Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 00016

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 9-36 тоотод оршин суух Далай М-ын Ш-ын Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Хөвсгөл аймгийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/362 дугаартай “Захиргааны актын илэрхий алдааг засаж, захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай” захирамж илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэл,

Гуравдагч этгээд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 9-49 тоотод оршин суух Барнууд Г-ийн Ц-ын Хөвсгөл аймгийн Засаг дарга, Мөрөн сумын Засаг, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдуулан гаргасан “Мөрөн сумын Засаг даргын 2006 оны 90 дүгээр захирамжийн 2 дугаар хавсралтын 7-д бичигдсэн газар эзэмшигч Б.Л-д холбогдох хэсгийн газрын хэмжээ, газар эзэмших хугацааг засварласныг илт хууль бусад тооцуулах, иргэн Б.Л-ийн газрын хэмжээ, эзэмших хугацааг газар эзэмшигчийн гэрээ, гэрчилгээнд бичигдсэнээр залруулан өвлөгч Г.Ц-ын нэр дээр Хөвсгөл аймгийн Засаг даргын захирамжаар баталгаажуулахыг аймгийн Засаг даргад даалгуулж, газар эзэмших эрхийн гэрээг шинэчлэн байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн олгохыг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгах, Мөрөн сумын Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 43 тоот захирамжаар “Дулаан Эрчим” хоршооны захирал Г.С нь Эд хэрэглэгчдийн хоршоодын холбооны эзэмшлийн 450 м2 газрын эзэмших эрхийг шилжүүлэн өгснийг хууль бус болохыг тогтоож, захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” бие даасан шаардлага,

Гуравдагч этгээд “Хөвсгөл аймгийн Эд хэрэглэгчдийн хоршооллын холбоо” НҮТББ-ийн Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Хөвсгөл аймгийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А/120 дугаартай захирамжийн 2 дугаар хавсралтын /газар эзэмших гэрээ, гэрчилгээ шинэчлэх/ 9 дүгээр мөрний М.Шагжжавт /РЮ66111877/ холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох” бие даасан шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Б, нэхэмжлэгч М.Ш, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б, хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ч, хариуцагч Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Г, хариуцагч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Ц, түүний өмгөөлөгч Т.Д, В.Э, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Хөвсгөл аймгийн Эд хэрэглэгчдийн хоршооллын холбоо” НҮТББ-ын захирал П.Б, түүний төлөөлөгч Б.Б, өмгөөлөгч Г.Т нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Ш шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие М.Ш нь Хөвсгөл аймгийн Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А/362 дугаартай захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. ... Миний бие захирамжийг гардан авснаас хойш гомдол гаргах 30 хоногийн хугацаанд биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан гомдол гаргаж чадаагүй. Аймгийн Засаг дарга миний тухайн үед гаргасан гомдлыг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх шалтгаанаар хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэх хариу өгч, мөн хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх хүсэлтийг минь хүлээж авалгүй шийдвэрлэсэн. Иргэн Ц-ийн өргөдлөөр миний газар эзэмших эрхэд халдаж, 600 гаруй м2 газрыг хасаж багасган шийдвэрлэх нь аймгийн Засаг дарга Л.Г болон түүний хамаарал бүхий этгээдүүдэд ашигтай. Тодруулбал маргаан бүхий газар нь Г.Ц-тай хөрш газар бөгөөд аймгийн Засаг дарга Л.Г-ын төрсөн дүү Л.Ч нь иргэн Г.Ц-ийн талийгаач нөхөр Л-ээс түүний удирдаж байсан Хөвсгөл аймгийн Эд хэрэглэгчдийн хоршоодын холбоо НҮТББ-ын эзэмшлийн газраас 3000 гаруй м2 газрын эзэмших эрхийг өмнө нь шилжүүлэн авсан байдаг бөгөөд улмаар одоо Г.Ц-ийн эзэмшилд байгаа газар дээр миний эзэмшиж байсан /энэ маргаан бүхий захирамжаар хүчингүй болгосон/ 600 гаруй м2-ыг хасаж, зөрүүлээд Ц-д нэмж эзэмшүүлэх санаархал байна гэж би үзэж байгаа юм. ... Ийнхүү огт худал, илт хууль бус үндэслэл гаргаж тавьсан байсан тул хуульчид хандаж зөвлөгөө авахад ... маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагаас хамааран түүнд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь өөр байдлаар тооцогддог. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-т зааснаар илт хууль бусад тооцуулах шаардлагаар захиргааны байгууллага албан тушаалтанд гомдол гаргах тохиолдолд хэдийд ч хандах эрхтэй ... хуулийн зохицуулалттай болохыг олж мэдсэн. ... Эрх ашиг нь хөндөгдсөн гэж үзэж гомдол гаргах эрхтэй байж болох субьект нь Хөвсгөл аймгийн Эд хэрэглэгчдийн хоршооллын холбоо НҮТББ байхад Б.Ц гэх огт хамааралгүй этгээдийн гомдлоор миний газар эзэмших эрхэд халдаж байгаа шийдвэр нь илт хууль бус юм.

Иймд Хөвсгөл аймгийн Засаг даргын 2018.06.15-ний өдрийн А/362 дугаартай Захиргааны актын илэрхий алдааг засаж, захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай захирамж нь илт хууль бус болохыг тогтоож өгнө үү.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Х шүүхэд гаргасан тайлбартаа: “... Захиргааны байгууллага албан тушаалтанд өөрийн гаргасан актынхаа алдааг засах эрх буюу зөвшөөрөл нь 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Захиргааны ерөнхий хуулиар олгогдсон. Гэтэл Хөвсгөл аймгийн Засаг дарга өөрийн 2014 онд гаргасан захирамжийнхаа алдааг 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр засаж захирамж гаргахдаа 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн хуулийн заалтыг баримталж, хуулийг буцаан хэрэглэсэн нь үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл, аймгийн Засаг дарга өөрийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш гаргасан актынхаа алдааг л засах боломжтой бөгөөд түүнээс өмнө гаргасан актын алдааг засах, түүнчлэн эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэх эрх хуулиар олгогдоогүй, зөвшөөрөгдөөгүй юм. Захиргааны үйл ажиллагааны зарчим бол хуулиар зөвшөөрснөөс бусдыг хориглох суурь зарчимд үндэслэх ёстой тул захиргааны актын алдааг зассан шийдвэр үндэслэлгүй байна.

Аймгийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/362 дугаартай “Захиргааны актын илэрхий алдааг засаж, захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай” захирамжид дурдагдсан газар нь иргэн Ц-ын хууль ёсны эзэмшлийн газар мөн эсэх талаар хуулийн байгууллагын ямар ч шийдвэр гараагүй, иргэн Г.Ц-ын эзэмшил мөн эсэх нь тогтоогдоогүй байна.

Захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа захиргааны үйл ажиллагааны “бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах, хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчмуудад нийцүүлэн үйл ажиллагаагаа явуулах үүрэгтэй бөгөөд дээрх зарчмуудыг зөрчсөн байна.

Нэхэмжлэгч М.Ш өөрийн эзэмшсэн 450 м2 газар дээрээ 631 м2 газрыг нэмэгдүүлж эзэмшихдээ “Дулаан-Эрчим” хоршооны даргаар ажиллаж байсан Сүхбаатар гэх хүнээс 3 000 000 төгрөгөөр маргаан бүхий газрыг худалдан авч эзэмшсэн бөгөөд тус газар нь “Дулаан-Эрчим” хоршооны түлээний хашааны зориулалтаар хашаалан ашиглаж байсан газар буюу сүүлд С гэх хүн амьд сэрүүн ахуйдаа өөрийн эзэмшилд байлгаж арчилж тордож байсан газар юм. Тухайн үед С-ын эзэмшлийнх гэдэгтэй хэн ч маргаж байгаагүй юм. Түүнчлэн “Дулаан-Эрчим” хоршоо нь хуучнаар худалдаа бэлтгэлийн удирдах газраас салбарласан хоршоо бөгөөд Эд хэрэглэгчдийн хоршоодын холбоо, “Дулаан-Эрчим” хоршоо зэрэг нь зэрэгцэн байршиж байсан тул түлээний хашааг Эд хэрэглэгчдийн хоршооноос тусгаарлан өөрийн эзэмшил газарт багтаан хашсан байсан юм. Тодруулбал “Дулаан-Эрчим” хоршооны эзэмшилд үлдсэн түлээний хашааны газар нь хуучнаар худалдаа бэлтгэлийн удирдах газрын түлээний хашаа байсан газар бөгөөд иргэн Ц болон түүний нөхөр Л нарт огт хамааралгүй газар бөгөөд энэ талаар гомдол шаардлага гаргах ямар ч эрх иргэн Ц-д байхгүй юм. Харин “Дулаан-Эрчим” хоршооны түлээний хашаа байсан газрын эзэмших эрхтэй маргах эрх нь одоо улсын бүртгэлд хууль ёсоор бүртгэлтэй байгаа Эд хэрэглэгчдийн хоршоодын холбоонд хадгалагдаж байгаа болохыг дурдах нь зүйтэй байна. Сүхбаатар гэх хүнийг амьд сэрүүн байхад иргэн Ц огт маргаж байгаагүй бөгөөд тухайн газрын шударга эзэмшигч нь Сүхбаатар гэдгийг хүлээн зөвшөөрдөг байсан юм. Энэ үед Ц-ын талийгаач нөхөр Л нь худалдаа бэлтгэлийн удирдах газрын ажилчдын байр байсан улаан дүнзэн байрыг тэр чигт нь авч өөрийн эзэмшилд авсан байсан тул “Дулаан-Эрчим” хоршооны газартай маргадаггүй байсан. Учир нь ийм маргаан үүсгэвэл талийгаач Л-ийн өөрийн хууль бус эзэмшлийн асуудал сөхөгдөх тул маргах шаардлага байгаагүй бөгөөд хувьчлалаар “Дулаан-Эрчим” хоршооны эзэмшилд үлдсэн газрын шударга эзэмшигч буюу тухайн газартай холбоотой, цаашид эрх шилжүүлэх эрх С гэх хүнд үлдсэн тул М.Ш худалдаж, улмаар М.Ш кадастрын зураг хийлгүүлэн өөрийн эзэмшилд нэмж авсан нь хуульд нийцсэн гэж үзэж байна.

Аймгийн Засаг дарга Л.Г нь иргэн Ц ашиг сонирхлын зөрчилтэй юм. Учир нь маргаан бүхий газрын хөрш зэргэлдээ газрыг Г.Ц-ын талийгаач нөхөр Лхамсүрэн аймгийн Эд хэрэглэгчдийн хоршоодын холбооны даргаар ажиллаж байхдаа хууль бусаар, эрх мэдлээ хэтрүүлэн худалдаж бусдын эзэмшилд шилжүүлсэн байдаг бөгөөд тухайн газрыг 2016 оноос аймгийн Засаг дарга Л.Ганболдын төрсөн дүү Л.Ч эзэмшдэг юм. Л-ээс газар эзэмших эрхийг хууль бусаар шилжүүлсэн асуудлаар “Хөвсгөл аймгийн эд хэрэглэгчдийн хоршоодын холбоо” НҮТББ-аас Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдуулан түүний гаргасан захирамжийг хүчингүй болгуулахаар Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан бөгөөд захиргааны хэрэг үүсгэн шалгаж байна. Аймгийн Засаг дарга Л.Г нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7 дахь хэсэгт зааснаар “ашиг сонирхлын зөрчилтэй захиргааны үйл ажиллагаанаас татгалзан гарах” зарчмыг зөрчиж Ц-ын гомдлоор М.Ш-ын газар эзэмших эрхэд халдсан шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн бөгөөд захиргааны шийдвэр нь үндэслэл бүхий болсон гэдэгт эргэлзээ төрүүлж байна. Шүүх энэ асуудалтай холбогдуулан Л.Ч-ын эзэмшлийн газартай холбоотой баримтыг ч татаж үзэх нь зүйтэй гэж үзэж байна. Бид энэхүү маргаан эцэслэн шийдвэрлэгдсэний дараа аймгийн Засаг дарга Л.Г-ыг Авилгатай тэмцэх газарт шалгуулна. Дээрх үндэслэлүүдээр Хөвсгөл аймгийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/362 дугаартай “Захиргааны актын илэрхий алдааг засаж, захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай” захирамж илт хууль бус болох нь тогтоогдож байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг дарга шүүхэд нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч М. Ш нь Хөвсгөл аймгийн Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А/362 дугаартай “Захиргааны актын илэрхий алдааг засаж, захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох” тухай захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлдээ захирамжийг хүчингүй болгуулах шаардлагыг өмнө нь аймгийн Засаг даргад гомдол гаргаж, гомдол гарган шийдвэрлүүлэх хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлтийг өгч байсан гэжээ.

1.  Иргэн М.Ш-аас 2018 оны 8 дугаар сарын 13, 2018 оны 12 дугаар 10-ны өдрийн аймгийн Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А/362 дугаартай “Захиргааны актын илэрхий алдааг засаж, захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох” тухай захирамжийг хүчингүй болгох, “Гомдол гаргах хугацааг сэргээлгэх” тухай гомдлуудыг хүлээн авсан.

Аймгийн Засаг даргаас 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр “Гомдлын хариу өгөх тухай" А/1851, 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2/2864 дүгээр албан бичгээр иргэн М. Ш-т гомдлын хариуг өгсөн. Энэ албан бичгүүдээр аймгийн Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А/362 дугаар захирамжийг гомдол гаргагч 2018 оны 7 дугаар сарын 5-ны өдөр мэдсэн буюу гардан авсан байдаг. А/362 дугаар захирамжид гомдол гаргах хугацааг зааж өгч боломжийг бүрэн хангасан атал 10 хоног эмчилгээ хийлгэсэн хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэхэд цаана нь байгаа 22 хоногт гомдол гаргах бүрэн боломжтой байсан тул хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжгүй гэсэн үндэслэл бүхий хариуг гомдол гаргагчид өгсөн.

2. Аймгийн Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А/362 дугаартай “Захиргааны актын илэрхий алдааг засаж, захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох” тухай захирамжийг гаргах бодит үндэслэл нь Мөрөн сумын иргэн Г.Ц-аас аймгийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн “Газар эзэмшүүлэх, газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх” тухай А/120 дугаар захирамжаар иргэн М. Ш-т газар эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулах гомдлыг гаргасан .

Маргаж байгаа иргэдийн газрын хувийн хэргийг татаж үзэхэд иргэн Г.Ц-ын нөхөр асан Б.Л-д 2006 оны 10 дугаар сарын 26-ны өдөр амины хашааны зориулалтаар 210700234 дүгээр нэгж талбар бүхий 3500 м2 газрын 011367 дугаартай гэрчилгээг тухайн үед Мөрөн сумын Засаг дарга байсан Г.П олгож, газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан байдаг. Б.Л агсаны газрын хувийн хэрэгт байгаа Газрын төлбөрийг өмнөх оны үлдэгдэлтэй 2009 онд 66150 төгрөгөөр төлсөн санхүүгийн баримт, тухайн үед үйлдэж байсан кадастрийн зураг ч энэ хэмжээний газар байсныг гэрчилдэг болно.

Нэхэмжлэгч иргэн М.Ш-ын тухайд Мөрөн сумын Засаг даргын 2006 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 43 дугаар захирамжаар 450 м2 газрыг эзэмшүүлсэн. 2006 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 210700199 дугаар бүхий нэгж талбарын дугаартай 450 м2 газрыг эзэмшүүлэх 0048185 дугаартай эрхийн гэрчилгээг олгож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан байдаг. Үүнээс хойш иргэн М.Ш-т газар нэмж эзэмшүүлсэн аймаг, сумын Засаг даргын шийдвэр байхгүй бөгөөд харин аймгийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн “Газар эзэмшүүлэх, газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх” тухай А/120 дугаар захирамжийн “Газар эзэмшүүлэх гэрээ гэрчилгээ шинэчлэх иргэн аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт" баталсан 2 дугаар хавсралтаар инженерийн шугам сүлжээ бүхий газарт Б.Л-ийн эзэмшлийн газраас эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр 631 м2 газрыг нэмэгдүүлэн аж ахуйн зориулалтаар хууль бусаар эзэмшүүлсэн байсан тул дээрх захирамжийн М.Ш-т холбогдолтой хэсгийг хүчингүй болгосон шийдвэр гаргасан билээ.

2018 оны А/362 дугаар захирамжийн хууль зүйн үндэслэл нь уг захирамжийн 2 дугаар хавсралтаар “Газар эзэмшүүлэх гэрээ, гэрчилгээ шинэчлэх иргэн аж ахуйн нэгж байгууллагын жагсаалт” баталсан атал М.Ш-д өмнө нь шийдвэртэй байсан 450 м2 газрын гэрээ, гэрчилгээг шинэчлэхээр гаргаагүй, талбайн хэмжээг нэмж гаргасан нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэснийг, 33.1.2 дахь заалтад “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа явуулах зарчмаар шийдвэрлэнэ” гэснийг мөн 40.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно” гэж заасны дагуу 40.1.1-д заасан “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэснийг тус тус зөрчсөн тул аймгийн Засаг даргаас хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд буюу Газрын тухай хуулийн 60.1-д заасан Газартай холбогдон үүссэн дараахь маргааныг дор дурдсан байгууллага, албан тушаалтан шийдвэрлэнэ 60.1.1 дахь заалтад заасан “газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон Засаг даргын хооронд үүссэн маргааныг тухайн Засаг даргын дээд шатны Засаг дарга шийдвэрлэнэ” Захиргааны ерөнхий хуулийн 98.1-д “Энэ хуулийн 93 дугаар зүйлд заасан захиргааны баигууллага гомдлыг хянан үзээд дараах захиргааны актын аль нэгийг гаргана: 98.1.2-д гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг захиргааны актыг бүхэлд нь, эсхүл холбогдох хэсгийг хүчингүй болгох” гэсэн заалт, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ын г-д “иргэдийг хүлээж авах ажлыг зохион байгуулж, тэднээс гаргасан өргөдөл, санал, гомдлыг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх”, 29.3-д “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл ... өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж заасны дагуу аймгийн Засаг 2014 оны “Газар эзэмшүүлэх, газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх” тухай А/120 дугаар захирамжийн үндэслэх хэсгийн зарим хуулийн нэрийг нэмж өөрчлөн, 2 дугаар хавсралтын иргэн М.Ш-тай холбоотой заалтыг хүчингүй болгосон. Газрын асуудлыг хариуцсан мэргэжлийн байгууллагын хувьд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтнүүд 2 талд мэдэгдэн газрын хэмжилт хийхээр маргаж буй газар дээр очсон боловч талууд маргалдаж, төрийн албан хаагчдад хүндрэлтэй нөхцөл байдал бий болсон тул ажлаа хийж чадахгүй буцахад хүрсэн байдаг.

3. Нэхэмжлэгч М.Ш нь аймгийн Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А/362 дугаартай “Захиргааны актын илэрхий алдааг засаж, захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох” тухай захирамжийг илт хууль бус захиргааны акт гэжээ. Ямар шинжийг агуулсан актыг илт хууль бус болох талаар Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан байна Үүнд:

47.1.Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно:

47.1.1.утга агуулгын илэрхий алдаатай;

47.1.2.бичгээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй;

47.1.3.тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан;

47.1.4.захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус;

47.1.5.хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан;

47.1.6.иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй;

47.1.7. түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэсэн шинжүүдийг агуулсан байхаар байна. Аймгийн Засаг даргын 2018 оны А/362 дугаар захирамж нь дээрх шинжүүдийн аль ч шинжийг агуулаагүй тул илт хууль бус акт биш болно.

