Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 2061

 

 

 

 

 

 

 

 

 

 

С.Д нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч  Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2017/02126 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: С.Д, Н.А нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “С” ХХК-д холбогдох

 

   Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 16 827 210 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Нэхэмжлэгч нарын гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: С.Д, Н.А,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.З, Х.С,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Р.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

 

   Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2015 оны 10 дугаар сарын 03-наас 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Дэнжийн мянгын зах дээр хөдөө орон нутгаас ирдэг махнаас бэлэн мөнгөөр авч зээлээр “С” ХХК-нд нийлүүлдэг байсан. “С” ХХК-ийн мах хариуцсан захирал Н.Б, менежер Д.Б нар бидэн дээр ирж махаа авдаг байсан ба нийт 22 удаагийн худалдан авалтаар 30 213 110 төгрөгийн мах авсан. Үүнээс 13 385 900 төгрөгийг нь “Хаан” банкны харилцах дансаар эдгээр хүмүүс шилжүүлдэг байсан. Үлдэгдэл 16 827 210 төгрөгийг авахаар бид удаа дараа дээрх байгууллагын захирал, хуулийн зөвлөх, ерөнхий нягтлан бодогч нартай уулзаж хандсан боловч тооцоо нийлж өгнө гээд удаашруулсаар сүүлдээ захирлууд нь солигдоод хариуцах эзэнгүй болж өдий хүрснээр бид маш их хохирч байна. Иймд “С” ХХК-иас махны үлдэгдэл төлбөр 16 827 210 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Б гэдэг хүн махыг  ченжүүдээс худалдаж аваад байгууллагад тушаадаг. Н.Б-ын нэхэмжлэхийн дагуу түүнд байгуулагаас мөнгийг төлдөг. Энэ харилцааг авч үзвэл байгууллагын ажилтны буруутай үйл ажиллагаанаас бусдад учруулсан хохирлыг байгууллага хариуцаад дараа нь байгууллага ажилтнаасаа нэхэмжлэх байдал өнгөцхөн харагдаж байгаа. Гэхдээ харилцааг авч үзэхэд Н.Б энэ компанид үндсэндээ 20 жил ажилласан байгууллагын итгэлийг хүлээсэн ажилтан байсан. Өмнө нь цагаан идээний нийлүүлэлт хариуцаж байхдаа зөрчил гаргаад байгууллага нь түүнийг уучлаад махны салбарт томилсон, махны салбарыг хариуцан 4 сар ажиллаад зөрчил гаргаад явсан. Энэ хэргийн нэхэмжлэгч Н.А нь Н.Б-ын төрсөн дүү. Н.Б өөрийнхөө махны мөнгийг аваад, цаашаа яаж өгдөг байсан нарийн юмнуудыг эд нар өөрдсөө мэдэж байгаа. Ченжүүдээс “Миний дэлгүүр”-т мах нийлүүлж, худалдах, худалдан авах харилцаа үүсч байна. Бид хүлээж авсан махны төлбөрийг төлсөн баримт байгаа юм. Худалдааны харилцаа явагдаж байгаа бол анхан шатны баримтаар баталгаажуулах ёстой. Н.Б болон нэхэмжлэгч нарын хооронд компанид мах нийлүүлж байгаа субъектуудын хооронд мах нийлүүлсэн анхан шатны баримт байхгүй. “С” ХХК-ийн хувьд Н.А, С.Д нарын мах гэж хүлээж авсан баримт байхгүй. Яагаад гэхээр Н.Б энэ хүмүүсээс авчихаад салбаруудаар нь тараагаад өгчихдөг байгууллагын тооцоон дээр Н.Б-оос авсан мах л гэж байгаа. Гэтэл Н.Б нэхэмжлэгч нар нь ч гэсэн хоорондоо нарийн данс тооцоо байхгүй. Тэгэхээр хариуцагч талын хувьд ч С.Д-оос ийм мах хүлээн авсан гэдгээ нотолж чадахгүй. “С” ХХК нь ажилтандаа итгэл хүлээлгэсэн үйлдэл харагдаж байна. Нэхэмжлэгч нар өгсөн авснаа нарийн баримтжуулж падаанаа үйлдээгүйн гай гарч ирж байгаа юм. Нотлох үүрэг нь нэхэмжлэгч талд байх ёстой. Нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

