Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/383

 

        

 

 

 

 

  

2022         04             11                                     2022/ШЦТ/383

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Хэргийн индекс: 185/2022/0359

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Номин,

Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Булганчимэг,

Шүүгдэгч Р.Д  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.Д-д холбогдох эрүүгийн “2209...” дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. ХЯНАВАЛ: 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Р.Д  нь 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт таксигаар үйлчлүүлж байсан хохирогч Б.А-ын самсунг А52 загварын гар утсыг бусдын гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж захиран зарцуулах боломж бүрдүүлж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Хохирогч Б.А ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  Би 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 15цагийн үед өөрийн нөхөр Алтансүхийн хамт Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Гүнжийн булаг дэлгүүрээс хүнс цуглуулж явж байгаад Гүнжийн булгийн замын эсрэг талаас такси барих гээд гар өргөхөд Сэлх талаас шаргал өнгийн Ниссан Тида маркийн тээврийн хэрэгсэлтэй 40 орчим насны махлаг, эрэгтэй жолоочтой такси зогсоод бид 2 суугаад хойшоо Сэлбэ 7-н автобусны буудал дээрээс нүүрсний цэгээс 3 шуудай нүүрс тэр таксиндаа ачаад 20 дугаар хороо Сэлбийн задгай тоотод байх гэртээ хүргүүлээд нүүрсээ хашаандаа тэр оруулж буулгаад таксины мөнгө болох 12,000 төгрөгийг бэлнээр өгөөд тэр такси явсан. Тэгээд гэртээ байж байгаад утсаа хайгаад үзтэл байхгүй байхаар нь залгатал эхэндээ авахгүй байж байгаад дахиад залгатал нөгөө таксины жолооч авахад чиний машинд утсаа орхичхож гэхэд энэ дөнгөж сая худалдаж авсан мэдэхгүй гэхээр нь би чи тэр таксины жолооч өөрөө мөн л байна ш дээ утсаа авъя авчираад өгчих цагдаад өгөхөд дорхноо олдоно шүү чи гэхэд тэр таксины жолооч тэгвэл цагдаадаа хэл цагдаагийн чинь утас олдог гэж юу байсан юм Цагдаадаа хэлээд олоод авахгүй юу гэж хэлээд тасалсан. Тэгээд дахиад залгахад холбогдох боломжгүй болсон... миний гар утас самсунг А52 загварын 2021 оны 11 дүгээр Мобиком төвөөс 999,000 төгрөгөөр авсан хар өнгөтэй. гэргүй дэлгэцэн дээрээ амархан кодтой содон шинж тэмдэггүй. Одоо авсан үнээрээ үнэлж байна. Би шаргалдуу игмйи Ниссан тида маркийн тээврийн хэрэгсэл байсан. улсын дугаарыг нь хараагүй. 40 орчим насны махлаг эрэгтэй хүн байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 13 тал/

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 32 тал/

 

 “Дамно” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн №СБ1-22-336 дугаартай тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн үнэлгээгээр 799,200 төгрөгөөр үнэлэгдэв” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 50-51 тал/

 

 Яллагдагч Р.Д гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “....Би өөрийгөө ямар хэрэгт яллагдагчаар татагдаж байгаагаа ойлгож байна. Мэдүүлгийг өмгөөлөгчгүй өгөхөд татгалзах зүйл байхгүй... өмнө өгсөн мэдүүлэгтээ дэлгэрэнгүй мэдүүлсэн миний хувьд хохирогч Б.А ын гээгдүүлсэн гар утсыг авсандаа маш их харамсаж байна. Хохирогчтой сайн дураараа эвлэрсэн. Самсунг А52 загварын гар утсыг хүлээлгэн өгч уучлалт гуйсан. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” /хх-ийн 27 тал/ болон шүүгдэгчийн энэ шүүх хуралдаанд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа гэсэн мэдүүлэг бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Урьд ял шийтгүүлж байсан талаарх Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28 тал/
  • Шүүгдэгч Р.Д гийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 29 тал /,
  • Шүүгдэгч Р.Д гийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа: “Улаанбаатар хот Хан-Уул 14 дүгээр хороо Өлзийтийн 1 гудамж 05 тоотод” /хх-ийн 31 тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2  зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.

Шүүгдэгч Р.Д  нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын иргэний Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөл, эзэмшилд байгаа эд юмс, түүнийг хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг зөрчсөн хор уршигт зориуд хүргэж, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч Р.Д  нь 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт таксигаар үйлчлүүлж байсан хохирогч Б.А ын самсунг А52 загварын гар утсыг бусдын гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж захиран зарцуулах боломж бүрдүүлж завшсаны улмаас 799.200 төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгч Р.Д гийн үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь Б.А д 799.200 төгрөгийн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ. 

Шүүгдэгч нь хохирогч Б.А д гар утсыг биет байдлаар буцаан өгсөн бөгөөд хохирогч нь шүүгдэгч Р.Д д “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн хүсэлтээ /хх-ийн 58 тал/ хэрэгт хавсаргасан байх тул шүүгдэгч Р.Д г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Р.Д д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэххэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “гээгдэл эд зүйл завших” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, хохирол төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин гэмт хэрэг үйлдсэний дараа гар утсыг биет байдлаа буцаан олгож, хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдал зэрэг байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх шүүгдэгч Р.Д д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтайгаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байх тул прокурорын саналыг харгалзан шүүгдэгчид 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Р.Д   нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22  зүйлийн 22.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10  зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Р.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд зүйл завших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Д-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Д  нь 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоож, заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.      

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хохирогч, шүүгдэгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.АЗЖАРГАЛ