4. Аймгийн Засаг даргын 2018 оны А/362 дугаар захирамж нь маргаан бүхий захиргааны акт атал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах 54 дүгээр зүйлийн 54.1-д заасан Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах үндэслэлүүдийн 54.1.3 дахь заалтын “Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой” гэсэн заалтыг зөрчин Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг үүсгэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн Хөвсгөл аймгийн Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А/362 дугаартай “Захиргааны актын илэрхий алдааг засаж, захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох” тухай захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан гуравдагч этгээд Г.Ц шүүхэд гаргасан тайлбартаа: “... Миний хань Б.Л өвчний улмаас 2014 оны 11 дүгээр сарын 23-нд насан өөд болж, бидний амьдралд хүнд гарз тохиолдсон юм. Бид хорь гаруй жил хамтран амьдарч, сайхан ажиллаж, улсдаа үнэнч шударгаар хөдөлмөрлөж, олны дотор нэр хүнд сайтай сайн явсаар өдий хүрсэн. Харин насны эцэст хөгшнийгөө өөд болсноос хойш их л юм үзэж, сэтгэл санаагаар гундуухан л амьдарч сууна. Учир нь 2015 оны сүүлч, 2016 оны эхээр жилийн дараа надад өвлөх эрх үүсч хөгшнийхөө нэр дээр байгаа 30 жилээр гэрээ хийж, эзэмших эрхийн гэрчилгээ авсан 3000 гаруй метр квадрат газрыг өв залгамжлалаар өөрийн нэр дээр шилжүүлэн авах гэж хөөцөлдөөд бүтэж өгөхгүй өдий хүрч байна. 2018 оны 04 дүгээр сарын 17-ны үед өргөдлөө өгсөн юм. Энэ цаг үед монгол хүний мөс чанар ямар их доройтож байгааг биеэрээ мэдэрч, сэтгэл санаагаар ихэд зовж, зовлон үзсэн дээрээ үзэж л явна.

Цагаан-Уул сумаас иргэн Монхор овогтой Шагжжав хэмээх 5 ам бүлээрээ амьдардаг нэгэн айл манай арын хашаанд нүүж ирээд амьдарч байснаа гэнэт нэг намар манай зүүн талын гуанз хийдэг байсан цагаан байшингийн хажууд гэрээрээ ирж буугаад зун болохоор зайрмаг, бууз, хуушуур хийдэг байсан болохоор анзаардаггүй байлаа. Эднийх ийм байдлаар 3 жил хэртэй манай түлээний хашаанд амьдарч байсан. Бид хоёрын эзэмшил газраас хоёр ч удаа 2006, 2014 онд 450 м2+631 м2=нийт 1081 м2 газрыг хулгай, луйврын аргаар биднийг басамжлан доромжилж авсныг тэр үед юу ч мэдээгүй. Хөршийн сайн харилцаатай л байв. Харин хөгшнийгөө өөд болсны дараа 2016 оны эхнээс өв залгамжлалын гэрчилгээ авч, нэр дээрээ болгож авахаар шийдсэн энэ үеэс манай хашаанд хэдэн удаа машинтай хүмүүс ирж “зарна гээд байгаа цагаан байшин аль нь вэ? Газар нь хаанаас хаа хүрдэг ямар хэмжээтэй юм бэ?” гэж надаас болон манай хүүхдүүдээс асууж байсан төдийгүй М.Ш өөрөө Улаанбаатар хотоос над руу залгаж, “та түлээнийхээ хашааны газрыг надад өгчих, энд хүн 80 сая төгрөгөөр авъя гэж байна, би танд 50.0 саяыг нь өгөөд би 30.0 саяыг нь авъя” гэж ярьсан. Би зөвшөөрөөгүй. Би ер нь монгол хүмүүс байна даа, түүнтэй уулзаж ярилцъя гэж бодож байтал цагаан байшингаа эргэж ирэх үед нь “чи манай түлээний хашааг цагаан байшинтай хамт зарчих гээд байна, яагаад тэгж байгаа юм бэ” гэж асуухад Д.Сүхбаатар гуайгаас манайх 15х30=450 м2 газрыг хамт авсан гэж засвартай жижиг үнгэгдсэн бичиг үзүүлж байсан. Энэ Д.Сүхбаатар гэдэг хүн манай хөгшинтэй хамт ажиллаж мужааны цех хариуцдаг хүн байсан, одоо байхгүй насан өөд болсон юм.

Яг энэ үеэр ч билүү дээ 2013 оны үед ч билүү М.Шагжжавын эхнэр Хатгал явах замд машины осолд орж, нас барсан төдийгүй хоёр охин нь оюутан болж, бага хүү нь энэ хавар 12 дугаар анги төгссөн. Эднийх энэ хаяган дээрээ байхгүй, хүүхдүүдээ дагаад Улаанбаатар, Эрдэнэт, Мөрөн гурвын дунд өөрөө явж үе үе ирдэг юм. Би өөрөө адилхан зовлон үзсэн, нас ч өндөр боллоо хэрүүл хийгээд яахав гэж бодоод “Чи нэгэнт гэрээ хийж, гэрчилгээ авсан юм бол хоёулаа 450 м2 эндээс энэ хүрэх юм байна” гэж ярилцаад, М.Шагжжав манай байшин урдаа хаалгатай болохоор түүгээр гарч, орж байя гэж хэлж байсан бөгөөд төмөр хаалгаараа та орж, гарч байна биз гэж гэсэн. Одоо бодоход энэхүү бичиг нь хүчинтэй ч юм уу, хүчингүй ч юм уу бүү мэд. “Өрөвдөхөөр өр өшиглөнө” гэгчээр бүр даварч 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн захирамжаар 631 м2 газрыг ямар ч үндэслэлгүйгээр нэмж авсан байв. Ямар учраас энэ хүнд хүний эзэмшил газраас дур мэдэн өгч, ямар учраас 2006 оны Мөрөн сумын Засаг даргын захирамжийн 2 дугаар хавсралтыг өөрчилж байдаг дарга даамлууд байдаг юм бэ? Ийм юм хийж, хүний юманд шунаж жирийн иргэдийн газар эзэмших эрхэд бүдүүлгээр халддаг, хүний мөс чанар муутай, арын хаалга, танил тал ихтэй, заль мэх ихтэй хүн юм бэ? Энэ М.Шагжжав гэгч этгээд. Нэр хүнд муутай, архи их уудаг, арын хашаанд байхдаа айлын түлээ тэсгээдэггүй хулгайлдаг, тэр ч байтугай тооно зэрэг гэрийн мод авч ашигладаг байсныг хөрш айлууд нь байнга ярьдаг л байсан. Тэгээд шударгаар ажиллаж, амьдарч ирсэн хоёр муу хөгшнийг ингэж доромжлох нь түүнд юу ч биш юм байна. Гэхдээ “үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ” гэж ярилцдаг учраас хуулийн дагуу үнэн зөвөөр нь шийдэж өгнө гэдэгт би эргэлзэхгүй байна.

2016 оны 4 дүгээр сард М.Шагжжавыг групп сунгуулахаар ирснийг хүнээс дуулаад байшингаа эргэж ирэхэд нь уулзаж, газрын албаны хэлтсийн дарга Нямбаяр, мэргэжилтэн Идэр нартай би хэд хэдэн удаа уулзаж, чиний хийсэн хэргийг нэг бүрчлэн мэдсэн. Утсыг чинь Батсуурь болон эгчийн чинь охиноос тэдэнд өгсөн боловч холбогдохгүй байсан. Чамтай цуг ирж уулз гэсэн, маргааш өглөө 900-д очиж уулзъя гэхэд “за” гэж хэлээд тэр чигтээ сураг чимээгүй болж, группын хуралдаа ч ороогүй жил гаруй зугтаасан.

Группын хурал хийж байгаа Нэгдсэн эмнэлэг дээр Нямбаяр, Идэр нартай очиж, хурал тартал эмнэлгийн гадаа тэдний машинтай хүлээсэн. Шууд хурлаа орхиод хот руу явсан байсан. 8 дугаар багийн Энэрэл эрүүл мэндийн төвийн эмч Баасандоржид ирвэл надад энэ утсаар ярьж мэдэгдээрэй гэж захисан боловч 2016 онд ирээгүй.

2017 оны 3 сард бодвол группын хурлаар орж сунгалт хийхээр ирсэн байхад нь гэрийн гадаа тааралдаж мэнд усаа мэдэлцээд “чи нүүр тулж надтай уулзаж ярьсан ярианаасаа урваж, 450 м2 дээрээ нэмж, 631 м2-ыг яагаад авсан юм бэ?” гэж асуухад барьц алдан тэвдэж “Өө тэгсэн байна уу?” хэмээн намайг басамжилж байсан. Миний сайхан сэтгэл гаргаж, өөрийн эзэмшлээс тодорхой газрыг авна биз хэмээн тохирч байсныгаа санахад түүнд гомдож, хүн ингэж байхад өөрийнхөө юмыг өв залгамжлалаар авъя хэмээн мэргэжлийн байгууллагаас асуухад шүүхэд ханд гэж зөвлөсөн. Зөвлөгөөний дагуу А.Ууганбаяр өмгөөлөгчийг энэ хэрэг дээр ажиллаж өгөөч гэж түүнийг авч, түүний зөвлөснөөр шүүхэд гаргах бүх материалыг бэлтгэж, захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж очсон. Гэтэл урьдчилсан үйл ажиллагаа явуулна, та аймгийн Засаг дарга ханд гэж зөвлөсний дагуу материал бүрдүүлж өгсөн. Аймгийн захиргааны хуулийн хэлтэс энэ асуудлыг судалж, шалгаж үзээд 2018 оны 06 дугаар сарын 15-нд “Захиргааны актыг илэрхий алдааг засаж, захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай” А/362 дугаар захирамж гарсан юм.

Таны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг уншлаа. Энд бичигдсэн бүх зүйл чинь худлаа, буруу ташаа ойлгож, буруу зөрүү зүйл их байна.

1. Г.Ц-ын өргөдлөөр миний газар эзэмших эрхэд халдаж, 600 гаруй м2 газрыг хасаж багасган шийдвэрлэх нь аймгийн Засаг дарга Л.Г, түүний хамаарал бүхий төрсөн дүү Л.Ч нарт ашигтай гэжээ. Тэдэнд ямар ашиг гарна гэж. Уучлаарай. Улайм цайм бид хоёрын газар эзэмших эрхэд та өөрөө халдаж хууль бус юм хийснээ мэдэж байгаа биз дээ. Нарийн ярих юм бол таны 2006 онд авсан 450 м2 газар танд огт хамаагүй шүү дээ. Шургааган шаамал олон жил болсон цагаан байшинг актлаад буулгах шийдвэр гарсан байсан бид залхуурсаар байгаад буулгаагүй юм, тэр үед буулгачихсан бол ийм юм болохгүй байжээ гэж хөгшин минь ярьж байсан.

2.Миний хань гишүүддээ үйлчлэх төрийн бус Хөвсгөл аймгийн эд хэрэглэгчдийн хоршоодын холбоо байгуулан “Чандмань”, “Батчандмань” хэмээх толгойлох компанитай, цагтаа гялалзтал ажиллаж, улсдаа 10 гаруй удаа шалгарч байсан түүхтэй. “Хойноос ирээд хот минийх, хотонд ороод хонь минийх” гэгчээр энэ тухай юу ч мэдэхгүй, ганц ч сар худалдааны байгууллагад ажиллаж үзээгүй байж энэ байгууллагын ажил руу битгий ор, эрээвэр хураавар юм сонсож хүний амаар бүү яв. Маргаан бүхий газар нь Цэдэндамбаагийн хөрш газар гэжээ. Юу гэсэн үг вэ? Таны газраас бид хоёр авчихаад гэрчилгээ авсан юм уу? Эсвэл та бид хоёрын газраас залилж авчихаад Засаг даргад би хээл хахууль өгч газраа буцааж авсан юм уу гэдгийг тогтоочихсон байгаа биз дээ /захирамжаар/. Ажил асуудалд сургаар, ховоор битгий хандаж байгаарай. Энэ талын нотлох баримт газрын албанд ч байгаа, хуулийн хэлтэст ч байгаа, надад ч байгаа. Амьд мэнд байхдаа дүрмэнд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд үйл ажиллагаа явуулж байсан.

3.Энэ асуудлаар “миний бие энэ асуудал шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэний дараа АТГ-д хандан ашиг сонирхлын зөрчлийг шалгуулж бүх баримтыг ил гаргаж тавина гэжээ”. Энэ юу гэсэн үг вэ? Намайг Засаг даргад хахууль өгч шийдвэрлүүлсэн гэх гээд байнаа даа. Би ингэж л ойлгож байна. Та андуурчээ.

4. “Надад аймгийн Засаг даргаас нэмж эзэмшүүлсэн 631 м2 газар нь иргэн Б.Лхамсүрэнд огт хамааралгүй, харин Эд хэрэглэгчдийн хоршоодын холбоонд хамаатай байж болох юм” гэжээ. Манай эзэмшил газрын хэмжээнд орж байгаа газар шүү дээ. /631 м2 газар нь/ Та ингэж ярихдаа ичихгүй байна уу?

5. Аймгийн Эд хэрэглэгчдийн хоршоодын холбооны газар нь мөн 3000 гаруй м2, гэрээг нь миний хөгшин 30 жилээр хийсэн байдаг, тусгай хувийн хэрэг газрын албанд байгаа. Надад ч байгаа. 2006 оноос хойш жил тутам газрын төлбөр 3500 м2-аар бодож төлж байсан. 2018 оныг саяхан төлсөн байгаа. М.Шагжжав нь өөрөө хуралд ирэхгүй А.У-ыг өмгөөлөгчөөр авч, итгэмжлэгчээр ажиллуулахаар тохирсон нь хачирхалтай. 2016 оноос хойш хүний нүүр харж чадахгүй зугтаж байгаа хүн яагаад хуралд оролцохгүй гэж! А.Ууганбаяр өмгөөлөгчийг 2017 онд миний нэр дээр Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан М.Дашлэгцэг тэргүүтэй хүмүүсийн хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр ажиллаж байсан Г.Баянбилэг яг хуралдах өдөр тодорхой шалтгаанаар ирээгүй учир би гуйж хамт орсон юм. Гэтэл миний хамаг бичиг баримт, материалтай танилцаж надад тусалж байсан хүн маань яагаад энэ асуудалд миний эсрэг талд үйлчлэх болсныг би сайн мэдэж байгаа. Шаардлагатай бол би ил гаргаж тавиад, ёс зүйн хороонд нь, холбоонд нь хандах болно. Ийм шударга бус, зальтай, эд хөрөнгөд шунадаг залуу үе бий болж байгаад сурган хүмүүжүүлэгчийн хувьд харамсаж байна. Ингээд үнэн ялдаг л юм бол, хууль дүрмээ барьж ажилладаг л юм бол, миний эрхэд халдаж намайг басаж, хүний тооноос хасаж, доромжилж байгаа М.Шагжжавт байдлыг ойлгуулж, үнэн зөвөөр шийдэж өгнө гэдэгт итгэж байна” гэжээ.

Гуравдагч этгээд Хөвсгөл аймгийн эд хэрэглэгчдийн хоршооллын холбоо НҮТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батдорж нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: “... Манай хоршоодын холбоо нь Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газраас маргаан бүхий газрыг тухайн байгууллагын бүхий эд хөрөнгийн хамт өмч хувьчлалын дагуу эзэмшиж ирсэн. Гэтэл тухайн газрын даргаар ажиллаж байсан Лхамсүрэнгийн эхнэр гэх Цэдэндамбаа нь миний газар, миний өмч хэмээн бидний өмчийг хууль бусаар эзэмшин сууж, нөхөр Лхамсүрэнгээ нас барснаас хойш өнөөдрийг хүртэл бидний өмчөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдаж, эрх хэрэгжүүлэх боломжийг хязгаарлаж ирсэн. Энэ байдал даамжирч хуучнаар худалдаа бэлтгэлийн удирдах газрын түлээний хашаа болох М.Шагжжав өөртөө нэмж шийдвэр гаргуулан эзэмшиж буй газрыг Цэдэндамба нь өөрийн эзэмшлийн газар хэмээн тайлбарлаж, аймгийн Засаг даргад өргөдөл, гомдол гаргаж шийдвэрлүүлжээ. Энэхүү нөхцөл байдлаас харахад Цэдэндамба нь манай түлээний хашааны газрыг өөрийнх нь эзэмшлийнх хэмээн үзэж өөртөө шийдвэрлүүлэхээр хууль бусаар хандаж байгаа нь нэгэнт тодорхой байна. Иргэн Цэдэндамбад манай түлээний хашааны газартай холбоотойгоор ямар ч эрх хэрэгжүүлэх боломжгүй. Харин ч манай Эд хэрэглэгчдийн хоршоодын холбооны үндсэн хөрөнгийн бүртгэлтэй 4 айлын орон сууц, түүний доорх газрыг иргэн Г.Цэдэндамбаагийн хууль бус эзэмшлээс буцаан гаргуулахаар бие даасан шаардлага гаргах болно” гэжээ.

Гуравдагч этгээд Г.Цэдэндамба бие даасан шаардлагадаа: “Манайх хуучин Худалдаа бэлтгэлийг удирдах газрын хашаа байсан газарт Мөрөн сумын Засаг даргын 2006 оны 08 сарын 03-ны өдрийн 90 тоот захирамжаар 3500 м2 газрыг эзэмшдэг юм. Ингээд манай нөхөр нас бараад өв нээгдсэн цагаас эхлэн эзэмшил газраа өөрийн нэр дээр шилжүүлэн авах гэсэн боловч маргаан гарч өнөөдрийг хүртэл газраа хууль ёсны болгон авч чадахгүй байгаа болно. Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь танай газраас иргэн М.Шагжжав нь 1081 м2 газрыг авсан байна, тиймээс танай газарт гэрээ гэрчилгээг шинэчилж өгөх боломжгүй байна гэсэн. Ингээд энэ байдлыг мэдээд Хөвсгөл аймгийн Засаг даргад хандан энэ байдлыг шалгуулахад манай газраас М.Шагжжав нь хулгайн журмаар хууль бусаар шилжүүлэн авсан байсныг тогтоож, Аймгийн Засаг дарга 2018 оны 6 сарын 15-ны өдөр А/362 тоот захирамж гарган Хөвсгөл аймгийн Засаг даргын 2014 оны 04 сарын 01-ний өдрийн А/120 дугаар захирамжийн Шагжжавт холбогдох хэсгийг хүчингүй болгосон. Гэтэл М.Шагжжав нь энэхүү захирамжийг илт хууль бус гэж шүүхэд нэхэмжлэл гаргаснаар би гуравдагч этгээдээр татагдан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна.

Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс нотлох баримт цуглуулах үүргийнхээ дагуу 2019 оны 3 сарын 14-ний өдөр 2/41 тоот албан бичгээр Мөрөн сумын Засаг даргын 90 дүгээр захирамжийг нотлох баримтаар шаардан гаргуулахад аймгийн Архивын газраас 2019 оны 3 дугаар сарын 18-ний өдрийн 10/422 тоот албан бичигт хавсарган ирүүлсэн дээрх 90 дүгээр захирамжийн 2 дугаар хавсралтын 7-д Б.Лхамсүрэн, газрын хэмжээ 700 м2, 8 дугаар баг амины хашаа, хугацаа 15 жил гэж багасгажээ.

