Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2018/ШЦТ/46

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Нээр хөтлүүлэн,

Улсын яллагч Б.Ганзориг,

Хохирогч Ж.Н, Б.Н,

Хохирогч нарын өмгөөлөгч О.Должиндэмид,

Шинжээч Т.Отгонбаяр, П.Базардаргиа, Б.Сэргэлэнбаяр,

Гэрч Ч.О, Б.Б, Т.Н, А.А, А.Б, Э.Т,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхболд, М.Гомборагчаа, Г.Баттулга,

Шүүгдэгч Д.Д, П.Б, Б.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр ирүүлсэн 2000000000000 дугаартай, 3 хавтас эрүүгийн хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

1. * улсын иргэн, * төрсөн, 26 настай, эрэгтэй, *, * боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, аав, ээж, дүү нарын хамт * баг хаягаар оршин суудаг Д.Д /РД: /. Урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй.

2. * улсын иргэн, * төрсөн, 27 настай, эрэгтэй, *, *боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт * хаягаар оршин суудаг П.Б /РД:/. Урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй.

3. * улсын иргэн, *төрсөн, 27 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, * ажилтай, ам бүл-6, аав, ээж, эгч, дүү нарын хамт *хаягаар оршин суудаг овогт Б.Ц /РД:4/. Урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Д.Д, Б.Ц нар нь 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 29-нд шилжих шөнө Завхан аймгийн Ттэй сумын Цорго багийн нутагт нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж Н.Чын хоолойг боож, зодож хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж танхайрсан,

Шүүгдэгч Д.Д, П.Б нар нь 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 29-нд шилжих шөнө  Завхан аймгийн Ттэй сумын Цорго багийн нутагт нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, Б.Чыг зодож танхайрсны улмаас Б.Чад нойр булчирхайн няцрал хүнд хохирол учруулж, амь нас хохирох нөхцөл байдалд хүргэсэн гэх гэмт хэргүүдэд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн “Гар утасны цэсэнд үзлэг хийсэн тэмдэглэл”, 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” мөрдөгчийн тогтоол, 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн, Д.Дгийн хувьд оногдох эд хөрөнгийг битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн, П.Бийн хувьд оногдох эд хөрөнгийг битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн, Б.Цгийн хувьд оногдох эд хөрөнгийг битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл, хохирогч Ж.Н, Б.Н, Б.М, Н.Ч, гэрч Б.Н, Б.М, Б.Д, Т.А, Ч.Л, Ц.Б, Э.М, Ч.О, О.А, Х.О, Ч.Б, Д.Б, Ж.Н, Д.Д, Т.П, Б.Б, Я.М, У.Д, Б.Б, П.Б, Г.Ц, А.Б, Э.Т, О.А, А.А,  Г.П, Д.Ч, яллагдагч Д.Д, П.Б, Б.Ц нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, хохирогч Б.М, гэрч Т.А нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл, хохирогч Ж.Н, Б.Н, гэрч Ч.О, Б.Б, Т.Н, А.А, А.Б, Э.Т, шүүгдэгч Д.Д, П.Б, Б.Ц, шинжээч Т.Отгонбаяр, П.Базардаргиа, Б.Сэргэлэнбаяр нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч нарын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 201630022 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 201730001 дугаартай шинжээчийн нэмэлт дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 147 дугаартай, 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 364 дугаартай, 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 884 дугаартай, 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 687 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн шинжээч эмч нарын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “Шүүхийн сэтгэц эмгэг судлалын шинжилгээний акт”№26, №27, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 06, 07 дугаартай “Сэжигтнийг баривчлах тухай”, 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 6-1, 7-1 дугаартай “Сэжигтнийг цагдан хорих тухай” , 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 7-2 дугаартай “Яллагдагчаар цагдан хорих тухай”, 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 6-2 дугаартай, 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 7-3 дугаартай “Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх тухай” захирамжууд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, хохирлын талаарх баримтууд, талийгаач Б.Чын өвчний түүхийн хуулбарууд, шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас болон шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай бөгөөд тэдгээрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, өөр хоорондоо хамааралтай, шалтгаант холбоотой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.

Шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар доорхи нөхцөл байдлууд болон үйл баримтууд  нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч Д.Д, Б.Ц нар нь 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 29-нд шилжих шөнө Завхан аймгийн Ттэй сумын Цорго багийн нутагт нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж Н.Чын хоолойг боож, зодож хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж танхайрсан гэх хэргийн тухайд:

1. 2016 оны 9 дүгээр сарын 28-ны орой Д.Д, Б.Ц нар нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Завхан аймгийн Ттэй сумын Цорго багийн нутагт байрладаг “Идэр” кафед орж  Н.Ч, Д.Д нартай маргалдсан болох нь:

-Хохирогч Н.Чын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:”...Би кафе дотор Ц, Д гэх залуучуудтай муудалцсан гэсэн. Түүнийгээ санахгүй байгаа юм...” гэсэн мэдүүлэг /ХХ1-115 дугаар хуудас/,

-Гэрч Д.Дийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Ч бид хоёр уулзалгүй удсан гээд хамт юм ярьж суухаар болоод 20:00-21:00 цагийн үед Отгонбаатар гэх хүний “Идэр” кафед орсон. ...Тэгээд сууж байтал гаднаас Д, Ц хоёр орж ирсэн. Тэр хоёрыг орж ирэхээр нь би дуудаад ууж байсан пивоноосоо хийж өгсөн. Тэр үед Д, Ц хоёр бас архи уусан байсан. Тэгтэл Ч нь Д, Ц хоёрт юм хэлсэн юм шиг байна лээ. Тэрийг нь би тухайн үед сонсоогүй...” гэсэн мэдүүлэг /ХХ1-ийн 146 дугаар хуудас/,

-Гэрч Ч.Лгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Идэр кафены гадаа ирэхэд О 2 пиво авч өгнө гээд кафе руу орсон. Түүний араас кафе руу Ц, Д хоёр орсон. Тэр хоёр кафегаас гарч ирэхдээ тэнд сууж байсан Баянхайрханы гэх залуутай муудалцаад байсан. Тэгээд хэрэлдэж байгаад зодолдолгүй салаад, бид нар урагшаа гараад Оын авч өгсөн пивыг уусан...” гэсэн мэдүүлэг /ХХ1-ийн 124 дүгээр хуудас/,

-Гэрч Ц.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тэндээс хөдлөөд О пиво авч өгнө гээд Идэр кафены гадаа зогсоход О түрүүлж ороод араас нь Д, Ц нар орсон. Би араас нь орсон чинь Д, Ц хоёр Дтой хамт байсан хүнтэй муудалцаж байхаар нь би Дг аваад гарч ирсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ1-ийн 126 дугаар хуудас/,

-Шүүгдэгч Д.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...Цтой хамт би кафе руу орсон. Кафе дотор Б, Д ах, 1 танихгүй залуу /Баянхайрханы залуу гэх/ 3 сууж байсан. Баянхайрханы залуу бид хоёрыг дуудсан. Тэр залуу бид хоёрт хандан “Яасан том алхдаг юм, нураалаа” гээд томрох өнгө аястай хэлсэн. ...Гарах гээд явж байтал Д гарынхаа дунд хуруугаар дуудсан. Би уурлаад “Чи яагаад намайг ингэж дуудаж байгаа юм. Чи намайг ингэж дуудах болоогүй шүү” гэхэд гаднаас Б орж ирээд бид хоёрыг аваад гарсан...” гэсэн мэдүүлэг /ХХ2-ын 215 дугаар хуудас/,

-Шүүгдэгч Б.Цгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтнээр өгсөн: “...О Идэр кафе руу орсон. Араас нь Д бид хоёр орсон. Дөнгөж хаалгаар ортол Ц гэж дуудах залуу бид хоёр руу хандан “Та хоёр наашаа хүрээд ир. Яасан том алхдаг хоёр пизда вэ? Байшин нураалаа” гэж томорсон. Бид хоёр “Яасан гэнэ ээ?” гээд очиход нөгөө үгээ давтан хэлсэн. Тэгэхээр нь “Өөрөө хэн билээ?” гэж асуусан. Тэгтэл Д ах хажууд нь сууж байгаад бид хоёрт пиво хийж өгсөн. Д нь танай эгчтэй бид нар анги байсан гэж хэлсэн. Тэгээд гарах гэтэл Д Дг гарынхаа дунд хуруугаар дуудсан. Тэгтэл Д “Чи намайг дунд хуруугаараа дууддаг хэн бэ?” гэж уурласан. Тэр хоёр барьцалдаж авсан. Тэр үед хөшгөөр хаасан байсан ширээнээс Н ах гарч ирээд салгаад кафегаас гарсан. Гараад нэлээн муудалцсан. Гэхдээ зодолдоогүй салсан...” гэсэн мэдүүлэг /ХХ2-ын 220 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

2. 2016 оны 9 дүгээр сарын 28-ны орой Завхан аймгийн Ттэй сумын Цорго багийн нутагт байрладаг Т.Нын хашааны гадна Н.Чыг Д.Д заамдсан, Б.Ц цохиж, өшиглөн зодсон болох нь:

            -Хохирогч Н.Чын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Миний санаж байгаагаар хоёр залуу ирээд нэг нь намайг унагаад нүүр, элэг орчимд өшиглөсөн. Тухайн үед хүчтэй өшиглөсөн учир миний ухаан балартсан юм шиг байна лээ. Намайг зодсон залууг Ц гэдгийг би тухайн үедээ таньсан. ...Миний санаж байгаагаар Ц цээж болон нүүр рүү цохиж байсан. Хэдэн удаа юугаар цохисныг нь санахгүй байна. Өөр хүн цохисон эсэхийг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /ХХ1-ийн 115 дугаар хуудас/,

-Гэрч Ч.Лгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Бид нар пивоо ууж дуусаад Оыг хүргэж өгөхөөр явж байтал Нын хашааны өнцөг дээр хүмүүс зодолдож байсан. ...Б, Ц нар эхлээд буугаад явсан. ...Тэгээд удалгүй Д нь Бийн машиныг унаад хүрээд ирсэн. ...Машины цонхоор харж байхад Д нь Баянхайрханы залууг заамдаад хашаанд шахчихсан байсан. Тэр үед Дг нэг хүн салгаад холдуулж байсан. Мөн тэр үед Ц Баянхайрханы залууг барьж аваад цохисон. Толгой руу нь гараараа цохиод, тонгойх үед нь өшиглөж байсан. Яг биеийн аль хэсэгт өшиглөсөн гэдгийг хараагүй. Тэр үед Баянхайрханы залуу газарт унасан...” гэсэн мэдүүлэг /ХХ1-ийн 124 дүгээр хуудас/,

