| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ноопын Болормаа |
| Хэргийн индекс | 167/2018/0123/э |
| Дугаар | 2018/ДШМ/74 |
| Огноо | 2018-12-03 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ж.Айжуу |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 2018/ДШМ/74
2018 12 03 2018/ДШМ/74
М.Г-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;
Прокурор: Ж.Айжуу,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,
Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2018/ШЦТ/135 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч М.Г-т холбогдох, эрүүгийн 1819001750118 дугаартай, 1 хавтас, 96 хуудас бүхий хэргийг аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор С.Цэрэнсамбуугийн эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн ..... суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 2, Дорноговь аймгийн ...... сумын 4 дүгээр баг, ........ тоотод оршин суух, Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд ...... ХХК-д өрмийн туслах ажилтай, урьд ял шийтгэлгүй, Боржигин овогт М-ын Г- /РД:ЕЦ83071....../-т холбогдуулан Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Энхнямаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.
Шүүгдэгч М.Г- 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Д.Бгийн Хаан банкны виза картыг авч, АТМ-д уншуулан 400000 төгрөгийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигин овогт Мын Г-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г-т хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г- нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуульд заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г-т оршин суух газар, ажлаа өөрчлөх тохиолдолд хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар М.Г-т үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт даалгаж,
хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч М.Г- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Дорноговь аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор С.Цэрэнсамбуу давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: Анхан шатны шүүхийн 135 дугаар шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Шүүгдэгч М.Г- прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж прокуророос хүсэлтийг хянаж үзээд мөн хуулийн 17.3 дугаар зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэн хэргийн зүйлчлэл, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгийн 1.2 дахь заалт, 7.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтыг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох эрхийн хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэх саналыг яллагдагчид танилцуулж, яллагдагч зөвшөөрсөн тул гарын үсгээ зурж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн .
Гэтэл анхан шатны шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байхад прокурорын саналын хүрээнд шийдвэрлэлгүй шүүгдэгч М.Г-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г-т оршин суух газар, ажлаа өөрчлөх тохиолдолд хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч шийдвэрлэжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д албадлагын арга хэмжээний төрлийг “Үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ...” гэж хуульчилж өгсөн байна. Мөн хуулийн 7.3 дугаар зүйлд үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэглэхдээ үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг давхар хэрэглэхээр хуульд тодорхой зааж өгсөн байхад шүүхээс шүүгдэгч М.Г-т эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэглэлгүй орхигдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийг зөрчиж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Иймд шүүгдэгч М.Г-т холбогдох 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2018/ШЦТ/135 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
Аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Ж.Айжуу давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Шинэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг шүүхүүд өөр өөрөөр хэрэглэж байгаа, өөрөөр тайлбарлаж хэрэглэвэл тухайн бүр нь зөвтгүүлж ажилла гэсэн чиглэлийг бидэнд өгсөн юм. Үүний дагуу бид нар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах боломжтой гэж үзээд эсэргүүцэл бичсэн. Тухайлбал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г-ыг оршин суух газраа өөрчилсөн тохиолдолд хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж шийдвэрлэжээ.
Гэхдээ тухайн этгээд гэмт хэрэг үйлдэхдээ архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үйлдсэн, мөн гэмт хэрэг үйлдэн авсан мөнгөөрөө архи согтууруулах ундааны зүйл авч хэрэглэн зарцуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар архи согтууруулах ундааны зүйл, мансууруулах зүйл хэрэглэх хязгаарлалт тогтоосон албадлагын арга хэмжээг давхар хэрэглэх нь зүйтэй байна. Энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн агуулга бүхий эсэргүүцлийг дэмжиж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.
1/ Хавтаст хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох гэмт хэргийн талаар гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-2/, М.Г-ын АТМ-ээс мөнгө авч байгаа талаарх бичлэг бүхий CD /хэрэгт хавсаргагдсан/, хохирогч Д.Бгийн мэдүүлэг/хх 4-5/, гэрч Л.Батжаргалын мэдүүлэг/хх 20-21/, М.Г-ын гэрчээр/хх24-25/ болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг/хх 29-30/ зэргээр шүүгдэгч М.Г- 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Д.Бгийн эзэмшлийн Хаан банкны виза картыг авч, АТМ-д уншуулан 400000 төгрөгийг хулгайлсан үйл баримт тогтоогдож байна.
Дурдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж, нотолжээ.
Хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч М.Г- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокуророос хүлээн авч, хангаж шийдвэрлэхийн зэрэгцээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл хангагдсан эсэх, гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон эсэх” зэрэг нөхцөл байдал тогтоогдсныг хянаж улмаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийн зүйлчлэл, хүлээлгэх хариуцлагын талаархи саналыг танилцуулахад, яллагдагч зөвшөөрч гарын үсгээ зурсан/хх-67/ байх тул яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд даруй буюу 2018-10-10-ны өдөр шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нийцсэн, үндэслэл бүхий байна.
Харин анхан шатны шүүх мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хүлээн авсан даруйд ял оногдуулах шүүх хуралдаан зарлаагүй байх ба 2018-10-18-ны өдрийн 245 дугаар шүүгчийн захирамж /хх-76/-аас үзэхэд “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжгүй” байсан гэж үзэх нөхцөл байдал, үндэслэл тогтоогдохгүй байх ба хэргийг ердийн журмаар шийдвэрлэхээр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, 2018-10-23-ны өдөр шүүх хуралдааны товыг тогтоосон нь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмыг зөрчжээ.
Түүнчлэн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд хуралдаанаар “шүүгдэгч, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн эсэх, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн эсэх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлыг хянаж үзээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэснийг хэрэгжүүлээгүй нь тус тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.
Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь аль болох хэргийг шийдвэрлэх процесс ажиллагааг хялбаршуулах, цаг хугацаа хэмнэх, хэргийг боломжит богино хугацаанд шийдвэрлэх давуу талтай төдийгүй хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, хэргийн оролцогчдын эрх зүйн байдлыг дээрдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Түүнчлэн хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаарх зохицуулалтыг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам” буюу Эрүүгийн хуулийн Арван долдугаар бүлэгт “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” гэж тодорхой тусгасан байх тул энэхүү журмыг хэрэгжүүлж ажиллах нь “Шүүх хууль дээдлэх, гагцхүү хуульд захирагдах, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хуулийн заалтыг чанд сахих” хуулийн шаардлагад нийцэх учиртай.
Иймд прокурорын саналын хүрээнд буюу прокуророос санал болгосон согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох эрхийн хязгаарлалтыг тогтоох албадлагын арга хэмжээг тэнссэн хугацаагаар нэмж хэрэглэхээр, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1-ийн 1.1 дэх хэсэгт “шүүгдэгч Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг” тусгана гэсэн байх тул эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт холбогдох өөрчлөлтийг оруулахаар, прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.5 дугаар зүйлийн 1, 1.2, 39.7 дугаар зүйлийн 1, 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2018/ШЦТ/135 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Шүүгдэгч Боржигин овогт Маамын Г-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэснийг,
“Шүүгдэгч Боржигин овогт Маамын Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,
4 дэх заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г-т оршин суух газар, ажлаа өөрчлөх тохиолдолд хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй” гэснийг,
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5, 3.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г-т тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх тохиолдолд хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.” гэж тус тус өөрчлөлт оруулж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор С.Цэрэнсамбуугийн эсэргүүцлийг хангасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ
ШҮҮГЧИД А.САЙНТӨГС
Н.БОЛОРМАА