Анх Мөрөн сумын Засаг даргын Тамгын газрын газрын даамал Б.Оюунгэрэл нь манай нөхөр Б.Лхамсүрэнтэй 2006 оны 10 сарын 26-ны өдөр 3500 м2 газрыг 40 жилийн хугацаатайгаар газар эзэмших гэрээ байгуулан, газар эзэмших эрхийн 0113267 тоот гэрчилгээ бичиж улиралд газрын төлбөр 14350 төгрөг, 2007 оноос эхлэн 28700 төгрөгийн газрын төлбөрийг төлөхөөр тооцон бодож гэрээн дээр тэмдэглэгээ хийсэн. Дээрх байдлаас Мөрөн сумын газрын даамал газар эзэмшигчтэй гэрээ байгуулан гэрчилгээ бичиж олгож байх үед газрын хэмжээ 3500 м2, хугацаа 40 жил байсан байна. Тиймээс газрын даамал газрын төлбөрийг тэр хэмжээгээр бодож тооцож байжээ. Гэтэл Мөрөн сумын Засаг дарга нь газар эзэмшигчид мэдэгдэлгүйгээр, газар эзэмших гэрээ, гэрчилгээ бичиж өгснөөс хойш, захирамжийг Аймгийн архивт өгөхөөс өмнө дээрх 90 дүгээр захирамжийн 2 дугаар хавсралтанд байгаа газар эзэмшигч Б.Лхамсүрэнгиин эзэмшил газрын хэмжээг 700 м2 болгон багасгаж, хугацааг 15 жил болгон богиносгосноор газар эзэмшигчийн субьектив эрхийг зөрчсөн байна. Худалдааны байгууллага хувьчлагдан Эд хэрэглэгчдийн хоршооллын холбооны “Батчандмань” ХХК, “Дулаан эрчим” хоршоо болон 2 салахад “Батчандмань” ХХК-ний эзэмшилд байсан газрыг “Дулаан эрчим” хоршооны захирал Г.Сүхбаатар “Эд хэрэглэгчдийн хоршооллын холбоо”-нд буюу “Батчандмань” ХХК-д мэдэгдэлгүйгээр М.Шагжжавт газар ашиглуулах гэрээ хийж, газрын төлбөрийг Дулааны эрчим хоршоонд авч байсан байна. Уг 450 м2 газар нь “Дулаан эрчим” хоршооны эзэмшил газар биш, харин Эд хэрэглэгчдийн хоршооны “Батчандмань” ХХКомпаний эзэмшил газар юм. “Батчандмань” ХХКомпаний гишүүд оруулсан ягаан тасалбарын хэмжээгээр хувь хөрөнгөө аваад гишүүнээс гарсан учраас компани ганц гишүүнтэй үлдсэн бөгөөд уг ганц гишүүн болох захирал Б.Лхамсүрэн нь 2014 онд нас барсан учраас Иргэний хуулийн 520 дугаар зүилийн 520.1.1-д заасан өвлөгч Г.Цэдэндамба миний компани болон эзэмшил газрын талаар мэдээлэлгүй байсан байдлыг ашигласан байна гэж үзэх үндэслэл бүхий байна. Энэ байдлыг М.Шагжжав нь далимдуулан, уг газрыг Г.Сүхбаатараас худалдаж авсан гэж бусдыг төөрөгдүүлж хуурамч материал бүрдүүлэн Мөрөн сумын Засаг даргаар 2006 оны 3 сарын 29-ний өдөр 43 тоот захирамж гаргуулан эзэмшсэн байх тул “Дулаан эрчим хоршоо”-оос 40 жилийн хугацаатай 450 м2 газрын эзэмших эрхийг шилжүүлэн авсан нь хууль бус байна.

Иймд 1. Мөрөн сумын Засаг даргын 2006 оны 90 дүгээр захирамжийн 2 дугаар хавсралтын 7-д бичигдсэн газар эзэмшигч Б.Лхамсүрэнд холбогдох хэсгийн газрын хэмжээ, газар эзэмших хугацааг засварласныг илт хууль бусад тооцож, иргэн Б.Лхамсүрэнгийн газрын хэмжээ, эзэмших хугацааг газар эзэмшигчийн гэрээ гэрчилгээнд бичигдсэнээр залруулан өвлөгч Г.Цэдэндамбын нэр дээр Хөвсгөл аймгийн Засаг даргын захирамжаар баталгаажуулахыг Аймгийн Засаг даргад даалгаж, миний газар эзэмших эрхийн гэрээг шинэчлэн байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн олгохыг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгаж өгнө үү.

2. Мөрөн сумын Засаг даргын 2006 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 43 тоот захирамжаар “Дулааны эрчим” хоршооны захирал Г.Сүхбаатар нь Эд хэрэглэгчдийн хоршоодын холбооны эзэмшлийн 450 м2 газрын эзэмших эрхийг шилжүүлэн өгснийг хууль бус болохыг тогтоож, захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд Г.Цэдэндамба шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай нөхөр худалдааны байгууллагад насаараа ажилласан. Цуг ажиллаж байсан нягтлан М.Дашлэгцэг, нярав А.Батаа нар нөхрийг маань амьд сэрүүн байхад газрын маргаан гаргаж байгаагүй. 1996 онд Хоршооны хуульд зааснаар “Бат-Чандмань” нэртэй компани байгуулж хамт ажиллаж байсан хүмүүсээс ягаан тасалбар нийлүүлж үндсэн хөрөнгөө босгон 10 гаруй жилийн турш ажилласан. ... Эргэлтийн хөрөнгөгүй болж 2002 оноос үйл ажиллагаа явагдах боломжгүй болсон. 1991 онд Өмч хувьчлалын комисст хандаж хамт ажиллаж байсан хүмүүстэй нийлж 523 хувьцаагаар Худалдаа бэлтгэлийн удирдах газрын барилгуудыг ягаан тасалбараар худалдаж авсан.

Үлдсэн хөрөнгүүдээ 20 гаруй хүмүүст өргөдөл гаргуулж, оруулсан хувьцаа, тоо хэмжээнд нь тохируулж хувааж өгсөн. Ингээд 2002 оноос хойш нөхөртэй маань цуг ажиллаж байсан хүмүүс тарсан. Хоршооны конторын барилгыг банкны барьцаанд тавих боловч шаардлага хангахгүй тул үл хөдлөх хөрөнгө биш гэж үзсэн. Үүнээс хойш үйл ажиллагаа нь зогсонги байдалд орсон.

М.Шагжжавын хувьд 450 м.кв газрыг “Дулаан-Эрчим” хоршооноос н.Сүхбаатар дарга надад эзэмшүүлсэн гэж гараар бичсэн цаас үзүүлж байсан. Тэр бичгээ аймгийн Засаг дарга болон шүүхэд авчирч өгөөгүй боловч шүүхээс хангалттай нотлох баримт цуглуулсан. “Дулаан-Эрчим” хоршооноос авах 450 м.кв газрын хувьд цагаан байшингаас хойшоо “Дулаан-Эрчим” хоршооны газар гэж хуваарилсан. 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр нэмж авсан 631 м.кв газар бол хууль бус юм. Газар эзмших эрхийн гэрчилгээн дээр 3500 м.кв газар байгаа боловч сүүлийн үеийн багажаар хэмжихэд 200-300 метр квадрат газар хасагддаг юм байна лээ.

Эд хэрэглэгчдийн хоршоодын холбооны гаргасан бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь удирдах зөвлөлийн 5 гишүүн байсан. Түүнээс 50 хүрэхгүй хувь нь 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хуралдаж манай нөхрийг нас барсан байхад нь ажлаас нь чөлөөлж М.Дашлэгцэг, А.Батаа нар хоёулаа дарга болсон байдаг. Шүүхийн шийдвэр гарсан гэж хэлэх байх. Гэхдээ сайн дурын байгууллага гэдгээр дөрөөлж ингэж хууль зөрчиж болохгүй. М.Дашлэгцэг, А.Батаа хоёр манайд ирээд танд мөнгөтэй, барилгын компанитай шавь байна уу гэсэн. Одоо энэ газрыг худалдаж хувааж авна гэж байсан. 2017 оны 10 дугаар сард намайг иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгсөн. Намайг Улсын бүртгэлийн хэлтэст Эд хэрэглэгчдийн хоршооны тамга, тэмдэг бичиг баримтыг алга болгосон гэж гүтгэсэн байсан...” гэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг дарга гуравдагч этгээд Г.Цэдэндамбын бие даасан шаардлагад холбогдуулж гаргасан тайлбартаа: “Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гуравдагч этгээдээр оролцогч Гомбосүрэнгийн Цэдэндамбын бие даасан шаардлагад хариуцагч аймгийн Засаг дарга Л.Ганболд доорх тайлбарыг өгч байна.  

1. Мөрөн сумын Засаг даргын 2006 оны 90 дүгээр захирамжийн 2 дугаар хавсралтын 7-д бичигдсэн газар эзэмшигч Б.Лхамсүрэнд холбогдох хэсгийн газрын хэмжээ, газар эзэмших хугацааг засварласныг илт хууль бусад тооцуулах гэжээ. Мөрөн сумын Засаг даргын 2006 оны 90 дүгээр захирамжийн 2 дугаар хавсралтын 7-д бичигдсэн газар эзэмшигч Б.Лхамсүрэнд холбогдох хэсгийн газрын хэмжээ, газар эзэмших хугацааг засварласныг Мөрөн сумын Засаг дарга болон газрын албанаас тодруулах нь зүйтэй байна.

2. Мөрөн сумын Засаг даргын 2006 оны 3 дугаар сарын 29-ний 43 тоот захирамжаар Г. Сүхбаатар /Дулаан эрчим хоршоо/ нь Эд хэрэглэгчдийн хоршоодын холбооны эзэмшлийн 450 м2 газрын эзэмших эрхийг шилжүүлэн өгснийг хууль бус болохыг тогтоолгох гэжээ.  М.Шагжжавын тухайд Мөрөн сумын Засаг даргын 2006 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 43 дугаар захирамжаар “Дулаан эрчим” хоршооноос 450 м2 газрыг шилжүүлэн эзэмшүүлсэн. 2006 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 210700199 дугаар бүхий нэгж талбарын дугаартай 450 м2 газрыг эзэмшүүлэх 0048185 дугаартай эрхийн гэрчилгээг олгож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан байдаг. “Дулаан-Эрчим” хоршооны газар нь Г.Лхамсүрэнгийн эзэмшил газраас тусгаар газар юм.

Энэ утгаар аймгийн Засаг даргын 2018 оны А/362 дугаар захирамжийн 4 дүгээр заалтад “М.Шагжжавт өмнө нь шийдвэртэй байсан 450 м2 газрын гэрээ, гэрчилгээг шинэчлэн олгохоор тусгасан болно” гэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг дарга гуравдагч этгээд Г.Цэдэндамбын бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа “Мөрөн сумын Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 43 дугаар захирамжаар Дулаан-Эрчим хоршооны гаргасан эрх шилжүүлэх хүсэлтээр 8 дугаар баг, П хэсэгт 450 м2 газар иргэн Шагжжавт 40 жилийн хугацаатай газар эзэмших эрх шилжсэн байна. Тус оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 90 дүгээр захирамжаар Эд хэрэглэгчдийн хоршооны хүсэлтээр 8 дугаар баг 700 м2 газар иргэн Б.Лхамсүрэнд 15 жилийн хугацаатай газар эзэмших эрх шилжсэн байна. Тус шүүгчийн захирамжид дурдагдах 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Эд хэрэглэгчдийн хоршооны /хуучнаар/ орчмын газар нь аймгийн инженерийн шугам сүлжээ бүхий бүсэд байршилтай байна. Газрын тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн аймгийн Засаг даргын бүрэн эрхийн 21.3.2-т “аймгийн төвийн инженерийн шугам сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ ...” гэсний дагуу сумын Засаг даргын Тамгын газрын архивт хадгалагдаж байсан тухайн бүсэд газар эзэмшигч иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмшигчийн хувийн хэргийг 2009-2010 оны Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт шилжүүлсэн” гэжээ.

Нэхэмжлэгч М.Шагжжав гуравдагч этгээд Г.Цэдэндамбын бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа “Миний бие Мөрөн сумын 8 дугаар багийн 9 дүгээр гудамжны 36 тоотод оршин суугч Далай овогтой Монхорын Шагжжав 2000 онд Мөрөн суманд шилжин ирж “Дулаан-Эрчим” хоршоонд орон тус хоршооны гуанзыг ажиллуулж байгаад 2006 онд тус хоршооноос гарч нийлүүлсэн хувь хөрөнгөдөө гуанз, тус 450 м2 газрын хамт авсан тухайн үеийн хоршооны дарга Г.Сүхбаатарын тушаал болон бусад баримтыг бүрдүүлж авсан. Тухайн үеийн хууль журмын дагуу энэ бол Г.Цэдэндамбын ойлгож байгаа шиг зүйл огт биш. Нэмэгдсэн 630,8 м2 газрыг Г.Сүхбаатар гуайгаас 2009 онд гурван сая төгрөг өгч авсан. Тухайн үед баримт аваагүй итгэлцэл дээр явагдсан. Энэ газар “Дулаан-Эрчим” хоршооны газар гэж Сүхбаатар гуай ярьж байсан. Энэ үйл ажиллагааг Лхамсүрэн гуай мэдэж байсан. Кадастрын зургийг 2011 онд гаргасан. Тэгээд 2014 онд Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хүсэлт гаргаж Засаг даргын захирамж гаргасан, хэргийн материалд хавсрагдсан байгаа. Маргаан бол 630,8 м2 газар дээр л байгаа. Миний эзэмшлийн 450 м2 хууль бус бол Г.Цэдэндамбын бүх газар хууль бус байгаа.

3500 м2 газар тань бас Л.Ганболдод зарсан газраа хуулийн өмнө тайлбарла, баримт байгаа, унаж байгаа Ланд-80 чинь Л.Ганболдынх, хоршоодын холбооны газраас зарсан, тэр нь Л.Ганболдын дүү Чинболдын нэр дээр байгаа, мөн Бат-Эрдэнэ гэдэг хүний нэр дээр байгаа газар гээд. Миний 450 м2 газар хууль бус бол Г.Цэдэндамбын 3500 м2, 700 м2 газар ч хууль бус болно.

Иймд Г.Цэдэндамбын 3500 м2 газрыг хууль бусыг шалгаж өгөхийг хүсч байна. Дараагийн дугаарт Г.Цэдэндамбын 700 м2 газар хууль бусыг шалгуулж хоршоодын холбооны газартай давхцалгүй эсэхийг шалгуулах хүсэлтэй байна. Г.Цэдэндамба нь хуулийн байгууллагын шийдвэр гараагүй байхад хашаанд байгаа гэрийн шал, амбаарт халдаж байгаа. Газрын албаны Идэр, Нямбаяр нартай газрын асуудал ярьж байхад миний өмч байшинг нурааж хаяна гэж заналхийлж байсан. Намайг шүүхэд өгсөн өргөдөлдөө түлээний хулгайч гэж доромжилсон тул нэр төрөө сэргээлгэх хүсэлтэй байна. Мөн намайг хээл хахууль өгч газар авсан гэж цагдаад хүсэлт гаргасан. Эдгээр зүйлийг шалган шийдвэрлэж өгнө үү. Г.Цэдэндамбад маргаантай байгаа асуудлаараа асуудлаа тавьж байх анхааруулж өгнө үү. Эдгээр газрын асуудлаар хоршоодын холбооны гишүүдээс тайлбар авч өгөх, Г.Цэдэндамба хоршоодын холбооны газрын заагийг тодорхой гаргах, гол асуудал Л.Ганболдод /Засаг дарга/ зарсан газрын хууль журмын дагуу бус гэдгийг тодруулж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “Хөвсгөл аймгийн Эд хэрэглэгчдийн хоршооллын холбоо” НҮТББ бие даасан шаардлагадаа:  Манай “Хөвсгөл аймгийн Эд хэрэглэгчдийн хоршооллын холбоо” НҮТББ нь /цаашид “Хоршооллын холбоо” гэх/ М.Шагжжавын нэхэмжлэлтэй Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдох “Хөвсгөл аймгийн Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 15-ний өдрийн А/362 дугаартай “Захиргааны актын илэрхий алдааг засаж, захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай” захирамжийг илт хууль бусад тооцуулах тухай захиргааны хэргийн гуравдагч этгээдээр оролцож байгаа юм. Манай хоршооллын холбооны зүгээс өмнө нь нэг удаа энэхүү бие даасан шаардлагаас өөр асуудлаар бие даасан шаардлага гаргаж байсан бөгөөд тухайн шаардлагыг шүүх хүлээн аваагүй юм. Гэсэн ч хүлээн авахаас татгалзсан асуудлаас өөр асуудлаар шаардлага гаргахыг эрхийг бол хориглоогүй гэж үзэж байна.

Үүнээс хойш М.Шагжжавын нэхэмжлэлтэй хэрэгт цугласан нотлох баримтууд, холбогдох ажиллагаа хийсэн баримтуудтай танилцаж, судалж байх явцдаа М.Шагжжавт анх газрын хэмжээг томруулж, манай байгууллагын газар эзэмших эрхэд халдаж гаргасан Хөвсгөл аймгийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 01-ний А/120 дугаартай захирамжийн 2 дугаар хавсралтын /газар эзэмших гэрээ, гэрчилгээ шинэчлэх/ 9 дүгээр мөрний М Шагжжавт /РЮ66118877/ холбогдох хэсгийг анхнаасаа хууль бус байсан эсэх талаар маргаан үүсгээгүй болохыг ойлгож, энэ асуудал М.Шагжжавын нэхэмжлэлтэй захиргааны хэрэгтэй хамт шийдвэрлэгдэх боломжтой гэж үзэж бие даасан шаардлага гаргаж байна. Дээрх М.Шагжжавт холбогдох хэсгийг агуулсан А/120 дугаартай захирамжаар манай Хоршооллын холбооны газар эзэмших эрхэд халдсанаас биш Б.Лхамсүрэнгийн, өөрөөр хэлбэл Г.Цэдэндамбаагийн ямар ч эрх ашиг хөндөгдөөгүй болохыг дурдах нь зүйтэй юм. Тодруулбал, маргаан бүхий газар нь манай Хоршооллын холбооны түлээний хашааны газар бөгөөд үүнийг Г.Цэдэндамбаа Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2016 оны 90 дугаартай захирамжаар эзэмшдэг хэмээн маргаж байх боловч тухайн 90 дугаартай захирамжаар Б.Лхамсүрэнд 700 м2 газрыг л эззмшүүлсэн байдаг бөгөөд Г.Цэдэндамбаагийн одоо амьдарч байгаа байшин, түүнд хамаарах газар л энэхүү 700 м2 газарт хамаарах юм. Түүнчлэн Г.Цэдэндамбаагийн талийгаач нөхөр Б.Лхамсүрэн ямар ч эрх шилжүүлэх гэрээ, байгууллагын удирдах зөвлөлийн шийдвэргүйгээр Хоршооллын холбооны газраас 700 м2 газрыг хууль бусаар шилжүүлэн авсан байгаа ч бид өнөөдрийн байдлаар тухайн газрын асуудлаар маргаан үүсгээгүй байна.

Аймгийн Засаг дарга М.Шагжжавт 631 м2 газрыг нэмж эзэмшүүлэхдээ “газар эзэмших гэрээ, гэрчилгээ шинэчлэх" гэх агуулгаар захирамж гаргасан нь хуулиар манай хоршооллын холбоонд олгосон газар эзэмших эрхэд үндэслэлгүйгээр халдсан, хууль бус үйл ажиллагаа болсон. Учир нь “газар эзэмших гэрээ, гэрчилгээ шинэчлэх” гэх агуулгаар захирамж гаргахдаа төр өөрийн эзэмшилдээ байгаа, бусдын эзэмшилд олгогдоогүй, нийтийн эзэмшлийн газраас Газрын тухай хуулийн шаардлагад нийцүүлэн иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлдэг хууль, журамтай. Газрын тухай хуулиар бусдын эзэмшилд байгаа газрыг хэн нэг этгээдэд шилжүүлэхдээ тэдгээрийн хооронд байгуулсан гэрээ, хэлцэл, түүнийг байгуулах эрхтэй этгээд байгуулсан эсэхийг төр хянаж шалгасны үндсэн дээр нэг этгээдээс нөгөө этгээдэд газар эзэмших эрхийг шилжүүлдэг. /маргаан бүхий захирамжийн 1 дэх хавсралтад заасан хэлбэрээр/

Гэтэл манай Хоршооллын холбооны эзэмшлийн газраас /түлээний хашааны газрыг/ М.Шагжжавт 631 м2 газрыг эзэмшүүлж шийдвэрлэж болохоор хуулиар зөвшөөрсөн ямарч заалт, хэм хэмжээ байхгүй байхад ийнхүү шилжүүлж шийдвэрлэсэн Хөвсгөл аймгийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А/120 дугаартай захирамжийн 2 дугаар хавсралтын /газар эзэмших гэрээ, гэрчилгээ шинэчлэх/ 9 дүгээр мөрний М.Шагжжавт /РЮ66111877/ холбогдох хэсэг нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” шинжийг бүрэн хангасан илт хууль бус захиргааны акт байна. Энэхүү маргаан бүхий захиргааны актыг Хөвсгөл аймгийн Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 15-ний өдрийн А/362 дугаартай “Захиргааны актын илэрхий алдааг засаж, захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай” захирамжаар хүчингүй болгосон тул Хөвсгөл аймгийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А/120 дугаартай захирамжийн 2 дугаар хавсралтын /газар эзэмших гэрээ, гэрчилгээ шинэчлэх/ 9 дүгээр мөрний М Шагжжавт /РЮ66111877/ холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох агуулгаар шаардлагаа тодорхойлсон болно.