-Гэрч Ц.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Бид нар хөдөлж яваад сумаас урагшаа гараад пиво уусан. Тэгж байтал Д машинаас буугаад сумын төв рүү явчихсан. Бид нар араас нь хөдлөөд Нын хашааны орчимд ирэхэд хүмүүс бөөгнөрчихсөн зодолдоод байх шиг байсан. Тэгээд машинаас бууцгаагаад би Д, Баянхайрханы залуу, Б нар байсны тэнд очиход Ц Баянхайрханы залуутай муудалцаад, юм яриад зогсч байсан. Би хажууд нь зогсч байсан. ...Удалгүй Д Бийн машиныг унаад ирсэн. Д ирэнгүүтээ Баянхайрханы залууг заамдахаар нь би Дг салгаад холдуулсан. Тэгтэл Ц Баянхайрханы залууг тонгойлгочихсон цохиж байгаа харагдсан. Нөгөө залуу нь газарт хэвтчихээд босохоо больсон...” гэсэн мэдүүлэг /ХХ1-ийн 126 дугаар хуудас/,

-Гэрч Э.Мийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манай хашааны хажууд зодоон болж байгаа чимээ гарахаар нь очиход Ц Чыг газарт унагачихсан өшиглөж байсан. Тэгээд Цг нэг нь салгасан. Тэгтэл Ч босохоо байчихсан. Тэр шуугиан болж байтал О хаанаас ирсэн юм гэнэт л хүн алчихлаа гээд орилоод эхэлсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ1-ийн 129 дүгээр хуудас/,

-Гэрч Х.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Нын гадаа Оыг хүлээе гээд буцаад Нын гадаа ирэхэд 1 хүнийг газарт унагачихсан хүн зодож байсан. Өшиглөж байгаа нь харагдсан. Тойроод нэлээд хэдэн хүн зогссон байсан. Зодуулж байгаа хүнийг харахад Ч мөн байхаар нь би машинаас бууж хүн аллаа гээд орилсон чинь Чын хажууд 2 хүн үлдээд бусад нь зугтаачихсан. ...Би Чыг дуудахад ухаангүй, үхчихсэн юм шиг хөдөлгөөнгүй байсан. Би цагдаагийн утас олоод цагдаа дуудаад, цагдаа, эмч ирээд эмнэлэг рүү Чыг аваачаад үзүүлэхэд гайгүй байна гэхээр нь бид Баянхайрхан сум руу явсан...” гэсэн мэдүүлэг /ХХ1-ийн 137 дугаар хуудас/,

-Гэрч Д.Дийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Д, Ц хоёр Чтай муудалцаад байсан. Би тэд нарыг салгаж байтал Чыг Д барьж аваад хашаанд шахаж байсан. Дг боль гэсэн чинь намайг заамдаад авсан. Тэгэхээр нь чи намайг зодох нь уу, тавь гэсэн чинь тавьчхаад яваад өгсөн. Тэгтэл Ц нь Чыг барьж аваад цохиход Ч тэнцвэр алдаад суун тусахад 1 өшиглөөд, 1 цохиж байсан. Тэгээд Ч газарт хэвтчихээр нь би очоод бос гэсэн чинь “Танай сумын залуучууд намайг алах нь, би жаахан хэвтэж байгаад босъё” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ1-ийн 146 дугаар хуудас/,

-Шүүгдэгч Д.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...Н ахын хашааны үүдэн дээр очиход кафед над руу томроод байсан Цэхнээ тэнд байсан. Тэр залууг би заамдаж аваад хашаа руу түлхсэн. Тэр үед Б намайг болиулаад авч явсан. Тэгэхэд Ц Цг очоод нүүрэн тус газарт нь гараараа 1-2 удаа цохиж унагаад хэвтэж байхад нь гараараа толгойн тус газарт нь цохиод, хөлөөрөө элэг, цээжин тус газарт нь 2 удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /ХХ3-ын 62 дугаар хуудас/,

-Шүүгдэгч Б.Цгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...Тэр газарт Д, Ц 2 зогсож байсан. Тэр 2 дээр очоод энд юу болсон гэдгийг асуухад Ц над руу “Эд нар чинь кафе дотор зодчих гээд байсан залуу байна. Чи хэний хүүхэд билээ?” гэж дээрэнгүй хоолойгоор дуугарсан. Би хариуд нь “Хэний хүүхэд нь чамд тийм чухал юмуу? Бын хүүхэд байна” гэхэд Ц “Ямар Б” гэсэн. Тэгтэл Д нь “Манай ангийн Пгийн аав, эрчимд ажилладаг” гэж тодруулж хэлэхэд Ц нь “Дэрсэн Бын хүүхэд үү?” гэж доромжилсон өнгө аястай хэлсэн юм. Дэрсэн Б гэж манай аавыг хүмүүс дооглож хочилдог юм. Би энэ нэрэнд нь их дургүй учир хөгшин 60 гарчихсан хүнийг доромжиллоо гээд Цд уурлахад Д бас уурлаад “Түрүүнээс хойш яагаад өдөөд байгаа юм бэ?” гэж хэлээд Цг заамдаад хашаанд шахсан. Энэ үед Б Дг салгаад аваад явахаар нь би Цгийн толгойн хэсгийн зүүн шанаа руу нь баруун гараа атгаж байгаад 2 удаа цохисон. Тэгтэл Ц газарт уначихсан. Уначхаар нь би бөгс орчим газарт нь 2 удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /ХХ3-ын 45 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

3. Н.Ч нь Д.Дд заамдуулсны улмаас, Б.Цд цохиулж, өшиглүүлж зодуулсны улмаас түүний биед гэмтэл учраагүй, тэрээр  шүүгдэгч нарт гомдол саналгүй, тэднээс нэхэмжлэх хохиролгүй болох нь:

-Хохирогч Н.Чын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Надад тухайн үед авсан гэмтэл байхгүй болохоор Тосон орж шинжээч эмчид үзүүлэх шаардлагагүй байна. ...Гомдоллоод байх зүйл алга. Өөрөө согтуу хүнтэй харьцаж чадаагүй л тийм зүйл болсон юм шиг байна лээ, тэгэхээр нэхэмжлэх ч зүйл алга байна...” гэсэн мэдүүлэг /ХХ1-ийн 115 дугаар хуудас зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.

Тодруулбал, Д.Д, Б.Ц нар нь 2016 оны 9 дүгээр сарын 28-ны орой согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Завхан аймгийн Ттэй сумын Цорго багийн нутагт байрладаг “Идэр” кафед Н.Ч, Д.Д нартай маргалдаж, улмаар кафегаас гарсныхаа дараа Т.Нын хашааны гадна дахин Н.Ч, Д.Д нартай тааралдахдаа кафе дотор “томорсон”, Б.Цгийн аавыг хочоор нь дуудсан гэдэг үл ялих шалтгаанаар шалтаглан Д.Д нь Н.Чыг заамдсан, Б.Ц нь цохиж өшиглөн зодсон бөгөөд Н.Чын биед гэмтэл учраагүй, тэрээр шүүгдэгч нарт гомдол саналгүй, тэднээс нэхэмжлэх хохиролгүй болох нь нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Д, П.Б нар нь 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 29-нд шилжих шөнө  Завхан аймгийн Ттэй сумын Цорго багийн нутагт нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, Б.Чыг зодож танхайрсны улмаас Б.Чад нойр булчирхайн няцрал хүнд хохирол

учруулж, амь нас хохирох нөхцөл байдалд хүргэсэн гэх хэргийн тухайд:

1. 2016 оны 9 дүгээр сарын 28-ны орой Завхан аймгийн Ттэй сумын Цорго багийн нутагт байрладаг Т.Нын хашааны гадна П.Б нь Б.Чтай маргалдсан, Д.Д нь Б.Мийг машинтайгаа хөдлөөд явах үед нь хаалганаас нь зүүгдэж чирэгдсэн үйл баримт нь:

-Гэрч Б.Дын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Ц гэх залуугийн ногоон алаг стана маркийн машинтай залуучууд тэнд ирсэн. Тэр машинд Ц, Б, Д, Б, нэг танихгүй хүүхэн ирсэн. Тэд нар бас согтуу байсан. Машинаас бууж ирээд хэрүүл маргаан хийж эхэлсэн. Мтай Д, Чтай Б нар муудалцах гээд байсан. А бид 2 зодолдуулалгүй салгаад М, Ч хоёрыг машинд суулгаад хөдлөх үед машины хаалганаас Д татчихаад хаалгахгүй байсан. Машин хөдлөөд явахад Д 3-4 метр орчим хаалганаас чирэгдэж байгаад үлдсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ1-ийн 116 дугаар хуудас/,

-Гэрч Т.Аийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Н ахын хашааны гадна очиж зогсоод М, талийгаач Ч 2 түрүүлээд буусан. Би араас нь буусан чинь талийгаач Ч нь Н ахтай барьцалдаад, заамдалцаад авсан байхаар нь түүнийг салгаад машин руу оруулсан. ...Би талийгаач Чыг Мийн машинд суулгаад Н ах дээр очоод уучлалт гуйгаад буцаад машин дээрээ ирэхэд талийгаач Мийн машины урд Бтэй барьцалдаад авсан байсан. Тухайн үед Б талийгаачийн мөрөн тус газарт 1 удаа гараараа цохисон. Би тэр 2-ыг салгаад талийгаачийг машинд суулгах үед Д миний араас хаалган дээр ирээд та нар яагаад байгаа юм гэсэн. Тэр үед М машинаа хөдөлгөөд явсан. Д араас зогс гээд орилоод байх шиг байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ1-ийн 119-121 дүгээр хуудас/,

-Гэрч Ч.Лгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Машинд суухад талийгаач Ч нь Бийн урдаас хэгжүүрхээд байхаар нь Б толгойгоороо Чыг 1 мөргөчихсөн гэж Б өөрөө ярьсан...” гэсэн мэдүүлэг /ХХ1-ийн 124 дүгээр хуудас/,

-Гэрч Ч.Оын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Хүмүүс зодолдож байна гээд надаас бусад нь бүгд буугаад би үлдсэн. Би дотроос цонх онгойлгож харахад Б машины гэрэлд нэг хүнтэй хэрэлдээд дайраад байгаа юм шиг харагдсан. Хэнтэй муудалцаж байгааг харж чадаагүй...” гэсэн мэдүүлэг /ХХ1-ийн 131 дүгээр хуудас/,

-Шүүгдэгч П.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...Хүмүүс бөөгнөрчихсөн зодолдоод байгаа юм шиг байхаар нь бид нар зогссон. Тэгээд машинаас буугаад харахад 2 хүн заамдалцчихсан харагдаж байхаар нь Дг хүнтэй зодолдож байгаа юм биш байгаа гэж бодоод очиход Н, М 2 нь маргалдаад байгаа бололтой Н нь Мийн цамцны энгэрээс заамдчихсан, М нь бас Нын цамцны энгэрээс заамдчихсан байдалтай зогсож байсан. Би Мийг Наас салгаад, М эргээд дайраад байхаар нь тэврээд машиных нь хажууд авчрах үед миний араас нэг хүн татсан. Эргээд харахад талийгаач Ч нь архи уусан согтуу байгаа бололтой зогсож байсан.  Миний араас татаад, эргээд харангуут миний хувцасны энгэрээс заамдаж аваад , надад хандан “Ах дүү хүмүүс зодолдож байхад чамд ямар хамаатай юм” гээд дайрсан. Би заамдсан гараа тавиадах гээд тавиулах гэсэн боловч тавихгүй байсан. Тэгэхээр нь би Чын толгойн баруун шанаа орчимд духаараа 1 удаа мөргөсөн.  О намайг дагуулж яваад Цгийн машинд суулгасан...” гэсэн мэдүүлэг /ХХ3-ын 52 дугаар хуудас/,

