Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2015/0198

 

 

2015 оны 5 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2015/0198

Улаанбаатар хот

 

 

Р.Б-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч Р.Б нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 10 дугаар шийдвэрт гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Р.Б-ийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Говь-Алтай аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/144 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, аймгийн Боловсролын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Боловсролын тухай хуулийн 30.1.11-д аймаг, нийслэлийн Боловсролын газрын даргыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны тав байгууллагатай зөвшилцөн томилж, чөлөөлөхөөр заасан. Үүний дагуу Боловсрол, шинжлэх ухааны сайдад албан бичгээр Р.Бтэй хамтран ажиллах боломжгүй, М.С-ыг томилуулахаар санал хүргүүлсэн. Мөн Р.Б нь Боловсролын газрын бүтэц орон тоог батлан аймгийн Засаг даргын бүрэн эрхэд халдсан тул хуулийн дагуу Б/144 дүгээр захирамжийг гаргасан. гэжээ.

 

Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2013 оны А/315 дугаар тушаалаар Боловсролын байгууллагын бүтцийг аймаг, нийслэлийн Засаг дарга батална гэж заасан. Р.Б аймгийн Боловсролын газрын дарга байхдаа 2013 оны Б/45 дугаар тушаалаар аймгийн Засаг даргын бүрэн эрхэд халдан байгууллагын бүтцийг баталсан. Ингэхдээ мөн орон тоог хэт өндрөөр баталж Төсвийн тухай хуулийг зөрчсөн. Иймээс аймгийн Засаг дарга хамтран ажиллах боломжгүй гэж үзэн өөрийн эрх мэдлийн хүрээнд тушаал, Боловсролын газрын үлгэрчилсэн журмын дагуу орон тоог шинэчлэн баталсан. гэжээ.

 

Захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 10 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 27.2.1, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.11, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5, 16.5.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн Р.Б-ийн нэхэмжлэлтэй аймгийн Засагдаргад холбогдох, аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/144 дүгээр захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, аймгийн Засаг даргын Б/144 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Р.Б-ийг аймгийн Боловсрол соёлын газрын даргын ажил эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.

 

Гуравдагч этгээд давж заалдах гомдолдоо: Захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 10 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Р.Б-ийн Говь-Алтай аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 6/144 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хууль зүйн үндэслэлгүйгээр хангуулж, захирамжийг хүчингүй болгох шийдвэрийг гаргасан гэж үзэж байна.

Анхан шатны шүүх уг нэхэмжлэлийг хянан шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.4 дахь /Үндэслэх хэсэгт захиргааны хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэлийг тусгана./ заалтыг зөрчсөн.

 

1.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт аймаг, нийслэлийн Боловсролын газрын үлгэрчилсэн журмын 3-т удирдлага, зохион байгуулалтын бүтцийн нэгжийг аймаг, нийслэлийн Засаг дарга батална гэж үзсэн Төсвийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 16-5-т Төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 16.5.3. батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтооно гэж өөрт олгогдсон бүрэн эрхийг хэрэгжүүлсэн байх тул "Аймаг, нийслэлийн Боловсролын газрын үлгэрчилсэн журам"-ын 3,2 дахь заалтыг зөрчсөн гэж үзэх боломжгүй юм гэж үзжээ.

Төсвийн хуулийн 85 дугаар зүйл 85.1.8 /тухайн шатны төсвийн байгууллагын орон тоог төсвийн захирагч бүрээр батлах./ аймаг, нийслэлийн Засаг дарга орон нутгийн төсвийн удирдлага, санхүүжилтийн талаар бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр заасан байхад Боловсролын газрын дарга, төсвийн шууд захирагч нь өөрт олгогдсон бүрэн эрхийг Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 /батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох;/ хэрэгжүүлсэн байна гэж хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэж дүгнэлт хийсэн.

 

2. Аймгийн Засаг даргаас 2014 оны 12 дугаар сарын 04-ны өдөр Боловсрол, шинжлэх ухааны сайдад а....Боловсролын газрын бүтэц, орон тоог өөрчлөн батлахтай холбогдуулан цаашид Боловсролын газрын дарга Р.Бтэй хамтран ажиллах боломжгүй талаар саналыг 1/1979 тоот албан бичгээр хүргүүлж байсан байна. Төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн гэдгийг санал хүргүүлснээр хуулийн заалтыг бүрэн хэрэгжүүлсэн гэж үзэхэд учир дутагдалтай бөгөөд дээрх хуулийн заалтыг агуулгаас үзэхэд санал хүргүүлээд хариуг нь авсан.