Иймд манай Хоршооллын холбооны эрх ашиг сонирхолд халдах хуульд заасан ямар ч үндэслэл байхгүй байхад манай газар эзэмших эрхэд халдаж гаргасан Хөвсгөл аймгийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдриин А/120 дугаартай захирамжийн 2 дугаар хавсралтын /газар эзэмших гэрээ, гэрчилгээ шинэчлэх/ 9 дүгээр мөрний М.Шагжжавт /РЮ66118877/ холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

            Гуравдагч этгээд Г.Цэдэндамба гуравдагч этгээд “Хөвсгөл аймгийн Эд хэрэглэгчдийн хоршооллын холбоо” НҮТББ бие даасан шаардлагад өгсөн хариу тайлбартаа: “Хөвсгөл аймгийн эд хэрэглэгчдийн хоршоодын холбоо НҮТББ-ын гүйцэтгэх захирал хэмээн өөрийгөө үзэж буй П.Баярхүү гэгч хүний гарын үсэгтэй гуравдагч этгээдийн бие даасан шаардлагатай би хоёр өмгөөлөгчийн хамт танилцлаа. Миний тус шүүхэд гаргасан гуравдагч этгээдийн бие даасан шаардлагатай утга санаа нь ойролцоо байна. Гэвч миний нөхөр Б.Лхамсүрэнгийн Хууль зүйн яамнаас 1998 онд авсан “ГҮТББ”-ын гэрээ, гэрчилгээ, тамга, тэмдэг өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа билээ. 2015 оны сүүлч, 2016 оны эхнээс цуг ажиллаж байсан хэд хэдэн хүн рүү хань татан утасдаж, шүүхэд хандаж 2017 онд иргэний хэргийн анхан шатны шүүхийн захирамжаар нэхэмжлэх эрхгүй гэсэн шийдвэр гарсан. Нябо асан М.Дашлэгцэг, нярав А.Батаа нар манайд 4 удаа ирж “энэ конторыг зарна, танд мөнгөтэй, барилгын компанитай шавь байна уу, ямар бичиг баримт байна үзье, бид ярилцаад холбооны захирлаар Ч.Дагвадоржийг сонгоод тэмдэглэл хийсэн, үүн дээр тамга дарж өг, конторын түлхүүр авъя” гэж 4 эмэгтэй гудамжинд тааралдан шаардаж байсан. Ингээд надад гэр орон, сейфэнд нь бүх зүйл хадгалагдаж байгааг мэдсээр байж “намайг бүх юм алга болсон” гэж хэлсэн хэмээн гөрдөж Иргэний бүртгэл мэдээллийн хэлтэст хуурамч баримт бичиг бүрдүүлж, хоёулахнаа хуралдаж, хоёул дарга болсон хурал нь хүчин төгөлдөр бус юм. Нотлох баримт үзэх, өвлөгч эхнэр надтай уулзаж ярилцах, бичиг баримтыг хувилж авах боломжтой байсан боловч танил талаараа ярилцаж манай регистр, манай хаяг дээр “НҮТББ” гэж шинэчлэн байгуулсан байгааг юугаар тайлбарлах вэ? Би 2017 оны хуралд өмгөөлөгч А.Ууганбаярыг түр авч ажиллуулаад, эзэмшил газрын маргаан дээр багш нь ажиллуулна гэж ярилцаж тохирсон боловч дааж давахын аргагүй хөлс авахаар саналаа хэлсэн юм.

Гэтэл 2017 оны хурлын захирамж дээр өмгөөлөгч Б.Батдорж, өмгөөлөгч А.Ууганбаяр нар /багш, шавь хоёр/ ажиллаж, ганц бие, өндөр настай муу эмгэнийг элэг барьж болно гэж үзээд бүх зүйлийг булаан авахаар төлөвлөж, хоёул итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч болохоор хэлэлцэн тохирч, 2018 оны сүүлч 2019 оны 2 сард шүүхэд хандсан байв. Эд нар эдийн засгийн асар их сонирхолтой, шударга бусаар ажиллаж байгууллагынхаа нэр хүндэд харш зүйл зохион байгуулж явна. Хурал дээр би тодорхой ярина. Худалдааны байгууллага хувьчлагдан улсын худалдаа үгүй болж зах зээлийн өвөрмөц үед “Чандмань”, “Батчандмань” хэмээн компани байгуулан 1991-2002 оны хооронд тасалбараа нийлүүлсэн 20 гаруй хүнд дүрмийнхээ дагуу арав гаруй жил 10000-аас дээш төгрөгийн ногдол ашиг хуваарилан өгч байсан баримт, үйл ажиллагаа нь зогсмогц байгаа үндсэн хөрөнгөө тараан өгсөн баримтууд байгаа болно. Иймд 2018 онд Хөвсгөл аймгийн ЭХХХ-ын “НҮТББ” хэмээн “ГҮТББ”-ын регистр дээр бүртгүүлж гэрээ, гэрчилгээ авсан энэ байгууллага Хөвсгөл аймгийн ЭХХХ-ны ГҮТББ-ын газартай булаалдан маргах эрхгүй бөгөөд энэ хоёр байгууллага нь эрхлэх ажлын ялгаатай хоёр өөр байгууллага юм. Тооцоогоо дуусгаад өөр байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан улсууд юм” гэжээ.

Нэхэмжлэгч М.Шагжжав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 2000 онд эхнэртэйгээ “Дулаан эрчим” хоршоонд орсон юм. Ингээд 2005 оны 04 дүгээр сард хоршооноос гарах болж гишүүдийн хурал хийж газар эзэмшүүлэх гэрээ байгуулан 450 м.кв газрыг авсан юм. Мөн 72 м.кв үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авсан. 2009 онд 631.8 м.квадрат газрыг нэмж 3 000 000 төгрөгөөр худалдаж авсан. 2010 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр кадастрын зураг хийлгэсэн. 2012 онд гэр бүлийнхээ хүнтэй Улаанбаатар хотод ажиллаж байсан тул газрын гэрчилгээ авч чадаагүй. Би 2014 оны 02 дугаар сард дахин кадастрын зураг гаргуулаад гэрчилгээ авсан байдаг. Кадастрын зургийг шинэчилж хийлгэхдээ н.Идэр гэх хүнээр хийлгэсэн. Тухайн үед би аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт өргөдөл бичиж өгсөн юм. 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр аймгийн Засаг даргын захирамж гарч газар эзэмших гэрээ, гэрчилгээ баталгаажсан гэж ойлгосон. Намайг кадастрын зураг нэмж хийлгэсэн гэдгийг н.Лхамсүрэн дарга мэдэж байсан. 2000 онд манайхыг ирэхэд Г.Цэдэндамбын байсан хүрэн байшинд н.Намсрай гуайн хүүгийнх л байсан. Сүүлд 2005 онд Б.Лхамсүрэнгийнх нүүж ирсэн. Тэгэхэд н.Сүхбаатар гуай надад хойд талын цагаан байшин н.Намсрайгийнх байгаа юм, газраар нь сольчихсон гэж байсан. Тухайн үед би 3 сар цайны газраа түрээсэлсэн. Урд талд байсан мухлагийг бас хүнд түрээсэлж байсан. Тэр чигээрээ урагшаа газрыг “Дулаан-Эрчим” хоршооны газар гэж ойлгож байна. Засаг даргын захирамжийг яагаад хүлээн зөвшөөрөхгүй байгаа вэ гэвэл ягаан байшингийн цаад талд байгаа газрыг эхлээд н.Бат-Эрдэнэ гэх хүнд өгөөд дараа нь Засаг дарга дүүдээ авч өгсөн. Аймгийн Засаг дарга болонгуутаа Г.Цэдэндамбын хүсэлтээр миний газар эзэмших эрхийг цуцалсан. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7-д заасныг зөрчсөн. Миний өмгөөлөгч байсан У.Хандсүрэнгийн хэлснээр хуулийн зохицуулалтыг буцааж хэрэглэсэн нь буруу. 2020 оны 05 дугаар сард болсон шүүх хуралдаан дээр хоршоодын холбоонд 5600 м.квадрат газрын гэрчилгээ байдаг гэсэн. Иргэн Г.Цэдэндамбын 3500 м.квадрат газрыг нэмбэл 9100 м.квадрат газар болно. Энэ нь нийт эзэмшил газраас илүү гарч байгаа юм. Миний хувьд эзэмшил газрын гэрчилгээ давхардсан гэж ойлгож байгаа. Би газрынхаа зориулалтыг нь өөрчлөөгүй тул хүчингүй болгох үндэслэл байхгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Би “Дулаан-Эрчим” хоршоонд элсэхдээ бага хувьчлалын эрхийн бичиг буюу 3000 төгрөгийн тасалбараа нийлүүлсэн. Хоршооноос гарахдаа оруулсан хөрөнгөдөө тооцон “Дулаан-Эрчим” хоршооны цайны газрыг доор газрын хамт авсан. “Дулаан-Эрчим” хоршооны гишүүдийн 2005 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн хурлын шийдвэрээр цайны газрыг газрын хамт авсан” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баасанбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Захиргааны актыг гаргах болсон үндэслэл нь Газрын тухай хуулийн 31.3-т заасныг зөрчсөн, нэхэмжлэгч нь 450 м2 газрыг 40 жилийн хугацаатай эзэмшихээр болсон. “Дулаан-Эрчим” хоршооны 2005 оны хурлын тэмдэглэлээр М.Шагжжавт үл хөдлөх хөрөнгө өгөх асуудлыг хүлээн зөвшөөрсөн байдаг. Үүнтэй маргах зүйл байхгүй гэж бодож байна. Үйлдвэр үйлчилгээ явуулахад учир дутагдалтай тул газар эзэмших хүсэлтээ 2010 оноос хойш өгч 2014 онд газар эзэмших эрхтэй болсон. Аймгийн Засаг дарга түүний харьяа байгууллагад нь газар эзэмших хүсэлт гаргасан иргэний хүсэлтийг шалгах ёстой. Гэтэл хариуцагч байгууллагаас энэ үүргээ хэрэгжүүлээгүй. Нэхэмжлэгчийн газрыг давхцалтай гэдэг, гэхдээ нотлогдоогүй. Хувьчлагдсан барилгатай цуг газар нь нэхэмжлэгчийн эзэмшилд шилжих ёстой. Гэтэл Засаг даргын захирамж Газрын тухай хуулийн 31.3-т заасныг зөрчиж гарсан. Газрын тухай хуулийн 31 дүгээр 31.2-т зааснаар Засаг даргын газар эзэмшүүлэх тухай захирамж нь хууль бус юм. Засаг дарга өөрт хамааралгүй асуудлаар шийдвэр гаргасан. Иргэний хууль ёсоор эзэмшиж байгаа газрыг багасгах эрхийг аймгийн Засаг даргад олгоогүй. Нэхэмжлэгч газраа зориулалтын дагуу ашиглаагүй, төлөвийг нь өөрчилсөн гэж холбогдох байгууллагаас ямар нэг шийдвэр гаргасан зүйл байхгүй. Иргэн хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашиг сонирхолд халдах эрх байгаагүй. Хуулийн этгээд хоршоо нь эд хөрөнгөө хэнд өмчлүүлэх, ашиглуулахаа бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэнэ. Маргаан бүхий газар нь өв залгамжлалд шилжсэн гэдэг асуудал гарч ирсэн. Хэн нэг нь хоршооны хөрөнгийг дур мэдэн захиран зарцуулах эрх байхгүй. Энэ газар гуравдагч этгээдийн эзэмшлийн газар гэвэл өрөөсгөл болно. Газар дээр байгаа байшинг газраас нь салгаж болохгүй. Хэрвээ салгавал үнэ, ханшаа алдана. Иймд засаг даргын захирамжийн хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Чулуунцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г.Цэдэндамба манай байгууллагад 2018 онд өргөдөл өгсөн юм. Үүний дагуу бид ажиллагаа хийсэн. Аймгийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А/120 дугаар захирамжаар газар эзэмшүүлэх, газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн. Энэхүү захирамжаар миний зөвшөөрөлгүйгээр миний эзэмшлийн газраас 631 м.кв газрыг нэмээд 1081 м.кв газар болгож өгсөн гэх гомдол гаргасан. Нэхэмжлэгчид газар олгохдоо Газрын тухай хуулийг зөрчсөн. Учир нь бусдын эзэмшил газраас зөвшөөрөлгүйгээр 631 м.кв газрыг зориулалтыг нь өөрчилж олгосон байсан. Уг нь хуульд зааснаар дуудлага худалдаа явуулах ёстой байсан. Гэтэл дуудлага худалдаа явуулаагүй. Газар эзэмшигчийн хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчсөн.

Ингээд бид 2018 оны А/362 дүгээр захирамжийг гаргасан. Энэ захирамжийг бид 4 зүйлд үндэслэж гаргасан. Нэгд нь газрын хувийн хэргийг тухай бүрт нь авч үзсэн. Гэтэл н.Лхамсүрэнгийн хувийн хэрэг дотор Мөрөн сумын Засаг даргын 2006 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 90 дүгээр захирамжийг үндэслэн бичилт хийсэн амины хашааны зориулалтаар гээд 3500 м.кв газрыг 40 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, гэрээний хуулбар байсан. 2009 онд гэрээний дагуу мөнгө тушаасан баримтын хуулбар гарч ирсэн. М.Шагжжавын хувийн хэргийг үзэхэд Мөрөн сумын Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн газар олгох, эрх шилжүүлэх тухай 43 дугаар захирамж байсан. Энэ захирамжийг үндэслэж Мөрөн сумын Засаг даргын гарын үсэгтэй гэрчилгээний хуулбар мөн байсан. Мөрөн сумын Засаг даргын 90 дүгээр захирамжид хэвлэмэл хуудасны дугаарын индекс алдагдсан байсан. Учир нь бүх шатны Засаг дарга 01 гэсэн индекс хэрэглэдэг байтал тус захирамжийн дугаар бусдаасаа өөр байсан тул бид засвар орсон гэж үзсэн юм.

Газрын хэмжээг тогтоож чадахаа байгаад Г.Цэдэндамба нь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар өргөдөл өгсөн байсан юм. Ингээд манай байгууллагаас газрын бодит байдлыг нь хэмж гэсэн үүрэг өгсний дагуу Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 3 мэргэжилтэн очиж газар дээр нь хэмжилт хийх гэтэл нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар маргалдаад хэмжилт хийж чадаагүй байсан. Аймгийн Засаг даргын 2014 оны А/120 дугаар захирамж нь 2 хавсралттай байдаг. Газрын гэрээ гэрчилгээг шинэчлэх тухай хавсралтад Газрын тухай хуульд зааснаар газар нэмж олгох асуудал яригдахгүй. Өөрөөр хэлбэл М.Шагжжавт байгаа 450 м.кв газраар нь гэрээ гэрчилгээг шинэчлэх ёстой байтал 631 м.кв газрыг бусдын газраас нэмж 1081 м.кв газрыг олгосон байдаг.

Хэрвээ 631 м.кв газрыг инженерийн шугам сүлжээтэй бүсэд худалдаа үйлчилгээний зориулалтаар нэмж эзэмшиж байгаа бол Газрын тухай хуульд зааснаар газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд орж уг төлөвлөгөөний дагуу дуудлага худалдаагаар эзэмшүүлэх ёстой. Гэтэл ийм баримт газрын хувийн хэрэгт нь байгаагүй.

Мөрөн сумын Засаг даргын 2006 оны 90 дүгээр захирамжийн 2 дугаар хавсралтын 7-д бичигдсэн газар нь газар эзэмшигч Б.Лхамсүрэнд холбогдох хэсгийн газрын хэмжээ, газар эзэмших хугацааг тодруулах нь зүйтэй гэж манай байгууллагаас үзсэн. Тухайн үед Мөрөн сумын Засаг даргаар Г.Пунцагбалжир гэх гэх хүн ажиллаж байсан. Г.Пунцагбалжир даргын үед ганц энэ захирамж биш бусад иргэнд газар олгосон захирамжууд ч бас засвартай байдаг. Бид Мөрөн сумын Засаг даргын 2006 оны 90 дүгээр захирамжийн хавсралтыг засварлагдсан гэж үзэж байгаа. Мөрөн сумын Засаг даргын 2006 оны 43 дугаар захирамжаар “Дулаан-Эрчим” хоршооноос Эд хэрэглэгчдийн хоршооны эзэмшлийн 450 м.квадрат газрын эзэмших эрхийг шилжүүлж өгсөн болохыг тогтоолгох гэсэн. 450 м.кв газрыг “Дулаан-Эрчим” хоршооны газраас иргэн М.Шагжжавт шилжүүлэн эзэмшүүлэхээр болсон. “Дулаан-Эрчим” хоршооны газар нь аль вэ гэхээр байшингаас хойших газрыг хуваагаад бусдад эзэмшүүлсэн байгаа.

Харин Б.Лхамсүрэнгийн эзэмшлийн гэх 3500 м.кв газар үүнд хамаарахгүй гэдгийг хэлмээр байна. 2009 онд Ж.Жавзанпагма гэх хүн Б.Лхамсүрэнд кадастрын зураг хийж өгсөн. Гэтэл өмнө нь хийж өгч байсан кадастрын зурагтай маш их зөрүүтэй байдаг. М.Шагжжавт Мөрөн сумын Засаг даргын 2006 оны 43 дугаар захирамжаар “Дулаан-Эрчим” хоршооны газраас 450 м.кв газрыг шилжүүлэн эзэмшүүлсэн 2006 оны 05 дугаар сарын 16-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан байдаг. Өөрөөр хэлбэл “Дулаан эрчим” хоршооны газар Б.Лхагвасүрэнгийн эзэмшлийн газраас тусдаа юм.

Аймгийн Засаг даргын А/362 дугаар захирамжийн 4 дүгээр заалтад М.Шагжжавт өмнө нь шийдвэртэй байсан 450 м.кв газрын гэрээ гэрчилгээг шинэчлэн олгохоор болсон. Г.Пунцагбалжир даргын үед гарсан захирамжууд бүгд засвартай. Газар эзэмшүүлэх гэрээ, гэрчилгээ гэдэг нь аймгийн Засаг даргын захирамжийг үндэслэж гардаг. М.Шагжжавын газар эзэмших эрхийн гэрчилгээ, аймгийн Засаг даргын 2014 оны А/120 дугаар захирамжид газар эзэмших эрх олгосон Мөрөн сумын Засаг даргын захирамжийн дугаар 43 байсныг 143 гэж алдаатай бичсэн байдаг. 2006 онд Мөрөн сумын Засаг даргын 143 дугаартай захирамж огт гарч байгаагүй юм билээ” гэв.

            Хариуцагч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Мөрөн сумын Засаг даргын 2006 оны А/43 дугаар захирамжаар Дулаан эрчим хоршооны гаргасан эрх шилжүүлэх хүсэлттэй 8 дугаар багийн нутаг дэвсгэрт 450 м.квадрат газрыг иргэн М.Шагжжавт 40 жилийн хугацаатай газар эзэмших эрх шилжсэн. Мөн оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 90 дүгээр захирамжаар Эд хэрэглэгчдийн хоршоооны хүсэлтээр 8 дугаар багт 700 м.квадрат газрыг иргэн н.Лхамсүрэнд 15 жилийн хугацаатай газар эзэмших эрх шилжсэн. 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Эд хэрэглэгчдийн хоршооны орчмын газар нь аймгийн инженерийн шугам сүлжээ бүхий бүсэд байршилтай юм.

2006-2009 оны хооронд Мөрөн сумын Засаг даргын Тамгын архивт энэ бүсэд газар эзэмших иргэн, аж ахуй нэгж байгууллага хувийн хэргийг хадгалж байсан хугацаанд иргэн Б.Лхамсүрэн, Г.Цэдэндамба, М.Шагжжав нарын хооронд газрын маргаантай холбоотой гомдол, санал ирээгүй. 2009-2010 онуудад иргэн, аж ахуй нэгжийн газар эзэмших хувийн хэргийг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар шилжүүлж өгсөн” гэв.