-Шүүгдэгч Д.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...Мийг би машинаа зогсоолгүй чирж давхисан гэж зодсон юм...” гэсэн мэдүүлэг /ХХ3-ын 63 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

2. 2016 оны 9 дүгээр сарын 28-аас 29-нд шилжих шөнө Завхан аймгийн Ттэй сумын Цорго багт байрладаг Т.Нын хашааны гадна Стана маркийн автомашинд сууж явсан Б.Ц, П.Б, Д.Д, Ч.Л, Ц.Б нар нь Субару порестер маркийн автомашинд сууж явсан М, Ч, Д, А нарыг зогсоож, Д.Д нь “машинаасаа чирж явсан” гэдэг шалтгаанаар Б.Мыг, “урдаас нь агсарч дайрсан” гэдэг шалтгаанаар Б.Чыг, П.Б нь “Өмнө уулзахдаа урдаас нь томорсон, давшилсан” гэдэг шалтгаанаар Б.Чыг зодсон үйл баримтууд нь:

-Хохирогч Б.Мийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Н ахын хашааны тэнд Цгийн станатай дахиад таарахад нэг нь зогс гэж орилохоор нь зөрөөд зэрэгцээд зогсоход Д бууж ирээд миний хаалгыг онгойлгоод, заамдаад цохилгүй машинаас гаргаад Мөнхзул гэх айлын хашааны зүүн тал руу дагуулж очоод намайг хувцсаар боож муужруулсан. Би ухаан балартах үед намайг тавьсан. Миний санаж байгаагаар 1 удаа л боосон санагдаж байна. Би сэргээд гэр рүүгээ гүйгээд хашаан дотор мотоцикл засч байсан газраас 1 автирк, 1 хуурай аваад 2 гартаа бариад Дг ална гээд очих үед Д эхлээд боль гээд ирсэн. Араас нь Ц ирээд миний гар дахь зүйлийг булааж аваад, дагуулж яваад боль гээд яриад зогсож байсан. Тэр үед аав, ээж 2 мотоциклтой ирсэн. Бас Н эгч ирсэн. Ээж намайг аваад явж байхад талийгаач миний урд гэрийнхээ чигт явж байсан. Н эгч араас ирсэн. Манайх талийгаачийнхтай хамар хашаанд байдаг...” гэсэн мэдүүлэг /ХХ1-ийн 105 дугаар хуудас/,

-Гэрч Б.Дын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Бие засчхаад сумын төв рүү ороод Нын гэрийн хажууд явж байх үед Цгийн стана ирээд бид нарын машины урдуур орж хашиж зогсоогоод, тэр станагаас Д бууж Мийн хаалгыг онгойлгоод Мийг цохиод, хөлөөрөө жийгээд машинаас гаргах гээд байсан. Бид нар учраа өөрсдөө олог гээд харж байтал Мийг машинаас чирж буулгаад гадаа хашаанд шахаж боогоод байхаар нь би ганцаараа буугаад тэр 2-ыг салгах гээд хүчрээгүй. А бууж ирээд надад тусалж салгасан. Тэр үед Б Мийн машины арын суудлаар ороод Чыг зодоод байх шиг байсан. А Бийг болиулахаар явсан. Д дахиад Мийг барьж аваад хашаанд шахахад М ухаан алдаж унасан. Жаахан байж байгаад М сэргэсэн. Д Мийг 2 удаа боож ухаан алдуулсан.Дг би болиулаад машинд нь суулгасан. Та нар больчих гэж гуйсан боловч тоохгүй байсан. Бид нарт үлдсэн байсан пивийг Дд А өгсөн.  Б Чыг зодож байхад нь А салгах гээд хүчрэхгүй байсан. Би Дг машинд суулгачхаад Бийг салгахаар очсон. Б машин руу орчихсон, цаана нь Ч байсан. Б Чыг цохиод байх шиг байсан. Хаашаа яаж цохиж байгаа нь харагдахгүй байсан. Бийг гаргах гээд А араас нь татаад хүчрэхгүй байсан. Тэр үед М явчихсан байж байгаад гудамжны өнцөг тойроод гарч ирсэн. Ирэхдээ гартаа 2 төмөр барьчихсан байсан, юу байсан нь сайн харагдаагүй. Би М дээр очиж болиулах гэтэл М Дтэй уулзаадахъя гээд үгэнд орохгүй байсан. Энэ үед Ц ирээд Мийг тайвшруулаад ирье гээд авч явсан. Мийг Ц тайвшруулчих шиг болсон. Тэр үед Чын ээж нь ирсэн. Нараа эгчийг ирж байгааг хараад А бид 2 айгаад нуугдчихсан...” гэсэн мэдүүлэг /ХХ1-ийн 116-117 дугаар хуудас/,

-Гэрч Т.Аийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Бид нар баярын талбайн хажууд очиж зогссон. Миний гэдэс өвдөөд би машинаас гарч баасан. Буцаад машиндаа суугаад харьцгаая гэсэн чинь Д буцаад сумын төв рүү явъя гээд байсан. Тэгээд Нын хашааны хажууд Мөнхзул гэх айлын хашааны өнцөг дээр Цгийн ногоон өнгийн стана урдуур орж ирээд, бид нарыг зогсоосон. 2 машин зөрөөд, зэрэгцээд зогссон. Д эхэлж машинаас бууж ирээд Мийг машинаас буулгаад аваад явсан. Б талийгаачийн талын хаалгыг онгойлгохоор нь би талийгаачийн урдуур нь ороод Бийн урдаас гарсан. Б ахаа та болиочээ гэхэд Б би яах ч үгүй гэсэн. Тэгээд буцаад иртэл Б талийгаачтай барьцалдчихсан байсан. Би талийгаачийг машинд суулгачхаад талийгаачаас зүгээр үү гэж асуухад зүгээр гэж хэлсэн. Би машин дотор байсан пивийг аваад Б ахыг дагуулаад Мын хашааны ар тал руу гараад, би пивоо задлаад Бд өгөхөд нэг балгаад өгсөн. Б одоо зодохгүй гэсэн. Тэгээд пивоо газарт тавьчхаад буцаж очоод Дг Мийн машины хажууд зогсож байхаар нь дуудаад пиво тавьсан газраа очоод пивоо өгөхөд Д 1 балгачхаад пивийг чинь авлаа гэсэн. Тэгээд буцаад машин руу явахаар хашааны араас гартал Д урдаас ирж байсан. Талийгаачийн ээж Н эгч ирж яваа харагдсан. Д бид 2 Н эгчийг загнах байх гэж айгаад Мын хашааны арын гудамжны өнцөг дээр зогсоод тамхи татах гэсэн чинь гал байхгүй байсан. Тэгээд тэндээс гэр гэртээ харьсан...” гэсэн мэдүүлэг /ХХ1-ийн 121 дүгээр хуудас/,

-Гэрч Ч.Лгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Баянхайрханы залууг гайгүй юм шиг байхаар нь явах гээд хөдөлж байтал М машинтайгаа төв гудамжаар уруудаад ирсэн. Тэр үед Мийг зогс гээд манай машинаас нэг нь орилоод Мийн машин зогссон. Манай машинаас бүгд буусан. Д Мийг машинаас татаж буулгаад, авч яваад хажуугийн хашаанд тулгаад багалзуурыг нь гараараа боогоод байсан. Б нь Мийн машины жолоочийн талын арын хаалгыг онгойлгоод тонгойчихсон талийгаачтай юм яриад байсан. Юу ярьсан гэдгийг сонсоогүй. Би Дг болиулахаар явсан. Д Мийг 3 удаа боосон. Боохоор нь Мийн бие доошоо сулбайгаад байсан. Боолтоо суллахаар нь эгцэрч зогсоод хэрэлдээд байсан. Тэгж байхад нь Дг салгасан чинь М гэрээсээ буу авчирч буудна гээд гүйгээд явчихсан. Тэгэхээр нь би буцаж ирээд машиндаа суусан. Машинд суух үед Б Цгийн машины арын суудалд сууж байсан. Б бас машин дотор байсан. Талийгаач Мийн машины арын суудалд сууж харагдсан. А, Д 2 зодоон салгах гээд явж харагдсан. Сүүлд талийгаачийн ээж, Мийн аав, ээж 2 ирэх үед байхгүй болчихсон байсан. Бид 3 машиндаа сууж байхад талийгаачийн ээж Н эгч ирчихсэн байсан. Тэр үед талийгаач “Бөө чамайг ална. Буугаад ир” гээд орилоод байсан. Тэгэхээр нь Б бид 2 машинаас буухад Д, талийгаач 2 барьцалдаад авсан байсан. Тэр үед Б ах ирчихсэн байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ1-ийн 124 дүгээр хуудас/,

-Гэрч Ц.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тэгээд бид нар тэндээс хөдлөх үед М машинтайгаа хүрээд ирсэн. Гудамжинд 2 машин зөрөөд зэрэгцээд зогссон. Би машинаас буугаад ирэхэд Б талийгаачтай машины зүүн урд талд заамдалцчихсан зогсож байсан. М, Д нар заамдалцчихсан байсан. Тэр үед Д, П нар мотоциклтой ирсэн. Би тэр 2-той очиж уулзсан. Тэр хоёртой юу ярьсан гэдгээ одоо санахгүй байна. Тэгтэл Д Мийг боогоод унагачхаар нь би Дг аваад машин дээр ирсэн. Би машинд суулгахад Б машин дотор суучихсан байсан. Тэгээд талийгаач машины гаднаас Бөө гараад ир, чамайг ална гээд орилоод байсан. Машинаас намайг буутал Д, талийгаачтай заамдалцчихсан байсан. Тэр хоёрыг Н эгч, Б ах 2 ирж салгасан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 126 дугаар хуудас/,

-Гэрч Б.Бн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:”...2016 оны 9 дүгээр сарын 28-аас 29-нд шилжих шөнө 00:00 цагийн үед Ттэй сумын ойрхон хөдөө гэртээ унтаж байтал эхнэр сэрээгээд манай хүү Мийг зодоон хийгээд яваад байх шиг байна гээд, явъя гэж дуудаад, мотоциклоор яваад Мөнхзулын хашааны тэнд очиход манай хүү М уйлчихсан Ц гэх залуутай зогсож байсан. Юу болоод байгаа юм бэ? гэхэд Ц нь танай хүүхдийг зодоогүй шүү гэж хэлсэн. Эхнэр маань хүүхдээ аваад явсан. Цаана нь машины хажууд хэрүүл, зодоон болоод байх шиг байхаар нь би яваад очтол Д, талийгаач Ч нар заамдалцчихсан, талийгаач тонгойгоод Д дээрээс нь дарчихсан юм шиг харагдаж байсан. Тэгээд би тэр хоёрыг салгаад, бүгдийг тараасан. ...Д, Ч нар 2 машины дунд байсан ба намайг яваад очиход Д гараа мөрөн дээр нь тавьсан байдалтай, талийгаач доороос нь зуурсан байдалтай байсан. ...Хүүхдийнхээ машиныг хараад машин руу нь явж байхад зодолдож байгаа чимээ гарсан учир очиход Д, Ч нар байсан. Д талийгаачийн толгойг цээжиндээ наагаад тонгойлгосон байдалтай зууралдсан байсан. Талийгаачийн толгой нэлээн тонгойсон байсан. Тэр хоёрын зогсч байсан газар бусад хүмүүсийн байгаа газраас харагдах боломжгүй далд байсан, тэр хоёр дээр очиход ойр орчимд хүн байгаагүй. Салгаад эргээд харахад Б ард зогсч байсан. Тэгээд талийгаачийн ээж Н ирсэн...” гэсэн мэдүүлэг ХХ1-ийн 150 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/,

