| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2018/0236/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/264 |
| Огноо | 2018-04-12 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | М.Очбадрах |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 2018/ШЦТ/264
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,
Нарийн бичгийн дарга Т.Солонго,
Улсын яллагч М.Очбадрах,
Шүүгдэгч Б.Д /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Манал овогт Б.Дд холбогдох эрүүгийн 1811001150119 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Манал овогт Б.Д, Монгол Улсын иргэн, 1990 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Орхон аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Соёл урлагийн их сургуулийн Уран зургийн 4б курсын оюутан, иргэний үнэмлэхийн лавлагаагаар Орхон аймгийн Баян-Өндөр 21 дүгээр баг Уртын гол Баянзам 11 дүгээр гудамжны 34 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 79 дүгээр байрны 147 тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:..................................................../.
Шүүгдэгч Б.Д нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Ч.Одгэрэлийн эзэмшлийн газар болон хувийн орон сууцыг нь худалдан авна гэж итгүүлэн хуурч мэхлэн, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000530405 дугаартай 272 метр квадрат талбайтай хувийн орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000401969 дугаартай 498 метр квадрат талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 30.000.000 төгрөгөөр худалдан авна гэж итгүүлэн, улмаар гэрчилгээг өөрийнхөө нэр дээр шилжүүлэн авч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Даас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “…2017 оны 10 дугаар сарын эхээр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд үл хөдлөх хөрөнгө зарна гэсэн зарын дагуу Одгэрэл гэж хүнтэй утсаар холбогдож газрыг нь газрыг нь үзэхэд надад таалагдсан. Одгэрэл нь барьцаа лизингээр өгнө гэхээр нь миний нэр дээр шилжүүлчих, шилжүүлсний дараа мөнгийг чинь өгнө гэж хэлээд худалдах худалдан авах гэрээ хийсэн боловч уг бичиг баримтаа хаячихсан юм. Үүний дараа дахин Одгэрэлээс худалдах худалдан авах гэрээг хийлгүүлж бичиг баримтыг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт өгч 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр үл хөдлөх болон газрын гэрчилгээг өөрийнхөө нэр дээр шилжүүлэн аваад мөнгөний хэрэгцээ гарсан учир “Про-кредит” банк бус санхүүгийн байгууллагад 4 сая төгрөгөөр барьцаанд тавьсан юм. Үүний дараа Одгэрэлд урьдчилгаа мөнгийг нь өгье гэж бодоод байшинг зарах талаар “Үнэгүй.мн” сайт дээр байрлуулж хүмүүст үзүүлсэн юм. Ингээд Одгэрэл цагдаагийн байгууллагад хандсан учир наймаа буцаж, гэрчилгээг нь буцаан шилжүүлж өгсөн. Миний хувьд бусдыг залилах санаа зорилго байгаагүй ...” гэсэн мэдүүлэг /хх-74-75х/,
Шүүгдэгч Б.Даас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогч Ч.Одгэрэлээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...өөрийн эзэмшлийн хашаа байшингаа зарахаар 2017 оны 10 дугаар сарын 10-ны үеэр зар тавьсан. Гэтэл 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр миний утас руу нэг эрэгтэй хүн ярьж хашаа байшинг үзэхээр болсон …тэр залуу өөрийгөө Даваажаргал гэж танилцуулсан ба 25-30 орчим насны жижигхэн туранхай залуу ирээд хашаа байшинг үзэхээр нь 30 сая төгрөгөөр зарна гэж хэлтэл ер нь бол таалагдаж байна гэхээр нь би дотоод засал, цахилгааны монтаж, халаалт дутуу байгаа гэж хэлэхэд би авъя, урьдчилгаа 20 сая төгрөг өгөөл гэрээ байгуулъя гэж хэлээд явсан. Тэр өдрийнхөө үдээс хойш 16 цагийн үед ирээд урьдчилгаа мөнгө боломжгүй болчихлоо, учир нь байр авах гээд урьдчилгаа мөнгө өгчихсөн болохоор болохгүй байна. Та надад итгээд байшингаа миний нэр дээр худалдах, худалдан авах гэрээ хийгээд өг, тэгвэл би гэрчилгээ шилжсэний дараа банкны барьцаанд тавиад мөнгийг чинь өгье гэж итгүүлэн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нотариотын газарт очиж худалдах худалдан авах гэрээ хийж өгсөн чинь бас урьдчилгааг гэрчилгээ гарсаны дараа өгнө, найдвартай нь дээр 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гэхэд төлбөрийг барагдуулна гэсэн. Ингээд би итгээд ерөөсөө яриагүй ...