| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 170/2021/0099/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/96 |
| Огноо | 2021-09-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Чулуунхүү |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 2021/ШЦТ/96
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Намхайдагва, Улсын яллагч Б.Чулуунхүү, Шүүгдэгч В.Гүжирмэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн В.Гүжирмэгт холбогдох 2123000000116 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1976 оны 10 дүгээр сарын 28-ны өдөр Завхан аймгийн Отгон суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн Отгон сум Хужирт багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Хайнзан овогтой Ваанчигийн Гүжирмэг, регистрийн дугаар ИЙ76102811.
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг: Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Төрболдоос шүүгдэгч В.Гүжирмэгийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч В.Гүжирмэг нь 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн Отгон сумын Онц багийн нутаг “Чихэртэйн ам” гэх газарт иргэн Л.Алтанцэцэгийг танхайн сэдэлтээр нүүрэн тус газар нь гараараа цохих, мотоциклоор мөргөх зэргээр дээд уруулд нь шарх, дээд эрүүний баруун 2-р шүд 1-р зэргийн хөдөлгөөн, хүзүүний зүүн ард зулгаралт, баруун гуяны гадна дунд хэсэгт цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: 1. Хохирогч Л.Алтанцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх Отгон сумын иргэдээс хувиараа ямаа худалдаж аваад худалдаж авсан ямаануудаа тариулах гээд Чихэртэй гэдэг газар Амар ахынд байж байсан чинь Гүжирмэг гэдэг залуу мотоциклтойгоо ирээд малын хашааны хажууд зогсоод надаас юм асуугаад байх шиг байсан боловч би сонсохгүй байсан болохоор хариулж чадахгүй байсан чинь Гүжирмэг “Чи яасан том баян пизда вэ” гэж хэлээд гараа зангидаж хүрч ирээд миний нүүр рүү маш хүчтэй цохиж авсан болохоор тэр дороо би газар уначихсан. Тэгээд миний хамар амнаас цус гоожоод унасан болохоор цусаа тогтоох гээд машин руугаа гүйгээд очсон чинь манай нөхөр араас хүрч ирээд “согтуу хүний хийж байгаа ажил цагдаа гэхээр бөөн ажил болно ямаагаа тариулсны дараа хоёулаа цагдаад хэлье” гэхээр нь би “за тэгвэл тэгье” гэж хэлээд цусаа тогтоочхоод малын хашаан дээр буцаж ирсэн чинь Гүжирмэг мотоциклоо асааж хүрч ирээд миний хөл рүү дайрчихсан. Харин аз болж миний хөл гар гэмтээгүй өнгөрсөн. Тэгээд намайг дайрсан чинь манай нөхрийн уур нь хүрсэн бололтой малын хашаанаас гарч ирээд мотоциклыг нь цааш нь түлхэж унагаагаад түлхүүрийг нь булааж авсан чинь Гүжирмэг “Та нарыг бүгдийг чинь буудаж ална” гэж хэлээд яваад өгсөн. Отгон сумын нутаг Чихэртэйн ам гэдэг газар 2021 оны 07 дугаар сарын 27-ны 12 цагийн орчимд болсон. Тухайн үед гадаа гэгээтэй цаг агаар тогтуун тэнгэр цэлмэг байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/, 2. Гэрч Б.Эрдэнэчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр Чихэртэй аманд Амар ахын малын хашаанд ямаанд тарилга хийгээд байж байсан чинь Гүжирмэг ах гэрээсээ ирж байсан. Тэгээд малын хашаан дээр ирж байж байгаад Алтанцэцэг эгчийг шууд цохиод унагаачихаар нь би Бадралыг тэр хоёрыг салгаач гэж хэлээд явуулсан. Тэгээд би жаахан хол байсан болохоор ямаандаа тариагаа хийгээд байж байсан чинь Гүжирмэг ах мотоциклоо асаагаад Алтанцэцэг эгчийг дайрах гээд ухасхийсэн чинь Бадрал дундуур нь орох шиг болсон тэгээд Гүжирмэг ах мотоциклоороо малын хашаа дайрчих шиг болсон. Тэгээд Алтанцэцэг эгч цагдаа дуудна гээд сумын төв явсан. Гүжирмэг ах гэр рүүгээ явсан. 2021 оны 07 дугаар сарын 27-ны өглөөний 11 цагийн орчимд Отгон сумын Онц багийн нутаг Чихэртэй гэдэг газар болсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/, 3. Гэрч Р.Бадралын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр манай эхнэр бид хоёр Чихэртэйн аманд айлын мал тарьж өгөөд малын хашаан дээр байсан чинь Гүжирмэг гэрээсээ мотоциклтойгоо ирж байгаа харагдсан. Тэгээд ирээд нэг их удаагүй байж байснаа малын хашааны үүдэн дээр байсан Алтанцэцэг эгчийг шууд цохиод унагаачихсан. Тэгэхээр нь би гүйж очоод салгачхаад буцаж ирээд ахиад малдаа тариа хийгээд байж байсан чинь Гүжирмэг мотоциклоо асааж хүрч ирээд Алтанцэцэг эгчийг дайраад унагаачихсан. Тэгэхээр нь Мягмар ах бид хоёр гүйж очиж салгаад Алтанцэцэг эгчийг сумын төв рүү явуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/, 4. Шүүгдэгч В.Гүжирмэгийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 27-ны өглөө манай дүү нар хойноос ирээд хөдөө байж байгаад дүү нарынхаа хамт гурвуулаа нэг шил 0.75 литрийн соёрхол нэртэй архи хувааж уусан. Тэгээд тэрийгээ уучхаад гүүгээ уячхаад Алтанцэцэг гээд хүний малыг маллаж байгаа манай эхнэрийн эгч Өлгийт малдаа тарилга хийж байна гэхээр нь ажлаас нь тусалцах санаатай очсон. Тэнд очсон чинь Алтанцэцэг гэх хүн “Хашааныхаа үүдэнд зогсчхоод муу сайн архичид зайл чамайг мэднэ” гээд байхаар нь уур хүрээд зүүн гарынхаа араар савчихсан чинь нүүр рүү нь эрүүнийх нь орчим цохичихсон. Тэгээд би Алтанцэцэг эгч уучлаарай муухай юм болчихлоо гээд араас нь уучлалт гуйгаад явсан чинь Алтанцэцэг муу архичин зайл чамайг шоронд хатаанаа гээд тэгснээ миний нүүрний баруун шанааны хэсэгт хумсаараа маажсан. Тэгэхээр нь миний уур хүрээд мотоцикл дээрээ суугаад Алтанцэцэг эгчийг дайрна гэж хэлээд ухасхийгээд хашаа мөргөөд зогссон. Тэгээд Бадрал гээд залуу, Мягмар нар хүрч ирээд намайг хориглоод боль гээд би жоохон сууж байгаад тайвшраад тэгээд яваад өгсөн. Тэгээд гэртээ хариад унтаад өгсөн. ...Гэм хийсэн буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өөр хэлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/, 5. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 02- ны өдрийн 000000263 дугаартай “...Иргэн Л.Алтанцэцэгийн биед гэмтэл учирсан байна. Иргэн Л.Алтанцэцэгийн биед дээд уруулд шарх, дээд эрүүний баруун 2-р шүдний 1-р зэргийн хөдөлгөөн, хүзүүний зүүн ард зулгаралт, баруун гуяны гадна дунд хэсэгт цус хуралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. Тухайн гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Иргэн Л.Алтанцэцэгийн биед учирсан дээд уруулд шарх, дээд эрүүний баруун 2-р шүдний 1-р зэргийн хөдөлгөөн, хүзүүний зүүн ард зулгаралт, баруун гуяны гадна дунд хэсэгт цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 21-22-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна. Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан, зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн гэрч нарын мэдүүлэг нь хэргийн үйл баримтын талаар зөрүүгүй тусган мэдүүлсэн байх ба энэ нь хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байна. Шүүгдэгч В.Гүжирмэгийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарч байх бөгөөд мөн бүлгийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч В.Гүжирмэгийн бусдын хуулиар хамгаалагдсан эрхэд халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Л.Алтанцэцэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Шүүгдэгч В.Гүжирмэгийн бусдыг цохиж буй үйлдэл нь хүний эрүүл мэндэд хохирол учруулна гэдгийг ухамсарлах боломжтой байсан хэдий ч түүнийг хүсэж үйлдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. Иймд шүүгдэгч В.Гүжирмэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч В.Гүжирмэг нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд хохирогч Л.Алтанцэцэг нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр нэхэмжлээгүй байна. Энэ нь хохирогч Л.Алтанцэцэг болон шүүгдэгч В.Гүжирмэг нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч В.Гүжирмэгийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч В.Гүжирмэгийг шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй. Шүүгдэгч В.Гүжирмэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч В.Гүжирмэг урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 36-р хуудас/ Прокуророос шүүгдэгч В.Гүжирмэгт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянахад бүрэн хангагдсан байна. Мөн түүнд хүлээлгэх прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэж байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой байна. Иймд шүүх шүүгдэгч В.Гүжирмэгт улсын яллагчийн сонсгосон ялын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв. Шүүх шүүгдэгчийн хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов. Харин шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч В.Гүжирмэг нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хайнзан овогт Ваанчигийн Гүжирмэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Гүжирмэгийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Гүжирмэгт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.Гүжирмэг нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
5. Шүүгдэгч В.Гүжирмэг нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч В.Гүжирмэгт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