-Гэрч А.Аын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би тасгийн гадаа явж байтал С гэх төрлийнх нь  хүн надад хандан “Чыг хүнд зодуулсан гэх яриа байна. Танд бичлэг хийдэг утас байвал өөрөөс нь хүнд зодуулсан эсэхийг асуугаад бичлэг хийгээд өгөөч” гэсэн. Би хүсэлтийн дагуу ээж Н, А нарын хажууд өөрийнхөө Samsung Alpha маркийн андройд утсаар талийгаачийн ярьсан зүйлийг бичлэг хийж авсан. Талийгаач Ч нь О, Д 2 намайг зодсон. Д гэдэс рүү цохисон, О толгой руу цохисон гэж хэлсэн. Ээж нь юм асуугаад байсан. Талийгаач нь “Зодуулсан талаар хүнд хэлэх юм бол намайг ална гэсэн. Тэгээд би айгаад хэлж чадаагүй” гэж үгээ зөөгөөд хэлээд байсан. Би энэ бичлэгтэй утсаа цагдаа нарт өгсөн. Цагдаа нар утсанд үзлэг хийж, бичлэгийг хуулж авсан...” гэсэн мэдүүлэг /ХХ1-ийн 192 дугаар хуудас/,

-Хохирогч Ж.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр мэсийн эрэгтэй эмчид талийгаач маань “Д /Д/ миний гэдэс рүү өшиглөөд дэвссэн. О /Б/ миний толгой руу цохисон” гэж хэлсэн. ...Мөн өдөр наркозонд орохын өмнө сэхээн амьдруулах тасагт байхад мэсийн сувилагч утсаараа талийгаачийн Д миний гэдэс рүү цохисон, О миний толгой руу цохисон” гэж хэлж байгааг бичлэг хийсэн. ...Ах Нтайгаа утсаар яримаар байна гэхээр нь яриулахад мөн л ахдаа Д гэдэс рүү өшиглөсөн, О толгой руу цохисон гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ1-ийн 98 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/,

-Хохирогч Б.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 12-ны орой 20:00 цагийн үед дүү талийгаач Чтай өөрийнхөө *, * дугаарын утаснаас ээжийн утсаар ярихад талийгаач “хагалгаанд орох гэж байна. Намайг дахиад хагалгаанд ор гэж байна. Та ирээд намайг аваад яваарай” гэж байсан. Дүүгийн маань дуу тасалдаад, үгээ зөөгөөд сайн ярьж чадахгүй байсан. Дүү маань тухайн үед “Д гэдэс рүү цохисон, Б толгой руу цохисон” гэж 2-3 удаа надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ1-ийн 102 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/,

-2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр С.Аын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад утаснаас хуулж авсан гэрэл зураг, дуу дүрс бичлэгтэй 1 ширхэг DVD-г эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг DVD  /ХХ1-ийн 65-66 дугаар хуудас, эд мөрийн баримтаар хэрэгт хавсаргагдсан 1 ширхэг DVD/,

-Шүүгдэгч Д.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Н ахын хашааны чигт явж байтал Мийн машин ирж байсан. Мийг зогс гээд зогсоогоод би эхэлж машинаас буун Мийн талын хаалгыг онгойлгоод “Чи яахаараа хүн чирж давхидаг юм. Таньж байна уу? Буугаад ир” гээд мөрнөөс нь барихад М машинаас гарч ирсэн. Би Мийг хувцаснаас нь бариад дагуулаад Н ахын зүүн талын урд хашаа руу очоод Мийг өмсөж явсан хувцсаар нь бооход муужирч унаад сэргэсэн. Тэгэхээр нь дахиад боож унагаахад сэргэнгүүтээ М гүйгээд явчихсан. Тэр үед Б салгах гэж оролдоод хажууд байсан. Б намайг “Чи ингэж боож байхаар цохичхооч” гэсэн. М буу авчирч та нарыг буудна гээд орилоод гүйгээд явсан. Тэгээд эргээд 2 машин дээрээ ирэхэд А намайг дуудаад машинаас 5-6 метр зайтай газар холдон хашааны ард гараад надад пиво задалж өгөөд “Та нар ингээд явчих, бид нар ингээд явъя” гэж гуйсан. Би Ад нэг балгуулчхаад пивийг нь аваад машин руу очсон. Тэгээд машины хажууд байх үед талийгаач Ч над руу дайраад цохих гэсэн боловч хүрээгүй. Тэр үед талийгаачийн ээж, Мийн аав, ээж нар ирсэн байсан. Би Чыг ээжид нь “Энэ хүүхэд чинь над руу дайраад байна. Ах нь байсан бол таныг хараад яваад өгсөн байгаа” гэж хэлсэн. Би талийгаачийн ахтай нэг ангид сурч байсан юм. Талийгаач над руу дайраад байхаар нь би заамдаад гараараа тулчихсан байсан. Талийгаач бас намайг заамдсан байсан. Би ээжийг нь харж байхад талийгаачийн толгойн тус газарт 2 удаа гараараа цохисон...” гэсэн мэдүүлэг /ХХ3-ын 62 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/,

-Шүүгдэгч П.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Нын хашааны ойролцоо М машинтайгаа явж байсан. Машины урд талын суудалд Ц, Д нар сууж байсан. Тэр хоёр машины цонхоор зогс гэж орилоод хоёр машин зэрэгцээд хоёр тийшээ хараад зогссон. Д машинаас буугаад Мийг машинаас нь буулгаж ирээд муудалцсан. Би машинаас буугаад жолоочийн талын арын хаалгыг онгойлгоход урдаас А эхэлж бууж ирээд араас нь Ч бууж ирсэн. Би Чад хандан “Түрүүн би Мийг салгаж байхад яагаад чи над руу томроод, дайраад байсан бэ?” гэж асуухад Ч “Угаасаа ах дүү хүмүүсийн зодоон чамд хамаагүй” гэж хэгжүүрхсэн. Бид 2 үүнээс болж муудалцаад хэрэлдэх үед А намайг дуудаад хашааны өнцөг тойруулж дагуулж яваад өврөөсөө тал пиво гаргаж ирээд “Бид нарын буруу. М, Ч нар нь угаасаа архи ууж чаддаггүй юм. Архи уучхаад агсараад байдаг юм. Энэ пивийг хоёулаа уучихъя” гэж хэлсэн. Би машинд ороод суусан. Удалгүй Мийн аав, ээж хоёр, талийгаачийн ээж Н нар ирсэн. ...Миний тухайд талийгаач Чын толгой руу цохисон нь үнэн” гэсэн мэдүүлэг /ХХ3-ын 52-53 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/,

-Шүүгдэгч Б.Цгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Машинтай явж байтал М машинтайгаа явж байсан. Тэгтэл манай машин дотроос хэн нэг нь зогс гэж орилоод Мийн машин миний машинтай зөрөөд зэрэгцээд зогссон. Д, Б нар түрүүлээд машинаас буухаар нь би тэдэнд “Зодоон цохион битгий хийгээрэй” гэж анхааруулж хэлээд буулгасан. ...Д Мийг заамдаж боосон. ...Би Мийг тайвшруулчхаад машин дээрээ ирэхэд Д, талийгаач нар зууралдчихсан байсан. Тэднийг Б ах салгасан...” гэсэн мэдүүлэг /ХХ3-ын 44-46 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

3. Талийгаач Б.Ч нь бусдад зодуулсны улмаас түүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан ба уг гэмтэл нь хэвлийн тус газарт хүч үйлчилсний улмаас үүсгэгдсэн болох нь:

-Завхан аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч нарын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан 201630022 дугаартай: “...Нас барагч Б.Чын цогцосонд: нойр булчирхайн сүүл хэсгийн няцрал задрал, цус алдалт, элэгний шарлалт, хэвлийн хөндийн цус хуралт үрэвсэл, чацархай хэсгийн үхжил, дотор эрхтний цусны эргэлтийн хямрал, хурц дутагдал, цээжний дотор ханын гялтан хальсанд баруун, зүүн 9 дүгээр хавирга дамнасан хөндлөн цус хуралт гэмтэл учирсан байна. Нойр булчирхайн сүүл хэсгийн няцрал, задрал, цус алдалт, цээжний дотор ханын гялтан хальсанд баруун, зүүн 9 дүгээр хавирга дамнасан хөндлөн цус хуралт гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Элэгний шарлалт, хэвлийн хөндийн цус хуралт үрэвсэл, чацархай хэсгийн үхжил, дотор эрхтний цусны эргэлтийн хямрал, хурц дутагдал гэмтлүүд нь нойр булчирхайн задралын хүндрэлээс үүссэн гэмтлүүд болно. Нас барагч Б.Чын цогцосонд үхэлд шууд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. ...Б.Чын амьд ахуйдаа авсан нойр булчирхайн задрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэсэн шинжээчийн дүгнэлт /ХХ2-ын 7-8 дугаар хуудас/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр гаргасан 147 дугаартай: “...Талийгаач Б.Чын биед хэвлийн битүү гэмтэл, нойр булчирхайн сүүл хэсгийн няцрал, задрал, дотуур цус алдалт, гэдэсний чацархай, хэвлийн гялтангийн арын зайн цусан хураа, өрцний цус хуралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой...” гэсэн шинжээчийн дүгнэлт /ХХ2-ын 32 дугаар хуудас/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр гаргасан: “...Талийгаач Б.Чын биед нойр булчирхайн гэмтэл болох их бие, сүүл хэсгийн няцрал, цусархаг үхжил үүсчээ. Энэ нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэвлийд цохих, дэвсэх үед үүснэ...” гэсэн шинжээчийн дүгнэлт,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр гаргасан 884 дугаартай шинжээчийн дүгнэлт- /Дээр дурдагдсан шинжээчийн дүгнэлтүүдэд  бичигдсэн гэмтэл, гэмтлийн зэрэгтэй маргаагүй/- /ХХ2-ын 55 дугаар хуудас/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр гаргасан 687 дугаартай: “...Урьд гаргасан шинжээчийн 201630022 тоот дүгнэлттэй санал нэг байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /ХХ3-ын 36 дугаар хуудас/,

-Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Т.Отгонбаяр, П.Базардаргиа, Б.Сэргэлэнбаяр нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Талийгаач Б.Чад учирсан нойр булчирхайн сүүл, их бие хэсгийн няцрал, задрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүнд зэргийн гэмтэл. Өөрөөр хэлбэл учрах үедээ амь насанд аюултай байдаг. Уг гэмтэл нь хэвлийн урд хэсгээс хүч үйлчилсний улмаас үүсгэгдэх боломжтой...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

            4. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Дгийн өмгөөлөгч С.Энхболд

нь “Талийгаач Б.Чын үхлийн шалтгаан нь түүнд эмчилгээ хийсэн эмч нар оношийг буруу тогтоож, эмчилгээг хожимдуулж хийснээс үүдэлтэй” гэж маргаж байгаа боловч талийгаач Б.Чын үхлийн шалтгаан нь:

 

1 дүгээрт/. Түүний биед учирсан нойр булчирхайн сүүл, их бие хэсгийн няцрал, задрал гэмтэл,

2 дугаарт/. Хохирогч нар 2 дугаар шатлалын эмнэлэгт хугацаа алдаж хандсан,

3 дугаарт/. Хохирогч нар эмнэлгийн байгууллагад хандахдаа бусдад зодуулсан талаараа хэлээгүйгээс зохих оношилгоо, эмчилгээ хугацаа хожимдож хийгдсэнээс үүдэлтэй болох нь:

 

-Завхан аймгийн Ттэй сумын сум дундын эмнэлгийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр нээсэн 305/84 дугаартай , Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдөр нээсэн 3842/947 дугаартай өвчний түүхийн хуулбарууд,

-Хохирогч Б.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Талийгаач маань зодоон болсны маргааш нь хөдөө явсан. ...Очсон өдрийнхөө маргааш нагац эгч Ндээ миний ходоод өвдөөд байна гээд эгч нь ус буцалгаж өгч байсан гэсэн. 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хөдөөнөөс бие нь өвдөөд байна гээд орж ирсэн. ...Ирээд усанд орчхоод эмнэлэгт хэвтсэн. ...2016 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Улиастай сум руу эмнэлгийн машинаар яваад тэр өдрөө аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. ...2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр цөсний хагалгаанд орсон. ...2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр талийгаач маань мэсийн эрэгтэй эмчид зодуулсан талаараа хэлсэн. ...Эмч нар “Бэртэнг авсан гэдгийг эрт хэлэхгүй яасан юм бэ? Бид нар өөр эмчилгээ хийсэн бол!...” гээд харамсаж байсан. ...Тэгээд тэр өдрөө дахин хагалгаанд ороод нас барсан.... Би хүүгээ хүнд зодуулсан талаар өөрөө ч мэдээгүй, эмч нар мэдсэн тэр өдөр л мэдсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ-1-ийн 98 дугаар хуудас/,

-Гэрч А.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...2016 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 20:00 цагийн үед Нэгдсэн эмнэлэг дээр ээлжтэй байхад талийгаач Ч нь ээжийнхээ хамт яаралтай тусламжийн тасаг дээр ирсэн. Ирэхдээ ухаан санаа эрүүл, хэвийн яриатай, өөрөө явж байсан. Хэвлийн баруун талаар өвдөнө, толгой өвдөнө гэсэн зовиур хэлж байсан. Биеийн ерөнхий байдал хүндэвтэр, арьс, нүдний скирлер шарласан, арьс хуурай, амьсгал 16, пүльс 80, артерын даралт 110/80, зүрх уушгины талаас ямар нэгэн эмгэг өөрчлөлтгүй, тэмтрэлтээр хэвлийн баруун дээд хэсгээр эмзэглэлтэй байсан. Чад үзлэг хийж, цусны дэлгэрэнгүй шинжилгээ, биохимийн шинжилгээ, хэвлийн хөндийн ЭХО шинжилгээ хийсэн. Цусны дэлгэрэнгүй шинжилгээ нь цус өтгөн шинжтэй, улаан эсийн тоо олширсон, өнгө илтгэгч нь ихэссэн, ялтас эсийн тоо буурсан байсан. Үрэвслийн шинж тэмдэг тод илрээгүй. Биохимийн шинжилгээнд элэгний “в” вирустай, элэгний пермент бага зэрэг ихэссэн, белурбины хэмжээ ихэссэн, шүлтлэг песпатоза ихэссэн байсан. Ц урвалжит уураг, эрвиатоидын фактер ихэссэн байсан. Хэвлийн хөндийн ЭХО-д элэгний эхо ойлт ихэссэн, голомтот өөрчлөлтгүй, цөсний хүүдий чулуугүй, хана 1,7 см хүртэл зузаарсан, шингэн цөсний агууламжгүй, нойр булчирхайн эхо ойлт ихэссэн, голомтот өөрчлөлтгүй, дэлүү томроогүй, 2 бөөрний аяганцар тэвшинцэрийн систем сийрэгшсэн, голомтот өөрчлөлтгүй, давсаг шээстэй, түрүү булчирхай 3,3*3,2 см, хэвлийд сул шингэнгүй байсан. Ийм шинжилгээ гарсан. Тухайн үед ээлжинд гарч байсан мэс заслын эмч Оргилыг дуудаж хамтарсан үзлэг хийсэн. Хамтарсан үзлэгээр яаралтай мэс заслын заалттай онош байхгүй учир дотрын тасагт “цөсний хүүдийн хурц үрэвсэл, идээлсэн байж болзошгүй, в вирусын шалтгаант архаг элэгний үрэвсэл оношоор хэвтүүлсэн. ...Тухайн үед хийгдсэн шинжилгээгээр нойр булчирхайн задрал гэсэн онош тавих сэжиглэл байхгүй байсан. Мөн Ч нь хэн нэгэн хүнтэй зодолдсон болон биедээ гадны нөлөөтэй гэмтэл авсан эсэх талаар ямар нэгэн зүйл яриагүй. Ээж нь ч хэлээгүй.Өвчний түүх дээрх “Осол гэмтэл авсан уу?” гэсэн асуултанд “үгүй” гэж хариулсан байна. ...Манай эмнэлэгт томографийн аппарат байдаг боловч тодосгогчгүй бол нойр булчирхайн задрал гэмтлийг шууд оношлох боломжгүй. Тухайн үед эмнэлэгт тодосгогч бодис байгаагүй бөгөөд бусад шинжилгээ оношилгоогоор нойр булчирхайн задрал гэмтэл гэж оношлох сэжиглэл илрээгүй...” гэсэн мэдүүлэг /ХХ1-ийн 168 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/,

-Гэрч Э.Тийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр дотрын тасгийн Д эмч “Шарлалттай хүн байна, шарлалт нэмэгдээд, биеийн байдал нь муудаад байна. Механик шарлалт байх шиг байна” гэж надад хэлж үзүүлсэн. Хамгийн аймшигтай нь талийгаач Ч нь эмчилгээний эхний шатанд хүнд зодуулж, биедээ гэмтэл авсан эсэх талаар ямар ч зүйл хэлээгүй. Биедээ гэмтэл авсан гэдгийг онош тавихдаа огт мэдээгүй. ...Түүнд хагалгаа хийхээр болсон. Хагалгаагаар цөсний хүүдий авах, цөсний зогсонгошилийг арилгах төлөвлөгөөтэй байсан. Хагалгаанд ороход хэвлийгээс өтгөн шар шингэн нэлээн их хэмжээтэй гарсан. Цөсний хүүдийн хана нь ус гүйсэн, үрэвслийн шинжтэй байсан учир цөсний хүүдийг авч, цөсний ерөнхий сувгийг нээж шалгасан. Цөсний ерөнхий сувгийг нээж шалгаж буй шалтгаан нь арьсны механик шарлалтын шалтгааныг тогтоох зорилготой байсан. Ерөнхий суваг бөглөрвөл цөс нь цус руу орж арьс шарладаг. Шарлалтыг арилгах зорилгоор ерөнхий сувгийг шалгахад механик саад байгаагүй. Ерөнхий суваг дээр “Т” гуурс тавьсан. Цөс авсан хэвтэшт хяналтын гуурс, бага аарцагт хяналтын гуурс тавьсан, хэвлийг угааж хагалгааг дуусгасан. Уг хагалгааг хийхэд хэвлийд гэмтлийн шинж болон цус алдалтын шинж тодорхойлогдоогүй болно. Тухайн хүрцээр нойр булчирхайг шалгах ямар ч боломжгүй. Чад хийгдсэн шинжилгээгээр нойр булчирхайг гэмтсэн гэсэн сэжиглэл өгөх боломжгүй байсан. Хагалгааны дараагаас Чын биеийн байдал муудаж, шинжилгээний өөрчлөлтүүд эрс нэмэгдэж байсан учир 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр эрчимт эмчилгээний тасагт шилжүүлсэн. ...2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 23:00 цагийн үед талийгаач Ч нь ээждээ бусдад зодуулж биедээ гэмтэл авсан гэдгээ хэлсэн байсан. Үүнийг ээж нь бид нарт хэлсэн. ...Хүнд зодуулсан гэдгийг мэдээд оношийг нь олж, амь насыг нь аврах зорилгоор дахин яаралтай хагалгаанд орсон. ...Хагалгаагаар хэвлийн арын гялтан хальсны араар, нэлэнхүйдээ бүх чацархайн угаар, нойр булчирхайгаар цус хурж цүлхийж харласан байсан. Ходоод бүдүүн гэдэсний наалдсан хэсгийг салгаж, ходоодыг өргөж нойр булчирхайг үзэхэд нойр булчирхай няцарч цус хурсан, хэвлийн арын гялтан хальсанд цус хурсан байсныг угааж цэвэрлэсэн. Нойр булчирхайгаас цус гараагүй байсан учир гуурс тавьж хагалгааг дуусгасан. Хагалгаа дууссанаас хойш 5 цагийн дараа Ч нас барсан. Ч анх эмнэлэгт ирэхэд бусдад зодуулж биедээ гэмтэл авсан гэдгээ хэлсэн бол шинжилгээ оношилгоог зодуулсны улмаас авсан гэмтэлд чиглүүлэн хийх байсан. Ч нь бусдад зодуулснаас хойш эмнэлэгт хандаагүй удсан, эмнэлэгт ирээд зодуулснаа хэлэлгүй хугацаа алдсан. ...Талийгаач гэмтлийн хүндрэлээр нас барсан. Гэмтэл авснаас хойш цаг алдалгүй эмнэлэгт хандаж, шалтгаанаа нуулгүй хэлсэн бол гэмтлийг эмчилж, асуудлыг шийдвэрлэх боломжтой байсан. ...Талийгаач нь гэмтэл авснаас хойш нэлээд хугацаа алдсан учир гэдэс дүүрэнгэтсэн байсан. Гэдэс дүүрэнгэтсэн үед нойр булчирхайн гэмтэл эхо-д харагддаггүй. Тэгээд харагдаагүй байх. Эмч онош тавиад хагалгаа хийх тохиолдолд эмчлэх эрхтэнтэй нь хамгийн ойр хүрцээр, өвчтөнд аль болох бага талбай хамрах мэс ажилбар хийх ёстой. Эхлээд цөстэй холбоотой онош тавьсан учир эхний хагалгааг цөсний шугамын дагуу хийсэн. Уг нь хэвлийн гол шугамын дагуу зүслэг хийсэн бол нойр булчирхайн гэмтлийг илрүүлэх боломжтой. Цөсний шугамын дагуу буюу баруун хавирганы нуман доогуур Кохерын зүслэг хагалгааг хийсэн учир нойр булчирхайг шалгах боломжгүй байсан. 2 дахь хагалгааг хэвлийн дагуу зүслэг хийж хагалсан. Тэгээд нойр булчирхайн гэмтлийг илрүүлсэн ч хожимдсон байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ1-ийн 172-173 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/,

-Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Т.Отгонбаяр, П.Базардаргиа, Б.Сэргэлэнбаяр нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Бид нар талийгаач Б.Чын цогцост задлан шинжилгээ хийж дүгнэлт гаргасан. Дүгнэлт гаргахдаа эмч нарыг өвчтөний оношийг хожимдуулж тогтоосон, зохих эмчилгээ оношилгоог цаг тухайд нь хийгээгүй гэдэг байдлаар талийгаачийн үхэлд буруутай гэж үзсэн. Гэхдээ бид дүгнэлт гаргах үедээ талийгаач Б.Чыг гэмтэл авснаас хойш хугацаа алдаж эмнэлгийн байгууллагад хандсан, мөн өвчнийхөө шалтгааныг буюу бусдад зодуулсан талаараа хэлээгүй хугацаа алдсан гэдгийг мэдээгүй байсан. Тийм учраас эмч нарыг буруутай гэж үзсэн. Нойр булчирхайн гэмтэл авсан хүн эмнэлгийн байгууллагад яаралтай хандахгүй бол гэдэс дүүрэнгэтдэг. Ийнхүү гэдэс дүүрэнгэтсэн тохиолдолд нойр булчирхайн гэмтэл  эхо шинжилгээгээр илрэх боломжгүй. Зөвхөн хэвлийн гол шугамын дагуу зүслэг хийсэн хагалгаагаар илрүүлэх боломжтой. Гэхдээ эмнэлгийн стандартад хагалгаа хийж байгаа эмч нь хагалгаанд хамрагдах тухайн эрхтэнтэй хамгийн ойр зайнаас буюу хамгийн ойр хүрцээр, бага талбайд зүслэг хийхээр байдаг тул анхны үзлэг, оношилгоо, шинжилгээнд үндэслэн тавьсан онош нь үндэслэлтэй ба цөсний шугамны дагуу буюу баруун хавирганы нуман доогуур Кохерын зүслэг хийсэн нь үндэслэлтэй. Эдгээр байдлаас үзэхэд бидний гаргасан дүгнэлтийн эмч нарыг буруутай гэж үзсэн хэсэг үндэслэл муутай болж байна....Талийгаач Б.Ч нь нойр булчирхайн гэмтлийн хүндрэлийн улмаас бие махбодийн ерөнхий хордлогод орж нас барсан байна...” гэсэн мэдүүлэг /Шүүх хуралдааны тэмдэглэлд/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр гаргасан 147 дугаартай: “...Талийгаач нь 2016.9.28-29-нд шилжих шөнө бусдад зодуулж гэмтсэн гэх боловч хугацаа алдаж анх 2016.10.07-нд сумын эмнэлэгт хандсан, 2016.10.08-нд аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байх ба гэмтлийн шалтгааныг нуун дарагдуулсны улмаас зөв бүрэн оношлох боломжийг багасгаж зохих эмчилгээг оройтуулж хийлгэсэн байна. Энэ байдал нь өвчтөний биеийн байдлыг хүндрэхэд нөлөөлжээ. ...Талийгаачийн үхлийн шалтгаанд эмч, эмнэлгийн ажилтны буруутай үйл ажиллагаа байхгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /ХХ2-ын 32-33 дугаар хуудас/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр гаргасан 884 дугаартай: “...Хоёрдугаар шатлалын буюу аймгийн нэгдсэн эмнэлэгт хийгдсэн мэс засал эмчилгээнүүд нь зайлшгүй, стандартын дагуу хийгдсэн ба тогтоосон оноштой тохирч байна. Өвчтөнд хийсэн эмчилгээний улмаас биеийн эрүүл мэнд муудсан, нас барах шалтгаан болоогүй байна. ...Өвчтөнд аймгийн нэгдсэн эмнэлгийн үйлчилгээг зохих түвшинд үзүүлсэн боловч өвчтөн анх эмнэлэгт ирэхдээ хожуу хандсан, өвчин, гэмтлийн шалтгаанаа нуусан, зовиур, бодит үзлэг, эмнэл зүйн шинж тэмдэг бүдэг, хэт авиан болон лабораторийн шинжилгээгээр онц өөрчлөлтгүй, нарийвчилсан хэвлийн тодосгогчтой КТГ шинжилгээ хийгдээгүй нь нойр булчирхайн гэмтлийг хожуу оношлоход нөлөөлсөн ба нойр булчирхайн гэмтэл нь нас баралт өндөртэй, гэмтлийн байдал, тархалт, бүтэц, үйл ажиллагаанаас хамаарч амь нас аврагдах эсэх нь хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /ХХ2-ын 59 дүгээр хуудас/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр гаргасан 687 дугаартай: “...2 дугаар шатлалын эмнэлэгт нойр булчирхайн няцрал гэмтлийг оношилж эмчлэх боломжтой. Талийгаач Б.Ч нь хугацаа алдаж эмнэлэгт хандсан, хэвлийн гэмтэл авсан талаараа хэлээгүй, зовиур, бодит үзлэг, эмнэл зүйн шинж тэмдэг бүдэг илэрсэн, хэт авиан болон лабораторийн шинжилгээгээр онц өөрчлөлтгүй, хэвлийн тодосгогчтой компьютер томографийн шинжилгээ хийгдэх боломжгүй байсан зэрэг нь нойр булчирхайн няцрал гэмтлийг хожуу оношлоход нөлөөлсөн байна.  Талийгаач нь хугацаа алдаж эмнэлэгт хандсан ба нойр булчирхайн няцрал гэмтэл хожуу оношлогдсон тул гэмтэл, түүний хүндрэлийг бүрэн эмчлэх боломжгүй байжээ. ...Нойр булчирхайн няцрал, хальсан доорхи цус хуралт гэмтлийг цаг алдалгүй оношилсон бол эмчлэх боломжтой боловч талийгаач нь гэмтэл авснаас хойш олон хоногийн дараа эмнэлэгт хандсан, нойр булчирхайн гэмтэл хожуу оношлогдсон тул 2 дугаар шатлалын эмнэлэгт бүрэн эмчлэх боломжгүй байжээ. ...Нойр булчирхайн няцрал гэмтэл нь цаг алдалгүй эмнэлэгт хандаж, оношийг зөв тогтоон, яаралтай мэс заслын эмчилгээ хийсэн тохиолдолд амь нас аврагдах, эмчлэгдэх боломжтой. Талийгаач гэмтэл авснаас хойш 10 хоногийн дараа буюу 2016.10.08-нд аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтсэн байх тул оношийг зөв тогтоож, эмчилгээ хийсэн ч амь нас аврагдах боломж муутай байжээ...” гэсэн шинжээчийн дүгнэлт /ХХ3-ын 36 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

5. Б.Ч нь бусдад зодуулсны улмаас биедээ гэмтэл авч эмчлүүлэхэд болон түүнийг нас барсны улмаас хохирогч Ж.Н, Б.Н нарт 7,898,437 төгрөгийн хохирол учирсан, мөн уг асуудалд холбогдох хэргийг шүүхээр хянан шийдвэрлэхэд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Тамгын газраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 140,000 төгрөг зарцуулагдсан болох нь:

 

-Хохирогч  Ж.Н,  Б.Н  нар  нь  мөрдөн шалгах ажиллагааны

явцад 1-48 хүртэл дугаарласан 2 хуудас жагсаалт, 46 хуудас баримтаар 11,527,027 төгрөгийн хохирол, шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 9 хуудас баримтаар 636,810 төгрөгийн хохирол, шүүх хуралдааны явцад 40 хуудас баримтаар 5,056,200 төгрөгийн хохирол, нийт  17,220,037 төгрөгийн хохирол нэхэмжилсэн байна.

 

Гэвч мөрдөн шалгах ажиллагааны явцад нэхэмжилсэн Чын буяны ажилд зарцуулагдсан хүнсний бүтээгдэхүүн \Шар нуруу дэлгүүрээс\ гэх 152,000 төгрөгийн, Б.Н УБ-Завханд ирсэн автобусны тийзний үнэ гэх 48,800 төгрөгийн, Б.Б УБ-Завханд ирсэн автобусны тийзний үнэ гэх 48,800 төгрөгийн, О.А УБ-Завханд ирсэн автобусны тийзний үнэ гэх 48,800 төгрөгийн, ганданд болон ламаар лүүжин тавиулахад өгсөн гэх 300,000 төгрөгийн, ламын өргөл барьцанд өгсөн гэх 500,000 төгрөгийн, иргэн Т.Баас буяны ажилд зарцуулахад авч хэрэглэсэн сүүний үнэ гэх 500,000 төгрөгийн, иргэн Д.Бынхаас буяны ажилд авч хэрэглэсэн сүүний үнэ гэх 400,000 төгрөгийн, хохирогч Б.Н УБ хотоос ирж хэргийн материалтай танилцахад зарцуулсан зардал гэх 40200 төгрөгийн хохирлууд холбогдох нотлох баримтгүй, Б.Чын буяны ажилд зарцуулагдсан эд зүйлс \Улиастай зах шашны дэлгүүрээс\ гэх 153,000 төгрөгийн, Б.Чын буяны ажилд зарцуулагдсан эд зүйлс \барааны дэлгүүрээс\ гэх 42,000 төгрөгийн баримтууд нотлох баримтын шаардлага хангахгүй \худалдагч талын тамга тэмдэггүй\, талийгаачийн төрсөн ах Б.Н 3 сар ажлаа хийхгүй, цалингаар хохирсон гэх 4,050,000 төгрөгийн баримт нотлох баримтын шаардлага хангахгүй \сканердсан\ байна. \ХХ1-ийн 203-250 дугаар хуудас\,

