Т   нь 2022 оны 02 дугаар сарын 4-5-ны өдөрт шилжих шөнө согтуурсан байх үедээ Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Янзага зуслангын урд талын хашаанд Ц.Э той маргалдаж улмаар түүнийг ир үзүүртэй зүүн гарын хэсэгт зүсэх, гараараа цохих зэргээр зодсоны улмаас эрүүл мэндэд нь “биед баруун мөр, бугалгад зулгаралт.зүүн бугалганд зүсэгдсэн шарх” бүхий гэмтлүүд учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

Хохирогч Ц.Э ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ..би 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 20 цагийн орчим эмээ Таванжингийн гэрт золгохоор ганцаараа очиход миний хамаатны баахан хүн байсан бөгөөд золголтхийгээд тэндээ хоносон юм. Тэгээд маргааш буюу 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр эмээ золголтонд яваад гэрт баз түүний эхнэр Батцэнгэл, хадам эгч Бат-Отгон хүүхдүүдийн хамтаар байсан. Тэгээд Тэмүүлэн, Бат-Отгон Батцэнгэл бид нар 0,75 литрийн 3 шил архи 0,5 литрийн 1 шил архи хувааж уугаад байж байтал орой 17 цагийн орчим нэг залуу орж ирсэн бөгөөд би дургүйлэхээд тэр залууг яв гэсэн чинь Тэмүүлэн өмөөрөөд улмаар бид хоёр цохисон тэгээд байж байтал Тэмүүлэн больё гээд больсон чинь хутга авсан юм шиг байна лээ, би анзаарагүй юм.Хутга барьж ирээд гииний зүүн гарын булчингийн дотор хэсэгт зүссэн юм. Тэгээд би гараад зугтаад машин луугаа явж байгаад дуу рүүгээ яриад дүү ирж аваад Госпитал ороод 5 оёдол тавиулсан юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20 тал/

Гэрч Г.Т ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ...Би 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Хандгайтын зусланд байрлах хадам ээжТаванжингийн гэрт ирж шинэлсэн. Тэгээд тэндээ хоносон өглөө нь Энхболд гэж эхнэрийн том эгчийн нь хүргэн залуу эхнэрийн дүү Бат-Отгон бид гурав нэг шил 0,75 граммын архи уусан. Архи дууссан хойно манай эхнэрийн дүү Бат-Отгоны найз үл таних залуу шинэлэх гэж орж ирсэн тэгтэл нөгөө залуутай Энхболд маргалдаад байхаар нь би Энхболдыг ахын дүү хүн шинэлэх гэж ирсэн байна боль гэж хэлсэн тэгтэл болихгүй маргаад байсан тэгээд би Энхболдыг гэрээс гарч уулзъя гэж хэлээд дагуулаад хадмын гэрээс гарсан. Гадаа хоёулаа маргалдсан тэгтэл Энхболд намайг заамдаж аваад цохисон. Тэгээд бид хоёр зодолдоод болиод эвлэрсэн гэрт ортол дахин маргалдаад бид хоёр барилцаж аваад ноцолдсон Энхболд миний дээр гараад суусан байсан. Тэгтэл шүүгээн дээр байсан хутга газарт бид хоёрын хажууд унасан байсан энэ үед манай эхнэр Батцэнгэл ирээд салгаад Энхболдыг босгох хооронд нь хажууд байсан хутгийг аваад зүүн гарын булчингийн ар хэсэгт нь зүссэн тэгээд би ах нь эмнэлэг оруулж боолгож өгье гээд машины түлхүүр аваад гараад иртэл Энхболд өөрөө машин бариад яваад өгсөн байсан ийм зүйл болсон гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/

Гэрч М.Бат-Отгоны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  тухайн өдөр 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдөр манай хүргэн Г. Т 16 цагийн орчим эхнэр хүүхдийн хамт манай ээж дээр золгохоор ирсэн. Тэгээд байж байтал хүргэн Ц.Э  ганцаараа манай ээжтэй золгохоор ирсэн. Тэгээд манай ээж хамаатны айлдаа очихоор явсан энэ хооронд манай хүрэн Г. Т Энхболд хоёр нэг шил архи авч уусан тухай архийг аваад ирэхэд манай хоёр хүргэн буюу Энхболд, Г. Т би Тэмүүлэлийн эхнэр Батцэнгэл бид дөрөв байсан манай 12 эастай 6 настай хүүхэд Г. Т ахын бага хүүхэд 4 настай бид дөрөв байсан бид нөгөө авчирсан архийг үгаад байж байтал манай найз Өлзийжаргал над руу яриад ээж дээр чинь очиж золгох гэж байна гэж хэлээд манай гэрт ирсэн манай найз Өлзийжаргал машинтай явж байсан болохоор архи дарс уугаагүй би жоохон согтоод унтэх гэж байтал манай найз Өлзийжаргал би явлаа шүү гэж хэлж байсан тэгээд би нэг сэртэл бөөн цагдаа болсон Энхболд явсан Г. Т ахыг цагдаа авж явж байсан би энэ яаж байгаа юм бэ? гэж хэлтэл надад хоорондоо маргалдсан гэж хэлсэн өөр би юу ч мэдэж чадаагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29 тал/

Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн №2575 дугаартай:

 ...Ц.Э ын биед баруун мөр, бугалгад зулгаралт,зүүн бугалганд зүсэгдсэн шарх гэмтлүүд тогтоогдлоо.

Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй,

Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт болон энэ шүүх хуралдаанд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа гэсэн мэдүүлэг бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Урьд ял шийтгүүлж байсан талаарх Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52 тал/ зэрэг баримтууд болно.
  • Шүүгдэгч Г.Т ийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 53 тал /,
  • Шүүгдэгч Г.Т ийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 58 тал/,
  • Шүүгдэгч Г.Т ийн нэр дээрх тээврийн хэрэгсэлийн лавлагаа /хх-ийн 54 тал/
  • Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 55 тал/,
  • Шүүгдэгч Г.Т ийн байнга оршин суугаа хаягийн лавлагаа: Улаанбаатар хот Сонгино хайрхан дүүрэг 10 дугаар хороо Зүүн баян-Уул 29-9а тоотод оршин суух,
  • Шүүгдэгч Г.Т ийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө бүртгээгүй болохыг тодруулсан Улсын бүртгэлийн хэлтэс /хх-ийн 57 тал/
  • Зөрчлийн хэргийн шийдвэрлэлтийн бүртгэл /хх-ийн 58-61 тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2  зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.

Шүүгдэгч Г.Т  нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан хор уршигт зориуд хүргэж, “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч Г.Т  нь Ц.Э ын эрүүл мэндэд нь баруун мөр, бугалгад зулгаралт,зүүн бугалганд зүсэгдсэн шарх бүхий хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгч Г.Т ийн үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хөнгөн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ. 

Хохирогч Ц.Э  нь шүүгдэгчээс “нэхэмжлэх зүйлгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй..” гэсэн хариуг өгсөн болох нь шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсаар тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Т ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.Т д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэххэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, хохирол төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, хохирогчоос уучлалт гуйсан, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлж, хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдал зэрэг байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх шүүгдэгч Г.Т д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчид 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтайгаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байх тул прокурорын саналыг харгалзан шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Г.Т   нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10  зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-ийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3  зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Г.Т  600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.3  зүйлийн 5 дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.   

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Т д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.                

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.АЗЖАРГАЛ