| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2021/0048/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/51 |
| Огноо | 2021-11-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Сансарбаяр |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 2021/ШЦТ/51
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг даргалж,
Улсын яллагч Б.Сансарбаяр,
Шүүгдэгч Б.Р,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гүнчинсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Р холбогдох 2124000610063 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: ***********************
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Р нь 2021 оны 7 дугаар сарын 20-ны шөнө Завхан аймгийн Баянхайрхан сумын Минж багийн нутаг дэвсгэр Овоот гэх газарт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ч.Д хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Р нь 2021 оны 7 дугаар сарын 20-ны шөнө Завхан аймгийн Баянхайрхан сумын Минж багийн нутаг дэвсгэр Овоот гэх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ч.Д маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж зодсон гэх үйл баримт нь:
Хохирогч Ч.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр манай эхнэр Н 10 жилийн ангийн хүүхдүүд болох Э, Д, Н, Б, Р, Ө нар манай хөдөө гэрт ирээд би нэг хонь гаргаж өгөөд манай гэрт 2 шил архи хувааж ууцгаасан. Тэгээд мод руу очоод хорхог, боодог хийгээд тан нарын авчирсан архи, пивыг ууж дуусаад байж байтал манай ахын Асгат сумаас авсан азарган үрээг сайхан адуу байгаа энэ тэр гээд ярьж байтал Р “та надад баярхлаа, чи муу яасан их баярхдаг юм бэ, би гурван сайхан ахтай” гээд босож ирээд намайг учир зүггүй зодоод эхэлсэн. Тэгээд би тэр үед ухаан балартаад унасан байсан. Р миний нүүрэн хэсэг, толгой болон бие рүү өшиглөөд байсан. Тухайн үедээ нүүрний арьс шанаа хэсэгтээ зулгарсан, баруун нүдний хөмсөг тасарсан, толгой жаахан хавдсан байсан. Мөн хөмсөг сэтэрч 2 оёдол тавиулсан. Одоогоор миний хамар дээр болон хөмсгөн дээр сорви үлдсэн байна. Р бид хоёрын маргаан зодоон бол манай ахын авсан азарган үрээнээс үүдэлтэйгээр үг зөрснөөс болсон...” гэсэн мэдүүлэг /хх 16-17/,
Гэрч О.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нөхөр Р хоёр модны хажууд муудалцаад байж байсан. Тэгээд “За одоо больцгоо” гээд авч ирсэн пивоноос нэгийг нь задлаад ууж байтал Р боож унагаад доороо хийгээд зодоод эхэлсэн. Би ч салгах гээд “наад хүн чинь тархиндаа уйланхайтай хамаагүй зодож болохгүй” гэтэл намайг бас өшиглөөд авсан...” гэсэн мэдүүлэг /хх 18-20/,
Гэрч Д.Ө мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр манай ангийнхан хөдөө зугаалгаар яваад Минж багт манай ангийн охин Намуунцэцэгийн гэрт очоод тэднийх хонь гаргаад тэндээ жаахан архи, пиво уучхаад модны захад очоод тэнд үргэлжлүүлэн уусан юм. Намайг пивонд яваад иртэл манай нөхөр Р ангийнхнаас жаахан зайтай суучихсан байсан. Тэгээд юу болсныг асуухад Дахтай адуу малаас болж маргалдаад гээд сууж байсан...” гэсэн /хх 31-32/,
Гэрч Э.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр манай 10 жилийн хүүхдүүд найзуудаараа салхинд гарахаар болоод хөдөө Д гэх айл руу очсон. Д хонь гаргаж өгөөд тэрний гэдсийг эмэгтэйчүүд нь арилгалцаад модны зах руу очиж хорхог хийж идэж тэндээ архи дарс ууж идээд би тасраад унтаад өгсөн байсан. Орой болоод буцах гээд байж байсан чинь Д эхнэр намайг цохиж аваад эхэлсэн би юу болоод байгааг нь мэдэхгүй асуух гэтэл манай эхнэрийн нүүр лүү бас цохиод авсан. Тэгэхэд миний архи гараад овоо сэргэсэн өмнө нь юу болсныг нь мэдээгүй. Тэгээд бид нар хоорондоо муудалцаж ингээд яахав Д, Н хоёрыг ахыг нь дуудаж өгье гээд доошоо яваад гэрийн гадаа нь ирээд тарцгаасан. Намайг сэрэхэд Д, Р хоёрын дуу гараад байсан. Тэр хоёр маргалдаж зодолдсон байх...” гэсэн мэдүүлэг /хх 22-23/,
Гэрч Г.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр манай 10 жилийн хүүхдүүд найзуудаараа салхинд гарахаар болоод хөдөө Д гэх айл руу очсон. Тэднийх хонь гаргахаар нь гэдсийг арилгалцаж дуусчхаад модны зах руу очиж хорхог хийж идэж тэндээ архи дарс ууж идэж байгаад орой болоод буцах гэтэл Р, Д нар хоорондоо муудалцах гээд байна гээд Д эхнэр хэлэхээр нь за тэгвэл буцъя гээд байж байтал хэрүүл маргаан болоод Д эхнэр Д цохиж аваад эхэлсэн би юу болоод яагаад цохиж аваад байгааг нь мэдээгүй. Тэгээд бид нар хоорондоо муудалцаад яахав гээд доошоо яваад гэрийн гадаа нь ирээд тарцгаасан....” гэсэн мэдүүлэг /хх 25-26/,