Хариуцагч Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Ганзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан үүсэн шалтгаан нь Мөрөн сумын Засаг даргын захирамж өөрчлөгддөг, засвар ордогт байгаа юм гэж хэлмээр байна. Нэхэмжлэгч анх 450 м.кв газрын гэрээ, гэрчилгээг шинэчлэх хүсэлтийг 2009 онд газрын хувийн хэрэг манай байгууллагад шилжиж ирсний дараа буюу 2012 онд гаргаж байсан. Тухайн үед Б.Лхамсүрэн, М.Шагжжав нарын газар нь хоорондоо хил зааг байхгүй, тэмдэг тэмдэглэгээ байхгүй, эргэлтийн цэггүй байсан. Ингээд М.Шагжжав нь мэргэжлийн компаниар кадастрын зургаа хийлгэж, газар дээр нь тэмдэглэгээ хийж, газрын гэрээ гэрчилгээ шинэчилж авах бүрэн боломжтой гэдгийг хэлсэн. Үүний дагуу нэхэмжлэгч нь манай байгууллагад хүсэлтээ гаргасан.

2014 оны А/120 дугаар захирамж нь хууль зөрчсөн тул аймгийн Засаг дарга дахин 2018 онд А/362 тоот захирамжийг гаргасан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлттэй байна. Мөрөн сумын Засаг даргын А/120 тоот захирамжийн М.Шагжжавт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай Хөвсгөл аймгийн эд хэрэглэгчдийн хоршооллын холбооны шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл кадастрын мэдээллийн сан болон бусад холбогдох хувийн хэргийн материалаас үзэхэд Эд хэрэглэгчдийн хоршооллын холбооны эзэмшлийн газартай М.Шагжжав, Б.Лхамсүрэн нарын газар нь огт хамааралгүй юм.

Иргэн М.Шагжжав нь Мөрөн сумын Засаг даргын 2006 оны 43 тоот захирамжаар уг газрыг Дулаан эрчим хоршооноос шилжүүлж авсан. Мөн “Дулаан-Эрчим” хоршооны нэр дээр 3120 м.кв газар өмчлөлтэй. Шүүхээс үзлэг хийхэд ч гэсэн хамааралгүй гэдэг нь нотлогдсон. Маргаан бүхий газар нь 1863 м.квадрат хэмжээтэй юм. Тиймээс гуравдагч этгээд Хөвсгөл аймгийн эд хэрэглэгчдийн хоршооллын холбооны гаргасан бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна гэв. Шүүхийн хэлэцүүлгийн явцад маргаан бүхий 1863 м.кв газрын 450 м.кв газар нь М.Шагжжавынх гэж тогтоогдоод энэ газар нь хүчингүй болбол үлдсэн хэсэгт нь Г.Цэдэндамбад газар эзэмших гэрчилгээ гаргаж өгөх бүрэн боломжтой. Хэрвээ 450 м.квадрат газар М.Шагжжавт эзэмшүүлсэн нь хууль бус гэж тогтоогдвол мөн 1863 м.квадрат газарт газар эзэмших гэрээ, гэрчилгээ Г.Цэдэндамбад гаргах боломжтой юм ...” гэв.

Гуравдагч этгээд Г.Цэдэндамбын өмгөөлөгч Т.Долгорсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Г.Цэдэндамба нь Мөрөн сумын Засаг даргын 2006 оны 90 дүгээр захирамжийн 2 дугаар хавсралтын 7-д бичигдсэн Б.Лхамсүрэнд холбогдох хэсгийн хугацааг засварласныг илт хууль бусад тооцуулахаар бие даасан шаардлага гаргасан. 90 дүгээр захирамжийг бичсэн үсгийн фонт түүний хавсралтуудтайгаа зөрүүтэй тул засварласан нь ойлгомжтой байгаа. Иргэн Б.Лхамсүрэнд мэдэгдэлгүйгээр газар эзэмших эрхийг нь шилжүүлж авсан нь хууль бус болохыг тогтоож захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэж бие даасан шаардлагаа тодорхойлсон. Маргаан бүхий газар инженерийн шугам сүлжээтэй газар учраас аймгийн Засаг даргын захирамж гаргаж, анхны захирамжид заасан хэмжээгээр Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт газар эзэмших гэрээ, гэрчилгээг шинэчлэн өгөхийг даалгах гэж тодорхойлж байна. Мөн Мөрөн сумын Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 43 тоот захирамжийн 2 дугаар хавсралтын 21-д байгаа “Дулаан-Эрчим” хоршооноос шилжүүлсэн 450 м.кв газрыг М.Шагжжавын нэр дээр шилжүүлсэнийг хууль бус болохыг тогтоож, захирамжийг хүчингүй болгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна” гэв.

Гуравдагч этгээд Г.Цэдэндамбын өмгөөлөгч В.Энхболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Аймгийн Засаг даргын А/120 дугаар захирамжийг хүчингүй болгосон шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байсан шалтгаан нь аймгийн Засаг дарга өөрийн дүүдээ уг газрыг авч өгсөн гэж ярьдаг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад А/120 дугаар захирамжаар нийт 1081 м2 газрыг авахдаа хэний ч газар эзэмших зөрчөөгүй гэдэг. Хэний ч биш газар гэж Монгол Улсын хэмжээнд байхгүй. Өмчлүүлснээс бусад газар нь төрийн өмч байна гэсэн зохицуулалт бий. Газрын тухай хуулийн 31.3-т заасныг зөрчиж газар олгосон. Мөн хуулийн 61.1-д зааснаар аймгийн Засаг дарга өмнөх алдаатай захирамжаа хүчингүй болгосон. Энэ ажиллагааг хууль бус ажиллагаа гэж үзэх нь үндэслэлгүй юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гарсан. Энэ нотлох баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй тул хангалттай нотлох баримт гэж үзэх үндэслэлтэй. Нэхэмжлэгч М.Шагжжав энэ газрыг 3 000 000 төгрөгөөр худалдаж авсан гэдэг. Гэтэл н.Сүхбаатар нь түлээний хашааны газар гээд арчилж байсан гэж өмгөөлөгч У.Хандсүрэн ярьдаг. Гэхдээ ийм үйл баримт тогтоогдоогүй. Энэ газар нь талийгаач Б.Лхамсүрэнгийн эзэшлийнх юм. Маргаан бүхий газрыг хөндлөнгөөр нь хуваасан. Өөрөөр хэлбэл Эд хэрэглэгчдийн хоршооны газар хэвээрээ байгаа. 3500 м2 газар нь яаж яваад 700 м2 газар болчихсон бэ гэдэг нь эргэлзээтэй. Хуурамчаар нотлох баримт үйлдсэн гэж үзэж байна. Нэгж талбарын дугаартай газрыг жил болгон 4500 төгрөгөөр үнэлж үнийг нь төлж бай гэсэн. Өөрөөр хэлбэл хийсвэрээр нотлох баримтыг зохиож ярих шаардлагагүй юм. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагын хувьд гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллагын хувьд тамга тэмдгээ алдсан гээд нийгэмд үйлчилдэг болгосон. Өөрөөр хэлбэл хүчин төгөлдөр бус байгууллага юм. Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага ямар байдаг талаар хуульд тодорхой заасан. Иймд бие гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд Хөвсгөл аймгийн эд хэрэглэгчдийн хоршооллын холбоо НҮТББ-ын захирал П.Баярхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ газар өмнө нь Худалдаа бэлтгэлийн удирдах газрын эзэмшилд байсан. Тухайн үед “Дулаан-Эрчим” хоршоо манай харьяалалд байсан юм. Ингээд өмч хувьчлал явагдаж урд талын газар нь Эд хэрэглэгчдийн хоршооны, харин хойд газар нь “Дулаан-Эрчим” хоршооны газар гэж зааглагдсан. Манай хоршооны удирдах зөвлөлийн шийдвэр байхгүй дур мэдэн Б.Лхамсүрэнд газар эзэмшүүлэх захирамж гаргасан. Би Г.Цэдэндамбаас очиж асуухад өмнө нь маргаантай байсан гэж хэлсэн. Арга зүйн кабинет гэх байшин одоо “Дулаан-Эрчим” хоршооны хашаанд байгаа” гэв.

Гуравдагч этгээд Хөвсгөл аймгийн эд хэрэглэгчдийн хоршооллын холбоо НҮТББ-ын төлөөлөгч Б.Батдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хоршооны дарга нас барснаас хойш үйл ажиллагаа нь явагдаагүй байдаг. Гэхдээ гишүүд нь байсан боловч үйл ажиллагаа явуулах гэхээр тамга, тэмдэг байдаггүй. Эд хэрэглэгчдийн хоршооны эрхийг хэн зөрчиж байгаа вэ гэвэл дарга нь өөртөө 700 м2 газрыг шилжүүлж Засаг даргаар захирамж гаргуулсан. Газрын тухай хуульд зааснаар тухайн газар шилжсэн үү гэдэг нь тодорхойгүй. Хоршооны гишүүд эрхээ хамгаалахаар шүүхэд бие даасан шаардлага гаргасан. Гуравдагч этгээд Г.Цэдэндамба нь хоршооны зарим хөрөнгө дээр өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан байдаг. Үүнийг шүүх харгалзаж үзэж шийдвэрээ гаргах байх гэж бодож байна” гэв.

Гуравдагч этгээд Хөвсгөл аймгийн эд хэрэглэгчдийн хоршооллын холбоо НҮТББ-ын өмгөөлөгч Г.Түвшинтөгс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Маргаан бүхий актаар М.Шагжжавт олгосон 631 м.кв газар нь хоршоодын холбооны түлээний хашаа байсан. Өмнө бид бие даасан шаардлага гаргасан боловч үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй гэж хүлээн авахаас татгалзсан. Энэ хэрэгт цугларсан холбогдох нотлох баримтуудтай танилцаад дараах бие даасан шаардлага гаргах шаардлагатай юм байна гэж үзсэн. М.Шагжжавт газрын хэмжээг томруулж олгосон аймгийн Засаг даргын 2014 оны А/120 тоот захирамжийн 2 дугаар хавсралтад газар эзэмших гэрээ, гэрчилгээг шинэчлэх, захирамжийн холбогдох хэсэг нь анхнаасаа хууль бус байсан, хоршоодын холбооны газар эзэмших эрхийг зөрчиж гаргасан талаар маргаан үүсгээгүй тул энэ бие даасан шаардлагыг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

Өөрөөр хэлбэл энэ бие даасан шаардлага нь Б.Лхамсүрэн, түүний өв залгамжлагч Г.Цэдэндамбын эрх ашгийг зөрчөөгүй гэж үзэж байна. Маргаан бүхий 631 м.кв газар хоршоодын холбооны түлээний хашааны газар байсан. Үүнийг гуравдагч этгээд Г.Цэдэндамба нь Мөрөн сумын Засаг даргын 2006 оны 90 дугаартай захирамжаар 3500 м.кв газар эзэмшдэг гэж маргаж байна. Гэтэл тухайн 90 дугаартай захирамжаар Б.Лхамсүрэнд 700 м.кв газрыг л эзэмшүүлсэн байдаг. Хоршоодын холбооноос 700 м.кв газрыг Б.Лхамсүрэн нь өөртөө шилжүүлж авсантай холбоотой ямар ч эрх шилжүүлж буй байгууллагын удирдах зөвлөлийн шийдвэр байдаггүй. Ингээд 700 м.кв газрыг хууль бусаар шилжүүлж авсан гэдэг боловч одоо энэ талаар маргаан үүсгээгүй.

Аймгийн Засаг дарга иргэн М.Шагжжавт 631 м.кв газрыг нэмж эзэмшүүлэхдээ газар ээзмших гэрээ гэрчилгээг шинэчлэх гэсэн агуулгаар захирамж гаргасан боловч хуульд зааснаар хоршоодын холбооны газар эзэмших эрхэд үндэслэлгүйгээр халдсан хууль бус үйл ажиллагаа болсон. Аймгийн Засаг дарга газар эзэмших гэрээ, гэрчилгээ шинэчлэх гэсэн агуулгаар захирамж гаргахдаа хэн нэгний эзэмшилд биш төр өөрийн эзэмшилд байгаа газраас Газрын тухай хуульд нийцүүлж иргэн, аж ахуй нэгжид шилжүүлэх ёстой. Гэтэл тухайн газар нь хоршоодын холбооны эзэмшлийн газар байсан.

Газрын тухай хуульд зааснаар бусдын эзэмшилд байгаа газрыг хэн нэгний эзэмшилд шилжүүлэхдээ хооронд нь байгуулсан гэрээ, хэлцэл, түүнийг байгуулах эрхтэй этгээд байгуулсан эсэхийг төрөөс шалгасны үндсэн дээр шилжүүлэх ёстой. Гэтэл хоршоодын холбооны эзэмшил газраас түлээний хашааны газрыг М.Шагжжавт 631 м.кв газрыг нэмж эзэмшүүлэхдээ хууль зөрчсөн. Маргааны бүхий захиргааны актыг Хөвсгөл аймгийн Засаг даргын 2018 оны А/362 дугаар захирамжаар захиргааны актын илэрхий алдааг засаж, холбогдох хэсгийг хүчингүй болгосон тул Хөвсгөл аймгийн Засаг даргын 2014 оны А/120 тоот захирамжийн 2 дугаар хавсралтын 9-д байгаа М.Шагжжавт холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгохоор бие даасан шаардлагыг гаргасан” гэв.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                

ҮНДЭСЛЭХ нь;

Нэг. Нэхэмжлэгч М.Шагжжавын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн талаар:

Нэхэмжлэгч М.Шагжжавын илт хууль бус болохыг тогтоолгохыг шаардсан Хөвсгөл аймгийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/362 дугаартай “Захиргааны актын илэрхий алдааг засаж, захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай” захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т заасанчлан захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр юм.

Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол ... шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсоохоор, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт илт хууль бус болохыг тогтоох нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа үл хамаарахаар заасан тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, хэрэг үүсгэн шалгасан болно.

Нэхэмжлэгч “М.Шагжжавт Хөвсгөл аймгийн Засаг даргын 2014 оны 04 дугаар сарын 01-ний өдрийн А/120 дугаар захирамжаар[1] 1081 мкв газрыг худалдаа, үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар 32 жилийн хугацаатай эзэмшүүлсэн.

Аймгийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/362 дугаар[2] захирамжаар “газрын зориулалтыг хууль бусаар өөрчлөн, инженерийн шугам сүлжээ бүхий газарт дуудлага худалдаа зохион байгуулаагүй, иргэн Б.Лхамсүрэнгийн эзэмшлийн газраас эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр 631 мкв газрыг М.Шагжжавт нэмэгдүүлэн газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон нь Газрын тухай хуулийг зөрчиж, газар эзэмшигчийн хууль ёсны газар эзэмших эрхэд үндэслэлгүйгээр халдсан” гэх үндэслэлээр Хөвсгөл аймгийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А/120 дугаар захирамжийн 2 дугаар хавсралтаар баталсан “Газар эзэмшүүлэх, гэрээ гэрчилгээ шинэчлэх иргэн, ААНБ-ын жагсаалт”-ын 9 дэх мөрний “М.Шагжжав (РЮ66111877) Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар, 8 дугаар баг 9-36 тоот байршилд, 1081 м.кв хэмжээтэй газрыг 32 жилийн хугацаатайгаар (210700199 нэгж талбарын дугаартай), Мөрөн сумын Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн №143 дугаар захирамжийг цуцалж, инженерийн шугам сүлжээтэй бүсэд шилжиж гэрээ, гэрчилгээ шинэчлэх” гэсэн хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгчээс “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэх нөхцлийг бүрэн хангасан” гэж уг захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан байна.

Анх нэхэмжлэгч М.Шагжжав Мөрөн сумын Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “Газар олгох, эзэмших эрх шилжүүлэх тухай” 43 дугаар захирамжаар[3] “Дулаан-Эрчим” хоршооноос 450 мкв газрыг 8 дугаар багийн П хэсэгт зоогийн газрын зориулалтаар 40 жилийн хугацаатай эзэмшихээр шилжүүлэн авчээ.

М.Шагжжавын газар эзэмших эрхийн гэрчилгээнд захирамжийн дугаарыг 143 гэж алдаатай бичсэн болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, Мөрөн сумын Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 43 дугаар захирамжаар[4] нотлогдоно.

Хөвсгөл аймгийн Засаг даргын 2014 оны 04 дугаар сарын 01-ний өдрийн А/120 дугаар захирамжаар “инженерийн шугам сүлжээтэй бүсэд шилжиж, гэрээ, гэрчилгээ шинэчлэх” гэсэн үндэслэлээр М.Шагжжавын эзэмшиж байсан 450 мкв газрын хэмжээг нэмэгдүүлэн 1081 м.кв газар болгон худалдаа, үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар 32 жилийн хугацаагаар эзэмшүүлжээ.

Энэ талаар нэхэмжлэгч М.Шагжжав тайлбарлахдаа “Сүүлд нэмэгдүүлж авсан 631 м.кв газрыг “Дулаан-Эрчим” хоршооны даргаар ажиллаж байсан Сүхбаатараас 2009 онд 3 000 000 /гурван сая/ төгрөгөөр худалдаж авсан боловч худалдах, худалдан авах гэрээ, мөнгө төлсөн баримт үйлдээгүй” гэдэг. Гэвч нэхэмжлэгч М.Шагжжавт “Дулаан-Эрчим” хоршооноос шилжүүлэн эзэмшүүлсэн гэх 1081 мкв газар нь “Дулаан-Эрчим” хоршооныхоо газарт хамаарч байгаагүй болох нь:

Нэхэмжлэгч М.Шагжжавын нэхэмжлэлд дурдагдсан “надад аймгийн Засаг даргаас нэмж эзэмшүүлсэн газар нь ... Хөвсгөл аймгийн эд хэрэглэгчдийн хоршоодын холбоо НҮТББ-тай хамааралтай байж болох газар” гэх тайлбар[5],

Нэхэмжлэгч М.Шагжжавын өмгөөлөгч У.Хандсүрэнгийн “Дулаан-Эрчим хоршооны түлээний хашаа байсан газрын эзэмших эрхтэй маргах эрх нь одоо улсын бүртгэлд хууль ёсоор бүртгэлтэй байгаа Эд хэрэглэгчдийн хоршоодын холбоонд хадгалагдаж байгаа болохыг дурдах нь зүйтэй” гэсэн тайлбар[6],

Гэрч Д.Мөнхдэлгэрийн “Худалдаа удирдах газар хувьчлагдахад Эд хэрэглэгчдийн хоршоодын холбоо, “Дулаан-Эрчим хоршоо” хоёр газраа хоёр хувааж урд талыг нь Эд хэрэглэгчдийн хоршоо авч хойд талыг нь манай “Дулаан-Эрчим” хоршоо авсан юм. Тэр үед газраа хуваасан хашаа нь ноднин жил хүртэл яг л хэвээрээ байдгаараа байж байсан. Харин хойд талд нь байсан “Дулаан-Эрчим” хоршооны хашаа олон хэсэгт хуваагдаж олон хашаанууд баригдсан харагдаж байсан. Харин урд талын эд хэрэглэгчдийн хоршоодын холбооны хашаа хэвээрээ харагдаж байсан санагдаж байна ...” гэх мэдүүлэг[7],

“Дулаан-Эрчим” хоршооны захирал Г.Сүхбаатар агсны эхнэр гэрч Ж.Дашбуниагийн “Худалдаа удирдах газар хувьчлагдан тарахад “Эд хэрэглэгчдийн хоршоодын холбоо”, “Дулаан-Эрчим” хоршоо хоёр хашааны газраа яг л байгаагаар нь авсан. Анх хувьчлалаар авсан тэр янзаараа хашаа нь байгаа. ... М.Шагжжавт тэр цайны газар ажиллуулж байсан цагаан байшинг өгсөн болохоос манай “Дулаан-Эрчим” хоршоо газар шилжүүлж өгөөгүй. ... Манай хөгшнийг амьд ахуйд М.Шагжжав худалдаж авсан цайны газрынхаа хойд талын түлээ хураадаг газрыг надад өгчихөөч, та Лхамсүрэн гуайтай яриад өгөөч гэж ярьж байсан юм. Тэгэхэд нь манай нөхөр Г.Сүхбаатар: “Тэр чинь манай газар биш, Лхамаатай нь өөртэй нь ярь даа. Лхамаа ширүүн юм шиг мөртлөө их сайн хүн байгаа юм, чи өөрөө түүнтэй ярь” гэж хэлж байхад нь би хамт байсан юм. Лхамаа гэдэг нь эд хэрэглэгчдийн хоршоодын холбооны дарга асан талийгаач Лхамсүрэнг хэлж байгаа юм” гэх мэдүүлэг[8],

“Дулаан-Эрчим” хоршооны 2005 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 7806,5 мкв хэмжээтэй газрын “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, 0047596 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ”[9],

Уг 7806,5 мкв хэмжээтэй газрын тойм зургийг[10] “Дулаан-Эрчим” хоршооны 2005 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн  гэрээ, гэрчилгээгээр эзэмшиж байсан газрыг харуулсан сансрын зураг[11] болон Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын кадастрын мэдээллийн сан дахь цахим мэдээллээс хэвлүүлж авсан 210700234 нэгж талбарын дугаар бүхий Б.Лхамсүрэн агсны эзэмшил газар /Лхагвасүрэн 210700234 гэж нэрийг буруу бичсэн/ орчмын[12] зурагтай харьцуулж харахад “Дулаан-Эрчим” хоршооны газар Эд хэрэглэгчдийн хоршооллын холбооны газрын хойд талд, М.Шагжжавын маргаж буй газрын гадна байгаа зэргээр нотлогдоно.

