| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2018/0045/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/47 |
| Огноо | 2018-11-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ганзориг |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн
2018 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 2018/ШЦТ/47
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг даргалж,
Улсын яллагч Б.Ганзориг,
Хохирогч Ч.Д,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баттулга
Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ц
Шүүгдэгч Б.Н
Нарийн бичгийн дарга Э.Нарангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор хууль цаазын дэд зөвлөх Б.Ганзоригийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Нд холбогдох эрүүгийн 1824000000000 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: ****************************************
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/ Шүүгдэгч Б.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 26-нд шилжих шөнө 02 цаг 30 минутын орчимд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Идэр багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Б.Нгийн гэрт Ч.Дтой маргалдаж, улмаар толгойн тус газарт нь гар, галын хайч зэргээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Б.Н нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Ч.Дтой маргалдаж түүний толгойн тус газарт галын хайч болон гараараа цохисон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Прокуророос сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид хохирол төлбөрийг төлсөн. Миний үйлдлийн улмаас хохирогч нь зайлшгүй эмчилгээ хийлгэх шаардлагатай бол түүний эмчилгээний зардлыг төлөхөд бэлэн.” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 26-нд шилжих шөнө Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Идэр багийн нутаг дэвсгэрт байрлах Б.Нгийн гэрт хохирогч Ч.Дтой маргалдаж, улмаар толгойн тус газарт нь гараараа болон галын хайчаар цохиж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч Ч.Дийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 26-нд шилжих шөнө 22 цагийн үед Б.Нгийн гэрт ороход Ц.Б, Б.Н, Ч.Н, Б.Н, З.Б, Б.Б нар байсан. Бид нар Б.Нгийн гэрт монгол архи ууж байхад Б.Н над руу “танай охин миний гараар орсон, янхан” гээд хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод байхаар нь би наад асуудлаа эрүүл дээ хэл гэтэл миний үгэнд орохгүй байсан. Тэгэхээр нь би Б.Н лүү пивор сав аваад шидтэл оноогүй. Гэтэл Б.Н босч ирээд гараараа миний нүүр, толгойн хэсэгт 3-4 удаа цохиод, мөн галын хайчаар 2-3 удаа цохисон. Тэгтэл миний толгойноос цус гарахаар нь гараад зугтаасан. Удалгүй эмнэлгийн машин болон цагдаа ирсэн. Би толгойдоо 6 оёдол тавиулсан. Б.Н Улаанбаатар хотод очиж эмнэлэгт үзүүлсэн эмчилгээний зардал мөнгийг өгсөн. Одоо миний толгой эргэдэг, эмч хүнд зүйл өргөж болохгүй, мөн эмчилгээ хийлгэсний дараа дахин ирж үзүүлэх шаардлагатай гэсэн тул цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү. Одоо надад гомдолгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 4-6-р хуудас/,
Гэрч Б.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 25-ны орой манайд Ц.Б, Б.Н, Ч.Д, Д.Б нар орж ирсэн. Ц.Б, Б.Н нар 5 литрийн савтай монгол архи гаргаж ирэхэд Ч.Д хүмүүст архийг хундгалсан. Тэгээд нилээн орой болж байтал Б.Н Ч.Д руу “танай хүүхдүүд янхан, миний гараар орсон” гэж хэл амаар доромжлоход тэр хоёр муудалцсан. Ч.Д ууж байсан монгол архины савыг Б.Н лүү шидтэл оноогүй. Б.Н босч ирээд Ч.Дийн толгойн хэсэгт гараараа 3-4 удаа, мөн манай галын хайчаар толгой руу 2-3 удаа цохиход Ч.Дийн толгойноос цус гарсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-17-р хуудас/,
Гэрч З.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 25-ны орой Б.Нгийнд Ч.Нн хамт мод ачиж ирээд хоол идэж байтал Ч.Д орж ирсэн. Удалгүй Ц.Б, Б.Н нар 5 литрийн савтай монгол архи барьж орж ирсэн. Ч.Д архийг аягалаад хүмүүст өгч байсан. Гэтэл Б.Н Ч.Д руу “Танай охидуудыг байранд би бүгдийг эдэлсэн, янхан” гээд хэл амаар доромжлоод салавч өгөөд орилоход Ч.Д наад үгээ эрүүл дээрээ хэл гэж байсан. Ч.Д тэсэхээ байгаад ууж байсан архины пивор савыг Б.Н лүү шидэхэд оноогүй. Б.Н босож ирээд Ч.Дийн толгойн хэсэгт гараараа 3-4 удаа, мөн галын хайчаар толгойн зулайн хэсэгт цохиход Ч.Дийн толгойн зулайн хэсгээс цус гарч эхэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8-р хуудас/,
