Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 2060

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч  Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/01960 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.М-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Б-д холбогдох

 

   Зээлийн гэрээний үүрэгт 10 818 600 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ба,

Хариуцагч: Б.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч: Ө.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

 

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Ж.Б нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Б-той 2016 оны 5 сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 7 800 000 төгрөгийг, 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, cap бүр үндсэн мөнгө хүү нийлээд 880 000 төгрөг төлөхөөр гэрээ хийсэн боловч нэг ч удаа хүү болон үндсэн мөнгөө төлөлгүй өдийг хүрлээ. Гэрээнд заасны дагуу хоног тутамд 0,3 хувийн алданги тооцож нийт 129 хоногийн алданги болох 3 018 600 төгрөг, үндсэн зээлийн 7 800 000 төгрөг, нийт 10 818 600 төгрөгийг Б.Б-оос гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.М-ын шүүхэд гаргасан нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Б.М бид хоёр 7 800 000 төгрөгийн зээлийн гэрээг хийж нотариатчаар батлуулсан ч үнэн хэрэг дээрээ ямар нэгэн мөнгө төгрөг авч өгөлцөөгүй болно. Надад 2014 онд мөнгөний хэрэг гарч би Б.Маас мөнгө зээлэх хүн байгаа юу гэж асуухад Н.Гантулгатай уулзуулсан. Тэгээд 2014 оны 4 сард Н.Г-тай аман хэлцэл хийж 1 cap тутамд 5 хувийн хүү төлж байхаар тохирч, 3 000 000 төгрөг зээлж авсан. Тэгээд хүүгээ төлж явж байгаад 2014 оны 7 сард дахин 3 000 000 төгрөг нэмж зээлээд нийт 6 000 000 төгрөг авсан. Би cap бүр хүүгээ алдалгүй төлж явсаар хамгийн сүүлд 2015 оны 11 сард 300 000 төгрөг шилжүүлсэн. Барилгын салбарт нүүрлэсэн санхүүгийн хямралаас болж надад мөнгө орж ирэхгүй болсноор сүүлийн 6 сарын хүүг төлж чадаагүй байсан юм. Гэтэл Б.М над руу залгаж “би чиний өмнөөс өрийг төлсөн, надад тэр мөнгийг төлөөрэй” гээд байн байн ярих болсон. Тэгээд миний ажил дээр болон эхнэрийн ажил дээр хүртэл ирж дарамтлаад байхаар нь аргагүйн эрхэнд нотариат орж зээлийн гэрээг 7 800 000 төгрөгөөр хийж батлуулсан. Миний хувьд Н.Г-аас мөнгө зээлсэн болохоос биш нэхэмжлэгч Б.М-аас мөнгө зээлж авч үүрэг хүлээгээгүй, мөн Б.М-ыг миний өмнөөс төлөөд өгөөч гэж хүсээгүй, зөвшөөрөл өгөөгүй байхад “би төлсөн, өг” гэж надаас энэ мөнгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд Б.М-ын нэхэмжилсэн 10 818 600 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

           