Түүнчлэн нэхэмжлэгч М.Шагжжавын эзэмшил 450 мкв газрын хэмжээг 1081 мкв болгон нэмэгдүүлэхдээ газар эзэмшигч Б.Лхамсүрэн агсны эзэмшлийн газартай давхардуулан эзэмшүүлсэн болох нь М.Шагжжавын эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг[13], аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын архивт хадгалагдаж буй Эд хэрэглэгчдийн хоршоодын холбоо ТББ-ын эзэмшлийн газрын хувийн хэрэг материалд авагдсан “Аймгийн худалдаа, эд хэрэглэгчдийн хоршоодын холбоо, Мөрөн сумын иргэн Б.Лхамсүрэн нарын эзэмшил болон хувьчилж авсан газрын план зураг” гэх баримт[14], гуравдагч этгээд Г.Цэдэндамбын тайлбар, 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн шүүхийн үзлэг хийсэн тэмдэглэл, 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн шинжээчийн дүгнэлт[15] зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

2006 болон 2014 онд М.Шагжжавт газар эзэмшүүлэх захирамж гаргахдаа Мөрөн сумын болон аймгийн Засаг дарга газрын эргэлтийн цэгийн солбицлыг газар дээр нь тодорхойлж, тэмдэгжүүлэх ажлыг газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн эзэмшүүлэхээс өмнө болон дараа үйлдээгүй, нэхэмжлэгч М.Шагжжав газрынхаа хил хязгаарыг тодорхойлж хашаалаагүй болох нь нэхэмжлэгч М.Шагжжав, хариуцагч Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ганзориг, гуравдагч этгээд Г.Цэдэндамба нарын тайлбар, гэрч Д.Мөнхдэлгэрийн мэдүүлэг, хэрэгт авагдсан 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн маргаан бүхий газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, үзлэгийн үеэр авсан гэрэл зургууд, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас ирүүлсэн сансраас авсан зургууд[16], шинжээчийн дүгнэлт[17] зэргээр нотлогдоно.

Үүнээс үүдэн газар эзэмшигч Б.Лхамсүрэн агсан, түүний өвлөгч Г.Цэдэндамба нар өөрсдийнх нь газраас бусдад давхцуулан олгосон, газар эзэмших эрх нь зөрчигдсөн болохыг мэдээгүй байсан гэж үзэх үндэслэлтэй.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн Бадрахын Лхамсүрэн 2014 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр нас барсан учир өвлүүлэгчийн эхнэр Г.Цэдэндамбад Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар баг, 9-49 тоотод байрлах 3500 мкв гэр бүлийн хэрэгцээний газрын өвлөх эрхийн гэрчилгээг[18] Хөвсгөл аймгийн тойргийн нотариатчаас 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр олгожээ. Гуравдагч этгээд Г.Цэдэндамба өөрийн өвлөх эрхийн гэрчилгээтэй газраас М.Шагжжавт 631 мкв газрыг давхцуулан олгосон талаар аймгийн Засаг даргад 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр гомдол[19] гаргаж, аймгийн Засаг дарга гомдлыг хянан үзээд 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр А/362 дугаар захирамж[20]  гаргасан байна.

Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө ... уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсоохоор,

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө ... өөрчлөх буюу хүчингүй болгохоор,

Захиргааны ерөнхий хуулийн 48.2, 48.2.2, Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн бол захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болохоор тус тус заасан.

Хэдийгээр аймгийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/362 дугаар захирамжид Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалтыг баримталсан нь алдаатай байх боловч тус захирамж Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны акт болохгүй юм.

Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно: ... 47.1.6.иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж заасан бөгөөд иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэдэгт хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн алдааг ойлгоно. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсэгт заасан хуульд үндэслэх зарчмын агуулга нь захиргаа хуулиар эрх олгогдсон тохиолдолд л үйл ажиллагаа явуулж болно гэсэн санааг илэрхийлдэг.

Аймгийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/362 дугаар захирамжийн хувьд газар эзэмшигч Б.Лхамсүрэн агсны газартай давхцуулан нэхэмжлэгч М.Шагжжавт газар эзэмших эрх олгосноор өвлөгч Г.Цэдэндамбын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болохыг захиргаа өөрөө тогтоож, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасан эрх хэмжээнийхээ хүрээнд “Захиргааны актын илэрхий алдааг засч, захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай” захирамж гаргасан байх тул хуульд үндэслэх зарчимд нийцсэн, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулаагүй байна.

Нэхэмжлэгч М.Шагжжав, түүний өмгөөлөгч У.Хандсүрэнгийн “Захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа захиргааны үйл ажиллагааны “бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах, хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчмуудад нийцүүлэн үйл ажиллагаагаа явуулах үүрэгтэй бөгөөд дээрх зарчмуудыг зөрчсөн байна” гэсэнд дараах тайлбарыг өгье.

Хөвсгөл аймгийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А/120 дугаар захирамжаар М.Шагжжавт эзэмшүүлсэн газар нь Б.Лхамсүрэн агсны газартай давхцаж байгаа болох нь өмнө дурдсанаар тогтоогдсон ба газар эзэмших эрх нь зөрчигдсөн Б.Лхамсүрэн агсны өв залгамжлагч Г.Цэдэндамбын гомдлыг хангаж шийдвэрлэсэн нь бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий болжээ.

Бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээр урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах зарчмыг хангасан болох нь М.Шагжжавын аймгийн Засаг даргад хандан гаргасан хүсэлт[21] аймгийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1/1121 тоот албан бичгээр[22] тус тус нотлогдоно.

Харин хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмын хувьд Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т заасан тохиолдол үүсвэл захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэний итгэл хамгаалагдахгүй. Энэ тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-т заасанчлан бусад этгээдийн буюу Б.Лхамсүрэн агсан, түүний өв залгамжлагч Г.Цэдэндамбын ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн аймгийн Засаг даргын 2014 оны А/120 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож байгаа тул нэхэмжлэгч М.Шагжжавын хувьд хууль ёсны итгэл хамгаалах зарчим хэрэгжих боломжгүй юм.

Нэхэмжлэгч М.Шагжжав, түүний өмгөөлөгч У.Хандсүрэнгийн “Аймгийн Засаг даргад өөрийн гаргасан захиргааны актынхаа илэрхий алдааг засах эрх хэмжээ 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Захиргааны ерөнхий хуулиар олгогдсон. Хууль хэрэглээний хувьд тухайн хууль албан ёсоор хэрэгжиж эхэлснээс хойш алдаагаа засах боломжтой бөгөөд миний эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэж 2014 онд гаргасан шийдвэрийнхээ алдааг засаж шийдвэр гаргасан нь илт хууль бус” хэмээн маргасанд дараах тайлбарыг өгөх нь зүйтэй.

Аймгийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/362 дугаар “Захиргааны актын илэрхий алдааг засаж, захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай” захирамжийн 1 дэх заалтад “Аймгийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн “Газар эзэмшүүлэх, газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай” А/120 дугаар захирамжийн үндэслэх хэсэгт Газрын тухай хуулийн нэрийг орхигдуулж бичсэн байх тул уг захирамжийн үндэслэх хэсгийн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалт гэсний дараа “Газрын тухай хуулийн” гэж захиргааны актын илэрхий алдааг засч өөрчилсүгэй” гэжээ.

2006 оны 12 дугаар сарын 15-ны өдөр батлагдаж, 2007 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш өнөөг хүртэл дагаж мөрдөж буй Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т зааснаар Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө ... өөрчлөх буюу хүчингүй болгохоор заасан тул Засаг дарга захирамжаа өөрчлөх, хүчингүй болгох эрхтэй бөгөөд аймгийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/362 дугаар “Захиргааны актын илэрхий алдааг засаж, захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай” захирамжаар аймгийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А/120 дугаар захирамжийн алдааг засан өөрчилж, захирамжийг холбогдох хэсгийг хүчингүй болгосныг нэхэмжлэгч М.Шагжжавын эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэхгүй.

Эрх зүйн онолын хувьд иргэний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийн материаллаг хэм хэмжээг буцаан хэрэглэхийг зөвшөөрдөг.

2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр батлагдаж 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн одоог хүртэл дагаж мөрдөж буй Захиргааны ерөнхий хууль нь хууль биелүүлэн ажиллах захиргааны байгууллагын үйл ажиллагааны нийтлэг журмыг зохицуулсан.

Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д “Захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй бөгөөд уг засварыг оролцогчид мэдэгдэх үүрэгтэй” гэжээ.

Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр гаргасан актаа засах эрхтэй бөгөөд уг засварыг оролцогчид мэдэгдэх үүрэгтэй гэж зааснаас үзвэл захиргааны байгууллагын үүргийг нэмж, оролцогчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн /иргэний мэдэх эрхийг хангасан/ байна.

Иймд Хөвсгөл аймгийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/362 дугаар захирамжид захиргааны үйл ажиллагаанд оролцогч буюу иргэний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн дээрх хуулийн заалтыг баримталсныг буруутгах боломжгүй.

Нэхэмжлэгч М.Шагжжав, түүний өмгөөлөгч У.Хандсүрэн нар “Аймгийн Засаг дарга Л.Ганболд нь иргэн Цэдэндамбатай ашиг сонирхлын зөрчилтэй. Учир нь маргаан бүхий газрын хөрш зэргэлдээ газрыг аймгийн Засаг дарга Л.Ганболдын төрсөн дүү Л.Чинболд эзэмшдэг юм. Аймгийн Засаг дарга Л.Ганболд нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7 дахь хэсэгт зааснаар “ашиг сонирхлын зөрчилтэй захиргааны үйл ажиллагаанаас татгалзан гарах” зарчмыг зөрчсөн” гэсэнд дараах тайлбарыг өгөх нь зүйтэй байна.

Эд хэрэглэгчдийн хоршооллын холбоо ТББ-ын эзэмшил газар дээрх 490 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-1723003461 дугаарт бүртгэгдсэн худалдаа үйлчилгээ, конторын зориулалттай барилгын[23] баруун талд Л.Чинболдын эзэмшил 2995,1 мкв газар, зүүн талд М.Шагжжавын маргаж буй газар, түүн дээрх цайны газрын байшин байгаа болох нь 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл[24], сансраас авсан зураг[25], Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын кадастрын мэдээллийн сангаас хэвлүүлж авсан маргаан бүхий газрын зургаар[26] тус тус  нотлогдоно.

Л.Чинболдын эзэмшил газар болон нэхэмжлэгч М.Шагжжав, гуравдагч этгээд Г.Цэдэндамба нарын маргаж буй газрын дунд Эд хэрэглэгчдийн хоршооллын холбоо ТББ-ын эзэмшлийн газар, конторын барилга байгаа болох нь 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, маргаан бүхий газруудын сансраас авсан зураг[27], кадастрын мэдээллийн санд байгаа зураг[28] зэргээр нотлогдож байна.

Нэхэмжлэгч М.Шагжжавт газар эзэмшигч Б.Лхамсүрэн агсны газартай давхцуулан газар эзэмшүүлснийг хүчингүй болгуулахаар түүний өв залгамжлагч Г.Цэдэндамбын гаргасан өргөдлийг шийдвэрлэхэд аймгийн Засаг дарга Л.Ганболдод ашиг сонирхлыг зөрчил үүсэхээргүй байна. Өөрөөр хэлбэл маргаж буй газартай хил зааг тусдаа, хөрш биш газрын эзэмшигч Л.Чинболд энэ маргаанд хамааралгүй тул  Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7 дахь хэсэгт зааснаар “ашиг сонирхлын зөрчилтэй захиргааны үйл ажиллагаанаас татгалзан гарах” зарчмыг зөрчсөн гэж үзэхгүй.

Гэрч Ж.Дашбуниагийн “Манай Дулаан-Эрчим хоршооны газар дээр байгаа арга зүйн кабинет гэх байшинг одоогийн Г.Цэдэндамбын амьдарч байгаа байшинтай сольж авсан санагдаж байна” гэх мэдүүлэг[29], 1991 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Хэрэглээний хоршоодын холбооны үндсэн хөрөнгийн үнэлгээний бүртгэлийн 1-т Арга зүйн кабинет[30] гэж бүртгэгдсэн бөгөөд “Дулаан-Эрчим” хоршооны үндсэн хөрөнгийг үнэлсэн тухай 1991 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн актад Арга зүйн кабинет гэж бүртгэгдээгүй[31] байдал, 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр маргаан бүхий газарт шүүхийн үзлэг хийхэд Арга зүйн кабинет гэх байшин Л.Чинболд, Эд хэрэглэгчдийн хоршооллын холбоо, М.Шагжжав болон Б.Лхамсүрэн агсан нарын газар дээр байгаагүй, гуравдагч этгээд Хөвсгөл аймгийн эд хэрэглэгчдийн хоршооллын холбоо НҮТББ-ын захирал П.Баярхүүгийн “Арга зүйн кабинет гэх байшин Дулаан-Эрчим хоршооны газар дээр байгаа” гэх тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Хандсүрэнгийн “Цэдэндамбын талийгаач нөхөр Лхамсүрэн нь худалдаа бэлтгэлийн удирдах газрын ажилчдын байр байсан улаан дүнзэн байрыг тэр чигт нь авч өөрийн эзэмшилд авсан байсан тул “Дулаан-Эрчим” хоршооны газартай маргадаггүй байсан. Учир нь ийм маргаан үүсгэвэл талийгаач Лхамсүрэнгийн өөрийн хууль бус эзэмшлийн асуудал сөхөгдөх тул маргах шаардлага байгаагүй” гэх тайлбар үндэслэлгүй байна.

Дээрх хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч М.Шагжжавын Хөвсгөл аймгийн Засаг даргын “Хөвсгөл аймгийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/362 дугаартай “Захиргааны актын илэрхий алдааг засаж, захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай” захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хоёр. Гуравдагч этгээд Г.Цэдэндамбын бие даасан шаардлагын тухайд:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд Г.Цэдэндамбын гаргасан “Мөрөн сумын Засаг даргын 2006 оны 90 дүгээр захирамжийн 2 дугаар хавсралтын 7-д бичигдсэн газар эзэмшигч Б.Лхамсүрэнд холбогдох хэсгийн газрын хэмжээ, газар эзэмших хугацааг засварласныг илт хууль бусад тооцож, иргэн Б.Лхамсүрэнгийн газрын хэмжээ, эзэмших хугацааг газар эзэмшигчийн гэрээ гэрчилгээнд бичигдсэнээр залруулан өвлөгч Г.Цэдэндамбын нэр дээр Хөвсгөл аймгийн Засаг даргын захирамжаар баталгаажуулахыг Аймгийн Засаг даргад даалгаж, миний газар эзэмших эрхийн гэрээг шинэчлэн байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн олгохыг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгаж, “Дулаан эрчим” хоршооны захирал Г.Сүхбаатарын хүсэлтээр Эд хэрэглэгчдийн хоршоодын холбооны эзэмшлийн 450 м2 газрын эзэмших эрхийг М.Шагжжавт шилжүүлэн өгсөн Мөрөн сумын Засаг даргын 2006 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 43 тоот захирамжийн 2 дугаар хавсралтын 21 дэх мөрийг хууль бус болохыг тогтоож, захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай бие даасан шаардлагыг доорх үндэслэлүүдээр бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Юуны өмнө энэ хэрэгт хамаарал бүхий зарим үйл баримтын талаар товч дурдах нь зүйтэй байна.

Хөвсгөл аймгийн ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1991 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Эд хөрөнгө эзэмшүүлэх тухай” 100 дугаар тогтоолоор Аймгийн эд хэрэглэгчдийн хоршоодын холбооны орлогч дарга Б.Лхамсүрэн 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдөр тус хоршоодын холбооны зуучлан үйлчлэх аж ахуйн нэгжийг 523 тасалбараар дуудаж авсан дуудлагын худалдааг хууль зааврын дагуу явагдсан гэж үзэн дуудлагаар эд хөрөнгө худалдан авсан үнийг 1992 оны 01 дүгээр сарын 10-ны дотор төлүүлж өмч эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг өмч хувьчлалын комиссын ажилтан н.Батсуурьт зөвшөөрсөн баримт[32],

Хөвсгөл аймгийн ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1991 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Бага хувьчлалд хамруулан эд хөрөнгө эзэмшүүлэх тухай” 3 дугаар тогтоолоор Аймгийн хэрэглээний хоршоодын холбооны “Дулаан-Эрчим” хоршоог бага хувьчлалд хамруулан дуудах анхны үнийг 306 ширхэг тасалбараар тогтоож, “Дулаан-Эрчим” хоршооны хамт олноос хоршоогоо н.Сүхбаатарын нэр дээр хувьчлан авах, барилгын үйлдвэрлэлийн онцлогийг харгалзан дуудлагын худалдаанд гаргахгүй байхыг хүсч гаргасан өргөдлийг зөвшөөрсөн баримт[33] зэргээс үзэхэд Хөвсгөл аймгийн Худалдаа удирдах газрын хөрөнгийг хувьчлахад тухайн үеийн нэршлээр “Аймгийн эд хэрэглэгчдийн хоршоодын холбоо” болон Аймгийн эд хэрэглэгчдийн хоршоодын холбооны “Дулаан-Эрчим” хоршоо нь Худалдаа удирдах газрын газар дээр байсан хөдлөх болон үл хөдлөх хөрөнгүүдийг өмч хувьчлах эд хөрөнгө худалдан авах эрхийн бичиг /тасалбар/-ээр худалдан авчээ.