Шүүх хуралдааны явцад нэхэмжилсэн хохирлоос Цэцэн-хайрхан буудалд өмгөөлөгч О.Должиндэмид, хохирогч Б.Н нар 3 хоносны төлбөр гэх 120,000 төгрөгийн, Мандах буудалд хохирогч Ж.Н 3 хоносны төлбөр гэх 60,000 төгрөгийн, хохирогч Б.Н УБ-Тосонцэнгэлд ирсэн автобусны тийзний үнэ гэх 42,000 төгрөгийн, Б.Н Гандирс буудалд 1 хоносны төлбөр гэх 20,000 төгрөгийн, хохирогч Б.Н УБ-Тосонцэнгэлд ирсэн автобусны тийзний үнэ гэх 40,200 төгрөгийн, өмгөөлөгч О.Должиндэмид Улиастай-Тосонцэнгэлд ирсэн автобусны тийзний үнэ гэх 15,900 төгрөгийн, Б.Чын буяны ажилд Баянбүрд ХХК-иас авсан барааны үнэ гэх 152,000 төгрөгийн, 782,000 төгрөгийн, МТ ХХК-иас шатахуун авсан гэх 66,300 төгрөгийн, өмгөөлөгч О.Должиндэмид Орхон-Тосонцэнгэлд ирэхдээ 54-45ОРА дугаартай автомашинд шатахуун хийсний үнэ гэх 154,000 төгрөгийн, Цэцэн-Уул сумаас буяны ажлаар машин хөлслөхдөө хийсэн шатахууны үнэ гэх 90,000 төгрөгийн, 110,000 төгрөгийн, 300,000 төгрөгийн, 55,000 төгрөгийн, 70,000 төгрөгийн хохирлуудаас бусад нэхэмжилсэн хохирол нь холбогдох нотлох баримтгүй, хавсарган ирүүлсэн банкны орлого зарлагын баримтууд нь Б.Ч бусдад зодуулж, биедээ гэмтэл авсны улмаас эмчлүүлсэн болон түүний нас барсантай ямар хамааралтай болох нь тодорхойгүй, иргэдийн тодорхойлолтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна.\ХХ3, шүүх хуралдааны тэмдэглэл\,

Өөрөөр хэлбэл хохирогч Ж.Н, Б.Н нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад нэхэмжилсэн 11,527,027 төгрөгийн хохирлоос 5,243,427 төгрөгийн, шүүх хуралдааны явцад нэхэмжилсэн 5,056,200 төгрөгийн хохирлоос 2,018,200 төгрөгийн хохиролд холбогдох нотлох баримтууд хуульд заасан нотлох баримтын шаардлагыг хангаж байх ба Б.Ч бусдад зодуулж, биедээ гэмтэл авч эмчлүүлсэнтэй болон түүний нас барсан хэрэгт хамааралтай байна.

 

Түүнчлэн шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх явцад нэхэмжилсэн 636,810 төгрөгийн хохиролд холбогдох нотлох баримтууд хуульд заасан нотлох баримтын шаардлагыг хангаж байх ба дээрх хэрэгт хамааралтай байна.

 

Иймд Ж.Н, Б.Н нарт Б.Ч бусдад зодуулж, биедээ гэмтэл авч эмчлүүлсний улмаас болон түүнийг нас барсантай холбоотойгоор 7,898,437 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзэх үндэслэлтэй байна.

 

-Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Т.Отгонбаяр, П.Базардаргиа, Б.Сэргэлэнбаяр нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Шүүх хуралдаанд оролцох гэж эмч Т.Отгонбаяр, П.Базардаргиа нар нь Завхан аймгийн Улиастай сумаас 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ирсэн. Ирэхдээ 1 хүний 15,000 төгрөгийн замын зардал төлсөн. Буцахдаа мөн 1 хүний 15,000 төгрөгийн замын зардал төлнө. Ирээд 2 хоног Гандирс буудалд барласан. Буудлын хоногийн төлбөр 40,000 төгрөг, 2 хоногийн төлбөр 80,000 төгрөг болсон. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Тамгын газрын санхүүгээс ирж, очих зардлын 60,000 төгрөг, буудлын төлбөр 80,000 төгрөг, нийт 140,000 төгрөгийг гаргуулж авсан. Уг зардлыг буруутай этгээдээс гаргуулж Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Тамгын газарт олгуулж өгөхийг хүсье...” гэсэн мэдүүлэг \Шүүх хуралдааны тэмдэглэлд\,

-2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 16-ны өдөрт буудлын хөлсөнд 80,000 төгрөг хураасан Тосон тулга хоршооны тэмдэг бүхий Гандирс буудлын баримт, 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Завхан ШТС-аас шатахуун авсан 60,000 төгрөгийн баримт  \ХХ3\ зэрэг нотлох баримтуудаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Тамгын газраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 140,000 төгрөг зарцуулсан нь нотлогдож байна.

 

Тодруулбал,

2016 оны 9 дүгээр сарын 28-ны орой Завхан аймгийн Ттэй сумын Цорго багийн нутагт байрладаг Т.Нын хашааны гадна П.Б, Д.Д нар нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ очиж П.Б нь Б.Чтай маргалдаж, Д.Д нь Б.Мийг машинтайгаа хөдлөөд явах үед нь хаалганаас нь зүүгдэж чирэгдсэн байх ба улмаар хэсэг хугацааны дараа дахин тэр газар тааралдахдаа Д.Д нь “машинаасаа чирж явсан” гэдэг үл ялих зүйлээр шалтаглан  Б.Мыг, “урдаас нь агсарч дайрсан” гэдэг үл ялих зүйлээр шалтаглан Б.Чыг, П.Б нь “Өмнө уулзахдаа урдаас нь томорсон, давшилсан” гэдэг үл ялих зүйлээр шалтаглан Б.Чыг зодсон байна.

 

Д.Д  нь  Б.Чын  гэдэс  рүү  өшиглөж  зодсоны   улмаас

Б.Чын биед нойр булчирхайн сүүл, их бие хэсгийн няцрал, задрал гэмтэл буюу хүнд гэмтэл учирчээ.

 

Гэвч Б.Ч нь гэмтэл авсан даруйдаа эмнэлгийн байгууллагад хандахгүй хугацаа хожимдуулсан байх ба эмнэлэгт очсон үедээ өвчний шалтгаанаа буюу бусдад зодуулж гэмтэл авснаа нуун дарагдуулсны улмаас онош тодрохгүй удаж, зохих эмчилгээг шуурхай хийлгэж чадаагүйгээс амь хохирчээ.

 

Б.Ч нь бусдад зодуулсны улмаас биедээ гэмтэл авч эмчлүүлэхэд болон түүнийг нас барсны улмаас хохирогч Ж.Н, Б.Н нарт 7,898,437 төгрөгийн хохирол учирсан, мөн уг асуудалд холбогдох хэргийг шүүхээр хянан шийдвэрлэхэд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Тамгын газраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 140,000 төгрөг зарцуулагдсан болох нь нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт хийвэл:

2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр буюу тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд “Гудамж, талбай, орон сууц, нийтийн тээвэр, үзвэр, үйлчилгээний болон олон нийтийн бусад газарт хэрүүл маргаан, зодоон үүсгэсэн, бусдыг өдөөн хоргоосон, айлган сүрдүүлсэн, иргэдийн амгалан тайван байдал алдагдуулсан, олон нийтийг үл хүндэтгэсэн, үйлчилгээний болон дарааллын журам зөрчсөн бол 15,000 хүртэл төгрөгөөр торгох, эсхүл 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна” гэж, 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт “Бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхийг заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж зөрчил болон гэмт хэргийг ялгаатай байдлаар хуульчилжээ.

2016 оны 9 дүгээр сарын 28-ны орой Завхан аймгийн Ттэй сумын Цорго багийн нутагт байрладаг Т.Нын хашааны гадна Д.Д нь үл ялих зүйлээр шалтаглан Н.Чыг заамдсан үйлдэл нь гудамж талбайд бусдыг айлган сүрдүүлсэн буюу зөрчлийн шинжтэй, харин Б.Ц нь үл ялих зүйлээр шалтаглан Н.Чыг цохиж, өшиглөн зодсон үйлдэл нь бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн буюу гэмт хэргийн шинжтэй байна. 

Одоо мөрдөгдөж байгаа буюу 2015 оны Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилсан.

Эрүүгийн хуулийн уг зүйл, хэсгийн гол шинж нь “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчсөн” байх явдал юм.

Гэтэл Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Д.Дгийн зөрчлийн шинжтэй үйлдлийг Б.Цгийн гэмт хэргийн шинжтэй үйлдэлд хамруулан “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчсөн” гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн нь үндэслэлгүй байна.

2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч Б.Ц нь 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт заасан танхайрах гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдож байгаа боловч 2015 оны Эрүүгийн хуулиар дээрх үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй болсон учир 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлтэй байна.  

Эрүүгийн хууль буцаан хэрэглэх гэдэг нь нэгэнт батлагдсан, хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Эрүүгийн хуулийн тодорхой хэм хэмжээг уг хууль хүчин төгөлдөр болохын өмнө үйлдэгдсэн гэмт хэрэгт хэрэглэх ажиллагаа байдаг ба Б.Цгийн үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хууль үйлчилж байх цаг хугацаанд гэмт хэрэгт тооцогдож байсан боловч 2015 оны Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцогдохгүй болсон учир гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль буюу 2015 оны Эрүүгийн хуулийг үндэслэл болгон Б.Цг гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгахгүй байх нь зүйд нийцнэ.

Тодруулбал, Д.Д нь Н.Чыг айлган сүрдүүлсэн буюу зөрчлийн шинжтэй үйлдэл хийсэн, Б.Ц нь үл ялих зүйлээр шалтаглан Н.Чыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн буюу гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн ч одоо мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцогдохгүй болсон учир дээрх хүмүүст холбогдох “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчсөн” гэх хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй юм.

Иймд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Онцын тайж овогт Доржжүгдэрийн Д, Боржигон овогт Пын Б, Өөлд тайж овогт Баатарын Ц нарт холбогдох 201613010071 дугаартай эрүүгийн хэргээс О овогт Дийн Д, Ө овогт Б Ц нарт холбогдох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, Ө овогт Бын Цг цагаатгах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

2016  оны  9  дүгээр  сарын  28,  29-ний  өдрүүдэд  буюу  тухайн   үед   хүчин

төгөлдөр мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт “Бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхийг заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж, 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн бол гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилсан.

“Бусдыг илтэд үл хүндэтгэсэн” гэдэг нь нийгмийн хэв журмыг зөрчиж байгаагаа нийтэд илээр үзүүлэн харуулж буй үйлдэл байна. Энэ нь эрээ цээргүй авирлах, хүмүүсийг басан доромжлох, сануулгыг эс хайхран нийгэмд аюултай үйлдлээ удаан хугацаанд шургуу үргэлжлүүлэх зэрэг хэлбэрээр илэрч болдог.

“Хүч хэрэглэсэн” гэдэгт хүнийг зодох, бие эрхтэнд нь гэмтэл учруулах зэрэг биеийн хүч хэрэглэсэн аливаа үйлдлийг ойлгодог.

“Нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн” гэдэг нь нийгэм дэх хүмүүсийн харилцааны цогц, нийгмийн амгалан тайван байдал, хувь хүний эрх, эрх чөлөө, өмч хөрөнгийн бүрэн бүтэн байдал, төрийн болон нийгмийн институцийн хэвийн үйл ажиллагаанд халдсан үйлдлийг хэлдэг.

