| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Азжаргал |
| Хэргийн индекс | 185/2022/0308/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/331 |
| Огноо | 2022-03-30 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Г.Түвшинбаяр |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 2022/ШЦТ/331
2022 03 30 2022/ШЦТ/331
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 185/2022/0308/Э
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Номин,
Улсын яллагчаар хяналтын прокурор Г.Түвшинбаяр,
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б т холбогдох эрүүгийн “2209....” дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 09-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. ХЯНАВАЛ:
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Чингисийн өргөн чөлөө, Алтай бьюлдинг төвд “С.и.т” ХХК-аас -аас албаны хэрэгцээнд ашиглуулахаар 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр итгэмжлэн хариуцуулж өгсөн Делл брэндийн 8 дугаар үеийн ай7 загварын зөөврийн нөүтбүүкийг 2021 оны 07 дугаар сард ажлаа орхин явахдаа хүлээлгэн өгөлгүйгээр авч яваад 2021 оны 10 дугаар сард барьцаалан зээлдүүлэх газарт зээлийн барьцаанд тавьж өөрийн дураар захиран зарцуулж завшсаны улмаас “С.и.т” ХХК-аас -нд 1.552.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: Тухайн үед би компаниас Dell брэндийн I5 загварын 8 дугаар үеийн компьютерийг авсан. Би хохирол төлбөр төлье гэхэд миний төлөх үнийн дүн, компанийн нэхэмжилсэн мөнгөн дүн 2 хоорондоо зөрж байсан. Компани нь сүүлийн 8 сарын цалин мөн нийгмийн даатгалын мөнгийг улсаас чөлөөлсөн байхад ажилчидаас нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгийг хураан авсан. Энэ тухай бид асуухад манай компани нийгмийн даатгалын газар өртэй байгаа учир мэдсэн ч гэсэн чимээгүй байгаарай гэсэн. Миний хувьд хураалгасан нийгмийн даатгалын шимтгэл өөрийн ажилласан хугацааны цалингийн шимтгэл зэрэг авах ёстой зүйлдээ тооцож авсан гэв.
Хэргийн үйл баримтын талаар:
Хохирогч Б.Гын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Баянбаатар нь манай компанид 2019 онд ажилд орсон. Тэгээд манай компаниас тогтвортой ажиллах гэрээ байгуулсны үндсэн дээр 2020 оны 05 дугаар сарын 21-ны өдөр Дэлл брэндийн 8 дугаар үеийн Ай-7 үзүүлэлт бүхий зөөврийн компьютерийг хүлээлгэн өгсөн. Энэ өдрөөс 3 сарын дараа Баянбаатар нь гэрээний үүргээ биелүүлээгүй ажлаа дур мэдэн орхиж явсан уг компьютерийг хүлээлгэж өгөөгүй. Тэр хугацаанаас хойш холбогдоход очно очно өгнө гэж худлаа яриад яваад байсан учраас цагдаагийн байгууллагад хандаж байна. Ажилд ороход нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан 1.600.000 төгрөгнөөс 240.000 төгрөгийг цалингаас суутгасан. Одоо үлдэгдэл 1.360.000 төгрөгөөрөө үнэлнэ.
Баянбаатар нь манай компаниас авах авлага байхгүй 3 удаа цалингаас нь 80.000 төгрөг суутгасан байгаа. Анх гэрээ хийхдээ 1.600.000 төгрөгийн зөөврийн компьютерийг байгууллагаас 800.000 төгрөгийг Баянбаатараас гаргуулж буюу цалингаас нь суутгаж төлүүлж уг ажилтныг байгууллагад тогтвор суурьшилтай ажиллуулах гэрээг амаар байгуулсан байсан. Гэтэл уг ажилтан нь 240.000 төгрөгийг төлөөд байхдаа ажлаа орхин уг зөөврийн компьютерийн мөнгийг бүрэн төлж барагдуулаагүй байхдаа аваад явсан байсан. Тэгээд манай байгууллагын зүгээс цагдаагийн байгууллагад хандсан. Баянбаатарын ярьж байгаа нийгмийн даатгалын шимтгэл гэдэг суутгал нь ажилтны эрүүл мэндийн даатгалын мөнгөн суутгал буюу 2 хувийн суутгал мөнгө...” гэх мэдүүлэг /хх-29-30 тал/
Гэрч Б.Уранзаяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: /“Чингүүн жигүүр” барьцаалан зээлдүүлэх газрын ажилтан/: “Баянбаатар нь манай ломбардад 2 удаа нөүтбүүк барьцаалж байсан. Сүүлд манай ломбардад нөүтбүүк барьцаалаад авч чадахгүй, хугацаа нь дуусаан учраас хэд хэдэн удаа анхааруулсны эцэст уг эд зүйл нь хураагдсан талаар мэдэгдсэн. Эд зүйлийг борлуулсан...” гэх мэдүүлэг /хх-25-26 тал /
“Стар интэлижэнт технолиги” ХХК-ийн хүний нөөцийн менежер н.Батцэцэг болон Б.Б нарын мессенжерээр харилцсан чатад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-37-39 тал/
Дамно ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн СБ1-21-1587 дугаартай “2019 онд худалдан авсан Дэлл брэндийн 8 дугаар үеийн Ай-7 загварын нөүтбүүкний зах зээлийн үнэ цэнэ 1.552.000 төгрөг...” гэх тайлан /хх-41-42 тал /
“Стар интэлижэнт технолиги” ХХК-ийн захирлын 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 227 дугаартай түр ажилд томилох тухай тушаал /хх-52 тал/
Ажил олгогч “Стар интэлижэнт технолиги” ХХК болон ажилтан Б.Б нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт /хх-53-57 тал/