Ингэхдээ дээрх үл хөдлөх хөрөнгүүд оршин байгаа Худалдаа удирдах газрын /хуучнаар/ хашааны газрыг мөн л хоёр хэсэгт хуваан урд талыг нь Эд хэрэглэгчдийн хоршоодын холбоо, хойд талыг нь “Дулаан-Эрчим” хоршоо авсан болох нь:

Гэрч Д.Мөнхдэлгэрийн “Худалдаа удирдах газар хувьчлагдахад Эд хэрэглэгчдийн хоршоодын холбоо, “Дулаан-Эрчим” хоршоо хоёр газраа хоёр хувааж урд талыг нь Эд хэрэглэгчдийн хоршоо авч, хойд талыг нь манай “Дулаан-Эрчим” хоршоо авсан юм. Тэр үед газраа хуваасан хашаа нь ноднин жил хүртэл яг л хэвээрээ байдгаараа байж байсан. Харин хойд талд нь байсан “Дулаан-Эрчим” хоршооны хашаа олон хэсэгт хуваагдаж олон хашаанууд баригдсан харагдаж байсан. Харин урд талын Эд хэрэглэгчийн хоршоодын холбооны хашаа хэвээрээ харагдаж байсан санагдаж байна” гэх мэдүүлэг[34],

Гэрч Ж.Дашбуниагийн “Худалдаа удирдах газар хувьчлагдан тарахад “Эд хэрэглэгчдийн хоршоодын холбоо”, “Дулаан-Эрчим” хоршоо хоёр хашааны газраа яг л байгаагаар нь авсан. Анх хувьчлалаар авсан тэр янзаараа хашаа нь байгаа” гэх мэдүүлэг[35],

Гуравдагч этгээд Хөвсгөл аймгийн эд хэрэглэгчдийн хоршооллын холбооны захирал П.Баярхүүгийн “Энэ газар өмнө нь Худалдаа бэлтгэлийн удирдах газрын эзэмшилд байсан. Тухайн үед “Дулаан-Эрчим” хоршоо манай харъяалалд байсан юм. Ингээд өмч хувьчлал явагдаж урд талын газар нь Эд хэрэглэгчдийн хоршооны, харин хойд газар нь “Дулаан-Эрчим” хоршооны газар гэж зааглагдсан” гэх тайлбар,

Гуравдагч этгээд Хөвсгөл аймгийн эд хэрэглэгчдийн хоршооллын холбооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батдоржийн “... Манай хоршоодын холбоо нь Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газраас маргаан бүхий газрыг тухайн байгууллагын бүхий л эд хөрөнгийн хамт өмч хувьчлалын дагуу эзэмшиж ирсэн” гэх тайлбар,

Гуравдагч этгээд Г.Цэдэндамбын “Манайх хуучин Худалдаа бэлтгэлийг удирдах газрын хашаа байсан газарт Мөрөн сумын Засаг даргын 2006 оны 08 сарын 03-ны өдрийн 90 тоот захирамжаар 3500 м2 газрыг эзэмшдэг юм” гэх тайлбараар нотлогдоно.

“Хөвсгөл аймгийн эд хэрэглэгчдийн хоршоодын холбоо” нь өмч хувьчлал, аж ахуйн нэгжийн хуулийн дагуу бүрэн бус хариуцлагатай “Чандмань” компанийг 1991 оны сүүлчээр байгуулж[36], улмаар 1996 онд Хөвсгөл аймгийн эд хэрэглэгчдийн хоршоодын холбооны “Чандмань” ББХК-ийг “Бат-Чандмань” хязгаарлагдмал хариуцлагатай компани[37] болгон өөрчлөн байгуулжээ.

“Бат-Чандмань” ХХК нь Хөвсгөл аймгийн эд хэрэглэгчдийн хоршоодын холбоо гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллагын гишүүн байгууллага бөгөөд тус компанийн 52 хувийг Хөвсгөл аймгийн эд хэрэглэгчдийн хоршоодын холбоо эзэмшиж  байсан болох нь гуравдагч этгээд Г.Цэдэндамбын тайлбар, Аймгийн эд хэрэглэгчдийн хоршооллын холбооны “Бат-Чандмань” ХХ компанийн хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоол[38], Хязгаарлагдмал хариуцлагатай компани үүсгэн байгуулах тухай гэрээ[39], Хөвсгөл аймгийн эд хэрэглэгчдийн хоршоодын холбооны товч танилцуулга, гуравдагч этгээд Г.Цэдэндамбын тайлбар[40] зэргээр тогтоогдож байна.

Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хадгалагдаж буй аймгийн Эд хэрэглэгчдийн хоршооллын холбоо ТББ-ын газар эзэмших эрхийн хувийн хэрэг материалд тус байгууллагын 2006 оноос өмнөх газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ байхгүй боловч тус хувийн хэрэгт авагдсан Мөрөн сумын Засаг даргын 2007 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 1/347 тоот албан бичигт “Бат-Чандмань ХХК-д: Танай байгууллага 2003 оны газрын төлбөр 60100 төгрөг, 2004 оны газрын төлбөр 40200 төгрөг, бүгд 100300 төгрөг төлөөгүй ... байна”[41] гэсэн байв.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 43 дугаар захирамжийн 2 дугаар хавсралтын 21 дэх мөрөнд Шагжжавт, 450 м2 хэмжээтэй газрыг 8 дугаар баг, П хэсэгт, зоогийн газрын зориулалтаар эзэмшүүлэхээр ДЭХоршооноос 40 жилийн хугацаатай шилжүүлжээ.

Ийнхүү Мөрөн сумын Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 43 дугаар захирамжаар М.Шагжжавт 450 м2 газрыг “Дулаан-Эрчим” хоршооноос шилжүүлэн эзэмшүүлэхдээ “Дулаан-Эрчим” хоршоог төлөөлж Г.Сүхбаатар, эзэмшигчийг төлөөлж М.Шагжжав нарын хооронд 2005 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан “Газар эзэмшүүлэх гэрээ”-г[42] үндэслэн болох нь М.Шагжжавын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.

Энэхүү “Газар эзэмшүүлэх гэрээ”-нд:

“Дулаан-Эрчим хоршооны хашаанд байгаа хувьчлагдсан гуанзны барилгыг хоёр тал тохиролцооны үндсэн дээр эзэмшүүлэх талаар:

1. Дулаан-Эрчим хоршоог төлөөлж Г.Сүхбаатар

2. Эзэмшигчийг төлөөлж М.Шагжжав

3. Гуанз зориулалтаар 30х15 хэмжээтэй газрыг 2005 оны 04-р сарын 14-ны өдрөөс 2015 оны 04-р сарын 14-ны өдрийг хүртэл ___ жилийн хугацаанд эзэмшүүлж одоо мөрдөж байгаа газрын суурь үнийн 10 хувиар бодож 4500 төгрөг жилд “Дулаан-Эрчим” хоршоонд төлнө.

4. Газрыг зориулалтын бус ашиглах, төлбөр хийгдээгүй нөхцөлд гэрээг цуцлах болно” гэжээ.

Дээрх гэрээнээс үзэхэд “Дулаан-Эрчим” хоршоо газар эзэмших эрхийн гэрчилгээгээ М.Шагжжавт шилжүүлэх талаар дурдаагүй, харин 2005 оноос 2015 он хүртэл 10 жилийн хугацаатай газар эзэмшүүлж, жилд 4500 төгрөгийн төлбөр авч байхаар тохиролцсон байна. Гэвч Дулаан-Эрчим хоршоо М.Шагжжаваас жил бүр 4500 төгрөгийн төлбөр авч байгаагүй /гэрээ амьдрал дээр хэрэгжиж байгаагүй/ болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан “Дулаан-Эрчим хоршоонд төлбөр төлж байгаагүй” гэх тайлбар, гэрч Ж.Дашбуниагийн “М.Шагжжаваас газрын түрээсийн мөнгө авсан зүйл байхгүй, түрээслээд байх ч газар байхгүй” гэх мэдүүлгээр[43] нотлогдоно.

“Дулаан-Эрчим” хоршооны газарт М.Шагжжавын гуанз буюу цайны газар орчмын 450 м2 газар хамаарч байгаагүй нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Гэрч Д.Мөнхдэлгэрийн “Худалдаа удирдах газар хувьчлагдахад Эд хэрэглэгчдийн хоршоодын холбоо, “Дулаан-Эрчим хоршоо” хоёр газраа хоёр хувааж урд талыг нь Эд хэрэглэгчдийн хоршоо авч хойд талыг нь манай “Дулаан-Эрчим” хоршоо авсан юм. Тэр үед газраа хуваасан хашаа нь ноднин жил хүртэл яг л хэвээрээ байдгаараа байж байсан. Харин хойд талд нь байсан “Дулаан-Эрчим” хоршооны хашаа олон хэсэгт хуваагдаж олон хашаанууд баригдсан харагдаж байсан. Харин урд талын эд хэрэглэгчдийн хоршоодын холбооны хашаа хэвээрээ харагдаж байсан санагдаж байна ...” гэх мэдүүлэг[44],

“Дулаан-Эрчим” хоршооны захирал Г.Сүхбаатар агсны эхнэр гэрч Ж.Дашбуниагийн “Миний бие тухайн цайны газрыг Дулаан-Эрчим хоршооноос хувьчилж аван ажиллуулж байгаад 2006 онд М.Шагжжавт худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлж өгсөн учир доорх газар нь дагаад шилжих байх гэж бодож байна. /Хэргийн 3 дахь хавтасны 28 дугаар хуудас/ ... “Худалдаа удирдах газар хувьчлагдан тарахад “Эд хэрэглэгчдийн хоршоодын холбоо”, “Дулаан-Эрчим” хоршоо хоёр хашааны газраа яг л байгаагаар нь авсан. Анх хувьчлалаар авсан тэр янзаараа хашаа нь байгаа. ... М.Шагжжавт тэр цайны газар ажиллуулж байсан цагаан байшинг өгсөн болохоос манай “Дулаан-Эрчим” хоршоо газар шилжүүлж өгөөгүй. ... Манай хөгшнийг амьд ахуйд М.Шагжжав худалдаж авсан цайны газрынхаа хойд талын түлээ хураадаг газрыг надад өгчихөөч, та Лхамсүрэн гуайтай яриад өгөөч гэж ярьж байсан юм. Тэгэхэд нь манай нөхөр Г.Сүхбаатар: “Тэр чинь манай газар биш, Лхамаатай нь өөртэй нь ярь даа. Лхамаа ширүүн юм шиг мөртлөө их сайн хүн байгаа юм, чи өөрөө түүнтэй ярь” гэж хэлж байхад нь би хамт байсан юм. Лхамаа гэдэг нь эд хэрэглэгчдийн хоршоодын холбооны дарга асан талийгаач Лхамсүрэнг хэлж байгаа юм” гэх мэдүүлэг[45],

“Дулаан-Эрчим” хоршооны 2005 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 7806,5 мкв хэмжээтэй газрын “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, 0047596 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ”[46],

Уг 7806,5 мкв хэмжээтэй газрын тойм зургийг[47] “Дулаан-Эрчим” хоршооны 2005 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн  гэрээ, гэрчилгээгээр эзэмшиж байсан газрыг харуулсан сансрын зураг[48] болон Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын кадастрын мэдээллийн сан дахь цахим мэдээллээс хэвлүүлж авсан 210700234 нэгж талбарын дугаар бүхий Б.Лхамсүрэн агсны эзэмшил газар /Лхагвасүрэн 210700234 гэж нэрийг буруу бичсэн/ орчмын зурагтай[49] харьцуулж харахад “Дулаан-Эрчим” хоршооны газар Эд хэрэглэгчдийн хоршооллын холбооны газрын хойд талд, М.Шагжжавын маргаж буй газрын гадна байгаа болох нь харагдана.

2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр маргаан бүхий газарт хийсэн үзлэгийн тэмдэглэлээс[50] харахад М.Шагжжавын цайны газрын доорх маргаж буй газар нь хуучнаар Эд хэрэглэгчдийн хоршоодын холбооны хашаан дотор /газрын дотор/ байгаа болох нь нотлогдож байна.

Харин М.Шагжжавын ногдох хөрөнгөдөө тооцож авсан гэх цайны газрын байшин “Дулаан-Эрчим” хоршооны эзэмшилд байсан болох нь гэрч Д.Мөнхдэлгэрийн “Тэр цагаан байшин чинь Дулаан-Эрчим хоршооны ажилчид орж хоолонд ордог байсан. Дашбуниа гуай тэр байшинд гуанз ажиллуулж байсан” гэх мэдүүлэг, гэрч Ж.Дашбуниагийн “М.Шагжжавын гэх цагаан байшин манай үндсэн хөрөнгөд бүртгэлтэй байсан” гэх мэдүүлгээр тогтоогдож байна.

Дээрх баримтуудаас дүгнэвэл нэхэмжлэгч М.Шагжжавын “Дулаан-Эрчим” хоршооноос ногдох хөрөнгөдөө тооцож авсан гэх, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-1723002599 дугаартай 72 м2 талбай бүхий үл хөдлөх хөрөнгө нь “Дулаан-Эрчим”  хоршооны газар дээр бус, Эд хэрэглэгчдийн хоршоодын холбооны газар дээр байсан байна.

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана”,

38.2-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана: 38.2.1.нотариатаар гэрчлүүлсэн гэрээ ...”,

38.3-т “Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч дараахь зүйлүүдийг тодруулна: 38.3.1.энэ хуулийн 38.2-т заасан шаардлагыг хангасан эсэх, 38.3.2.шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх” гэж заасан. /Газрын тухай хуульд 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орохоос өмнө/

Гэтэл “Дулаан-Эрчим” хоршооны эзэмшил газарт хамаардаггүй, тус хоршооны нэр дээр газар эзэмших эрхийн хүчин төгөлдөр гэрээ гэрчилгээгүй, бусдын 450 мкв газрыг 2005 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл жилийн 4500 төгрөгийн төлбөртэй эзэмшүүлэх агуулга бүхий “Дулаан-Эрчим” хоршоо, М.Шагжжав нарын хооронд байгуулсан дүр үзүүлсэн хэлцлийг үндэслэн Мөрөн сумын Засаг дарга 2006 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 43 дугаар захирамжаар М.Шагжжавт 450 м2 газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 38.3, 38.3.1, 38.3.2 дахь хэсгийг зөрчсөн байна.

Түүнчлэн БНМАУ-ын өмч хувьчлах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 2-т “Эрхийн бичигт нь хувьчлах эд хөрөнгийг худалдан авах, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж авах эрхийг тус тусад нь тодорхойлсон байх бөгөөд түүнийг БНМАУ-ын төрийн өмчид байгаа үндсэн хөрөнгөөр баталгаажуулна”, 6-д “Эрхийн бичгийг 2 жилийн хугацаанд хүчинтэй байхаар түүнд зааж гаргах бөгөөд шаардлагатай тохиолдолд уг хугацааг БНМАУ-ын Засгийн газар сунгаж болно”,

13 дугаар зүйлд “... Бага хувьчлалд худалдаа, үйлчилгээний болон бусад салбарын жижиг үйлдвэрийн газар, түүнчлэн томоохон үйлдвэрийн газрын үйлдвэрлэлийн бие даасан салбар нэгжийн эд хөрөнгө хамрагдана”,

14 дүгээр зүйлд “... Бага хувьчлалд хамаарах эд хөрөнгийг дуудлагын худалдаагаар худалдах замаар хувьчилна ...” гэж заасан,

Хөвсгөл аймгийн ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1991 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Бага хувьчлалд хамруулан эд хөрөнгө эзэмшүүлэх тухай” 3 дугаар тогтоолоор Аймгийн хэрэглээний хоршоодын холбооны “Дулаан-Эрчим” хоршоог бага хувьчлалд хамруулан дуудах анхны үнийг 306 ширхэг тасалбараар тогтоож, “Дулаан-Эрчим” хоршооны хамт олноос хоршоогоо н.Сүхбаатарын нэр дээр хувьчлан авах, барилгын үйлдвэрлэлийн онцлогийг харгалзан дуудлагын худалдаанд гаргахгүй байхыг хүсч гаргасан өргөдлийг зөвшөөрсөн баримт[51],

Гэрч Ж.Дашбуниагийн “... цайны газраа М.Шагжжавт түрээсэлж байгаад дараа нь түрээсийн дутуу төлбөр дээрээ нэмж 800 гаран мянган төгрөг аваад М.Шагжжавт зарсан” гэх мэдүүлэг[52] зэргээс үзэхэд нэхэмжлэгч М.Шагжжавын ““Дулаан-Эрчим” хоршоонд 2000 онд оруулсан бага хувьчлалаар хувьчлах эд хөрөнгө худалдан авах эрхийн бичгийнхээ ногдох хөрөнгөд цайны газрын барилгыг газрын хамт авсан” хэмээн тайлбарлаж буй нь үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т “Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна” гэж зааснаас үзвэл үл хөдлөх эд хөрөнгө гэдэгт:

  • Газар
  • Газраас салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс хамаарахаар байна.

Нэхэмжлэгч М.Шагжжав нь Б.Лхамсүрэн агсны эзэмшлийн газар дээрх эрхийн улсын бүртгэлийн Ү-1723002599 дугаар бүхий 72 м2 үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэнээр тухайн үл хөдлөх хөрөнгө оршин байгаа газрыг өмчлөх, эзэмших эрхтэй болохгүй. Өөрөөр хэлбэл үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх нь газар өмчлөх, эзэмших эрхийг үүсгэдэггүй бөгөөд газар өмчлөх, эзэмших эрх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх хоёр тус тусдаа байж болохоор хуульд заажээ. Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баасанбаярын “Газар дээр байгаа байшинг газраас нь салгаж болохгүй. Хэрвээ салгавал үнэ, ханшаа алдах тул Засаг даргын захирамжийн хүчингүй болгож өгнө үү” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.

Мөрөн сумын Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 43 дугаар захирамжаар М.Шагжжавт 450 м2 газрыг “Дулаан-Эрчим” хоршооноос шилжүүлэн эзэмшүүлсэн захирамж Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэгт зааснаар эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт байх ба мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.4 дэх хэсэгт зааснаар захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх аргыг хэрэглэсэн гэх үндэслэлтэй, энэ тохиолдолд 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасан захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно гэх хугацаа хамаарахгүй.

Өөрөөр хэлбэл “Дулаан-Эрчим” хоршооны газрын эзэмших эрхийг шилжүүлэн авсан мэтээр дүр эсгэн Мөрөн сумын Засаг даргаар захирамж гаргуулсан байх тул гуравдагч этгээд Г.Цэдэндамбын “Мөрөн сумын Засаг даргын 2006 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 43 тоот захирамжийн 2 дугаар хавсралтын 21 дэх мөрийг хууль бус болохыг тогтоож, захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Мөрөн сумын Засаг даргын 2006 оны 90 дүгээр захирамжийн[53] 2 дугаар хавсралтын 7-д Б.Лхамсүрэн, газрын хэмжээ: 700 м2, газрын байрлал: 8 дугаар баг, зориулалт: амины хашаа, эзэмшил ашиглалт: эзэмших, шилжүүлэх: Эд хэрэглэгчдийн хоршоо, хэнд Б.Лхамсүрэн, хугацаа: 15 жил гэжээ.

Харин Бадрах овогтой Лхамсүрэнгийн 0113267 дугаартай, 2006 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн газар эзэмших эрхийн гэрчилгээнд: “Бадрах овогтой Лхамсүрэн 8-р баг /Чандмань ХХК-ны баруун талд/ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт Засаг даргын 2006 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 90 тоот шийдвэрийг[54] үндэслэн, нэгж талбарын 210700234 дугаар бүхий 3500 м2 газрыг 40 жилийн хугацаатай амины хашаа зориулалтаар эзэмшүүлэхээр энэхүү гэрчилгээг олгов” гэжээ.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын газрын асуудал эрхэлсэн албан тушаалтан Б.Оюунгэрэл, Мөрөн сумын 8 дугаар багийн иргэн Б.Лхамсүрэн нарын 2006 оны 10 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-нд “Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2006 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 90 тоот шийдвэрийг үндэслэн ... амины хашаа зориулалтаар 70х50=3500 буюу 0,3500 га газар эзэмшүүлэхээр тусгажээ.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын Тамгын газарт хадгалагдаж буй “Нэгж талбарын дугаарын бүртгэл”-д[55]  “Нэгж талбарын дугаар: 210700234, аж ахуйн нэгж байгууллагын оноосон нэр: Бадрах Лхамсүрэн, улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар: 0113267, регистрийн дугаар: рю49050111, хаяг: хө7713081, газар эзэмшүүлэх эрх олгосон үндэслэл, дугаар, огноо: 06.08.3 /90/, гэрчилгээний дугаар: 0113267, гэрээний дугаар 210700234, эзэмших хугацаа: 15 жил, газрын байршил, нэр 8-р баг /Чандмань ХХК/, газрын хэмжээ 3500, газрын зориулалт: амины хашаа, улсын бүртгэлд бүртгэсэн он, сар, өдөр: 06.10.26 ...” гэжээ.

