| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Азжаргал |
| Хэргийн индекс | 185/2022/0394/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/419 |
| Огноо | 2022-04-20 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | 185/2022/0394/Э |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 2022/ШЦТ/419
2022 04 20 2022/ШЦТ/419
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 185/2022/0394/Э
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жанерке,
Улсын яллагчаар хяналтын прокурор С.Эрдэнэтуяа,
Шүүгдэгч Н.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон ургийн овогтой Наранцэцэгийн Н.Т д холбогдох эрүүгийн “2209....” дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. ХЯНАВАЛ:
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч Н.Т нь согтуугаар 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 18-ны өдөрт шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 13 дугаар гудамжны задгай тоотод хохирогч Н.Э г “хүнтэй утсаар ярьсан” гэх шалтгааны улмаас хутгалж, эрүүл мэндэд нь хүзүү, зүүн гарын бугалга, дал, нуруу, баруун гарын сарвуунд олон тооны зүсэгдсэн шарх, баруун зүүн тохойд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:
Хохирогч Н.Э гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Өчигдөр би Багануур явах гэж байгаад болиод гэртээ ирсэн чинь манай найз Төмөрөө гэх ахтай цуг юм уугаад сууж байсан. Тэгээд би архи ууж байгаад унтсан. нэг харсан чинь Төмөрөө унтаж байсан. нөгөө ах доогуур унтаж байсан. Тэгээд утас дугарахаар нь аваад явсан чинь манай найз залгахаар нь ярьчихаад байж байсан. Төмөрөө надаас хэнтэй яриад байгаа юм гэж асуухад манай найз ярьж байна гэсэн чинь яасан олон найзтай юм гээд уурлаад баруун урд талын шүүгээнээс хутга аваад юу юу гүй дайраад эхэлсэн, тэгээд би хутганы аваад доош шидсэн чинь хутгаа аваад дахиж дайрч байгаад намайг зүссэн цус гарсан чинь манай найз хутгаа хаяад уучлаарай гээд байсан. Тэгээд Төмөрөө намайг гэмтлийн эмнэлэг хүргэж өгсөн. Тухайн үед манай найз Н.Т түүний таньдаг ах байсан бид 3-аас өөр хүн байгаагүй. Бид гурав 2 шил орчим ууж байгаад болиод унтаад сэрэхэд миний архи гараагүй Н.Т согтуу байсан. Маргасан шалтгаан бол миний утас дуугарч ярьснаас болж маргалдсан өөр маргаан байхгүй. Ямар ч байсан хутга бариад дайраад байсан би мөрөө цохиулаагүй байсан. Миний хүзүүний зүүн талд баруун гарын алганы баруун ар хэсэгт өөр бусад газруудад зүссэн. Н.Т ажилгүй одоо гэртээ байгаа, удалгүй ажил нь эхлэхээр ажиллана гэж байсан. Би овгийг нь сайн мэдэхгүй байна. 88845566 дугаартай, гэртээ ганцаараа амьдардаг болохоор би цуг амьдарч байсан юм. Миний бие хэвтээд босохоор толгой өвдөж байна. Жижиг шархууд нь хорсоод байгаа, мөр гайгүй байгаа...” гэх мэдүүлэг / хх-ийн 22-23 тал/
Хохирогч Н.Э гийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Н.Т бид хоёр Дорнод аймгийн Баян Уул суманд төрж багаасаа найзалж өссөн. Тэгээд би 2022 оны 02 дугаар сарын 11-ний үед Улаанбаатар хотод барилга дээр ажил хийж мөнгө олох гэж ирсэн. Тэгээд байрлах газар байхгүй болохоор Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 13-19 тоотод түр оршин суух найз Н.Т ы гэрт байрлаж, хамт барилгын ажил хийж байгаа юм. 2022 оны 02 дугаар сарын 17-ны орой 18:00-19:00 цагийн үед бид хоёр дэлгүүрээс 1 шил 0.75 грамм Хараа нэртэй архи аваад Н.Т ы гэрт хоёулахнаа хувааж уучихаад, би 22:00 цагийн үед байх унтаад өгсөн. Тэгээд унтаж байтал миний гар утсанд дуудлага ирэхээр нь би утсаа аваад нэг найзтайгаа утсаар яриад дууссан чинь найз Н.Т сэрээд чи хэнтэй утсаар ярьсан юм гээд асуухаар нь, би хэнтэй ярьсан гэдгээ хэлээгүй найзтайгаа утсаар ярьсан гэж Н.Т д хэлсэн чинь гэнэт босож ирээд гэрийнхээ гал тогоо хэсэгт байрлах шүүгээнээс модон иштэй хутга гаргаж ирээд миний хүзүүний зүүн талд зүсчихсэн, тэгээд хүзүүнээс цус гарсан чинь, Н.Т сандраад би найзыгаа хутгалчихлаа гээд сандарч байгаад намайг дагуулаад гэмтлийн эмнэлэгрүү таксидаад хүргэсэн. Тэгээд би гэмтлийн эмнэлэг дээр хүзүүндээ оёдол тавиулсан. Би найз Н.Т тай ямар нэгэн хувийн таарамжгүй харилцаа байхгүй, манай найз Тухайн үед согтуу байсан болохоор гэнэт намайгхутгаар зүссэн үйлдэлд нь би гайхсан. Ямар нэгэн хэрэлдэж маргалдсан асуудал болоогүй” гэх мэдүүлэг / хх-ийн 26-27 тал/