Д.Д нь Б.М, Б.Ч нарыг, П.Б нь Б.Чыг үл ялих зүйлээр шалтаглан зодсон үйлдэл нь өөр өөр объектод халдаж, тус тусдаа үйлдэгдсэн мэт харагдавч тухайн үйлдлүүд нь ижил цаг хугацаанд, нэг орон зайд, хамт явсан хүмүүсийн эрх, эрх чөлөөний эсрэг  болон тухайн орчин дахь хүмүүсийн амгалан тайван байдлын эсрэг үйлдэгдсэн, бусдад айдас түгшүүр төрүүлсэн, нийгэмд тогтсон дэг журмыг алдагдуулсан шинжтэй тул тэднийг танхайрах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт “Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан, өөрөөр хэлбэл амь биед нь аюултай гэмтэл учруулсан буюу хараа, сонсголгүй болгосон, эрхтнээс нь хагацуулсан, ажиллагаагүй болгосон, нүүрийг засрашгүй эвдэж дүрсийг алдагдуулсан, хүүхэд дутуу гаргуулсан буюу ураг зулбуулсан, сэтгэцийн өвчтэй болгосон, түүнчлэн хөдөлмөрийн чадварыг бүрмөсөн алдагдуулсан бол таваас дээш долоон жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж, 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт “Энэ гэмт хэргийг танхайн сэдэлтээр үйлдсэн бол долоогоос дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилсан.

Д.Д нь танхайрах явцдаа Б.Чыг зодож, түүний гэдэс рүү өшиглөсний улмаас Б.Чын биед хүнд зэргийн гэмтэл учирсан тул түүнийг танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэж үзэх үндэслэлтэй юм.

Өөрөөр хэлбэл тухайн хэрэг болох үед мөрдөгдөж байсан буюу 2002 оны Эрүүгийн хуульд зааснаар Д.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг, П.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн байна.

Одоо мөрдөгдөж байгаа буюу 2015 оны Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж, 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т “Энэ гэмт хэргийг бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах, амь насыг хохирох нөхцөл байдалд хүргэж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилсан.

2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт заасныг 2015 оны Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасантай харьцуулан үзэхэд :

1. 2002 оны Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс таван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан гэмт хэргийг хүндэвтэр гэмт хэрэг гэнэ” гэж, 2015 оны Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж хуульчилснаас үзвэл 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хүндэвтэр гэмт хэргийн ангилалд, 2015 оны Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

2. Оногдуулж болох ялын тухайд 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт доод хэмжээ нь 3 жилийн хорих ял оногдуулж болохоор байхад, 2015 оны Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт доод хэмжээ нь 1 жилийн хорих ял оногдуулах боломжтой байна.

3. 2002 оны Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт “Хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан тохиолдолд түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзвэл уг ялыг тэнсэж, нэгээс таван жилийн хугацаагаар хянан харгалзуулахаар тогтоож болно” гэж, 2015 оны Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 12 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж хуульчилсан ба 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хорих ял оногдуулсны эцэст тэнсэх боломжтой бол 2015 оны Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой байна.

Иймд 2015 оны Эрүүгийн хууль нь оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэж үзээд, хуулийг буцаан хэрэглэж шүүгдэгч П.Бийн үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас  Онцын тайж овогт Доржжүгдэрийн Д,  Боржигон овогт Пын Б нарыг олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийг бусдын амь нас хохирох нөхцөл байдалд хүргэж үйлдсэн гэж үзээд 2015 оны Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчилж шүүхэд ирүүлсэн.

 

Гэвч шүүгдэгч П.Б нь шүүгдэгч Д.Дтэй бүлэглэн танхайрсан буюу олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн хэдий ч амь хохирогч Б.Чын биед учирсан хүнд зэргийн гэмтэл түүний шууд үйлдлээс шалтгаалаагүй учир  Боржигон овогт Пын Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйд нийцнэ.

 

2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт заасныг 2015 оны Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасантай харьцуулан үзэхэд :

1. Оногдуулж болох ялын тухайд 2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт доод хэмжээ нь 7 жилийн, дээд хэмжээ нь 10 жилийн хорих ял оногдуулж болохоор байхад, 2015 оны Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт доод хэмжээ нь 2 жилийн, дээд хэмжээ нь 8 жилийн хорих ял оногдуулах боломжтой байна.

2. 2002 оны Эрүүгийн хуулийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасны дагуу хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн этгээд гэмт хэргийн хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан бол шүүх тухайн этгээдийн хувийн байдал, үйлдсэн хэргийнх нь шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж болох боловч ийнхүү хөнгөрүүлэн оногдуулах хорих ялын доод хэмжээ нь энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос хэтрэхгүй байна” гэж, 2015 оны Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж хуульчилснаас үзвэл ялыг шүүх хуульд заасны дагуу хөнгөрүүлсэн тохиолдолд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулж болох ялын доод хэмжээ нь 4 жил 8 сарын хугацаагаар хорих ял, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулж болох ялын доод хэмжээ нь 1 жилийн хугацаагаар хорих ял, дээд хэмжээ нь 4 жилийн хорих ял байна.

 Иймд 2015 оны Эрүүгийн хууль нь оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэж үзээд, хуулийг буцаан хэрэглэж шүүгдэгч Д.Дгийн үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчилж шүүхэд ирүүлснийг үндэслэлтэй гэж үзэв.

Харин Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч Д.Дг олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийг бусдын амь нас хохирох нөхцөл байдалд хүргэж үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэнийг үндэслэлгүй гэж үзлээ.

Учир нь олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийг үйлдэж буй этгээд нь тухайн гэмт үйлдлээ хэрэгжүүлэх явцдаа хохирогчийн бие эрхтэн, эрүүл мэндэд шууд халдаагүй ч түүний үйлдлийн үр дагавар нь бусдыг амь хохирох нөхцөлд хүргэхийг “бусдын амь нас хохирох нөхцөл байдалд хүргэсэн” гэж үздэг.

Гэвч шүүгдэгч Д.Дгийн хувьд олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт үйлдлээ хэрэгжүүлэх явцдаа хохирогчид шууд довтолж, түүний улмаас хохирогчийн биед хүнд гэмтэл учирсан байна.

Харин Б.Чын амь хохирсон нөхцөл байдал нь хохирогч гэмтэл авснаас хойш хугацаа алдаж эмнэлгийн байгууллагад хандсан бөгөөд өвчний оношоо нуун дарагдуулснаас онош хурдан хугацаанд зөв тодрох нөхцөлийг бүрдүүлээгүй, түүнээс үүдэлтэй зохих эмчилгээ хийгдэж амжаагүйтэй хамааралтай юм.

Иймд шүүгдэгч О овогт Дийн Дг олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийг бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овогт Пын  Бийг  олон  нийтийн  амгалан  тайван  байдал алдагдуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Д.Д, П.Б нарт  ял шийтгэл оногдуулахад харгалзан үзвэл зохих хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Д, П.Б нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанд гэм буруугийн асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанаар тэднээс тус бүрээс гаргуулахаар шийдвэрлэсэн хохирол 3,949,219 төгрөгийг хохирогч Ж.Н, Б.Н нарт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 70,000 төгрөгийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Тамгын газарт төлж барагдуулсан талаарх баримтуудыг шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүгдэгч Д.Д нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би талийгаач Б.Чын гэдэс рүү өшиглөсөн нь үнэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тийм учраас хохирогч нарт хохирлыг төлж барагдуулсан болно” гэсэн болно.

Улсын яллагч Б.Ганзориг, хохирогч нарын өмгөөлөгч О.Должиндэмид нар нь шүүхээр хэргийг хэлэлцэх явцад Д.Д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд шүүхээс түүнийг гэм буруутай гэж тооцсоны дараа гэм буруугаа хүлээж байгаа явдлыг гэм буруугаа хүлээсэн гэж үзэх боломжгүй гэж, шүүгдэгч Д.Дгийн өмгөөлөгч С.Энхболд нь шүүх ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугаа хүлээсэн эсэхийг харгалзан үздэг бөгөөд шүүх эцсийн шийдвэр гаргахаас өмнө шүүгдэгч гэм буруугаа хүлээж байгааг гэм буруугаа хүлээсэн гэж үзнэ, хуульд гэм бурууг хэдийд хүлээснийг тооцох талаар зохицуулалтгүй учир шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн ба шүүх өмгөөлөгч С.Энхболдын дээрх дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэв.

Иймд шүүгдэгч Д.Д, П.Б нарт  ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч нарт учирсан хохирлыг төлж барагдуулсан нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч О овогт Дийн Дд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж , хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь, шүүгдэгч Б овогт  Пын  Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж үзлээ.

Харин шүүгдэгч П.Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасныг баримтлан түүнийг 2 /хоёр/ жилийн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хязгаарлах нь зүйд нийцнэ.

Шүүгдэгч Д.Дд хорих ял оногдуулахаар шийдвэрлэж буй учир түүний мөрдөн шалгах ажиллагааны явцад 40 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцохоор шүүхийн шийдвэрт зааж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шийдвэрийг танилцуулан сонсгосноос хойш цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хорих ялын биелэлтийг тухайн цаг үеэс эхлэн тоолох нь үндэслэлтэй юм.

Мөн шүүгдэгч Д.Д, П.Б нар нь хохирогч Ж.Н, Б.Н нарт гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 7,898,437 төгрөгийг, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Шүүхийн тамгын газарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 140,000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, энэ шийтгэх тогтоолоор шийдвэрлэгдээгүй зардлуудыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй юм.

Шүүгдэгч Д.Д, П.Б нар нь баримтаар тогтоогдсон, шүүхээс гаргуулахаар шийдвэрлэсэн хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг төлж барагдуулсан тул,мөн  шүүхээс шүүгдэгч Б.Цг цагаатгаж шийдвэрлэж буй тул тэдний хувьд оногдох эд хөрөнгийг битүүмжилсэн тогтоолуудыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-ийг 201613010071 дугаартай эрүүгийн хэрэгт хавсаргаж хадгалах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4,5 дахь хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Д, П.Б, Б.Ц нарт холбогдох 201613010071 дугаартай эрүүгийн хэргээс Д.Д, Б.Ц нарт холбогдох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.Цг цагаатгасугай.

2. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Б овогт Пын Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.

3.Шүүгдэгч Д.Дг олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийг бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч П.Бийг олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

4. Шүүгдэгч Д.Дг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бд хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасныг баримтлан 2 /хоёр/ жилийн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хязгаарласугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дгийн цагдан хоригдсон 40 /дөч/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасныг баримтлан шүүгдэгч Д.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг уншиж сонсгосон үеэс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хорих ялын биелэлтийг 2018 оны 11 дүгээр  сарын 17-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9. Шүүгдэгч Д.Д, П.Б нар нь хохирогч Ж.Н, Б.Н нарт гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 7,898,437 төгрөгийг, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Шүүхийн тамгын газарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 140,000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, энэ шийтгэх тогтоолоор шийдвэрлэгдээгүй зардлуудыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан шүүгдэгч Д.Д, П.Б, Б.Ц нарын хувьд оногдох эд хөрөнгийг битүүмжилсэн тогтоолуудыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-ийг 201613010071 дугаартай эрүүгийн хэрэгт хавсаргаж хадгалсугай.

11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч П.Бд анхааруулсугай.

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Ц нь гэмт хэрэгт холбогдон шалгагдсанаар өөрт нь хохирол учирсан гэж үзвэл гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болно.

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

15. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.УРТНАСАН