| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2017/0037/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/01 |
| Огноо | 2018-01-02 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Сансарбаяр |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн
2018 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 2018/ШЦТ/01
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг даргалж,
Улсын яллагч Б.Сансарбаяр,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Гомборагчаа,
Шүүгдэгч Б.М, Л.С, Г.Ш,
Нарийн бичгийн дарга А.Бямбасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М, Л.С, Г.Ш нарт холбогдох 1724000000000 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч-1: ******************
Шүүгдэгч-2: ******************
Шүүгдэгч-3: ******************
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/ Шүүгдэгч Б.М, Л.С, Г.Ш нар нь 2017 оны 10 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Завхан аймгийн Түдэвтэй сумын Цорго багт байрлах Х.Эийн эзэмшлийн барааны агуулахын хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж 2.5 литрийн савалгаатай “Боргио” пиво 6 ширхэг, лаазтай самар 1 ширхгийг хулгайлж хохирогч Х.Эт 41,500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд:
Хохирогч Х.Эийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 04-ний өглөө босоод гарсан чинь манай баарны агуулахын ар талын хаалганы цоожийг хөшөөд хажуу тал руу болгочихсон цоож нь цуургандаа зүүлгээтэй байхаар нь ороод үзтэл 1 сагс буюу 6 ширхэг “Боргио” нэртэй 2.5 граммын хэмжээтэй пиво, 1 лаазтай самар алдагдсан байсан. Манай хашаан дотор хөлийн мөр их гарсан байсан бөгөөд мод хагалдаг сүхийг шатны хажууд буюу агуулахын хаалганы хажуу талд үлдээчихсэн байсан. Орой манай хашаан дотор С, Бы хүүхэд, Гын хүүхэд, Ж гуайн хүүхэд дөрөв зогсож байхаар нь та нар юугаа хийгээд байгаа юм бэ харьж амарцгаа гэж хэлээд гэртээ ороод унтсан. Шөнө юм түжгэнэх чимээ гарахаар нь хажуу айлын нөхөр согтуу байсан болохоор гэртээ агсам тавиад байгаа байх гэж бодоод тоолгүй унтаад өгсөн. Надад учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан тул гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” /хх-ийн 72-73-р хуудас/
Гэрч М.А-н: “...Х.Эийн дуудлагын дагуу цагдаагийн дэд ахлагч Б.Д-н хамт очиж агуулахыг үзэхэд хаалганы цоожийг хөшиж, хаалга дарсан даруулга төмрийг нь нугалчихсан байдалтай байсан. Х.Эээс сэжиглэж байгаа хүн байна уу гэхэд өчигдөр шөнө манай хашаанд Л.С, Бы хүүхэд, Гын хүүхэд, Ж гуайн хүүхэд дөрөв пиво уугаад байж байсан. Тэр дөрөв байж магадгүй гэхээр нь Г.Шийг цагдаагийн хэсэг дээр авчраад өчигдөр шөнө юу болсон талаар асуухад Л.С, Б.М хоёр пиво авч ууя гээд байсан, бидэнд мөнгө байхгүй байсан болохоор Х.Эийн агуулахаас пиво хулгай хийж ууя гэж ярилцаад 6 ширхэг “Боргио” нэртэй пиво хулгайлаад 1 ширхгийг нь Б.Мын хашаанд уусан, үлдсэн 5 нь Б.Мын хогийн поошгин дотор хийчихсэн гэхээр нь пиво нуусан гэх газрыг нь заалгаад тухайн үед зурагжуулаад 5 ширхэг “Боргио” нэртэй 2.5 литрийн хэмжээтэй пивийг хурааж авсан...” /хх-ийн 76-77-р хуудас/
Гэрч Б.Д-н: “...Дэд ахлагч М.-н хамт Х.Э агуулахыг очиж үзэхэд хаалганы цоожийг хөшиж, хаалга дарсан даруулга төмрийг нь нугалчихсан байдалтай байсан. Х.Эээс сэжиглэж байгаа хүн байна уу гэхэд өчигдөр шөнө манай хашаанд С, Бы хүүхэд, Гын хүүхэд, Ж гуайн хүүхэд дөрөв пиво уугаад байсан. Тэр дөрөв байж магадгүй гэхээр нь Г.Шийг цагдаагийн хэсэг дээр авч ирсэн. ...М.А цагдаа зөрөөд Б.Мыг дагуулаад хашаанд нь байгаа пивийг авч ирэхээр явсан. Ирэхдээ 5 ширхэг “Боргио” нэртэй 2.5 граммын хэмжээтэй пиво, нэг самрын лааз авч ирсэн...” /хх-ийн 78-р хуудас/
