Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 141/ШШ2017/00140

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан баг хаягаар оршин суудаг Б овогт Г.О-с Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан баг хаягаар оршин суудаг Ө овогт Д.Г-д холбогдуулан ирүүлсэн Чиргүүлийн үнэ 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нарангэрэл, нэхэмжлэгч Г.О-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, хариуцагч Д.Г нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.О нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Д.Г нь 2011 оны 8 дугаар сард Зил-131 маркийн машины чиргүүл аваад одоо болтол мөнгө төгрөгөө өгөхгүй өдий хүрсэн. Г нь хүний юмыг авч ашиглаж залилж сурсан хүн байна. Одоо миний чиргүүл гудманд нь хэрэглэх боломжгүй болсон байна. Ганбатад хэлэхээр чиргүүлээ очоод ав би мөнгө өгч чадахгүй гэдэг. Өөрийнхөө мал эд хөрөнгөө нэр дээрээ бүртгүүлээгүй хүн байна. Иймд Д.Г-с чиргүүлийн үнэ болох 5,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Г.О-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Д.Г нь миний ах Г.О-с Зил-131 машиныг чиргүүлийн хамт худалдаж авсан байдаг. Ах машинаа Д.Г-с буцаагаад авсан. Чиргүүлээ авах гэтэл чиргүүлийг нь ашиглах боломжгүй болгоод Халтар гэдэг хүний гудманд хаясан байсан учир авч чадаагүй. Д.Г-д ах маань чиргүүлээ өгөхдөө өнгө үзэмж сайтай, ашиглаж хэрэглэх бүрэн боломжтой чиргүүл өгсөн. Г нь машин болон чиргүүлийг авснаасаа хойш модонд явдаг байсан ба энэ үедээ чиргүүлийг ашиглах боломжгүй болгож эвдсэн. Иймд шүүхэд ахынхаа гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж Д.Г-с чиргүүлийн үнэд 5,000,000 төгрөг гаргуулах хүсэлтэй байна... гэжээ.

Хариуцагч Д.Г нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Д.Г нь 2012 оны намар 10 сард /ойролцоогоор/ тус сумын Хайрхан багийн иргэн Г.О-с 51-49 БӨА улсын дугаартай Зил-131 маркын автомашиныг чиргүүлийн хамт 12,500,000 төгрөгөөр бодож, 4,000,000 төгрөгний банз өгч, үлдэгдэлийг бага багаар цувуулж өгөхөөр амаар тохиролцож зээлээр худалдаж авсан. Ингээд машины үнийг бага багаар буюу 4,000,000 төгрөгний банз, палк, 504,000 төгрөгний палк, 2,470,000 төгрөгний 247 ширхэг 4 метрийн мод, бэлнээр 2,240,000 төгрөг, 960,000 төгрөгний 32 ширхэг 6 метрийн модыг тус тус цувуулж өгөөд нийт 10,174,000 төгрөг төлсөн бөгөөд 2,326,000 төгрөг өгөх үлдэгдэлтэй байсан. Гэтэл Г.О 2013 оны намар манайд ирээд машинаа өгөөч модонд яваад ирье гээд гуйгаад аваад явсан ба 2015 оны намар болтол машиныг маань өгөөгүй. Би машинаа сураглаад байсан чинь эвдлээд Б-ны хашаанд орхисон байсан. Г.О-той цуг очиж өөрөө засвар үйлчилгээ хийж аваад 2014 оны зун 8 сард Х гэдэг хүнд 8,000,000 төгрөгөөр бодож, Зил-131 маркын автомашиныг чиргүүлийн хамт зарсан ба 2014 оны сүүлээр мөнгөө авахаар ярилцаж зээлээр зарсан. Г.Х-с машиныхаа үнийг авахаар Г.О-ны үлдэгдэл мөнгийг өгөх бодолтой байсан. 2014 оны 11 дүгээр сард машины мөнгөө авах гээд Г.Х-тай уулзсан чинь чиний машиныг Г.О ирээд Г надад мөнгө дутуу өгсөн гэж хэлээд аваад явсан гэж хэлсэн. Г.О машиныг аваад явсан байсан ба чиргүүлийг дугуй нь хагарсан байна гээд Г.Х-н хашаанд үлдээсэн байсан... ...Г.О Зил-131 машиныг надад хэлэлгүй Г.Х-с аваад явсан байсан ба уг автомашины чиргүүлийн дугуй хагарсан байна гээд Г.Х-н хашаанд үлдээсэн байсан бөгөөд уг чиргүүлийг буцааж аваагүй өөрөө айлын хашаанд үлдээж явчихаад надад хандаж нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж бодож байна. Мөн 51-49 БӨА улсын дугаартай Зил-131 маркын автомашинтай холбогдуулан шүүхэд гомдол гаргасны үндсэн дээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарсан байхад уг шүүхийн шийдвэрүүдийг үл зөвшөөрч дахин гомдол гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. ...Иймд Г.О-ны гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Харин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би Г.О-с чиргүүлтэй Зил-131 машин худалдаж авсан нь үнэн. Г.О машиныг Г.Х-н хашаанаас надад хэлэлгүй аваад явсан байсан. Харин чиргүүлийг үлдээгээд явсан байсан. Машины өртөгт өгсөн мөнгөө Г.О-с авахын тулд би шүүхэд хандсан. Шүүх Г.О-д машин болон чиргүүлийг өгөхөөр, надад мөнгийг буцааж өгөхөөр шийдвэрлэсэн. Би машин болон чиргүүлийг унаж хэрэглэсний хөлсөнд 5,000,000 төгрөгийг хасч тооцсон. Машин болон чиргүүлтэй холбогдох асуудал урьд өмнө шүүхээр шийдэгдчихсэн учир нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Г.О нь анх надад ашиглах боломжтой чиргүүл худалдсан. Би чиргүүлийг өөрийн эзэмшилд байлган хэрэглэж байхдаа рамыг нь тасалсан нь үнэн... гэжээ.

            Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.О нь хариуцагч Д.Г-д холбогдуулан Чиргүүлийн үнэ 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Г.О нь хариуцагч Д.Г-д 51-49 БӨА улсын дугаартай Зил-131 маркын автомашиныг худалдсан байх ба Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 183 дугаартай шүүхийн шийдвэрээр худалдагч Г.О-г гэрээнээс татгалзсан үндэслэлээр түүнээс 4,387,000 төгрөгийг гаргуулан худалдан авагч Д.Г-д олгохоор шийдвэрлэсэн байна.

Уг шийдвэрийг Д.Г эс зөвшөөрч Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч тус шүүхээс Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 183 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Монгол улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалт хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэсэн байна.

Дээрх магадлалд зохигчид хяналтын журмаар гомдол гаргаагүй бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Өөрөөр хэлбэл шүүхээс Г.О-г 51-49 БӨА улсын дугаартай Зил-131 маркын автомашиныг чиргүүлийн хамт авах, Д.Г-г 51-49 БӨА улсын дугаартай Зил-131 маркын чиргүүлтэй автомашины үнэнд өгсөн 4,387,000 төгрөгийг авах талаар буюу худалдах худалдан авах гэрээнээс татгалзсан учир талууд өгсөн зүйлсээ харилцан буцааж авах талаар шийдвэрлэж, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө шаардан авах эрхтэй талаар, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт үндэслэлгүй олж авсан зүйлийн чанар байдлын улмаас буюу өөр шалтгаанаар түүнийг буцааж өгөх боломжгүй бол олж авсан этгээд түүний үнийг төлөх талаар тус тус заасан.

Г.О, Д.Г нарын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсанаар Г.О нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг Д.Г-н өмчлөлд шилжүүлэх, Д.Г нь Г.О-д хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүрэг хүлээсэн боловч дээрх үүрэг нь 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 183 дугаартай шүүхийн шийдвэр гарснаар дуусгавар болсон.

