Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/111

 

2022         02        08                                    2022/ШЦТ/111

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүгдэгч: Г.И,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Дуламрагчаа,

Улсын яллагч: Г.Түвшинбаяр нар оролцсон эрүүгийн ............. дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Г.И, 1994 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, ................. тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр  хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй,  

 

           Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч Г.И нь 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 23 дугаар байрны 64 тоотод өөрийн төрсөн дүү Г.Бтай “..хоол хийгээгүй байна..” гэх шалтгаанаар маргаан үүсгэж, улмаар толгой, нуруу, хамар, шанаа, цээж хэсэг рүү нь цохих, хоолойг нь боох зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь тархи доргилт, зулайн хуйх, баруун шанаа, зүүн шанаа, дээд уруул, эрүү, зүүн чих, хүзүү, цээж, нуруу, зүүн шуунд цус хуралт, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Г.И шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...”гэв.

 

Эрүүгийн ..................... дугаартай хэргээс:

 

Хохирогч Г.Бгийн гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Г.Иын мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 13 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны 23 дугаар байрны 64 тоот хаягт байх аав Гончигсумлаагийн гэрт очиход манай эмэгтэй дүү Биндэръяа нь гэртээ байсан бөгөөд “хоол унд цайгаа хийсэн юм уу” гэж асуухад  “би хувцас хунараа угааж цэвэрлээд амжаагүй байна” гэж хэлэхээр нь “ажил төрлөө зохицуулаад хоол ундаа хийхгүй яасан юм бэ” гэж хэлснээс болоод маргаан үүсэхэд аавын гар утас руу залгаад “энэ ах ирчихээд хэрүүл хийгээд байна” гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд дүү Биндэръяад “чи ахынхаа өөдөөс юу гээд хэрэлдээд байгаа юм бэ” гэж хэлэхэд намайг гар гэж хэлээд өөдөөс цээжин хэсэг рүү цохихоор нь би түүнийг биеэсээ холдуулж түлхээд толгойн хэсэгт нь нэг удаа цохиод цааш нь түлхэхэд газар унахаар нь дээрээс нь дараад түүнийг тайвшруулах талаар ганц нэг үг хэлээд байж байх үед гаднаас аав Гончигсумлаа орж ирсэн... Энэ удаад хувийн таарамжгүй зан харилцааны улмаас болж маргалдаад дүүгээ зодсон асуудал гаргасандаа гэмшиж байна. Дахин ийм алдаа дутагдал гаргахгүй ээ..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,

 

Хохирогч Г.Бгийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “..2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 13 цагийн орчимд гэртээ гэрийн ажлаа хийгээд байж байх үед гаднаас манай төрсөн ах Идэрбат нь орж ирээд цайны цагаараа явж байна, хоол ундаа хийсэн юм уу гэж асуухаар нь би одоо л гэр орноо цэвэрлэж байна, хоол хийж амжаагүй байна гэж хэлэхэд гэр орны ажлаа сайн хийсэнгүй, одоо болтол хоол ундаа хийгээгүй байхдаа яадаг юм бэ? гэж хэлээд бид хоорондоо маргалдсан. Энэ үед би аав Гончигсумлаагийн гар утсанд залган ах орж ирчхээд хэрүүл хийгээд байна, хурдан ороод ир гэж хэлсэн. Ингээд Идэрбат надтай хэрэлдэн маргалдсан уурандаа миний толгойн хэсэгт гараараа цохиод авахаар нь би түүнийг өөрийн биеэс холдуулан цааш түлхэхэд тэр миний үснээс гараараа татаж намайг цохиод газар унаган дээрээс дарж аваад хоолой хүзүүн хэсэгт гараараа самардан миний нуруун хэсэгт цохьсон...Миний тархи доргисон байсан, нуруун хэсэгт хөхрөлт үүссэн байснаас өөр ямар нэгэн учирсан гэмтэл, шарх сорви байхгүй..Надад одоо ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,

 

Гэрч Д.Гончигсумлаагийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “..2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 13 цагийн орчимд охин Биндэръяа миний гар утсанд залгаад гэртээ хүрээд ир ах Идэрбат ирчихээд намайг загнаад байна гэж хэлэхээр нь манай ажил гэрээс ойрхон байдаг болохоор би 5 минутын дараа гэртээ ороод ирэхэд охин Биндэръяа уйлчихсан ах намайг зодчихлоо гэж хэлээд байж байсан.  Тэгээд юу болсон талаар хүү Идэрбатаас асуухад энэ дүү бүр эрхийн тэнэг болж гүйцлээ, гэрт ирэхэд хоол ундаа ч хийгээгүй байна гэж хэлэхээр нь охин дүүгээ битгий зодож загнаж бай хоорондо эв түйжинтэй байцгаа гэж хэлсэн. Өөр ямар нэгэн асуудал болоогүй...Тухайн өдөр намайг гэртээ орж ирэхэд Биндэръяагийн нүүрэн хэсэг нь нэлэнхүйдээ цус болчихсон байгаа харагдаж байсан. Өөр ямар нэгэн гэмтэл шарх, сорви гэх зүйл бол ажиглагдаагүй.....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №831 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Г.Бгийн биед тархи доргилт, зулайн хуйх, баруун шанаа, зүүн шанаа, дээд уруул, эрүү, зүүн чих, хүзүү, цээж, нуруу, зүүн шуунд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.
  3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ /хх-ийн 11-12 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Г.Иын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 29 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28 дугаар хуудас/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 30 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Г.И нь 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 23 дугаар байрны 64 тоотод өөрийн төрсөн дүү Г.Бтай ахуйн маргаанаас болж хоорондоо зүй зохисгүй харьцаж маргалдан улмаар толгой, нуруу, хамар, шанаа, цээж хэсэг рүү нь цохих, хоолойг нь боох зэргээр биед нь хүч хэрэглэж эрүүл мэндэд нь тархи доргилт, зулайн хуйх, баруун шанаа, зүүн шанаа, дээд уруул, эрүү, зүүн чих, хүзүү, цээж, нуруу, зүүн шуунд цус хуралт, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч Г.Иын мэдүүлэг, хохирогч Г.Бгийн мэдүүлэг, гэрч Д.Гончигсумлаагийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №831 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч Г.И нь хохирогч Г.Бгийн биед хүч хэрэглэсэн байдал, хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч хохирогчийг гэмтээснийг хохирогчоос мэдүүлсэн, хохирогчийн бие махбодод нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас хэрэг болсон цаг хугацаанд эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Иын үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

                                

Тодруулбал Г.И нь хохирогчийг цохиж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, цохих үед эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж биеэр үйлдсэний улмаас Г.Бгийн биед хөнгөн гэмтэл учруулан эрүүл мэндэд хохирол, хор уршигт зориуд хүргэжээ.

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн /хохирогчоос гомдол саналгүй талаар илэрхийлсэн/, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Г.Иыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Г.Иыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид төлөх төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Г.Иыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж, нөхцлийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Бусад асуудлын талаар:

 

Хохирогч Г.Бгаас “..гомдол саналгүй...” гэж хүсэлтээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй тэдгээр нь хоорондоо эвлэрсэн гэж үзэхээр байна.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Г.И нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдлаа.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

     

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Г.И-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Иыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Иад оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.  

 

4. Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.И нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.И нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Иад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ДУЛАМСҮРЭН

 

 

 

 

.