Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/400

 

  

 

 

 

 

 

 

    2022        04             12                                     2022/ШЦТ/400

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                            Хэргийн индекс: 185/2022/0371

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

нарийн бичгийн дарга И.Номин,

улсын яллагч Ц.Төгөлдөр,

шүүгдэгч Л.Г  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Л.Г холбогдох эрүүгийн 2209 ...  дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцэв 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

 

Шүүгдэгч Л.Г  нь 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мотел” гэх нэртэй дэм буудалд байхдаа н.Б“гар утсыг түр хэрэглээд өгнө” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, иргэн Б.Т эзэмшлийн Samsung Galaxy А-51 загварын гар утсыг залилан авч, бусад 410,000 /дөрвөн зуун арван мянга/ төгрөгийн охирол учруулж залилах гэмт хэрэгт холбогджээ.  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Л.Г  нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Харамсаж байна.” гэв.

 

Хэргийн үйл баримтын талаар:

Хохирогч Б.Т мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “...Би Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мотел гэдэг нэртэй 3 давхар хүрэн улаан өнгийн тоосгон дэм буудалд 2022 оны 01 дүгээр сарын 10-11-нд шилжих шөнө өөрийн найз Бат-Өлзий, Батхүслэн, Гантөгс нарын хамт уулзсан. Тэнд буудалд ороод байж байх үед Батмөнх нь Батхүслэнтэй тэр өдөр Сансар орчим тааралдаад Ганцоож гэх хүнийг дагуулж ирсэн. Тэр Батмөнх гэх хүн нь манай найзууд болох Бат-Өлзий, Батсхүслэн, Гантөгс нарын хуурай ах гэжярьж байсан. Би энэ хүнтэй жил гарны өмнө л нэг удаа тааралдаж байсан. Харин Ганцоожийг танихгүй. Тэр өдөр л анх харсан. Тэр бид зургуулаа нийлээд буудалд хоёр өрөө аваад дан шар айраг ууж хоносон. Маргааш нь буюу 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн өглөө сэрээд гар утсаа Батмөнхөөс авах гэхэд миний гар утсыг Ганцоож гэх хүн нь аваад оролдож сууж байгаад 00 орчихоод ирье гэжхэлээд аваад гарсан байсан. Тэгээдби гар утсаа авъя, хүнтэй ярих хэрэгтэй байна гэж хэлэхэд Батмөнх 00 руу очоод гар утсыг маань авахаар очиход Ганцоож ариун цэврийн өрөөнд байхгүй байна гэж хэлээд өрөөнд орж ирсэн. Тэгэхээр нь би өөрийнхөө дугаар руу залгахад дуудлагыг авахгүй байж байгаад дараа нь дахиад залгахад дуудлагыг салгаад дэлгүүр орчихоод очъё гэж мессеж бичсэн. Тэгсний дараа дахиад залгахад rap утсыг маань унтраачихсан байсан. Миний гар утас зурдаг кодтой байсан. Би кодоо Батмөнхөд хэлсэн байсан. Ер нь бугд л минийк кодыг мэдэж байсан. Дараа нь би гэртээ хариад интернет ороход 01 дүгээр сарын 11-ний өдөр үүрийн 05 цагийн үед миний гар утасны кодыг сольсон байна гэж имейлээр ирсэн байсан. Миний гар утас Samsung Galaxy А-51 загварын хөх өнгийн гар утас байсан. Би гар утсаа 2021 оны эхээр хувь хүнээс 600,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Би одоо 500,000 төгрөгөөр үнэлж байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар тал/,

 