Гэрч Ч.Нн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 25-ны орой 22 цагийн орчимд Б.Нгийнд З.Бийн хамт мод ачиж ирээд хоол идэж байтал Ч.Д орж ирсэн. Удалгүй Ц.Б, Б.Н нар 5 литрийн савтай монгол архи барьж орж ирсэн. Ч.Д архийг аягалаад хүмүүст өгч байсан. Гэтэл Б.Н Ч.Дийг хэл амаар доромжилж эхэлсэн. Б.Н нь Ч.Д руу “Танай охидуудыг байранд би бүгдийг эдэлсэн, янхан” гээд хэл амаар доромжлоод, хэлэх хэлэхгүй үгээр хэлээд салавч өгөөд орилоход Ч.Д наад үгээ эрүүл дээрээ хэл гэж байсан. Ч.Д тэсэхээ байгаад ууж байсан архины пивор савыг Б.Н лүү шидэхэд оноогүй. Б.Н босож ирээд Ч.Дийн толгойн хэсэгт гараараа 3-4 удаа, мөн галын хайчаар толгойн зулайн хэсэгт цохисон. Гэтэл Ч.Дийн толгойн зулайн хэсгээс цус гарч эхэлсэн...” гэсэн мэдүүлгүүд болон Завхан аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 182113 тоот “...Ч.Дийн биед гэмтэл учирсан байна. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 3-4 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой духны зүүн дээд хэсэгт шарх, 2 нүдний зовхи, нүдний алимны зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Ч.Дийн биед учирсан духны зүүн дээд хэсэгт шарх, 2 нүдний зовхи, нүдний алимны зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг саринуулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 39-40-р хуудас/, Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн өвчний түүх, Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн эмчийн үзлэг хийсэн тодорхойлолт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Б.Нд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Прокуророос шүүгдэгч Б.Нд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж, ял сонсгон хэргийг шүүхэд шилжүүлснийг хянавал шүүгдэгч нь прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлага, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шаардлагыг хангасан байна
Шүүгдэгч Б.Нгийн “...Би Б.Нгийн гэрт архи ууж байгаад Ч.Дтой үл ялих зүйлээс болж маргалдаж түүний толгойн хэсэгт гараараа 3-4 удаа, мөн галын хайчаар толгой руу нь цохисон нь үнэн...” гэж гэмт хэрэг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай тохирч байх тул шүүх түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Б.Нгийн хохирогч Ч.Дийн толгойн тус газарт нь гараараа болон галын хайчаар цохисон үйлдэл, хохирогч Ч.Дийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол буюу гэмтэл нь өөр хоорондоо шууд шалтгаант холбоотой байх бөгөөд түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байна.
Иймд шүүгдэгч Б.Нгийн үйлдлийг прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Б.Н нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “...урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байх бөгөөд түүнд ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Н нь хохирогчид хохирол төлбөрт 1,400,000 төгрөг төлсөн, хохирогч гомдолгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн хувьд ногдох эд хөрөнгөөс 2 тооны бод малыг битүүмжилсэн прокурорын 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 5 дугаартай тогтоол, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хохирогч Ч.Д нь “..Одоо миний толгой эргэдэг, эмч хүнд зүйл өргөж болохгүй, мөн эмчилгээ хийлгэсний дараа дахин ирж үзүүлэх шаардлагатай гэсэн тул цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү...” гэсэн тайлбараас үзэхэд хохирогчийн цаашид эмчид үзүүлэх эмчилгээ хийлгэх зардлыг тооцоолох боломжгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, цаашид гарах эмчилгээ зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Б.Нгийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Б.Нгийн галын хайчийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, галын хайчны үнэ 6,000 төгрөгийг шүүгдэгч Б.Нгээс гаргуулж, Б.Нд олгох нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н нь оногдуулсан торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын дотор төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид хохирол төлбөр төлсөн, хохирогч гомдолгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгчийн хувьд ногдох хөрөнгөөс 2 тооны бод мал битүүмжилсэн прокурорын 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 5 дугаартай тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ч.Д цаашид гаргах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Б.Нгийн галын хайчийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, галын хайчны үнэ 6000 төгрөгийг шүүгдэгч Б.Нгээс гаргуулж, Б.Нд олгосугай.
9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