Яллагдагч Н.Т ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би тухайн өдөр Н.Э тай хамт архи ууж байгаад тасраад хэсэг унтсан Тэгээд босоод ирсэн чинь Н.Э утсаар ярьж байсан, тэгээд би буцаад тасарсан, нэг сэрсэн чинь миний гаранд модон иштэй хутга байсан би Энх Амгалангийн хүзүүг зүсчихээд хутгаа газар шидсэн, тэгээд Энх- Амгалангийн хүзүүг харсан чинь цус гараад байхаар нь би алчуураар тогтоох гээд дараад боосон. Тэгээд цус нь нэвтрээд тогтохгүй байхаар нь би, түргэн дуудах гэсэн боловч удах юм шиг санагдаад ер нь хоёулаа эмнэлэг явъя гээд шууд Гэмтлийн эмнэлэг руу аваад явсан. Тухайн үед цаг 00:00 цаг болж байсан, миний архи гараад сэргэсэн байдалтай байсан. Би Н.Э гийн хүзүүнд 1 удаа хутгаар зүссэн. Н.Э миний гаранд байсан хутгыг булааж авах гээд бид хоёр хутгаа булаацалдаж байхад бусад гэмтлүүд нь учирсан байх. Бид хоёрын хооронд хувийн таарамжгүй харьцаа, өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй.Тухайн үед миний биед ямар нэгэн гэмтэл, шарх учраагүй.Бид хоёр Дорнод амгийн Баян Уул суманд, нэг нутагт төрж өссөн багаасаа найзлаж ирсэн хүмүүс. Байнга хоорондоо холбоотой байсан. Н.Э тай сайн найзууд. Би архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Н.Э г хутгаар зүссэн гэж бодож байна. Н.Э гийн хүзүүнээс цус гархад ухаан ороод, би хүзүүг чинь зүсчихлээ уучлаарай хоёулаа эмнэлэг явъя гээд гэрээсээ гараад эмнэлэг явсан...” гэх мэдүүлэг. /хх-ийн 6-7 тал/
ГССҮТ-ийн Гар сарвуу нөхөн сэргээх бичил мэс заслын тасгийн эмч нарын бичсэн Н.Э гийн өвчний түүх /хх-ийн 22-26 тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №3405 тоот дугаартай “Н.Э гийн биед хүзүү, зүүн гарын бугалга, дал, нуруу, баруун гарын сарвуунд олон тооны зүсэгдсэн шарх, баруун зүүн тохойд зулгаралтын гэмтлүүд тогтоогдпоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 45-46 тал/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14- 15 хуудас/ болон энэ шүүх хуралдаанд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа гэсэн мэдүүлэг бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.
Шүүгдэгч Н.Т нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан хор уршигт зориуд хүргэж, “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.
Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.
Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.
Шүүгдэгч Н.Т нь хохирогч Н.Э г “хүнтэй утсаар ярьсан” гэх шалтгааны улмаас хутгалж, эрүүл мэндэд нь хүзүү, зүүн гарын бугалга, дал, нуруу, баруун гарын сарвуунд олон тооны зүсэгдсэн шарх, баруун зүүн тохойд зулгаралт бүхий хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн байна.
Шүүгдэгч Н.Т ы үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хөнгөн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Н.Э нь шүүгдэгчээс “нэхэмжлэх зүйлгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй..” гэсэн хариуг өгсөн болох нь шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудас, хохирогчийн хавтаст хэрэгт ирүүлсэн хүсэлт /хх-ийн 75 тал/ зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Н.Т ы бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.Т д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, хохирол төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, хохирогчоос уучлалт гуйсан, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлж, хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдал зэрэг байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүх шүүгдэгч Н.Т д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчид 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтайгаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байх тул прокурорын саналыг харгалзан шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.Т нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг бор өнгийн иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.Т ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т ыг 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Н.Т 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг бор өнгийн хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Т д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