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Б.Б-оос 10 818 600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.М-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.М-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 188 048 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-оос улсын тэмдэгтийн хураамжид 188 048 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.М-д буцаан олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх нотлох баримтыг үнэлэн үзэж хэргийг тал бүрээс нь шинжлэн судлаж үзэлгүй хэргийг буруу шийдвэрлэсэн талаар: Нэхэмжлэгч Б.М нь 2016 оны 5 сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан ч Иргэний хуулийн 281.1-д заасанчлан ямар нэгэн мөнгө шилжүүлээгүй бөгөөд нэхэмжлэгчийн зуучлан танилцуулсан Н.Г-аас аваад төлөөгүй байгаа зээлэн дээр төлөөгүй сарынх нь хүүг нэмж өөр дээрээ гэрээ байгуулан нэхэмжилж байгаа болно. Миний гаргуулсан нотлох баримт болох Н.Г-ын дансны хуулгыг үнэлэн авч үзэлгүй шүүх шийдвэрээ гаргасан. Миний бие нэхэмжлэгчээс огт мөнгө зээлж байгаагүй бөгөөд харин нэхэмжлэгчийн болон түүний найз Ж.Эрдэнэтуяа хоёрын зуучлан танилцуулсан Н.Г-аас 6 000 000 төгрөгийг 5 хувийн хүүтэй зээлж төлж байгаад сүүлийн 6 сарын хүүг өгч чадаагүй болхоор  миний өмнөөс Н.Г-д өрийг төлсөн гэж мөнгийг надад өг, зээлийн гэрээ хийнэ гэж шахсаар байгаад зээлийн гэрээ хийсэн тухай хариу тайлбартаа тодорхой бичиж үүнийгээ нотлохоор шүүхээр Н.Г-ын харилцах дансны хуулгыг гаргуулсан боловч шүүх үнэлэн авч үзээгүй шийдвэрээ гаргасаныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Н.Г бид хоёр зээлийн гэрээг амаар байгуулж миний төлсөн хүү үндсэн зээлийн хэмжээнд хүрч хүү төлөгдөхгүй 6 cap болж мөн хуулийн дагуу нэхэмжлэх боломжгүй болсоныг нэхэмжлэгч Б.М урьдаас харж намайг шахаж шалсаар байгаад гэрээ хийж авсан нь надтай гэрээ хийгээд их удалгүй шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаагаас тодорхой харагдаж байна. Мөн надад мөнгө өгөөгүй учраас үүнийгээ ч нотлож чадахгүй байхад шүүх хэргийг тал бүрээс нь шинжлэн судлаж үнэн бодитой шийдвэр гаргаагүй. Хэрэв шүүх Б.М-ын өгөөгүй мөнгөө нэхэмжилсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсний дараа Н.Г надаас өрөө нэхвэл би маш их хохирох болоод байхад энэ бүгдийг шүүх эцэслэн тогтоосны үндсэн дээр шийдвэрээ гаргаагүй. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх бүхий л ажиллагааны турш хаанаас ямар их үүсвэртэй мөнгөө авч надад ямар тэмдэгтээр хэдэн цагт хаана хүлээлгэн өгсөн тухайгаа нотлоогүй бөгөөд зөвхөн натриатаар гэрчлүүлсэн гэрээг үндэслэн надаас өгөөгүй мөнгөө нэхэмжлэн гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасаныг шүүх ханган шийдвэрлэсэн нь анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардалгыг хангасангүй гэж би үзэж байна. Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 хэсэгт заасан зээлийн гэрээний гол нөхцөл хангагдаагүй мөнгийг өгч авалцаагүй байхад гэрээ байгуулсан гэж үзэн шийдвэрээ гаргасан нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/01960  дугаар шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

 

  Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Б.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10 818 600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч гаргажээ.

 

  Зохигчид 2016 оны 5 сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Б.М нь 7 800 000 төгрөгийг зээлдүүлэх, хариуцагч Б.Б нь зээлийн мөнгөн хөрөнгийг 1 жилийн хугацаанд, сарын 5 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх алданги төлөхөөр харилцан тохиролцжээ.

 

   Талуудын байгуулсан гэрээний 2.5-д “2016 оны 5 сарын 27-ны өдөр бэлнээр өгсөн” гэж талууд тэмдэглэж, уг заалтын ард зээлдэгч Б.Б нь гарын үсгээ зуран баталгаажуулсан байна. /хх-ийн 5 дугаар тал/

 

   Анхан шатны шүүх дээрх тохиролцоог үндэслэн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөн, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

  Хариуцагч Б.Б нь зээлийн гэрээнд дарамтанд орж гарын үсэг зурсан  гэж маргаж байх боловч тэрээр тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй тул энэ талаар гаргасан түүний давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

  Иймд анхан шатны шүүх хариуцагчаас зээлийн үндсэн төлбөр 7 800 000 төгрөг, алданги 3 018 600 төгрөг, нийт 10 818 600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус заасантай нийцжээ.

  

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг   удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/01960 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 188 048 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ                                     

                                                          ШҮҮГЧ                                      Ч.ЦЭНД                                                                                                           

                                                                                                          Г.ДАВААДОРЖ