Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2015/0441

 

 

 

 

                                                

 

 

 

 

 

 

 

Г.С-н нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Р нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 383 дугаар шийдвэртэй, Г.С-н  нэхэмжлэлтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Г.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Г.С би 2002 оноос 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүртэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба, Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байсан. 2014 оны 05 дугаар сард шийдвэр гүйцэтгэх газраас дэд хурандаа Б.Н миний хоёр өдрийн ажлыг шалгаж үзээд Нийслэлийн шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 563 дугаар магадлалаар 38779167 төгрөгийн төлбөртэй төлбөр төлөгч С.Н-г Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Майхан толгойд байрлах 88 мкв хэмжээтэй үл хөдлөх эд хөрөнгийн газрын кадастрын зургийг хуурамч баримт бүрдүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан хэмээн хэлээд улмаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Б/706 дугаар тушаалаар ажлаас халсан.

Уг тушаал нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд намайг ямар зөрчил үйлдсэн гэж үзэж төрийн  албанаас халсан ойлгомжгүй хэт нэг талыг барьсан, миний эрхэд ноцтой халдсан гэж үзэж байна. Г.С би шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч талууд болон иргэн, хуулийн этгээдэд  хохирол учруулаагүй, мөн тухайн үед сахилгын шийтгэлгүй байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Б/706 дугаар ажлаас халах тушаалыг 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээж аваад 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч  2014 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 3793 дугаар захирамжаар урьдчилан шийдвэрлүүлэх журам биелүүлээгүй тул Төрийн албаны зөвлөлд хандаж, урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдэх боломжтой гэж үзэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж гарсан. Захирамжийг 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээж аваад мөн энэ өдрөө Төрийн албаны зөвлөлд хандсан боловч 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 937 дугаартай албан бичгээр “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан хугацаа хэтэрсэн тул Захиргааны хэргийн шүүхэд ханд” гэсэн хариу өгсөн. 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр дахин шүүхэд хандсан бөгөөд 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 4622 захирамжаар Төрийн албаны зөвлөлийн 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 937 дугаар албан бичгээр хариу өгснийг урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн гэж үзэх боломжгүй гэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан хариу өгсөн.

2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр тус шүүхэд Төрийн албаны зөвлөлд хандах хугацаа сэргээлгэх тухай хүсэлт гаргаж 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн  5003 дугаар захирамжаар уг хугацааг сэргээлгэн 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан.

Төрийн албаны зөвлөлийн 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1605 тоот албан бичгээр миний гомдлыг хангах боломжгүй гэж үзэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2014 оны  06 дугаар сарын 19-ний өдрийн Б/706 дугаар тушаалыг хэвээр нь үлдээж шийдвэрлэсэн тухай хариу өгсөн учир уг хариуг эс зөвшөөрч тус шүүхэд хандаж байна.

Иймд, намайг үндэслэлгүй ажлаас халсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Б/706 дугаар тушаалыг хүчингүй болгож, иргэн намайг урьд эрхэлж байсан Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд шийдвэр гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны  цалин хөлсийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “... иргэн Г.С нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2002 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/758 дугаар тушаалаар Налайх дүүрэг дэх шийдвэр гүйцэтгэлийн хэсэгт шийдвэр гүйцэтгэгчээр, 2011 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Б/762 дугаар Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны шийдвэр гүйцэтгэгчээр тус тус томилогдон ажиллаж байгаад 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Б/706 дугаар тушаалаар ажлаас халагдсан. Иргэн Г.С нь нэхэмжлэлийн шаардлагадаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Б/706 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Банк, хадгаламж, зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны шийдвэр гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдөр баталсан удирдамжийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба болон Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны шийдвэр гүйцэтгэгчдийн нэг өдөр гүйцэтгэж буй ажил, ажлын цаг ашиглалт, ачаалал, гүйцэтгэсэн ажлын үр дүн, явсан замыг шалгахаар шалгалт явуулсан байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Мэргэжлийн удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн дэд хурандаа Б.Н 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах, албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч ахмад Б.Б-с 2014 оны 05 дугаар сарын 06, 07-ны өдрийн шийдвэр гүйцэтгэлийн мэдээг авч шалгахад шийдвэр гүйцэтгэгч Г.С нь тус өдрүүдэд гүйцэтгэсэн ажлын мэдээгээ өгөөгүй байсан, улмаар түүнийг дуудаж ажлыг нь шалгахад 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдөр ар гэрт ажил гарсан тул ажлаа хийгээгүй тухай тайлбар, 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Автобус-1 ХХК-д очиж Ш.Энхбаатарын цалин хөлс, бусад орлогоос суутгал хийх тухай мэдэгдлийг хүлээлгэн өгсөн, мөн төлбөр төлөгч С.Н-н эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Майхан толгойд байрлах зуслангийн газар руу 1530-1700 цагийн хооронд УНН 6704 улсын дугаартай автомашинаар Сүхбаатар дүүргийн Газрын албаны н.Дамдин, н.Энхбаяр гэх хүмүүстэй хамт явсан тухай тайлбаруудыг өгсөн байна. Үүний дагуу шийдвэр гүйцэтгэгч Г.С-н 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдөр явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шалгахад дараах зөрчил илэрсэн байна. Үүнд:

