| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2018/0253/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/282 |
| Огноо | 2018-04-23 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | М.Очбадрах |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 2018/ШЦТ/282
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,
Нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,
Улсын яллагч М.Очбадрах,
Шүүгдэгч Э.М, түүний өмгөөлөгч Г.Мөнхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Э.Мд холбогдох эрүүгийн 1711014970188 дугаартай хэргийг 2018 оны 4 сарын 5-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Боржигон овогт Э.М, Монгол Улсын иргэн, 1999 оны 3 сарын 12-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, эмээ, дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг 58-37 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:............................................../.
Шүүгдэгч Э.М нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ 2017 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтжин Бөмбөгөр” худалдааны төвийн 2 дугаар давхарт иргэн Д.Мягмарсүрэнгийн халааснаас Ай Фоне-7 плас загварын гар утсыг нууцаар, хууль бусаар авч 580.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.М мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн учир шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүгдэгч Э.Мгаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: ”...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Алтжин Бөмбөгөр худалдааны төвийн 2 давхарт явж байхад 2, 3 эмэгтэй хүн хувцас өмсөж үзээд байж байсан нэг эмэгтэй хүнийх нь куртикны энгэрийн халаасанд гар утас байхаар нь би нууцаар авчихсан юм. Ай фоне 7 плас загварын гар утас байсан тухайн үед нь гар утсыг нь буцаагаад өгчихсөн байгаа. Хулангаа, Нарангэрэл, эгч нар энэ хэрэгт огт хамаагүй би энэ хэргийг ганцаараа үйлдсэн ...” гэсэн мэдүүлэг /хх-24х/,
Хохирогч Д.Мягмарсүрэнгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2017 оны 12 дугаар сарын 4-ний өдөр найз Оргилмаагийн хамт Алтжин бөмбөгөр худалдааны төвийн 2 давхарт хувцас үзэж явж байгаад нэг лангуун дээр очоод гадуур куртик өмсөж үзчихээд тайлаад өөрийн куртикийг өмсөөд өөрийн куртикны зүүн талын гадна халаасанд өөрийн айфоне 7 плас маркийн гар утсаа хийгээд тэнд зогсож байх үед манай найзын хөл дээр нэг хүн гишгэчихсэн тэгэхээр нь найз руугаа хараад яасан бэ гэх зуур миний гар утас алга болсон байсан ...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би утсаа алдсан өдрөө өөрийн гар утсаа бүрэн бүтэн хүлээж авсан ...” гэсэн мэдүүлэг /хх-11-12х/,
Гэрч Б.Ууганбатаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Нарангэрэлийн 89125122 дугаар руу залгаж асуухад уг гар утсыг хулгай хийсэн хүн нь энд байна одоо тань дээр очлоо гэсэн бөгөөд удалгүй Эрдэнэлхамын Мандуухай нь хулгайд алдагдсан ай фоне 7 плас загварын гар утсыг авч ирээд сайн дураараа өөрөө үйлдсэн гэмт хэргийг хүлээсэн юм ...” гэсэн мэдүүлэг /хх-17х/,
Эд мөрийн баримт түр хураан авсан тэмдэглэл, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-20-21х/, Эд хөрөнгийн үнэлгээ хийсэн комиссын дүгнэлт /хх-37х/, Шүүгдэгч Э.Мгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-34х/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-35х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Э.М нь 2017 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтжин Бөмбөгөр” худалдааны төвийн 2 дугаар давхарт иргэн Д.Мягмарсүрэнгийн халааснаас Ай Фоне-7 плас загварын гар утсыг нууцаар, хууль бусаар авч 580.000 төгрөгний хохирол учруулсан болох нь нотлогдож байна.
Хэрэгт нотлолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Э.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг нууцаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэн бөгөөд түүний цагдан хоригдсон 44 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар (44x8=352) тооцож түүнийг ял эдэлсэнд тооцов.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь 44 хоног цагдан хоригдсон хоногтой, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11 дүгээр зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Э.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг нууцаар хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мг 352 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мгийн цагдан хоригдсон 44 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар (44x8=352) тооцож түүнийг ял эдэлсэнд тооцсугай.
4. Шүүгдэгч Э.Мд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг суллаж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Мд хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Ё.ЦОГТЗАНДАН