           

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч “С” ХХК-иас 16 827 210 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С.Д, Н.А нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242 100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх хэт нэг талыг барьж үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Учир нь хэрэгт авагдсан баримтаас харахад нэхэмжлэгч нар нь “С” ХХК-нд мах нийлүүлж байсан бөгөөд үлдэгдэл төлбөрөө төлөөгүй талаар хангалттай баримт байсаар байхад хэрэгт байгаа нотлох баримтыг үнэлэхгүй шийдвэр гаргаж байгаад гомдолтой байна. Учир нь “С” ХХК-ийн махны салбарын захирал байсан Н.Баатарцогт нь махыг хүлээн авч нийлүүлдэг байсан талаараа гэрчилсэн бөгөөд “С” ХХК нь энэ талаар маргаагүй хүлээн зөвшөөрсөн. Мөн гэрчийн мэдүүлэгт Н.Б, Д.Б нар нь 30 213 110 төгрөгийн мах авсан бөгөөд 16 827 210 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэлгч нарт өгөөгүй байгаа талаар гэрчилсэн байдаг. Хавтаст хэргийн 21, 27, 22, 45-47, 53-55 дугаар талд авагдсан баримт мөн хаан банкны дэлгэрэнгүй хуулга, тооцооны баримт зэргээс тодорхой харагдаж байгаа. Хариуцагч нь “... Баатарцогт махыг худалдаж аваад байгууллагадаа нэхэмжлэх бичээд тушаадаг” гэсэн тайлбар өгсөн бөгөөд байгууллагын данс тооцооны хариуцлагагүй үйлдлээс болж мах нийлүүлдэг ажилчин иргэн хохирч үлдэх ёсгүй юм. Хэрэв энэ талаар ямар нэгэн залилангийн шинжтэй үйл баримт харагдаж байгаа бол “С” ХХК нь өөрийн ажилтан Н.Б-д холбогдуулан гомдлоо гаргах ётой. 2017 оны 6 сарын 19-ний өдрийн шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй гэдгийг дурдсан боловч хариуцагч татгалзлын үндэслэлээ нотлох үүрэгтэйг дурдаагүй байна. “С” ХХК нь нэхэмжлэгч нараас мах авч байсан талаараа маргахгүй байгаа бөгөөд хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй талаар тус компанийн махны салбарын захирал Н.Б нь 16 827 210 төгрөгийн үлдэгдэлтэй гэдгийг мэдүүлсэн байхад нэхэмжлэгчийг шаардлагаа нотлоогүй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Хэрэгт цугларсан баримтаас буюу маргааны гол үйл баримтаас харахад хариуцагч тал татгалзлалын үндэслэлээ нотолж Н.Баатарцогтын мэдүүлэгийг няцаах үүрэгтэй. Учир нь Н.Баатарцогт болон “С” ХХК-ийн хоорондох данс тооцоог зөвхөн “С” ХХК-ийн данс тооцооноос харах боломжтой бөгөөд энэ талаар хариуцагч нотлох үүрэгтэй байсан гэж үзэж байна. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэж байгаа нь зохигчдын эрхийг зөрчиж хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т зааснаар төлөөлөгч төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх үр дагаварыг төлөөлүүлэгч хариуцах ёстой. Хариуцагч “С” ХХК болон нэхэмжлэгч нарын хооронд худалдах худалдан авах гэрээ хийгдсэн болох нь дансын хуулга болон хэргийн үйл баримтаар тогтоогдож, нийлүүлсэн махны үнийн дүнг тус компанийн салбарын захирал байсан этгээд зөвшөөрч мэдүүлсэн үйл баримт тогтоогдож байна. Үүний дагуу “С” ХХК-иас махны үлдэгдэл төлбөрөө шаардсан байтал нэхэмжлэгч шаардлагаа нотлоогүй нотлох баримтын эх сурвалж нэг байна гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байгаа нь иргэн хүнийг хохироосон шийдвэр гарсан гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д хэрэг хянан шийдвэрлэх ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно гэж заасан байдаг. Үүний дагуу гэрчийг асуусан. Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны яцад хуулийн дагуу нотлох баримт бүрдүүлж мэтгэлцсэн байтал шүүх нотлох баримтыг нэг талын эх сурвалжтай гэж үзэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 заасан нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэн заалтыг зөрчиж байна. Иймд 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                                    ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгч С.Д, Н.А нар нь хариуцагч “С” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 16 827 210 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Хариуцагч “С” ХХК-д махны салбар хариуцсан захирлаар Н.Б ажиллаж байх хугацаандаа тус компанийг төлөөлж нэхэмжлэгч С.Д, Н.А нараас 30 213 110 төгрөгийн үнэ бүхий мах худалдан авч, 16 827 210 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь Н.Б-ын тодорхойлолт, тооцооны баримт, түүнийг гэрчээр асуусан тэмдэглэл мэдүүлэг, гэрч М.Б-ын мэдүүлэг зэрэг хэргийн баримтаар тогтоогдсон байна. /хх-ийн 11, 27, 45-47, 52-56, 163-164 дүгээр тал/

