Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 84

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


 Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн  шүүгч П.Гандолгор даргалж 
           Улсын яллагч: Б.Батсайхан  
    Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Бат-Эрдэнэ   
    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Бүрэнтогтох нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Чойсүрэнгийн Батхүүд холбогдох эрүүгийн 201603000252 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1969 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, эрэгтэй, 48 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн Бага мурий гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Боржигон овогт Чойсүрэнгийн Батхүү /РД:АМ69020110/

Шүүгдэгч Ч.Батхүү нь Архангай аймгийн Хотонт сум Хотонт багийн нутаг дэвсгэр Бага мурий гэх газар 2016 оны 03 дугаар сарын 26-ны өдөр иргэн Б.Бямбасүрэнгийн өмчлөлийн хээр зүсмийн азарганы засааг мяндсан утсаар санаатай боож гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах мэдүүлгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 
    
* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Б.Бямбасүрэнгийн: “...би 2016 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Их мурий гэх газраас доош хаваржаанд буусан. Гэр ачихаас өмнө нь адуугаа хартал гол руу ус уухаар орсон бид нар гэрээ барьж дуусаад би хонио эргүүлээд адуугаа авч ирэх гээд явтал адуун дунд азарга маань байхгүй байсан. Тэгээд би Батхүүгийнх рүү дурандтал гаднаас нь азарга маань давхиад адуундаа ирж байсан. Тухайн үед азарганд маань сонин содон шинж тэмдэг илрээгүй. Маргааш өглөө нь гэрийн гадаа адуугаа авч ирж тэжээх гэтэл засаа нь хавдсан байдалтай зогсож байсан. Тэр үедээ би засааг нь боосон гэдгийг мэдэлгүй хавдарыг нь буулгах зорилгоор ясаар утаж тос түрхэсэн. Гурав дахь өдөр нь болохоо болилоо гээд хүү Хатантамир болон саахалт айлын Цэнд нартай хамт азаргыг унагаж үзсэн. Гэтэл цагаан өнгийн утсаар засааг нь боочихсон байдалтай, засаа хэсэг рүү нь боосон боолт нь шигдээд орчихсон байсан. Тэгээд Батхүүгийнд очиж азарга үхлээ чи очиж үз гэхэд очиж үзээд яахав хоёулаа тохиръё би эм тариаг нь авч өгье гэж хэлсэн. Ганц удаа эм тариа авч өгөөд явсан. Би 2015 оны 03 сарын 27-ноос хойш өнөөдрийг хүртэл эмчилсэн тэр хугацаанд надаас бараг 800.000 төгрөгийн зарлага гарсан байх. Эм, тариануудыг аймгийн төвөөс болон хөдөө багийн эмчээс болон малын эмнэлгээс авч байсан. Би азаргаа наадамд уралдуулах зорилготой байсан. Шүдлэн насанд нь уяж хурдлуулахад сумын 90 жилд 13-аар давхиж ирсэн. Зарлагын баримтуудын зарим нь байгаа заримыг нь баримт бичиг авч чадаагүй. Би өөрөө эмчилгээг хийдэг өдөр бүр Ципоцилин гэх тариаг 8 цагийн зайтай хийдэг. Дараа нь Цефотоксин тариаг хийх болсон. Натрыг нэг хоногийн зайтай 500 грамм хийдэг витаминтай хольж хийдэг. Малын цагаан тариа байнга 25 грамм хэмжээтэй тарьдаг. Гомдолтой байна. Азарганы эмчилгээнд зарцуулагдсан мөнгийг буцаан авах санал хүсэлттэй байна. Батхүү бид хоёрын дунд өш хонзон, өр авалга гэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-13-14х/

* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Б.Пүрэвээгийн: “...Ч.Батхүүг би танина. Бид нэг нутгийн хүмүүс байгаа юм. Ямар нэгэн төрөл садангийн холбоо байхгүй. 2015 оны 03 сарын 27-ны өдөр манайх өвөлжөөнөөс хаваржаа руу нүүж байсан. Гэтэл манай азарга адууныхаа хойноос давхиад ирсэн. Тэгээд тэр дариудаа мэдээгүй 2 хоногийн дараа хойд 2 хөлөө цавчилаад байсан. Тэгээд нөхөр засаа нь хавдчихсан байсан гээд Цэнд ахтай унагаж үзсэн, үзэхэд засааг нь 4 давхар цагаан өнгийн утсаар боочихсон байсан. Тэгээд Батхүү манай адууг хурааж байсныг Сүрэн харсан болохоор сэжиглэж мэдсэн. Манай нөхөр хээр азаргандаа хэдэн төгрөгийн эмчилгээ хийсэн талаар сайн мэдэхгүй байна. 3 сараас эхлүүлээд одоог хүртэл эмчилж байна өдөр болгон эмчилгээ хийдэг. Батхүү нэг удаа тариа авч ирж өгсөн. Тэрнээс өөрөөр мөнгө төгрөг авсан зүйл байхгүй.
Бямбасүрэнг танина миний нөхөр байгаа юм. 2016 оны 03 дугаар сарын 27-ны өдөр манай адууг хурааж байхыг манай нөхөр Бямбасүрэн харсан. Манай нөхөр Бямбасүрэнг бид нар дуудахдаа Сүрэн гэж дууддаг. Сүрэн гэж мэдүүлсэн нь манай нөхөр байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-18, 19х/

* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Б.Хатантамирын: “...Бямбасүрэнг танина. Миний аав байгаа юм. Би энэ хүнтэй төрөл садангийн холбоотой. Энэ өдөр би өөрийн аав болох Бямбасүрэн, ах Цэнд нартай хамт азаргаа унагаж харсан учир нь явж чадахгүй 2 хөлөө хойш нь тийрээд байсан. Тэгээд унагаж хартал засааг нь боосон байсан. Сайн ажиглаж харсан. Миний харснаар азарганы маань засааг цагаан өнгийн утсаар 3, 4 удаа давхарлаад боочихсон байсан. Манай хээр азарганы засаа нь хуйхнагаараа задарчихсан байсан. Бараг 800.000 төгрөгөөр эмчилсэн гэж аав надад ярьж байсан. Би сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-21х/

* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Ч.Ширзагдын: “...би Б.Бямбасүрэнд хоёр удаа, Ч.Батхүүд 1 удаа зөвлөгөө өгсөн. Тухайн азаргыг үзэхэд хуухнаг нь угаараа язарч үрэвссэн байсан. Тэгээд би Цефодоксин, Цефазолин, пемпкис 100, үрэвсэл дарах үйлчилгээтэй тариа, витамины комплекс, натри хлорид найруулж судсаар тарих талаар зөвлөгөө өгсөн. Гадны механик хүчин зүйлийн улмаас гэмтэх боломжтой, Б.Бямбасүрэн нь надад хэлэхдээ Ч.Батхүү гэдэг хүн нарийхан утсаар боож гэмтээсэн гэж хэлсэн. Тухайн азарганы төмсөгний уураг нь ширгээгүй бол үр төл үлдээх боломжтой, уураг ширгэсэн үгүйг нь шууд харах боломжгүй байдаг. Ч.Батхүү нь надад анх хэлээгүй тэгээд надаас Б.Бямбасүрэнгийн хээр зүсмийн азарганы талаар зөвлөгөө авахдаа боож гэмтээсэн талаараа хэлсэн. Ямар учраас боосон талаар би асуугаагүй. Ч.Батхүү, Б.Бямбасүрэн нар хоорондоо ямар нэгэн өр авлага, өс хонзонгийн зүйл байдаг талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-23х/

* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Д.Цэндийн: “...Ч.Батхүү, Б.Бямбасүрэн нарыг танина. Нэг багийн, сумын хүмүүс. Төрөл садангийн холбоо байхгүй. Б.Бямбасүрэнгийн хээр зүсмийн азарганы хуухнаг гэмтсэн талаар мэдсэн. Бямбасүрэнгийн гэртэй манайх ойрхон байдаг. Хавар хэдэн сард гэдгийг нь би санахгүй байна. Бямбасүрэнгийн азарганы хуухнаг нь хавдаад байна гээд гэрийнхээ гадаа уяаад хэд хоносон тэгээд нэг өдөр хонио туугаад явж байтал Бямбасүрэн намайг дуудсан тэгээд манай азаргыг унагалцаад өг гэсэн. Тэгээд очтол Бямбасүрэн хүүтэйгээ хамт азарга унагаасан. Тэгээд хуухнагных нь хавдарыг барьж үзэж байгаад Бямбасүрэнгийн хүү хайч аваад ир утсаар боосон байна гэж хэлсэнээ тухайн утсыг хайчлаад гаргаад ирсэн нэг хар өнгөтэй утас байсан. Тэгээд би гэртэй ирсэн. Тухайн утсыг хэн боосон талаар би мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-25х/

* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч У.Энхтайваны: “...Б.Бямбасүрэнг танина сурагч байхад манай доод ангид байдаг байсан. Нэг сумын хүмүүс юм. Бид хоёр хоорондоо ямар нэгэн төрөл садангийн холбоо байхгүй. Би 2014 оноос эхлэн Хотонт сумын морин спорт уяачдын холбооны нарийн бичиг хийж байгаа энэ хугацаанд Б.Бямбасүрэн морь уяж уралдуулж байгаагүй. Б.Бямбасүрэн хээр зүсмийн азарга уралдуулж байгаагүй. Би мэдэхгүй байна. Уяачын ямар ч цол байхгүй...” гэх мэдүүлэг /хх-27х/

* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн сэжигтэн, яллагдагч Ч.Батхүүгийн: “...би бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгаж гэмтээсэн хэрэгт холбогдсон. Мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. 2016 оны 03 сарын 26-ны өдөр 17 цагийн орчимд иргэн Б.Бямбасүрэнгийн хээр зүсмийн азарга манай эзэмшлийн бор азаргатай адуу руу давхин ирж бор зүсмийн азарган үрээг маань барьж байхыг би гэрийнхээ гадна зогсож байхдаа харсан. Тэгэхээр нь би өөрийн хээр зүсмийн морийг унаж Б.Бямбасүрэнгийн хээр азаргыг өөрийн адуунаас хөөх гэсэн боловч буцаж давхиж ирээд байсан. Манай азарган үрээ адуунаасаа зугтаад гэрийнхээ цааш зугтаад явчихаар нь Б.Бямбасүрэнгийн хээр азарганы засааг нь боох санаа төрөөд өөрийн өвөлжөөний саравчиндаа хашсан. Хээр азаргыг би хашаан дотор уургалж аваад гарган суран бугуйлаар гацаалдах арга хэрэглэж газар унаган, гэрээс орж цагаан өнгийн нарийхан утсаар засааг нь доош татаж байгаад боосон. Түүний дараа босгоод тавьж явуулсан. Б.Бямбасүрэнгийн хээр азарга босоод адуу руугаа шууд давхиад яваад өгсөн. Б.Бямбасүрэнгийн хээр азарга манай азарга болох бор зүсмийн азарган үрээг бариад гүүг нь хураагаад байсан. Би засааг нь боогоод тавьчихаар зодолдож чадахгүй байх гэж бодсон. Б.Бямбасүрэн бид 2 нэг нутгийн танилын харилцаатай хүмүүс. Урьд өмнө нь бидний дунд өр авалга өш хонзон гэхээр зүйлүүд огтхон ч байхгүй. Би 2016 оны 04 сарын 01-ний өдрөөс Дипозлин-20, анилгин-1 хайрцаг, үмхий ногоон тос 2 ширхэг, натри-2 ширхэг, нийт 100.000 төгрөгөөр эм авч өгч байсан. Тэгээд сайхан эдгэчихсэн. Түүнээс хойш 1 сарын дараа гүүгээ гишгэж байгаа харагдаж байсан. Түүний дараа засаа нь хавдаад байна гээд 2016 оны 06 сарын 07-нд 29.000 төгрөгийн тариа авч өгч байсан. 2016 оны 06 сарын 17-ны өдөр 144.080 төгрөгийн эм тариаг авч Б.Бямбасүрэнд өөрийн биеэр аваачиж өгсөн. Надад өгсөн баримтууд нь байгаа хэрэгт авч хавсаргъя.
Надад ял сонсгож буй зүйл ангийг ойлгож байна. би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2016 оны 03 сарын 26-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн нутагт байх Бага мурий гэх газар иргэн Б.Бямбасүрэнгийн хээр зүсмийн азарганы засааг нь хуйхнаг хэсгээр нь цагаан өнгийн утсаар боосон. Би хохирлыг нь бүрэн төлж дууссан шүдлэн насны хүрэн зүсмийн үрээ болон эмчилгээний зардлын 800.000 болон эм тариаг 300.000 төгрөгөөр Бямбасүрэнд авч өгсөн.
Би Б.Бямбасүрэнгийн хээр азарганы засааг боох болсон шалтгаан нь манай бор зүсмийн азарган үрээг Б.Бямбасүрэнгийн хээр азарга дээрэлхэн барьж гүүг нь хураагаад байсан болохоор би сайн хашираагаад өгөх санаатай засааг нь боосон. Би хээр азарганы засааг боохдоо 6 метр урттай сур ашиглан азаргыг нь унагасан. Тэгээд дараа нь цагаан өнгийн утсаараа давхарлаж ороосон. Өөр багаж хэрэгсэл болон эд зүйл ашиглаагүй. Боож гэмтээсэн сур, цагаан өнгийн утсаа би аваад ирсэн...” гэх мэдүүлэг /хх-39, 41, 55х/
* Үзлэг хийсэн тэмдэглэл /хх-8х/
* Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-9-11, 54х/
* Архангай аймгийн ХХААГ-ын Мал эмнэлгийн лабораторийн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн сорилтын дүн /хх-30х/
* Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 76 тоот тодорхойлолт /хх-42х/
* Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-47-48х/
* Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-52х/
* Эд мөрийн баримт зэрэг болно. 