Шүүгдэгч Б.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө Г.Шийн гэрээс Г.Ш, Л.С нарын хамт гараад Х.Э эгчийн хашааны гадаа ирээд хэн нь дотогшоо орохоо ярилцаж байгаад Л.Сыг хашаа давуулан оруулсан. Хашааны гадаа Г.Ш бид 2 хүлээж байтал Л.С ирээд гурвуулаа орвол агуулахын хаалга онгойхоор байна гэхээр нь Г.Ш, Л.С бид 3 хашаа давж орсон. Бид 3 агуулахын хаалганы тэнд очоод би Л.Сыг бариулаас нь тат Г.Ш бид 2 даруулганаас нь татъя гээд татахад онгойгоогүй. Тэгтэл Г.Ш сүх авч ирээд хөшиж үзээд болохгүй болохоор нь шатан доогуур нь тавьсан. Дахин Г.Ш бид 2 даруулганаас нь Л.С хаалганаас нь татахад төмөр даруулга нь чимээтэй онгойхоор нь нуугдсан. Бид чимээ гарахгүй болохоор нь Л.С нэг хайрцагтай самар, 2.5 граммын хэмжээтэй нэг сагс буюу 6 ширхэг “Боргио” нэртэй пиво авч гараад Г.Шид хашаа давуулж өгсөн. Тэндээсээ манай гэрт очоод сагс пивоноосоо 2 ширхгийг нь гаргаж тавьчхаад үлдсэнийг нь манай хашааны хогийн төмөр торхон доогуур хийсэн. ...Маргааш нь үлдсэн 5 ширхэг пивийг цагдаад хураалгасан...” /хх 125-126-р хуудас/
Шүүгдэгч Г.Шийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Б.М над руу залгаад гадаа чинь байна гараад ир гэхээр нь гартал Л.С, Б.М хоёр байсан. Бид гурав юм ярьж зогсож байтал Б.М ганц юм ууя надад 5000 төгрөг байна гэхээр нь нэг “Сэрүүн” нэртэй пиво аваад Б.Мын хашаанд очиж уусан. Тэгтэл Б.М миний картанд 20.000 төгрөг байгаа дахиад пиво авч ууя гээд бид гурав “Шар нуруу” дэлгүүрээс нэг “Сэрүүн” нэртэй пиво авч уусан. ...Тэгсэн Л.С колонк руу явъя карт уншина гээд бид колонк дээр очиж Б.Мын картыг уншуулаад 10.000 төгрөг аваад Х.Э эгчийн кафенаас нэг “Боргио” нэртэй пиво авсан. Тэр пивоо ууж дуусаад харьж амарцгаая гээд би гэрийнхээ урд хаалгаар давж ороод байж байтал миний араас Л.С ирээд Б.М руу залгаад хүрээд ир ганц юм ууя гэж дуудсан. Л.С утсаа тавиад уучихъя гэхээр нь одоо орой болсон байна гэсэн чинь Л.С хойд талын Х.Э эгчийн агуулах руу очъё заримдаа түгжээгүй орхисон байдаг юм гэж хэлэхээр нь чи очоод ирэхгүй юу гэхэд Л.С бараг онгорхой байна гурвуулаа цуг явж оръё гэсэн. Б.М бид хоёр даруулганаас, Л.С хаалганы бариулаас таттал онгойгоогүй. Би сүхээр хөшиж үзсэн боловч онгойхгүй байхаар нь сүхийг шатан дор тавиад дахин Б.М бид хоёр даруулганаас нь Л.С хаалганы бариулаас татахад их чимээтэй онгойхоор нь Б.М шатанд доогуур нуугдаад би хашаа даваад явсан. Б.М, Л.С хоёр нэг сагс “Боргио” нэртэй пиво, самар авсан байсан. Б.Мын хашаанд очоод нэг ширхэг пивыг уусан үлдсэнийг нь хогийн поошгин дор хийсэн...” гэсэн,
Шүүгдэгч Л.Сын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 03-ны шөнийн 04 цаг өнгөрсөн байсан байх Х.Э эгчийн агуулахын хаалганы гадаа ирээд Б.М намайг чи бариулаас нь тат Г.Ш бид хоёр даруулганаас нь татъя гээд татахад онгойхгүй байсан. Г.Ш хүн харъя гээд хашаан дээгүүр нь өнгийж харчхаад түлээний сараа руу яваад төмөр сүх авч ирээд хөшиж үзэхэд болохгүй байхаар нь дахин тэр 2 даруулганаас нь би хаалганаас нь татахад чимээтэй онгойхоор нь Б.М шатан доогуур нуугдаад Г.Ш бид хоёр хураасан модны араар орж нуугдсан. Бид чимээ гарахгүй болохоор нь агуулах руу орж М бид хоёр нэг сагс буюу 6 ширхэг “Боргио” нэртэй пиво, 1 ширхэг төмөр савтай самар аваад гарсан. Бид гурав Б.Мын хашаанд очоод 2 ширхгийг нь гаргаж тавьчхаад үлдсэнийг нь Б.Мын хогийн төмөр торхон доогуур хийчхээд нэгийг л уусан...” гэсэн мэдүүлгүүд болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтууд болно.
Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаас үнэлж дүгнэвэл:
Шүүгдэгч Б.М, Л.С, Г.Ш нар нь 2017 оны 10 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Завхан аймгийн Түдэвтэй сумын Цорго багт байрлах хохирогч Х.Эийн барааны агуулахын хаалганы цоожийг эвдэн орж 2,5 граммын савалгаатай “Боргио” нэртэй пиво 6 ширхэг, лаазтай самар 1 ширхгийг хулгайлж түүнд 41,500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Х.Э, гэрч М.А, Б.Д нарын мэдүүлэг болон хэргийн газрын үзлэг, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр нотлогдон тогтоогдож байхын зэрэгцээ шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж байгаа эргэлзээгүй, тогтвортой мэдүүлгүүд нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдож байх тул шүүх шүүгдэгчийн нарын мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлэн тэдгээрийг гэмт хэрэг үйлдсэн болохыг давхар нотолж байна гэж үзлээ.
Дээрх нотлох баримтууд нь өөр хоорондоо зөрүүгүйн дээр энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар авагдсан байна.
Прокуророос шүүгдэгч Б.М, Г.Ш, Л.С нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж, ял сонсгон хэргийг шүүхэд шилжүүлснийг хянавал шүүгдэгч нар нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хангасан байна.
Иймд шүүгдэгч Б.М, Г.Ш, Л.С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан болох нь хохирогчийн “учруулсан хохирлыг бүрэн барагдуулсан, гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлгээр, мөн тэдгээр нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь Цагдаагийн ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тус тус тогтоогдож байх бөгөөд тэдгээрт ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.М, Г.Ш, Л.С нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул тэдгээрт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй болохыг дурдав
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг хураан авах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж заасан байх тул хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2,5 граммын савалгаатай “Боргио” нэртэй 5 ширхэг пиво, 1 ширхэг самрын лааз зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч нарын хувьд ногдох эд хөрөнгө болох Г.Ш 2 тооны морь, Л.Сын 1 тооны азарга, Б.Мын 1 тооны гүү зэргийг тус тус битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.М, Л.С, Г.Ш нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйл 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.М, Л.С, Г.Ш нарыг агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М, Л.С, Г.Ш нарыг 1 /нэг/ жил 1 /нэг/ хоногийн хорих ялаар тус бүр шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.М, Л.С, Г.Ш нарын эдлэх 1 /нэг/ жил 1 /нэг/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.5, 3 дахь хэсэг, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.М, Л.С, Г.Ш нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, шүүгдэгч нарын хорих ял эдлэх хугацааг 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн тоолсугай.
5. Шүүгдэгч Б.М, Л.С, Г.Ш нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2.5 граммын савалгаатай “Боргио” нэртэй 5 ширхэг пиво, самрын лааз 1 ширхгийг тус тус тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Шийн хувьд ногдох эд хөрөнгө болох 2 тооны морь, шүүгдэгч Л.Сын хувьд ногдох эд хөрөнгө болох 1 тооны морь, шүүгдэгч Б.Мын хувьд ногдох хөрөнгө болох 1 тооны морийг тус тус битүүмжилсэн прокурорын 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 5/10, 5/11, 5/12 тоот тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.
8. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