 

Аймгийн Засаг даргын зүгээс хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргах талаараа мэдэгдэж, албан бичиг хүргүүлсэн. Улсын Дээд шүүхийн 1998 оны 296 дугаар тогтоолд "Ерөнхийлөгчийн тухай хуульд заасан "зөвшилцөх" гэдгийг хууль тогтоомжид өөрөөр тодорхойлоогүй бол Ерөнхийлөгч, Улсын Их Хурал буюу Ерөнхий сайд тодорхой бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хууль бүрэн эрхэд хамаарах асуудлаар өөрийн гаргаж буй шийдвэр авах гэж буй арга хэмжээнийхээ талаар хуульд заасан байгууллага, албан тушаалтантай санал солилцохыг ойлгоно.", Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хуульд заасан "зөвшилцөх" тухай ойлголт, зөвшилцөх журмыг тухайн актад өөрөөр тодорхойлоогүй бол түүнийг энэ тайлбарын дагуу адилаар ойлгож явуулж байх " гэсэн нь шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан буюу аймгийн Засаг дарга авах гэж буй арга хэмжээний талаараа санал хүргүүлэхийг зөвшилцөх гэдэгт хамааруулан ойлгоно. БШУ Сайдаас М.С-ыг аймгийн Боловсролын газрын даргаар ажиллуулахыг дэмжсэн саналыг аймгийн Засаг даргад бичгээр ирүүлсэн.

 

Иймд анхан шатны шүүх хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэн үндэслэлгүй дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангуулсан гэж үзэж буй тул Захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 10 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

Хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 206 дугаар тогтоолыг тус тус үндэслэн нэхэмжлэгч Р.Б-ийг Говь-Алтай аймгийн Боловсролын газрын даргын албан тушаалд эгүүлэн томилж, тус аймгийн Боловсролын газрын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч М.С-ыг 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөр ажил албан тушаалыг нь тасалбар болгосон тухай 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/143 дугаар захирамжийг гаргажээ.

Гэвч тухайн өдрөө Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.11, Боловсрол шинжлэх ухааны сайдын 2013 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн А/315 дугаар тушаалаар батлагдсан Аймаг, нийслэлийн Боловсролын газрын үлгэрчилсэн журам-ын 3.1, 3.2 дахь заалтыг үндэслэн нэхэмжлэгч Р.Б-ийг тус аймгийн Боловсролын газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлж, аймгийн Боловсролын газрын даргын сонгон шалгаруулалт зарлагдах хүртэлх хугацаанд М.С-ыг уг албан тушаалд томилсон Б/144 дүгээр захирамжийг гаргасан нь хууль бус болох нь дараах байдлаар тогтоогдож байна.

 

Өмнө нь Говь-Алтай аймгийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/29 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 /Засаг дарга нь эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана/, Төрийн албаны тухай хуулийн 24.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө, 24.1.3 /өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан/ дахь заалтуудыг үндэслэн Говь-Алтай аймгийн Боловсролын газрын даргын үүрэгт ажлаас нь өөрийн хүсэлтийг харгалзан чөлөөлж шийдвэрлэснийг Р.Б нь эс зөвшөөрч уг захирамжийг хүчингүй болгуулах, Говь-Алтай аймгийн Боловсролын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг ажилгүй байсан хугацаанд нь тооцож олгохыг хариуцагчид даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг Говь-Алтай аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан ба Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 282 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 206 дугаар тогтоолоор нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг дарга нь нэхэмжлэгч Р.Б-ийг Говь-Алтай аймгийн Боловсролын газрын даргын албан тушаалд эгүүлэн томилж, 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/143 дугаар захирамжийг гаргасан атлаа уг өдрөө Р.Б-ийг тус аймгийн Боловсролын газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн Б/144 дүгээр захирамжийг гаргасан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 Захиргааны хэргийн шүүхийн хүчин төгөлдөр актыг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох бүх байгууллага, албан тушаалтан, иргэн заавал биелүүлнэ., 78 дугаар зүйлийн 78.1-д хэргийн оролцогчид захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн биелүүлэх үүрэгтэй гэж заасныг зөрчсөн, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлсэн мэтээр дүр эсгэсэн үйлдэл гаргаж байгаа нь захиргааны албан тушаалтан шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэсэн, хууль бус үйлдэл гаргасан гэж үзэхээр байна.