 Яллагдагч Л.Г ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би хамаатны ах Батмөнхийн дүү болох Тэмүүжин болон түүний хэдэн найзуудын хамт буудал орж согтууруулах ундааны зүйл уусан. Миний гар утас цэнэггүй болоод унтарчихсан байсан учраас Тэмүүжингээс rap утсаа түр өгөөч фэйсбүүк оръё гэж хэлээд авсан. Тэгээд хуурай ах Сэнгээ намайг фэйсбүүкээр 100 айлын автобусны буудал дээр гараад ир гэхээр нь Тэмүүжинд дэлгүүр орчихоод гараад ирье гэж хэлээд гарсан. Тэгээд 100 айлын автобусны буудал орж ахтайгаа очиж уулзсан чинь покер хэр тоглож байна, алдаж байна уу гэхээр нь тиймээ алдаад байна гэсэн. Тэгсэн мөнгө гаргаж байгаад хамт тоглох уу гэхээр нь тэгье гэж хэлээд би ойрхон хүнтэй уулзаадхъя гэж хэлээд ломбард орж Тэмүүжингийн гар утсыг ломбарданд тавиад тоглочихсон. Уул нь покер тоглож мөнгө олоод буцаагаад rap утсыг нь авчихна гэж бодсон боловч би мөнгөө алдчихсан. 10 дугаар хорооллын ломбарданд гар утсыг нь 230,000 төгрөгөөр тавьсан. Одоо ломбарднаас rap утсыг нь авчихсан байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 09 дүгээр тал/,

“Плутос” Ломбардны барьцаат зээлийн гэрээ /хх-ийн 37 дугаар тал/,

“Дамно” ХХК-ий хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 40-41 дүгээр тал/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 45 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

Шүүгдэгч Л.Г ийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах тал (хх-ийн 44 тал),

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 63 тал),

Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа (хх-ийн 62 тал),

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа (хх-ийн 56 тал),

Тээврийн хэрэгслийн лавлагаа (хх-ийн 58 тал),

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ниы өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 46-52 тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

  Улсын яллагчийн зүгээс “Шүүгдэгч Л.Г  нь 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мотел” гэх нэртэй дэм буудалд байхдаа н.Б“гар утсыг түр хэрэглээд өгнө” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, иргэн Б.Т эзэмшлийн Samsung Galaxy А-51 загварын гар утсыг залилан авч, бусад 410,000 /дөрвөн зуун арван мянга/ төгрөгийн охирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

           

Үйл баримтын талаарх дүгнэлт

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Л.Г  нь иргэн Б.Т гээс “гар утсыг нь түр хэрэглээд өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан үйл баримт тогтоогдож байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.

 

Эрх зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Л.Г ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

 

Шүүгдэгч Л.Г  нь Монгол Улсын иргэний Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөл, эзэмшилд байгаа эд юмс, түүнийг хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг зөрчсөн хор уршигт зориуд хүргэж, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдсэн нь бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Шүүгдэгч Л.Г ийн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт үйлдлийн улмаас хохирогч Б.Т д 410.000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Л.Г ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийн хувьд иргэдийн залилан мэхлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдлэг дутмаг, мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллага холбогдох хууль журмыг сурталчлах, соён гэгээрүүлэх ажил хангалтгүй хийгдсэн, гэмт хэрэг зөрчлийн талаарх мэдээллийг Цагдаагийн байгууллага хангалтгүй зохион байгуулж, энэ талаарх сургалт сурталчилгааг зохих төвшинд, холбогдох хүмүүст нь хүртэл хийж чадаагүй зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.

 

Шүүгдэгч Л.Г  нь хохирогч Б.Т д 410.000 төгрөгийг хохирол учруулсан боловч хохирогчид гар утсыг нь биет байдлаар буцаан өгсөн болох нь хохирогчийн мэдүүлэг, эд зүйл хүлээлгэн өгсөн баримт зэргээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Л.Г ийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Л.Г  нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүх шүүгдэгч Л.Г ид ял оногдуулахдаа шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчид “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгийг торгох ял  оногдуулъя гэснийг, шүүгдэгч нь “ хөнгөн ял оногдуулаач” гэснийг тус тус харгалзан үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 зүйл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэрэг нь өрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ялын төрлүүдтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Л.Г ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн улмаас  хохирогч Б.Т д 410.000 төгрөгийн хохирол учруулсан байдал, хувийн байдал, хохирол төлбөргүй зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г ид энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 84 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г  нь оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солих болохыг мэдэгдэв.

 

Бусад асуудлаар:

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Л.Г ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлээ.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Л.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г ийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Л.Г ийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г ид энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 84 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг тусад нь эдлүүлсүгэй.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Г  нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Л.Г ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.АЗЖАРГАЛ