Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2015/0439

 

2015 оны 9 сарын 16 өдөр

Дугаар 439

Улаанбаатар хот

 

Ц.Д-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, Захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 18 дугаар шийдвэртэй, Ц.Д-н нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Ц.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие тус сумын Хүн эмнэлгийн эрхлэгч буюу Эрүүл мэндийн төвийн даргаар 1995 оноос өнөөг хүртэл ажиллаж байна. Ажиллах үедээ ямар нэгэн алдаа дутагдал гаргаж, арга хэмжээ авхуулж байгаагүй болно. Дэлгэр сумын Засаг даргын ажлаас чөлөөлөх тухай 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Б/02 захирамжийн Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2 дахь хэсэгт заасныг үндэслэж ажлаас чөлөөлөх тухай захирамж гаргасан тул би хүлээн зөвшөөрөхгүй байна.

Дараа нь түр орлон гүйцэтгэгчээр Б.С-г томилох Б/07 дугаар захирамжийг гаргасан. Захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухай өргөдлийг Эрүүл мэндийн газрын даргад өгөхөд сумын Эрүүл мэндийн газрын даргыг ажлаас чөлөөлөхөд аймгийн Эрүүл мэндийн газрын даргатай харилцан зөвшилцөж, томилж чөлөөлдөг тухай тоот өгсөн. Аймгийн Төрийн албаны зөвлөлд хандахад хариу өгөөгүй. Намайг төрөх хүн аваад аймаг явсан хойно ажилчид цуглуулж танилцуулсан байсан. Над руу утсаар ажлаа хүлээлгэж өг гэж хэлсэн. Би сумын Засаг даргын захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул ажлаа хүлээлгэн өгөхгүй гээд ажилчдын эрх ашгийг бодож тамгыг хүлээлгэж өгсөн. Бичиг баримтын хувьд бичиг хэргийн ажилтанд хүлээлгэж өгсөн байгаа. Сандал ширээнээс бусдыг хүлээлгэж өгсөн гэж бодож байна. Сумын эмнэлгийн туслах аж ахуй 300 орчим тооны бог малтай байдгийг өөрсдөө очиж тоолж хүлээж аваад самнахыг нь самнаад захиран зарцуулах үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Би тус эмнэлгийг хөгжүүлэхийн тулд төсөл хөтөлбөр олныг хэрэгжүүлсэн. Нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын сантай хамтарч 5 жилийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн. Сум хөгжүүлэх сан болон Норвегийн байгууллагатай хамтарч ажилласан. 15 жилийн хугацаанд эхийн эндэгдэл гаргаагүй, мөн 0-5 насны хүүхдийн эндэгдлийг сүүлийн 5 жил гаргаагүй, 10-аад жил системийн байгууллагын эхний 1-5 дугаар байранд байнга орж байсан. Мөн тус сумын бизнесментэй ярилцаж 12 сая төгрөгийн хөрөнгө оруулалт оруулж эмнэлгийг тохижуулсан. Сангийн яамныхан ирэхэд бүгд санал дэвшүүлсэн. Харин эмнэлэгт чинь төсөвт хөтөлбөрт оруулъя гээд 1 жилийн дотор 2 давхар шинэ эмнэлэгтэй болсон төдийгүй эвсэг нийтэч хамт олныг бүрдүүлж чадсан гэж бодож байна.

Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Б/02, 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/07 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгон ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийг 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Эрүүл мэндийн төвийн эрхлэгчээс чөлөөлсөн байдаг. Хуульд зааснаар миний гаргасан захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол ажлаа хүлээлгэж өгөөд шүүхэд хандах ёстой. Одоо хүртэл өрөөний түлхүүрийг ч хүлээлгэж өгөөгүй. Засаг даргын эрх үүргүүд байдаг. Би гаргасан захирамжаа үндэслэлтэй гэж үзэж байна. Олон жил ажилласан эмнэлэг эрхэлж явсан төрийн албан хаагч хүн одоо болтол ажлыг хүлээлгэж өгөөгүй байгаа. Эмэгтэй хүн 55 нас хүрээд тэтгэвэр тогтоолгох эрх нь үүсдэг. Би 54 настай байхад нь ажлаас чөлөөлөөгүй, оноор нь хөөж үзвэл 60 нас хүрсэн байгаа. Нэхэмжлэгч ажлаа хүлээлгэж өгөөгүй тул эмчгүй болсон, өрөөгөө цоожилсон, тамгаа аваад хот руу зугтаад явсан. Дэлгэр сумын олон мянган ард иргэдийн эрүүл амьдрах эрхийг хааж байна. Мөн эмнэлэг бичгээр бензин авдаг. Дуртай үедээ тамга дараад бензин аваад явчихдаг. Захирах захирагдах ёс гэж байдаг. Өдий хүртэл шүүхдээд явж байгаа хүн өрөөний түлхүүрээ өгөөд, ажлаа албан ёсоор хүлээлгээд өгөх хэрэгтэй. Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хувьд садан төрөл хүмүүс. Таныг тэтгэвэрт гаргая гэхэд та миний оронд хэнийг тавих вэ гэж асууж байсан. Би Б эмчийг тавьдаг юм билүү гэхэд тэр хүн чинь хөгшин шүү дээ гэж хэлж байсан. Болдбаатар эмч 48 орчим насны хүн, харин та 60 нас хүрсэн гэж үзээд таны эрхийг ямар нэгэн байдлаар хохироолгүй захирамж гаргасан. 20, 30 жил суучхаад залуу үедээ шилжүүлж өгөх хэрэгтэй, өөр ажил хийж болно шүү дээ таныг ажлаас чинь халахгүй, доод шатны ажил хийж яагаад болдоггүй юм бэ, төрийн албыг олон жил хашиж хувийн юм шиг санадаг болчихсон байдал ганц Дэлгэр сумд ч биш, бусад сумуудад ч ажиглагдаж байгаа. Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Г.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баянсан багт оршин суугаа сумын Эрүүл мэндийн төвийн даргын орлон гүйцэтгэгч Г.С миний бие тус сумд 1990-2008 он хүртэл эх баригч бага эмчээр ажилласан. 2008-2013 онд Анагаах ухааны дээд сургуульд суралцаж их эмчийн мэргэжил эзэмшсэн. 2015 оны 3 сард тус сумаас хүсэлт тавьсны дагуу 2015 оны 04 дүгээр сарын 01-ээс эхлэн тус сумын эрүүл мэндийн төвийн даргын орлон гүйцэтгэгчээр ажиллаж байна. Би энэ ажлыг хийхээр ирэхдээ хотод хийж байсан ажлаасаа гарч ирсэн. Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байсан Ц.Д нь байгууллагын тэмдэг ажлаа хүлээлцэхгүй байсаар 2015 оны 05 дугаар сарын 12-нд тэмдгийг хүлээж авсан, одоо албан өрөө болон бичиг баримтуудыг хүлээж аваагүй байна. Энэ хугацаанд албан байгууллага болон ард иргэдэд олон хүндрэлтэй асуудал үүсэж байсныг тухай бүр сумын Засаг дарга Н.Н-д танилцуулж байсан. Цаашид надад бөгөөд ард иргэд, албан байгууллага, нийт ажилчдад хохирол үүсгэхгүйгээр асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 18 дугаар шийдвэрээр: Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх заалтуудыг баримтлан Ц.Д-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Б/02, 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/07 дугаар захирамжууд хүчингүй болгож, Ц.Д-г Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоожээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 18 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч Ц.Д нь хуулийн дагуу тэтгэвэрт гарах нас болсон байх тул Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэх үндэслэлээр ажлаас чөлөөлж, Дэлгэр сумын Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Б/02 дугаар захирамжийг хууль зүйн үндэслэлтэй гаргасан гэж үзэж байна.

Нэхэмжлэгч Ц.Д-г нас нь дарагдсан тухай сумын ард иргэд ярьдаг байсныг үндэслэн удаа дараа анхан шатны шүүхэд Улсын төв архиваас түүхчилсэн намтар лавлагааг гаргуулж өгөх хүсэлтийг гаргасан боловч хүсэлтийг хангахаас үндэслэлгүй татгалзсан.

Иймд, дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 18 дугаартай шийдвэрийг дахин магадалж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хуулийн холбогдох заалтуудыг зөв  тайлбарлаж  хэрэглэсэн байна.

Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Засаг дарга 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Б/2 дугаар захирамжаар нэхэмжлэгч Ц.Д-г Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 24.2, 30 дугаар зүйлийн 30.2 дахь заалтыг тус тус үндэслэн сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлж, мөн оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/07 дугаар захирамжаар Г.С-г тус төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ.

Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн албан тушаал нь төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарч байгаа, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5 дахь хэсэгт зааснаар үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулахаар заасан бөгөөд хариуцагчаас гаргасан актад үндэслэсэн Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 24.2 дахь заалтууд нь төрийн үйлчилгээний албан хаагчид бус төрийн жинхэнэ албан хаагчид хамааралтай байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь хэсэгт “ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн” нөхцөлд хөдөлмөрийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар дуусгахаар заасан бөгөөд ийм нөхцөл байдал үүсээгүй өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг 60 нас хүрээгүй байхад нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэсэн үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн дээрх заалтыг үндэслэн ажлаас нь чөлөөлсөн хариуцагчийн шийдвэрийг хуульд нийцээгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Хариуцагчаас “ажлаас чөлөөлөх гол үндэслэл нь 60 нас хүрсэн гэж үзсэн, нэхэмжлэгчийн насыг оноор нь хөөж үзвэл 60 нас хүрсэн байгаа тул чөлөөлсөн, нэхэмжлэгчийн нас дарагдсан гэж ярьдаг” гэж тайлбарлаж байгааг хүлээн авах боломжгүй, учир нь хэрэгт авагдсан Монгол Улсын иргэний үнэмлэх дээрх төрсөн огноогоор нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөх захирамж гарах үед 60 нас буюу тэтгэвэрт гарах насанд хүрээгүй болох нь тогтоогдож байна.

Иймд хариуцагчийн гаргасан захиргааны актуудыг хууль бус гэж үзэж хүчингүй болгож, нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг гаргуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                               ТОГТООХ нь:

 

  1. Захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2015 оны 6 дугаар  сарын 26-ны өдрийн 18 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                                    ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                                           Э.ХАЛИУНБАЯР

            ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ

            ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