Тодруулбал, дээрх хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, Говь-Алтай аймгийн 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/143 дугаар захирамжаар Р.Б нь тус аймгийн Боловсролын газрын даргын ажил, албан тушаалдаа эгүүлэн томилогдсоноос хойш уг ажил, албан тушаалдаа ажиллаагүй, мөн түүнийг төрийн албанаас чөлөөлөх хуульд заасан үндэслэл бүрдээгүй байхад Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-д Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно, 24.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө, 24.1.3-д өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан, 27.2.1-д энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.З-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх гэсэн заалтыг зөрчиж, хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг дарга нь 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Б/144 дүгээр захирамжийг гаргасан болох нь нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч тэгээд нарын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд хариуцагчийн энэхүү үйлдэл нь нэхэмжлэгч Р.Б-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг дахин зөрчжээ.

 

Мөн Говь-Алтай аймгийн Боловсролын газрын даргын Ажилтан, албан хаагчдыг ажилд авах, байгууллагын бүтцэд өөрчлөлт оруулах тухай 2013 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/45 дугаар тушаалын тухайд Улсын дээд шүүхийн Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 206 дугаар тогтоолтой захиргааны хэрэгт дурдагдсан бөгөөд Р.Б-ийн албан тушаалд эгүүлэн томилсон Говь-Алтай аймгийн 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/143 дугаар захирамжаас өмнө болсон үйл баримт байна.

 

Тиймээс Р.Б нь Боловсрол шинжлэх, ухааны сайдын Аймаг, нийслэлийн Боловсролын газрын үлгэрчилсэн журам-ыг батлах тухай 2013 оны 08 дугаар сарын 19-нийн өдрийн А/315 дугаар тушаалтын 3.1 /газар нь энэхүү журамд заасан бүрэн эрх, мэргэжил, арга зүйн удирдлагыг хэрэгжүүлэх нөхцөлийг хангасан зохион байгуулалтын бүтцийн нэгжтэй байна. Зохион байгуулалтын бүтцийн нэгжийг аймаг, нийслэлийн Засаг дарга батална, 3.2 /Газарт эрх бүхий байгууллагаас баталсан орон тооны хязгаарт багтсан дарга, мэргэжилтэн, үйлчилгээний ажилтан ажиллана. Газрын орон тоог Төсвийн тухай хууль зааснаар тогтооно/ дахь заалтыг зөрчиж, Говь-Алтай аймгийн Боловсролын газрын даргын Ажилтан, албан хаагчдыг ажилд авах, байгууллагын бүтцэд өөрчлөлт оруулах тухай 2013 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/45 дугаар тушаалыг гаргасан, мөн Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.11-д заасны дагуу хариуцагч аймгийн Засаг дарга нь Боловсролын газрын бүтэц, орон тоог өөрчлөн батлахтай холбогдуулан цаашид Боловсролын газрын дарга Р.Б-тэй хамтран ажиллах боломжгүй талаарх саналыг 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1/1979 дүгээр албан бичгээр Боловсрол шинжлэх, ухааны сайдад хүргүүлсэн гэж хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар үйл ажиллагаагаа тайлбарлаж маргасан, гуравдагч этгээд М.С-ын энэ талаарх тайлбар болон давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлүүдээр Говь-Алтай аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/144 дүгээр захирамжийг хууль бус гэж үзэх үндэслэлтэй.

 

Үүнээс гадна гуравдагч этгээд нь давж заалдах гомдол гаргахдаа биечлэн оролцох хүсэлттэй болохоо дурдаагүй боловч тус шүүхээс шүүх хуралдааны товыг мэдэгдэж шүүх хуралдаанд оролцох эрхийг хангасан байна. Харин тэрээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.2-т зааснаар захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохооргүй байх тул гуравдагч этгээд М.С-ын 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн болно.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх заалтыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 10 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                             Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ                                                                  Ц.ЦОГТ

ШҮҮГЧ                                                                  Э.ХАЛИУНБАЯР