Г.О нь Д.Г-д 51-49 БӨА улсын дугаартай Зил-131 маркын автомашины хамтаар өнгө үзэмж сайтай, ашиглаж хэрэглэх бүрэн боломжтой чиргүүл худалдсан бөгөөд худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж 51-49 БӨА улсын дугаартай Зил-131 маркын автомашинаа өөрийн өмчлөлд буцаан авсан боловч чиргүүлээ буцаан аваагүй, чиргүүлийг буцаан авах гэсэн боловч чанар байдлын шаардлага хангахгүй байсан гэсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А-ны тайлбар нь гэрч Б.Ц-н: 2011-2012 оны үед О нь Г-д ЗИЛ-131 маркийн автомашиныг чиргүүлтэй нь хамт зарж байсан. Уг машин, чиргүүл нь чанарын хувьд сайн байсан... гэсэн мэдүүлэг, чиргүүлийн чанар байдалд үнэлгээ хийсэн үнэлгээний комиссын шинжээчдийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн: Завхан аймгийн Тосонцэнгэл суманд Зил-131 маркын автомашины шинэ чиргүүл зах зээлийн үнэлгээгээр 5,000,000 төгрөгийн үнэтэй байна. Харин ердийн элэгдэлтэй ашиглаж хэрэглэх боломжтой чиргүүл 2,500,000-3,000,000 төгрөгийн үнэтэй байна. Г.Х-н хашааны гадна байгаа чиргүүлийн гар гулзайсан, рам тасарсан, хүрд эвдэрсэн, нум уярч тахийсан, дугуйнууд ашиглах боломжгүй болсон буюу цаашид засвар үйлчилгээ хийж ашиглах боломжгүй болсон байх тул үнэлгээ тогтоогдохгүй байна гэсэн дүгнэлт, гэрч Г.Х-н: Г чиргүүлтэй Зил 131 машин зарна гэхээр нь би 9 сая төгрөгөнд авахаар тохироод машин чиргүүлийг 2014 оны 6 сарын эхээр хашаандаа авчирч тавьсан. Мөнгийг нь 2014 оны 9 дүгээр сард өгөхөөр тохирсон байсан. Машин болон чиргүүл нэлээд эвдэрсэн байсныг би засч янзлаад, нилээд их зүйл хийсэн. Машин болон чиргүүлээр 2 удаа л модонд явсан. Тэгтэл 2014 оны 7 дугаар сард О надтай ирж уулзаад Г-тай өр салаагүй гээд машинаа аваад явсан ба чиргүүлийг үлдээсэн. Г-с авахад чиргүүл нь хүрднийхээ араар тасарсан байсан. Одоо чиргүүл тэр хэвээрээ байгаа гэсэн мэдүүлэг, шүүх хуралдаанд хариуцагч Д.Г-н гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд Г.О нь Д.Г-с Зил-131 маркын авомашины өнгө үзэмж сайтай, ашиглаж хэрэглэх бүрэн боломжтой чиргүүлийн үнийг шаардах эрхтэй.

Чиргүүлийн чанар байдалд шинжилгээ хийсэн Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын тамгын газрын Үнэлгээний комиссын шинжээчдийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн дүгнэлтийн талаар зохигч талууд маргаагүй бөгөөд уг дүгнэлтээр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд өнгө үзэмж сайтай, ашиглаж хэрэглэх бүрэн боломжтой чиргүүлийн зах зээлийн дундаж үнэ 2,500,000-3,000,000 төгрөг байх ба нэхэмжлэгч тал нь хариуцагч Д.Г-д худалдсан чиргүүлийнхээ чанар байдлын талаарх нотлох баримтыг гаргаж өгөөгүй учир зах зээлийн доод үнэлгээгээр буюу 2,500,000 төгрөгөөр чиргүүлийн үнийг тогтоож хариуцагч Д.Г-с гаргуулан, нэхэмжлэгч Г.О-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэх бөгөөд улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж, нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүдэг.

Нэхэмжлэгч Г.О нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 94,950 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг төлсөн бөгөөд шүүхээс түүний нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэж байгаа тул хангагдсан нэхэмжлэлийн шаардлага болох 2,500,000 төгрөгт бодогдох улсын тэмдэгтийн хураамж 54,950 төгрөгийг хариуцагч Д.Г-с гаргуулан нэхэмжлэгч Г.О-д олгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ө овогт Д.Г-с 2,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.О-д олгож, Г.О-ны нэхэмжлэлийн шаардлагаас 2,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.О-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Г-с 54,950 /тавин дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.О-д олгосугай.

3. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.УРТНАСАН