Шүүгдэгч Ч.Батхүү нь Архангай аймгийн Хотонт сум Хотонт багийн нутаг дэвсгэр Бага мурий гэх газар 2016 оны 03 дугаар сарын 26-ны өдөр иргэн Б.Бямбасүрэнгийн өмчлөлийн хээр зүсмийн азарганы засааг мяндсан утсаар боож санаатай гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн: хохирогч Б.Бямбасүрэнгийн “...Хатантамир болон саахалт айлын Цэнд нартай хамт азаргыг унагаж үзсэн. Гэтэл цагаан өнгийн утсаар засааг нь боочихсон байдалтай, засаа хэсэг рүү нь боосон боолт нь шигдээд орчихсон байсан. Тэгээд Батхүүгийнд очиж азарга үхлээ чи очиж үз гэхэд очиж үзээд яахав хоёулаа тохиръё би эм тариаг нь авч өгье гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Б.Пүрэвээгийн “...нөхөр засаа нь хавдчихсан байсан гээд Цэнд ахтай унагаж үзсэн, үзэхэд засааг нь 4 давхар цагаан өнгийн утсаар боочихсон байсан. Тэгээд Батхүү манай адууг хурааж байсныг Сүрэн харсан болохоор сэжиглэж мэдсэн...” гэх мэдүүлэг, гэрч Б.Хатантамирын “...азарганы маань засааг цагаан өнгийн утсаар 3, 4 удаа давхарлаад боочихсон байсан. Манай хээр азарганы засаа нь хуйхнагаараа задарчихсан байсан...” гэх мэдүүлэг нотлох баримтын эх сурвалжийг баталсан шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэргийн бүрдэл хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Ч.Батхүүг бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдалд тохируулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасан ял оногдуулах нь үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч Ч.Батхүү нь ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байх ба түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид төлөх төлбөргүй, үйлдсэн хэрэгтэй чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн болон хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуульд заасан хорих ял оногдуулж, нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж дүгнэв. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан суран ногт 1 ширхэг, мяндсан утас 1 ширхэг зэрэг нь гэмт хэрэг үйлдэхэд ашигласан эд зүйл байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д заасны дагуу устгаж, шүүгдэгч Ч.Батхүү нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна. 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 294 дүгээр зүйлийн 294.2, 294.3, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                       ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Чойсүрэнгийн Батхүүг бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
             2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар шүүгдэгч Ч.Батхүүг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ч.Батхүүд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй. 
    4.  Шүүгдэгч Ч.Батхүү нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх  төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан суран ногт 1 ширхэг, мяндсан утас 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай. 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Ч.Батхүүд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Архангай аймгийн цагдаагийн газарт даалгасугай.

 7. Шийтгэх тогтоол уншиж танилцуулсанаар хүчинтэй бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Батхүүд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                П.ГАНДОЛГОР