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч а/х Т.Бүрэнхааны 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 92 дугаар[56] дүгнэлтэд: “Бадрах овогтой Лхамсүрэнгийн 0113267 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээн дээрх “3500 м2, 40 жилийн хугацаатай” гэсэн тоог хар өнгийн будагч зүйлээр бичсэн гар бичвэр нь засваргүй эх хувь бичвэр байна” гэжээ.

Газар эзэмшигч Б.Лхамсүрэн агсны газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээнд 3500 м2 газрыг 40 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр бичигдсэн боловч Б.Лхамсүрэн агсны өв залгамжлагч Г.Цэдэндамба Мөрөн сумын Засаг даргын 2006 оны 90 дүгээр захирамжийн 2 дугаар хавсралтын 7-д Б.Лхамсүрэн, газрын хэмжээ 700 мкв, газрын байрлал 8 дугаар баг, зориулалт амины хашаа, эзэмшил ашиглалт эзэмших, шилжүүлэх Эд хэрэглэгчдийн хоршоо, хэнд Б.Лхамсүрэн, хугацаа 15 жил гэж бичигдсэн байгааг хэргийн материалтай танилцаад олж мэдсэн болох нь түүний тайлбараар тогтоогдож байна.

Энэ хүртэлх хугацаанд газар эзэмшигч Б.Лхамсүрэн агсан, түүний өв залгамжлагч Г.Цэдэндамба нар 3500 м2 газрыг 40 жилийн хугацаатай эзэмших эрхтэй гэсэн хууль ёсны итгэлтэй байж газрын төлбөрийг тогтоосон хэмжээгээр төлсөөр ирсэн нь гуравдагч этгээд Г.Цэдэндамба, хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Чулуунцэцэг нарын тайлбараар нотлогдоно.

Гуравдагч этгээд бие даасан шаардлагын талаар урьдчилан шийдвэрлүүлэх журмаар аймгийн Засаг даргад хандаж 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 1/853 тоот албан бичгээр шүүхээр шийдвэрлүүлэх шатанд байгаа тул аймгийн Засаг дарга шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу авчээ.

Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Газар эзэмшигч дараахь эрхтэй: ... 35.1.4.газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх”, 38 дугаар зүйлийн 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана” гэж заасны дагуу Хөвсгөл аймгийн эд хэрэглэгчдийн хоршооллын холбоо ТББ-аас Б.Лхамсүрэн агсан 2006 оны 08 дугаар сарын 03-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэн авсан талаар хэргийн оролцогчид маргадаггүй.

Харин нэхэмжлэгч М.Шагжжав “Эд хэрэглэгчдийн хоршооллын холбоонд Б.Лхамсүрэнд шилжүүлэн өгөх 3500 м2 хэмжээний газар байхгүй, ердөө 700 мкв газар шилжүүлсэн” гэж маргадаг боловч 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн шүүхийн үзлэг хийсэн тэмдэглэлээс[57] харахад анх Эд хэрэглэгчдийн хоршоодын холбооны газар 8064,8 м2 талбайтай байсан ба урд талаараа 130,3 метр, хойд талаараа 121,9 метр, баруун талаараа 61,1 метр, зүүн талаараа 67,4 метр хэмжээтэй байжээ. Энэ нь Эд хэрэглэгчдийн хоршооллын холбоо ТББ-ын газар эзэмших эрхийн хувийн хэрэг материал дахь “Аймгийн Худалдаа, эд хэрэглэгчдийн хоршоодын холбоо, Мөрөн сумын иргэн Б.Лхамсүрэн нарын эзэмшил болон хувьчилж авсан газрын план зураг” гэх[58] 2006 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн баримтад тэмдэглэгдсэн 130х69 гэх хэмжээтэй ойролцоо байна. Иймд Эд хэрэглэгчдийн хоршоодын холбооны 8064,8 м2 газраас 3500 м2 хэмжээтэй газрыг Б.Лхамсүрэнд шилжүүлэн өгсөн байх боломжтой байна.

Орчин үед газрыг хэмжих багаж, тоног төхөөрөмжийн хүчин чадал сайжирч шинэчлэгдсэнтэй холбогдуулан хуучин алхамт модон метрээр хэмжиж байсан үеийн хэмжээстэй зөрөх тохиолдол гардаг хэмээн хариуцагч Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ганзоригийн тайлбарласныг дурдах нь зүйтэй.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж заасан ба газар эзэмшигч Б.Лхамсүрэн агсны газар эзэмших эрхийн гэрчилгээнд 3500 м2 газрыг 40 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр бичигдсэн нь засваргүй, гэрээг мөн хэмжээгээр байгуулж, төлбөрийг харгалзах хэмжээгээр тогтоосон, газрын нэгж талбарын дугаарын бүртгэлд газрын хэмжээг 3500 м2 гэж бичсэн, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэхэд газрын хэмжээг хязгаарласан зүйл байхгүй, 30.1-д Газрыг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 15-60 жил хүртэл хугацаатайгаар эзэмшүүлж болохоор заасан /өмнө нь газрыг 40 жилийн хугацаагаар эзэмшүүлдэг практик байсан нь Мөрөн сумын Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 43 дугаар захирамжийн хавсралтаас харагдана, хэргийн 2 дахь хавтасны 49-51 дүгээр хуудас/, гэрч Мөрөн сумын Засаг дарга асан Г.Пунцагбалжирын “... газар эзэмших эрх олгосон, шилжүүлсэн захирамжийн хавсралтыг өөрчилсөн асуудал гардаг байсан” гэх мэдүүлэг зэргийг үндэслэн Мөрөн сумын Засаг даргын 2006 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 90 дүгээр захирамжийн 2 дугаар хавсралтын 7-д бичигдсэн Б.Лхамсүрэнд холбогдох хэсэг нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх хэсэгт заасан утга агуулгын илэрхий алдаатай илт хууль бус захиргааны акт гэж үзэхээр байна.

Маргаан бүхий газар нь Мөрөн сумын инженерийн шугам сүлжээ бүхий бүсэд хамаарч байгаа талаар хэргийн оролцогчид маргаагүй тул Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт нийцүүлэн Б.Лхамсүрэн агсны газар эзэмших эрхийн анхдагч гэрээнд заасан газар эзэмших хугацаа дуустал өвлөгч Г.Цэдэндамбад газрыг үргэлжлүүлэн эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Хөвсгөл аймгийн Засаг даргад даалгаж, Б.Лхамсүрэн агсны өв залгамжлагч Г.Цэдэндамбатай газар эзэмших эрхийн гэрээ шинэчлэн байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн олгохыг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгах үндэслэлтэй байна.

Гурав. Гуравдагч этгээд Хөвсгөл аймгийн эд хэрэглэгчдийн хоршооллын холбоо НҮТББ-ын Хөвсгөл аймгийн эд хэрэглэгчдийн хоршооллын холбоо НҮТББ-ын “Хөвсгөл аймгийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А/120 дугаартай захирамжийн 2 дугаар хавсралтын 9 дүгээр мөрийн М.Ш-т холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох тухай” бие даасан шаардлагын тухайд:

Гуравдагч этгээд Хөвсгөл аймгийн эд хэрэглэгчдийн хоршооллын холбоо НҮТББ нь анх 1998 оны 1 дүгээр сарын 8-нд “Хөвсгөл аймгийн эд хэрэглэгчдийн хоршоодын холбоо”-ны 13 дугаар бага хурлаараа “аймгийн эд хэрэглэгчдийн хоршоодын холбоо нь сонирхогч хоршоо, компани, аж ахуйн нэгжүүд нутаг дэвсгэрийн буюу бусад шинжийг үндэслэн үйл ажиллагаагаа уялдуулан зохицуулах, ашиг сонирхлоо төрийн болон бусад байгууллагад төлөөлүүлэхээр сайн дураар гишүүнээр элсэж эвлэлдэн нэгдэж байгуулсан хуулийн этгээд бөгөөд гишүүнчлэлтэй, нийгэм болон гишүүдэд үйлчилдэг төрийн бус байгууллага мөн”[59] хэмээн тодорхойлжээ.

Харин МУ-ын Хууль зүйн яамнаас 1998 оны 06 дугаар сарын 08-ны өдөр “Хөвсгөл аймгийн эд хэрэглэгчдийн хоршооллын холбоо” гэсэн нэрээр төрийн бус байгууллагын гэрчилгээ[60] олгожээ. Үүнээс үүдэн зарим баримт дээр “Хөвсгөл аймгийн эд хэрэглэгчдийн хоршооллын холбоо” гэсэн нэрээр, заримт баримт дээр “Хөвсгөл аймгийн эд хэрэглэгчдийн хоршоодын холбоо” гэсэн нэрээр бичигдсэн байгааг нэг байгууллагыг зааж байна гэж шүүх үзсэн болно. Түүнчлэн хэргийн 2 дахь хавтасны 153-164, 172, 177 дугаар хуудаст авагдсан баримтуудад “Худалдаа, эд хэрэглэгчдийн хоршоодын холбоо” гэсэн нэрээр, хэргийн 2 дахь хавтасны 175, 176 дугаар хуудаст “Хөвсгөл аймгийн эд хэрэглэгчдийн хоршооллын холбоо” гэсэн нэрээр бичигдэж “Хөвсгөл аймгийн Эд хэрэглэгчдийн хоршоодын холбоо” гэсэн тамга дарагдсан байх тул “Хөвсгөл аймгийн эд хэрэглэгчдийн хоршооллын холбоо” ТББ-д холбогдох баримтууд мөн гэж шүүх үзсэн ба үүнтэй хэргийн оролцогчид маргаагүй болно.

Хөвсгөл аймгийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А/120 дугаартай захирамжийн 2 дугаар хавсралтын 9 дүгээр мөрийн М.Ш-т 1081 м2 газрыг худалдаа, үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар олгохдоо газар эзэмшигч Б.Л агсны газартай давхардуулан олгосон нь дээр дурдсанаар тогтоогдсон.

Б.Л агсны газартай давхардуулан М.Шагжжавт газар олгосон Хөвсгөл аймгийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А/120 дугаар захирамжийн холбогдох хэсгийг Хөвсгөл аймгийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/362 дугаар захирамжаар хүчингүй болгосон.

Гуравдагч этгээд  “Хөвсгөл аймгийн Эд хэрэглэгчдийн хоршооллын холбоо” ТББ Хөвсгөл аймгийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А/120 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох ямар хууль ёсны ашиг сонирхол байгаа нь ойлгомжгүй байна.

Өөрөөр хэлбэл өөрийнх нь газартай давхцуулаагүй, харин бусдын /Б.Л агсны/ газартай давхцуулан М.Ш-т газар олгосон Хөвсгөл аймгийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А/120 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хууль бус байсан тогтоолгосноор “Хөвсгөл аймгийн Эд хэрэглэгчдийн хоршоодын холбоо” ТББ-ын хууль ёсны ашиг сонирхол хэрхэн хамгаалагдах талаар дурдаагүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”,

3 дугаар зүйлийн 3.1.3-т “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” ойлгохоор заасан тул хуулийн этгээд өөрийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

Харин хүн, хуулийн этгээд өөрийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй асуудлаар нэхэмжлэл гаргах эрхгүй тул “Хөвсгөл аймгийн Эд хэрэглэгчдийн хоршоодын холбоо” ТББ-ын “Хөвсгөл аймгийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А/120 дугаартай захирамжийн 2 дугаар хавсралтын 9 дүгээр мөрийн М.Ш-т холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох тухай” бие даасан шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д “... нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

Дээр дурдсанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд Г.Ц-ын бие даасан шаардлагыг хангаж, гуравдагч этгээд Хөвсгөл аймгийн эд хэрэглэгчдийн хоршооллын холбоо төрийн бус байгууллагын бие даасан шаардлагыг хангахаас татгалзаж шийдвэрлэх хангалттай үндэслэл тогтоогдсон тул хэргийн оролцогчдын маргаж буй бусад асуудлаар шүүх дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

Мөн тус шүүхийн шүүгчийн захирамжаар “Хөвсгөл аймгийн Эд хэрэглэгчдийн хоршоодын холбоо” НҮТББ-ыг гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулсан бөгөөд энэ байгууллага “Хөвсгөл аймгийн Эд хэрэглэгчдийн хоршооллын холбоо” НҮТББ гэсэн нэрээр улсын бүртгэлд бүртгэгдсэн бөгөөд “хоршооллын холбоо, хоршоодын холбоо” гэж хоёр янзаар тус байгууллагын бичиг баримтуудад бичиж, амаар ярихдаа ч хоёр янзаар ярьсаар ирснийг шүүх харгалзан үзсэн болно.

Хэргийн 2 дугаар хавтасны 88 дугаар хуудаст авагдсан шинжээчийн дүгнэлтийг 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авсан бөгөөд хэргийн оролцогчид хэргийн материалтай танилцахдаа түүнтэй танилцсан, гомдол гаргаагүй, энэхүү шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдсан бусад баримтуудтай зөрчилдөхгүй байх тул нотлох баримтаас хасах шаардлагагүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.2, 106.3.4, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2 зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь;

1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2, 38 дугаар зүйлийн 38.1, 38.2, 38.3, 38.3.1, 38.3.2, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны/ 9 дүгээр зүйлийн 9.1.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.Ш-ын Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Хөвсгөл аймгийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/362 дугаартай “Захиргааны актын илэрхий алдааг засаж, захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай” захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд Г.Ц-ын Хөвсгөл аймгийн Засаг дарга, Мөрөн сумын Засаг дарга, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдуулан гаргасан бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж, Б.Л агсны газар эзэмших эрхийн анхдагч гэрээнд заасан газар эзэмших хугацаа дуустал өвлөгч Г.Ц-д газрыг үргэлжлүүлэн эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Хөвсгөл аймгийн Засаг даргад даалгаж, Б.Л агсны өв залгамжлагч Г.Ц-тай газар эзэмших эрхийн гэрээ шинэчлэн байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн олгохыг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгаж, “Мөрөн сумын Засаг даргын 2006 оны 90 дүгээр захирамжийн 2 дугаар хавсралтын 7-д бичигдсэн газар эзэмшигч Б.Л-д холбогдох хэсгийн газрын хэмжээ, газар эзэмших хугацааг засварласныг илт хууль бус болохыг тогтоож, Мөрөн сумын Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 43 тоот захирамжийн 2 дугаар хавсралтын 21 дэх хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, гуравдагч этгээд “Хөвсгөл аймгийн эд хэрэглэгчдийн хоршооллын холбоо” НҮТББ-ын Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Хөвсгөл аймгийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А/120 дугаартай захирамжийн 2 дугаар хавсралтын 9 дүгээр мөрийн М.Шагжжавт холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох тухай” бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.Ш-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, гуравдагч этгээд Г.Ц-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч аймгийн Засаг даргын Тамгын газар, Мөрөн сумын Засаг даргын Тамгын газар, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 70200 төгрөгийг тус тус хувь тэнцүүлэн гаргуулан гуравдагч этгээд Г.Ц-д олгуулж, гуравдагч этгээд Хөвсгөл аймгийн эд хэрэглэгчдийн хоршооллын холбоо НҮТББ-ын 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Голомт банкин дахь 1165117377 дугаар дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Ж.ГАНЧИМЭГ

 


[1] Хэргийн 1 дүгээр хавтасны 8 дахь хуудас

[2] Хэргийн 2 дугаар хавтасны 9-10 дахь хуудас

[3] Хэргийн 1 дүгээр хавтасны 104-105 дугаар хуудас

[4] Хэргийн 2 дугаар хавтасны 49 дүгээр хуудас

[5] Хэргийн 1 дүгээр хавтасны 2 дахь хуудас                                       

[6] Хэргийн 1 дүгээр хавтасны 137 дугаар хуудас

[7] Хэргийн 3 дугаар хавтасны 139-140 дүгээр хуудас

[8] Хэргийн 3 дахь хавтасны 145 дугаар хуудас

[9] ХХ-ийн 1 дүгээр хавтасны 205, 206 дугаар хуудас

[10] ХХ-ийн 1 дүгээр хавтасны 197 дугаар хуудас

[11] ХХ-ийн 2 дугаар хавтасны 245-246 дугаар хуудас

[12] хэргийн 1 дүгээр хавтасны 146-147 дугаар хуудас

[13] хэргийн 1 дэх хавтасны 9 дүгээр хуудас

[14] хэргийн 1 дэх хавтасны 155 дугаар хуудас

[15] хэргийн 2 дугаар хавтасны 88 дугаар хуудас

[16] хэргийн 2 дугаар хавтасны 203, 246 дугаар хуудас

[17] хэргийн 2 дугаар хавтасны 88 дугаар хуудас

[18] Хэргийн 2 дахь хавтасны 188 дугаар хуудас

[19] Хэргийн 1 дэх хавтасны 82 дугаар хуудас

[20] Хэргийн 1 дэх хавтасны 55-56 дугаар хуудас

[21] Хэргийн 1 дэх хавтасны 58-59 дүгээр хуудас

[22] Хэргийн 1 дэх хавтасны 57 дугаар хуудас

[23] Хэргийн 1 дэх хавтасны 157 дугаар хуудас

[24] Хэргийн 3 дахь хавтасны 128-136 дугаар хуудас

 

[25] Хэргийн 2 дахь хавтасны 245-247 дугаар хуудас

[26] Хэргийн 1 дүгээр хавтасны 146-147 дугаар хуудас

[27]  Хэргийн 2 дахь хавтасны 245-247 дугаар хуудас

[28] Хэргийн 1 дүгээр хавтасны 146-147 дугаар хуудас

[29] Хэргийн 3 дахь хавтасны 144-145 дугаар хуудас

[30] Хэргийн 2 дахь хавтасны 64 дүгээр хуудас

[31] Хэргийн 2 дахь хавтасны 69 дүгээр хуудас

[32] Хэргийн 2 дугаар хавтасны 63 дугаар хуудас

[33] Хэргийн 2 дугаар хавтасны 68 дугаар хуудас

[34] Хэргийн 3 дахь хавтасны 139 дүгээр хуудас

[35] Хэргийн 3 дахь хавтасны 144 дүгээр хуудас

[36] Хэргийн 2 дахь хавтас 110-119 дүгээр хуудас

[37] Хэргийн 2 дугаар хавтасны 120-135 дугаар хуудас

[38] Хэргийн 2 дугаар хавтасны 127 дугаар хуудас

[39] Хэргийн 2 дугаар хавтасны 133-134 дүгээр хуудас

[40] Хэргийн 2 дугаар хавтасны 177 дугаар хуудас

[41] Хэргийн 1 дүгээр хавтасны 151 дүгээр хуудас

[42] Хэргийн 2 дугаар хавтасны 38 дугаар хуудас /ар/

[43] Хэргийн 3 дахь хавтасны 144-145 дугаар хуудас

[44] Хэргийн 3 дахь хавтасны 139-140 дүгээр хуудас

[45] Хэргийн 3 дахь хавтасны 145 дугаар хуудас

[46] Хэргийн 1 дүгээр хавтасны 205, 206 дугаар хуудас

[47] Хэргийн 1 дүгээр хавтасны 197 дугаар хуудас

[48] Хэргийн 2 дугаар хавтасны 245-246 дугаар хуудас

[49] Хэргийн 1 дүгээр хавтасны 146-147 дугаар хуудас

[50] Хэргийн 128-136 дугаар хуудас

[51] Хэргийн 2 дугаар хавтасны 68 дугаар хуудас

[52] Хэргийн 3 дахь хавтасны 145 дугаар хуудас

[53] Хэргийн 2 дугаар хавтасны 52, 54 дүгээр хуудас

[54] Хэргийн 2 дугаар хавтасны 231 дүгээр хуудас

[55] Хэргийн 3 дугаар хавтасны 76-77 дугаар хуудас

[56] Хэргийн 2 дахь хавтасны 229 дүгээр хуудас

 

[57] Хэргийн 3 дахь хавтасны 128-136 дугаар хуудас

[58] Хэргийн 1 дэх хавтасны 155 дугаар хуудас

[59] Хэргийн 2 дугаар хавтасны 180-182 дугаар хуудас

[60] Хэргийн 1 дүгээр хавтасны 158, 2 дугаар хавтасны 143 дугаар хуудас