Автобус-1 ХХК нь 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 60 жилийн ойн баяр тэмдэглээд ажиллаагүй, тус компанийн ажилтан Ш.Э-н цалин хөлснөөс суутгал хийх мэдэгдэл аваагүй буюу цалин хөлс, бусад орлогоос суутгал хийх тухай мэдэгдлийг хүлээлгэж өгөөгүй буюу шийдвэр гүйцэтгэгч Г.С нь хуурамчаар үйлдсэн нь тогтоогдсон.

Сүхбаатар дүүргийн Газрын алба нь 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдөр иргэд хүлээж авдаг хуваарьтай өдөр таарсан бөгөөд гадуур ажилладаггүй, Энхбаяр гэх хүн тус албанд байхгүй буюу Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд ажиллахаар шилжсэн, тус албанаас кадастрын зургийг тодруулахад ийм зураг манайхаас гарахгүй хувийн компанийн зураг байна гэсэн бөгөөд тухайн өдөр тус Газрын албанд шийдвэр гүйцэтгэгч Г.С нь очоогүй болох нь тогтоогдсон. Дээрх зөрчлүүдээс дүгнэхэд шийдвэр гүйцэтгэгч Г.С нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, хуурамч бичиг баримт үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд энэхүү үйлдэл нь ёс зүй нь цаашид шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах, төрийн албанд ажиллах боломжгүйг харуулсан болно.

Иймд, Г.С-н гаргасан зөрчилтэй холбогдуулан гаргасан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Б/706 дугаар тушаал эрх зүйн үндэслэлтэй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 383 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 25.1.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.С-аас “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Б/706 дугаар тушаалыг хүчингүй болгож, өмнө нь эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “Г.С-н нэхэмжлэлтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 383 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч миний бие  эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхээс Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1.2-т заасныг баримтлан Г.С-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2014 оны 06 дугаар сарын 19-ний Б/706 дугаар тушаалаар Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны шийдвэр гүйцэтгэгчийн албан тушаалаас халж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах эрхийг хүчингүй болгосон.

Энэхүү тушаалд Г.С-г шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, хуурамч тогтоол баримт үйлдсэн гэж дурдсан боловч дээрх зөрчлийг хууль тогтоомжийн дагуу шалгаж, нотлон тогтоогоогүй болох нь нотлогддог боловч анхан шатны шүүхээс энэхүү нөхцөл байдлыг бодитой үнэлж дүгнэлгүйгээр шийдвэрлэсэн гэж үзэж байна. Г.С нь хэн гэдэг төлбөр авагч, төлбөр төлөгчтэй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бусаар явуулж, хэнд хохирол учруулаад байгаа нь тодорхойгүй бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрт Г.С-г 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдөр үүрэгт ажлаа гүйцэтгээгүй, 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулаагүй гэж тодорхой бус дүгнэлт хийсэн бөгөөд дээрх дүгнэлт нь хавтаст хэрэгт авагдан баримтаар бүрэн гүйцэт тогтоогддоггүй нь дараах байдлаар харагдаж байна. Үүнд:

  1. Анхан шатны шүүхээс Г.С-н зөрчил нь 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн шалгалтын дүнгийн илтгэх хуудас, ..., ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Батмөнхийн тайлбар зэргээр нотлогдож байна гэж дүгнэсэн боловч аль нотлох баримт нь аль зөрчлийг хэрхэн нотолж байгааг огт дурдаагүй хэт ерөнхий дүгнэлт хийсэнд гомдолтой байна.
  2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... Г.С-н гаргасан зөрчил нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан “албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэсэн шаардлагыг хангасан гэж үзэхээр байна” гэж дурджээ.

Дээрхээс үзвэл анхан шатны шүүх Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Дээрхээс үзэхэд анхан шатны шүүх Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь, Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэж маш тодорхой  заасан байтал шүүхээс дараа /2 ба түүнээс дээш/ гэсэн нөхцөлийг орхиж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалтыг хэрэглэх гол үндэслэл болсон удаа дараа буюу 2 ба түүнээс дээш бие даасан зөрчил гаргасан байхыг ойлгох бөгөөд албан үүргээ хангалтгүй биелүүлсэн зөрчил тус бүрийг шалгаж тогтоох ёстой бөгөөд захиргааны зүгээс ийнхүү шалгаж тогтоох үүргээ биелүүлээгүй байхад анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

3.Захиргааны зүгээс ч тэр анхан шатны шүүхээс ч тэр нэхэмжлэгчийг хуурамч тогтоол, баримт үйлдсэн гэж дүгнэсэн боловч ямар баримт хэрхэн хуурамчаар үйлдсэн, түүнийг хэрхэн нотолсон нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс хуурамч тогтоол, баримт үйлдсэн зүйл огт байхгүй бөгөөд ийм тодорхойгүй нөхцөл байдалд шүүхээс огт дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна.