Шүүгдэгч Б.Б ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 20-нд ажилд орсон. Тэгээд 2020 оны 04 дүгээр сард компанийн удирдлагууд хуралдаад инженер компьютергүй яваад байна гээд нөүтбүүк авч өгсөн. Компанийн удирдлагаас тогтвортой ажиллах юм бол энэ нөүтбүүкийн үнийн дүнгийн 50 хувийг нь компаниас, 50 хувийг надаас гаргахаар амаар тохиролцож миний цалингаас тодорхой хувиар сар бүрээр авахаар болсон... 2020 оны 10 дугаар сарын дунд орчимд Баянзүрх дүүргийн Ботаникийн эцсийн автобусны буудал дээр байдаг ломбардад 250.000 төгрөгийн барьцаанд тавиад хугацаа хэтэрсэн учраас зээлийн барьцаанд хураагдсан. Тэр үед ковид цар тахлын хорио цээрийн дэглэм таарсан учраас очиж чадахгүй байсаар байгаад хураагдсан...” гэх мэдүүлэг /хх-14, 22-23, 33-34 тал/ болон шүүгдэгчийн энэ шүүх хуралдаанд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа гэсэн мэдүүлэг бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч “Шүүгдэгч Б.Б нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Чингисийн өргөн чөлөө, Алтай бьюлдинг төвд “С.и.т” ХХК-аас -аас албаны хэрэгцээнд ашиглуулахаар 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр итгэмжлэн хариуцуулж өгсөн Делл брэндийн 8 дугаар үеийн ай7 загварын зөөврийн нөүтбүүкийг 2021 оны 07 дугаар сард ажлаа орхин явахдаа хүлээлгэн өгөлгүйгээр авч яваад 2021 оны 10 дугаар сард барьцаалан зээлдүүлэх газарт зээлийн барьцаанд тавьж өөрийн дураар захиран зарцуулж завшсаны улмаас “С.и.т” ХХК-аас -нд 1.552.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Үйл баримтын талаарх дүгнэлт
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмйг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Б.Б нь “С.и.т” ХХК-аас -аас албаны хэрэгцээнд ашиглуулахаар итгэмжлэн хариуцуулж өгсөн Делл брэндийн 8 дугаар үеийн ай7 загварын зөөврийн нөүтбүүкийг 2021 оны 07 дугаар сард ажлаа орхин явахдаа хүлээлгэн өгөлгүйгээр авч яваад 2021 оны 10 дугаар сард барьцаалан зээлдүүлэх газарт зээлийн барьцаанд тавьж өөрийн дураар захиран зарцуулж завшиж “С.и.т” ХХК-аас -нд 1.552.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.
Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б.Б ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлд “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завших” гэмт хэргийг хуульчилсан байдаг.
Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 3-д "Монгол Улсын иргэн хөдпөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д "Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй" гэж тус тус хуульчилсан.
Шүүгдэгч Б.Б нь хохирогч Стар интэлижэнт технологи” ХХК итгэмжлэгдсэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, иргэний хуульд заасан өмчлөх эрхэнд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Хохирогч Стар интэлижэнт технологи” ХХК-ийн итгэмжлэн хариуцуулсан Делл брэндийн 8 дугаар үеийн ай7 загварын зөөврийн нөүтбүүкийг барьцаалан зээлдүүлэх газарт зээлийн барьцаанд тавьж өөрийн дураар захиран зарцуулж завшсан гэмт үйлдлийн улмаас тухайн байгууллагад 1.552.000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Б.Б ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад иргэдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдлэг дутмаг, мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллага холбогдох хууль журмыг сурталчлах, соён гэгээрүүлэх ажил хангалтгүй хийгдсэн, гэмт хэрэг зөрчлийн талаарх мэдээллийг Цагдаагийн байгууллага хангалтгүй зохион байгуулж, энэ талаарх сургалт сурталчилгааг зохих төвшинд, холбогдох хүмүүст нь хүртэл хийж чадаагүй, шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.
Шүүгдэгч Б.Б нь гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон болохыг дурдав.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “.Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заасан.
Шүүгдэгч Б.Б ын үйлдсэн гэмт хэргийн улмаас Стар интэлижэнт технологи” ХХК-д 1.552.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгчийн цалингаас 240.000 төгрөгийг суутгаж, үлдэгдэл 1.312.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Б.Б нь Стар интэлижэнт технологи” ХХК-д учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй байх тул шүүгдэгчээс 1.312.000 төгрөгийг даруй гаргуулж хохирогч Стар интэлижэнт технологи” ХХК-д олгуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүх шүүгдэгч Б.Б т ял оногдуулахдаа шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна” гэснийг, шүүгдэгчээс “хохирохоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэснийг тус тус харгалзан үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “ Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ялын төрлүүдтэй.
Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага зэргийг харгалзан үзсэн болно. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэх хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, Улаанбаатар хотоос гарч явахыг хориглох хязгаарлалт тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэв.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Б.Б т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлээ.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 зүйлийн 22.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.64 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б ыг 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б т оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэх хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, Улаанбаатар хотоос гарч явахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Б т анхааруулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б аас 1.312.000 төгрөгийг гаргуулж хохирогч Стар интэлижэнт технологи” ХХК-д даруй олгосугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