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт “хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно” гэж заасан. Гэрч Н.Б нь нэхэмжлэгч Н.А-той төрөл садангийн холбоотой байгаа нь түүний мэдүүлгийг үгүйсгэх, үндэслэл болохгүй бөгөөд  худал мэдүүлэг өгсөн тохиолдолд Эрүүгийн хууль /2002 он/-ийн 254, 255 дугаар зүйлд зааснаар  хариуцлага хүлээх учиртайг тайлбарласан болно.

 

            Иймд гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад баримтууд, талуудын тайлбарыг харьцуулан дүгнэхэд хариуцагч компанийг нэхэмжлэгч нараас 30 213 110   төгрөгийн үнэ бүхий мах хүлээн авсан гэж үзнэ. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний дагуу эд хөрөнгө хүлээн авсан худалдан авагч үнийг төлөх үүрэгтэй.

 

            Худалдах, худалдан авах гэрээг байгуулахад  тусгайлан бичгийн болон бусад хэлбэрийн шаардлага тавигдаагүй бөгөөд махыг хүлээн авснаар Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт зааснаар бодит үйлдлээр хэлцэл хийгдсэн гэж үзнэ.

 

            Хариуцагч “С” ХХК нь гэрч нарын мэдүүлэг, нэхэмжлэгч нарын 30 213 110  төгрөгийн үнэ бүхий мах хүлээлцсэн тухай тайлбарыг үгүйсгэж маргасан боловч тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

            Гэтэл анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүйгээс талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй гэж дүгнэж, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт тус тус заасантай нийцээгүй байна.

 

            Иймд хариуцагч “С” ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 16 827 210 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч нарын шаардсанаар нэхэмжлэгч С.Д-д 15 927 210 төгрөг, нэхэмжлэгч Н.А-д 900 000 төгрөгийг тус тус олгох нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2017/02126 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “С” ХХК-иас 16 827 210 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Д-д 15 927 210 төгрөг, нэхэмжлэгч Н.А-д 900 000 төгрөгийг тус тус олгосугай” гэж,

2 дахь заалтын “... 242 100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй” гэснийг “242 100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 242 100 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242 100 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                          ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                               

                                          ШҮҮГЧИД                                     Ч.ЦЭНД

                                                                                                 

                                                                                   Г.ДАВААДОРЖ