Иймд, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 383 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн б/706 дугаар тушаалаар нэхэмжлэгч Г.С-г Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 136 дугаар зүйлийн 136.1.2, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны сахилгын дүрэм”-ийн 2.3.1, 2.3.8, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны ёс зүйн дүрэм”-ийн 5 дугаар зүйлийн 5.5.1 дэх заалтууд, Шийдвэр гүйцэтгэх газрын саналыг тус тус үндэслэн “... шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулаагүй, хуурамч тогтоол, баримт үйлдсэн ноцтой зөрчил гаргасан” гэсэн үндэслэлээр 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс ажлаас халж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах эрхийг хүчингүй болгосон байна.

            Нэхэмжлэгч уг тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлдээ “... шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, хуурамч тогтоол баримт үйлдсэн гэж дурдсан боловч дээрх зөрчлийг хууль тогтоомжийн дагуу шалгаж, нотлон тогтоогоогүй ...” гэж маргажээ.

            Шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдөр баталсан удирдамжийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба болон Банк хадгаламж, зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны шийдвэр гүйцэтгэгчдийн нэг өдөрт гүйцэтгэж буй ажил, ажлын цаг ашиглалт, гүйцэтгэсэн ажлын үр дүн, явсан замыг шалгахаар шалгалт явуулсан байх ба Шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 26/910 дугаар “Шийдвэр гүйцэтгэгчдэд сахилгын шийтгэл оногдуулах тухай” албан бичгээр 209 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч Г.С-н “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах эрхийг хүчингүй болгох” сахилгын шийтгэл оногдуулах асуудлыг шийдвэрлүүлэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад хүргүүлсний дагуу хариуцагчаас маргаан бүхий тушаалыг гаргасан нь үндэслэлтэй байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв байна.

            Учир нь, Г.С нь  “2014 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Автобус-1 ХХК-д очиж төлбөр төлөгч Ш.Э-н цалин хөлс, бусад орлогоос суутгал хийх тухай мэдэгдлийг хүлээлгэн өгсөн, мөн төлбөр төлөгч С.Н-н эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Майхан толгойд байрлах зуслангийн газар руу 15:30-17:00 цагийн хооронд УНН 6704 улсын дугаартай автомашинаар Сүхбаатар дүүргийн Газрын албаны н.Д, н.Э гэх хүмүүстэй хамт явсан” тухай тайлбаруудыг өгсөн боловч уг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шалгахад:

Автобус-1 ХХК нь 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 60 жилийн ойн баяр тэмдэглээд ажиллаагүй, тус компанийн ажилтан төлбөр төлөгч Ш.Э-н цалин хөлснөөс суутгал хийх мэдэгдэл аваагүй буюу цалин хөлс, бусад орлогоос суутгал хийх тухай мэдэгдлийг хүлээлгэж өгөөгүй, мэдэгдлийг шийдвэр гүйцэтгэгч Г.С хуурамчаар бичсэн,  Сүхбаатар дүүргийн газрын алба нь 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдөр иргэд хүлээж авдаг хуваарьтай өдөр таарсан байх ба ажилтнууд нь гадуур ажиллаагүй, н.Э гэх хүн тус албанд байхгүй, Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд ажиллахаар шилжсэн, тус албанаас кадастрын зургийг тодруулахад ийм зураг манайхаас гарахгүй, хувийн компанийн зураг байна гэсэн байх бөгөөд тухайн өдөр тус газрын албанд шийдвэр гүйцэтгэгч Г.С нь очоогүй болох нь 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Б-н “Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл”-ээр тус тус тогтоогджээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдлынхоо үндэслэлд “... Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалтыг хэрэглэх гол үндэслэл болсон удаа дараа буюу 2 ба түүнээс дээш бие даасан зөрчил гаргасан байхыг ойлгох бөгөөд албан үүргээ хангалтгүй биелүүлсэн зөрчил тус бүрийг шалгаж тогтоох ёстой” гэжээ.  

Монгол Улсын дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 08 дугаар тогтоолын 7-д зааснаар хуулийн ... 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан “...хангалтгүй биелүүлсэн...” гэдгийг ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй байхыг ойлгох бөгөөд нэхэмжлэгч Г.С хоёр удаагийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа тогтоосон журмыг зөрчиж, улмаар хуурамч мэдэгдэл бичиж, тайлбар гаргасан болох нь дээрх байдлаар нотлогдож байх тул шүүхийн гаргасан шийдвэр нь хуульд нийцээгүй гэж үзэж хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 383 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                                                                                               

                                  

ШҮҮГЧ                                               С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                               Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                               Д.БААТАРХҮҮ