| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Азжаргал |
| Хэргийн индекс | 185/2022/0133/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/368 |
| Огноо | 2022-04-06 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | А.Ариунаа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 2022/ШЦТ/368
2022 04 06 2022/ШЦТ/368
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 185/2022/0133/Э
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Номин,
Улсын яллагчаар хяналтын прокурор А.Ариунаа,
Шүүгдэгч Д.Г , түүний өмгөөлөгч Д.Баттөмөр, хохирогчийн өмгөөлөгч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Г эд холбогдох эрүүгийн 2203...дугаартай хэргийг хянан хэлэлцэв. ХЯНАВАЛ:
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Г нь 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 12 цаг 55 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Олимпийн гудамж, Гадаад харилцааны яамны баруун замд “Toyota Land Cruiser 150 Prado” маркийн 11-16 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч С.Юг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
шүүгдэгч Д.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Болсон зүйлд харамсаж байна. Хохирогчийн хохирол төлбөрийг төлж барагдуулна” гэжээ.
Хэргийн үйл баримтын талаар:
102 тусгай дугаарын утсанд ирсэн дуудлагын лавлагааны хуудас, /хх-ийн 4 хуудас/
2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 5-11 хуудас/
Хохирогч С.Ю-ийн мөрдөн шадгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 12 цаг 30 минутын орчим “Эрүүл мэндийн яам” руу орохоор тус яамны баруун хойд явган хүний гарцаар ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн чиглэлд гарахаар явтал эхний 2 машин зам тавьж өгөхөөр алхаад явж байтал 2 дугаар эгнээгээр явж байсан автомашин миний зүүн тал руу мөргөөд унагаасан. Би унахдаа нуруугаараа зам дээр унасан...Миний сээрний 12 дугаар нугалам бяцарсан, унахдаа хэлээ хазаад гэмтээсэн, зүүн өгзөгний орчим том хэмжээний хөхрөлт үүссэн, зүүн тохой шалбарсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 18 хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Г.Ханхүүгийн гаргасан
“...1 .С.Югийн биед сээрний 12-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, тархи доргилт, нурууны зөөлөн эдийн няцрал, хэлэнд шарх, зүүн тохой, хонгонд цус хуаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. З.Гэмтлийн зэрэгтогтоохжурмын 2.3.1-тзааснаар эрүүл мэндийгудаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 872 дугаартай шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 20 хуудас/
2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 180 дугаартай нэмэлт шинжилгээний “..С.Югийн биед 2022.01,28-ны өдрийн Улсын хоёрдугаар төв эмнэлгийн бүсэлхийн хурууны соронзон резонанст томограммын шинжилгээгээр урьд гарсан дүгнэлтэнд тусгагдсанаас өөр шинэ гэмтэл тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт, /хх-ийн 102-104 хуудас/
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Түвшинжаргалын гаргасан 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 134 дугаартай “Мөрдөгчийн магадлагаа”, /хх-ийн 60 хуудас/
Хохирогч С.Югийн өвчний түүхийн хуулбар, /хх-ийн 65-85 хуудас/
Хохирогч С.Югээс гаргаж өгсөн хохирлын баримтууд, /хх-ийн 114- хуудас/
“Toyota Land Cruiser 150 Prado” маркийн 11-16 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагаа, /хх-ийн 20 хуудас/
Иргэний хариуцагч А.Сүнжидмаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Уг тээврийн хэрэгсэл миний эзэмшлийнх юм...Би Гансүхийг гуйгаад машинаа бариулаад явж байсан...Бусдад учирсан хохирлыг төлж барагдуулаагүй ээ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 23 хуудас/
Яллагдагч Д.Г ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа, /хх-ийн 35 хуудас/ болон шүүх хуралдаан гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч “2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 12 цаг 55 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Олимпийн гудамж, Гадаад харилцааны яамны баруун замд “Toyota Land Cruiser 150 Prado” маркийн 11-16 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч С.Юг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Үйл баримтын талаарх дүгнэлт
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмйг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Д.Г нь тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч С.Юг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Г.Ханхүүгийн гаргасан “...1 .С.Югийн биед сээрний 12-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, тархи доргилт, нурууны зөөлөн эдийн няцрал, хэлэнд шарх, зүүн тохой, хонгонд цус хуаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. З.Гэмтлийн зэрэгтогтоохжурмын 2.3.1-тзааснаар эрүүл мэндийгудаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 872 дугаартай шинжээчийн дүгнэлт гарчээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.
Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Д.Г ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд “Авто тээврийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Шүүгдэгч Д.Г нь тээврийн хэрэгсэл жолоодож, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан зорчигч С.Югийн эрүүл мэндэд нь халдаж хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд болгоомжгүйгээр халдсан боловч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн анхаарал болгоомжгүй байдал, хууль зүйн мэдлэг дутмаг, мөн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.
Шүүгдэгч Д.Г нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогчийн мэдүүлэг, шинжээч нарын дүгнэлтүүд зэргээр нотлогдож байна.
Шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн ба бусдын биед хохирол учруулах нөхцөл байдлыг болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.
Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.
Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн хэргийн газрын үзлэг, камерын бичлэг, хохирогч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.
Шүүгдэгч Д.Г ийн үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль журмыг зөрчиж, нэг хүний эрүүл мэндэд “...С.Ю-ийн биед сээрний 12-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, тархи доргилт, нурууны зөөлөн эдийн няцрал, хэлэнд шарх, зүүн тохой, хонгонд цус хуаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр хохирол учруулсан байна гэж шүүх дүгнэлээ.
хэрэгт авагдсан эмчилгээний бичиг, шинжилгээний бичиг, өвчний түүх зэрэг баримтуудаар гэмт хэргийн улмаас үүссэн шууд болон шууд бус хор уршгийг арилгах нь зүйтэй байх тул хохирогчийн нэхэмжилсэн 4.443.134 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн. Мөн шүүгдэгч Д.Г нь хохирогч С.Ю нь эмчилгээний зардалд 4.443.134 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч шүүх хуралдаанд хохирогчийн дансанд хийсэн тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Г эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын төрлүүдтэй.
Шүүгдэгч Д.Г нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байсан болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна. Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэргийн улмаас хохирлоо нөхөн төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болохыг дурдаж.
Шүүх шүүгдэгч Д.Г эд ял оногдуулахдаа шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчид “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулъя гэснийг, хохирогчийн өмгөөлөгчийн “ Улсын яллагчийн ялын саналыг дэмжиж байна. Энэ гэмт хэргийн улмаас ирээдүйд гарах зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж өгнө үү” гэснийг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “500.000 төгрөгийн торгох ял оногдуулж өгнө үү гэв” гэснийг, шүүгдэгч “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэснийг тус тус харгалзан үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Д.Г ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогчид хүндэвтэр хохирол учирсан, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г эд нь оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэв.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Д.Г эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлээ.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Г ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Авто тээврийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г нь 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоож, заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
6. Хохирогч С.Ю нь цаашид гарах гэм хорын хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Г эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хохирогч, шүүгдэгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