Гэрч М.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр манай 10 жилийн ангийн хүүхдүүд найзуудаараа салхинд гарахаар болоод манай сумын Минж багт байдаг Д гэх айл руу очсон чинь тэднийх хонь гаргаж өгөөд тэрний гэдсийг арилгалцаж дуусчхаад модны зах руу очиж хорхог хийж идэж тэндээ архи дарс ууж идэж байгаад орой болоод буцах гэтэл Р, Днар хоорондоо муудалцах гээд байна гээд Д эхнэр хэлэхээр нь за тэгвэл буцъя гээд байж байтал хэрүүл маргаан болоод Д эхнэр манай нөхөр Э учир зүггүй цохиж аваад эхэлсэн. Би юу болоод яагаад цохиж аваад байгааг нь мэдээгүй асуух гэтэл намайг бас нүүр лүү цохиод авсан. Мөн тэнд байсан Даваасүрэн, Р нарын эхнэрүүд хоорондоо муудалцаад үснээсээ зулгаалцаад зогсож байсан. Тэрнээс болоод эхнэрүүдээ өмөөрч Д болон Р нар хоорондоо зодолдсон байх.Тэгээд бид нар хоорондоо муудалцаж ингээд яахав Д, Н хоёрыг ахыг нь дуудаж өгье гээд доошоо яваад гэрийн гадаа нь ирээд тарцгаасан. Өөр хэн хэнтэй зодолдсон, яг яасан талаар мэдэхгүй байна...” /хх 28-29/ гэсэн мэдүүлгээр тус тус нотлогдож байна гэж шүүх үзлээ.
Мөн шүүгдэгч Б.Р “...2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр манай эхнэрийн ангийн хүүхэд Өнөржаргалын төрсөн өдөр болоод Энхдалай, эхнэр Өнөржаргал, Нямжаргал, Балжинням бид нар гэр бүлээрээ Даваасүрэнгийн гэрт очсон. Тэгээд Даваасүрэнгийн гэрт хонь гаргаж хорхог хийж идээд архи, пиво уусан. Тэгээд байж байгаад Д бид хоёр адуу, мал ярьж байгаад муудалцаад эхэлсэн. Бид нар машиндаа суугаад явах гэж байтал машины цонхоор Дгараа оруулж ирээд манай эхнэрийг цохих шиг болсон. Тэгэхээр нь би машинаас буугаад Д цохичихсон. Тэгтэл манай эхнэр болон хамт явж байсан хүмүүс салгасан. Би тухайн үед архи уусан байсан. Өөрийн үйлдлээ хянах чадвар бараг байгаагүй, ухаан санаа орж гараад байсан. Зарим зүйлээ санаад зарим зүйлээ санахгүй байна...” гэсэн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримттай тохирч байх тул түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлээд хохирогч Ч.Д нүүрэн тус газарт гараараа цохиж, зодсон гэх үйл баримтыг давхар нотолж байна дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Ргийн дээрх үйлдлийн улмаас хохирогч Ч.Д биед хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан болох нь:
Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.С 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 251 дугаартай “...Ч.Д биед гэмтэл учирсан байна. Ч.Д биед баруун хөмсөгний урд дээд хэсэгт шарх, баруун нүдний дээд доод зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн шанаа, цээжний баруун тал, хэвлийн баруун доод хэсэг, зүүн хөх махны доор, зүүн бугалга, баруун ташаа, зүүн гарын 2 дугаар хурууны 3 дугаар үенд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн 7-9 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Учирсан гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Ч.Д биед учирсан баруун хөмсөгний урд дээд хэсгийн шарх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт бусад гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн /хх 40/ дүгнэлтээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Рд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Б.Ргийн хохирогч Ч.Д нүүр нь тус газарт цохиж зодсон үйлдэл хохирогчийн баруун хөмсөгний урд дээд хэсгийн шарх гэмтэлтэй шууд шалтгаант холбоотой байх тул түүний үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Б.Р үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Р нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “...урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар, хохирогчид хохирол төлбөрт 700,000 төгрөг төлсөн болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд гаргасан ХААН банкны Д.Ө депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байх тул шүүгдэгчид ял оногдуулахдаа “...Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогч гомдол саналгүй, шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Р нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол, саналгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгчийн хувьд ногдох хөрөнгөөс нэг бүр нь 180,000 төгрөгийн үнэ бүхий зүүн талын чихний үзүүр тайрсан хязаалан насны 5 ширхэг хонийг битүүмжилсэн прокурорын 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 24 дугаартай тогтоолыг тус тус хүчингүй болгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б.Р хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Р 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Р оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын дотор төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Р нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч Б.Р нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид хохирол төлбөрт 700,000 төгрөг төлсөн, хохирогч гомдол, саналгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Рд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгчийн хувьд ногдох хөрөнгөөс нэг бүр нь 180,000 төгрөгийн үнэ бүхий зүүн талын чихний үзүүр тайрсан хязаалан насны 5 ширхэг хонийг битүүмжилсэн прокурорын 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 24 дугаартай тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.
7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