ингээд Даваажаргал нь хэлснээрээ мөнгөө өгөөгүй учир би түрээслэж байсан байранд нь очиход миний мөнгийг өгөх боломжгүй гэж хэлсэн. Миний газар хашаа байшинг өөрийнхөө нэр дээр шилжүүлж авчихаад “Үнэгүй.мн” сайт дээр миний хашаа байшинг зарна гээд зар тавьчихсан, мөн Про кредит банк бус санхүүгийн байгууллагад 4.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан болохыг мэдэж өөрөө мөнгийг нь гаргаж бичиг баримтаа цагдаагаар хураалгуулж авсан. Б.Д нь миний хөрөнгийг өөрийнхөө нэр дээр шилжүүлэн авчихаад мөнгөө өгөхгүй, утсаа авахгүй, зугатаад байсан учир түүний амьдарч байсан газарт нь очиход Б.Д нь миний мөнгийг өгөхгүй гэснээс болж бид хоорондоо маргалдсан ..Б.Д нь өөрөө байшинг чинь авъя эхний ээлжинд урьдчилгаа мөнгө өгнө гэж итгүүлж байгаад худалдах худалдан авах гэрээг хийлгүүлсэн. Дараа нь өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсаны дараа мөнгө өгнө гэсэн боловч надад ямар ч мөнгө өгөөгүй мөртлөө намайг байшингаас гарахыг шаардсан тул цагдаагийн байгууллагад хандсан. Бас цагдаад шалгагдаж байгаагаа мэдсээр байж бусдад 30.000.000 төгрөгөөр зарж борлуулна гэсэн зар тавьсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-42-43х, 48-49х/,
Гэрч Ө.Мөнхзулаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Б.Д нь Одгэрэлийн байшинг зарна гэж зар тавьсан маань үнэн. Одгэрэл нь намайг зодож гэмтэл учруулсан тул дээрх гэмтлийг эмчлүүлэхэд мөнгө хэрэгтэй болсон. Мөн зарчихвал тодорхой урьдчилгаа мөнгийг нь өгье гэж бодсон юм ..Даваажаргал 4 сая төгрөгийн зээл аваад түрээсний байрны мөнгө, төслийнхөө ажилд зарцуулсан юм ..” гэсэн мэдүүлэг /хх-68-69х/,
Гэрч Б.Бямбажаргалаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...ах Даваажаргал нь бэлэн 30 сая төгрөг гаргаж байшин авах боломжгүй ..” гэсэн мэдүүлэг /хх-86х/,
Гэрч Э.Хүрэлтогоогоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..манай байгууллагад 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 14 цагийн үед Б.Д гэгч залуу ирээд өөрийн худалдан авсан гэх Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 20-1061 тоотод байрлах хашаа байшинг барьцаанд тавин ...4.000.000 төгрөгний зээл авсан юм ...” гэсэн мэдүүлэг /хх-74-76х/,
Эд зүйлийн үнэлгээ /хх-88-103х/,
Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-7,10х/,
Шүүгдэгч иргэний үнэмлэхний лавлагаа /хх-144х/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-135х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Б.Д нь 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Ч.Одгэрэлийн эзэмшлийн газар болон хувийн орон сууцыг нь худалдан авна гэж итгүүлэн хуурч мэхлэн, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000530405 дугаартай 272 метр квадрат талбайтай хувийн орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000401969 дугаартай 498 метр квадрат талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 30.000.000 төгрөгөөр худалдан авна гэж итгүүлэн, улмаар гэрчилгээг өөрийнхөө нэр дээр шилжүүлэн авч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилсан болох нь нотлогдож байна.
Хэрэгт нотлолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Б.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, баримт бичиг ашиглаж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Ч.Одгэрэлд өмчлөх эрхийг нь буцаан шилжүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцон түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2018 оны 7 дугаар сарын 01-ний дотор төлүүлэх, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь 1 хоног цагдан хоригдсон хоногтой болохыг тус тус дурьдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Манал овогт Б.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, баримт бичиг ашиглаж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дыг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дд оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд буюу 2018 оны 7 дугаар сарын 01-ний дотор төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, Б.Д нь 1 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дд хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ё.ЦОГТЗАНДАН