Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 2018/ШЦТ/286

 

 

                                                       

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,  

Улсын яллагч А.Дэлгэрмөнх,

Шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цагаан туг овогт Г.Бд холбогдох эрүүгийн 1711002980020 дугаартай хэргийг 2018 оны 3 сарын 30ы өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Цагаан туг овогт Г.Б, Монгол Улсын иргэн, 1995 оны 12 сарын 12ы өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, химийн ариутгагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, өвөөгийн хамт Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 12-169/б тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:........................................./.

          Шүүгдэгч Г.Б нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүрэг 13 дугаар хороо Сургуулийн 34-693 тоотод байх нийтийн байранд 125 гр жинтэй НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай каннибас төрлийн мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Шүүгдэгч Г.Бээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: …2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр цагдаагийн байгууллагад баригдаж гэрчийн мэдүүлэг өгсөн тухайн үедээ түрээслэн амьдардаг байрандаа ирэлгүй 2 хоног PC тоглоомын газар тоглоом тоглож нойргүй хоносон байсан ба тухайн өдрийн өглөө нь нийтийн байрандаа ирээд өвс гэх мансууруулах бодисыг анх удаагаа сорж хэрэглэж үзчихсэн мансуурсан байдалтай дээр нь нойр муутай байсан учраас юу ярьсан талаараа үнэхээр санаж мэдэхгүй байгаа юмаа. Гэхдээ тухайн нийтийн байранд байсан өвс гэх зүйл нь миний Зүүн салааны жалганаас интернетээс харсан зурагтай ижилхэн байсан тул түүж аваад гэртээ авч ирээд өглөө нь хэрэглэж үзчихээд Цагаанчулуунтай маргалдаж цагдаа дуудаж ирээд баригдсан...” гэсэн мэдүүлэг /хх-72х/,    

2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэлд: “...1. Хар тамхины ургамал татахад ашигладаг усны цоолсон жижиг сав, 2. Хуйлсан мөнгөн дэвсгэрт, 3. Тогоо хийсэн мөнгөлөг цаас /хх-15х/,

Хөх өнгийн гялгар уутанд хийсэн нойтон чийгтэй уутны хамт 625 гр жинтэй ногоон өнгийн ургамал мэт зүйл /2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 7266 дугаартай дүгнэлт, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 11372 дугаартай дүгнэлтүүдээр дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай болох нь тогтоогдсон/ /хх-17, 61х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 7266 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн Чингэлтэй дүүргийн 2-р хэлтэс гэж хаягласан хөх алаг өнгийн ууттай цайвар ногоон өнгийн ургамал мэт зүйлд дельта 9 тетрагидроканнабинол /delta 9 tetrahydrocannabinol/ илэрч байна…” гэжээ /хх-56х/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-57х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 11372 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...шинжилгээнд ирүүлсэн “Voyage” гэсэн бичиглэлтэй дээр болон доод хэсэгтээ цоолсон 0,5 литрийн хуванцар 1 ширхэг, мөн ямар нэгэн бичиглэлгүй, дээд хэсэг болон дунд хэсэгт цоолсон дотроо хар өнгийн зүйлээр бохирлогдсон байдалтай 0,5 литрийн хуванцар сав зэрэгт тетрагидроканнабинол /delta 9 tetrahydrocannabinol/ илэрч байна…” гэжээ /хх-60-61х/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-62х/,

2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Хүний биеэс биологийн дээж авч мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэлд: “...ТНС хэсгийн С түвшинд 1 улаан зураас эерэг/ илэрсэн гэж зааж байгаа нь Г.Б нь тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн болохыг тэмдэглэлд тусгав ...” гэжээ /хх-28х/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-29х/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-20-23х, 24-25х, 26-27х/,

2017 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-31-34х/,

2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-35х/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын №107 тоот дүгнэлтэд:

“1. Г.Б нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.

2. Г.Б нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.

3. Г.Б нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

4. Г.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байсан байна.

5. Г.Б нь одоогоор сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.  

6. Г.Б нь сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай байна.

7. Г.Бд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.

8. Г.Б нь мансууруулах донтой мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна” гэжээ /хх-69-70х/,

Шүүгдэгч Г.Бий иргэний үнэмлэхний лавлагаа /хх-92х/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх -105х/, Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-104/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Б нь 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүрэг 13 дугаар хороо Сургуулийн 34-693 тоотод байх нийтийн байранд 125 гр жинтэй НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай каннибас төрлийн мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь нотлогдож байна.

Хэрэгт нотлолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Г.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

          Шүүх шүүгдэгч Г.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзсан бөгөөд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тусгаарлаж эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гялгар уутны хамт 125.1 грамм өвс, Демо гэсэн бичиглэл бүхий тест 1 ширхэг /нэр хаяг нь тодорхойгүй/, Воаж гэсэн бичиглэлтэй 0,5 литрийн хуванцар дээд доод хэсэгтэй цоорсон байдалтай 1 ширхэг сав, нэр хаяггүй 0,5 литрийн дээд доод хэсэгтэй цоорсон 1 ширхэг сав зэргийг устгаж, АК2274622 серийн дугаартай 10 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг устгуулахаар Монгол банкинд шилжүүлж, шүүгдэгч нь 87 хоног цагдан хоригдсон хоногтой, бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус дурьдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Цагаан туг овогт Г.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бийг 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бий цагдан хоригдсон нийт 87 (наян долоо) хоногийг биечлэн эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.  

5. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гялгар уутны хамт 125.1 грамм өвс, Демо гэсэн бичиглэл бүхий тест 1 ширхэг /нэр хаяг нь тодорхойгүй/, Воаж гэсэн бичиглэлтэй 0,5 литрийн хуванцар дээд доод хэсэгтэй цоорсон байдалтай 1 ширхэг сав, нэр хаяггүй 0,5 литрийн дээд доод хэсэгтэй цоорсон 1 ширхэг сав зэргийг устгуулахаар тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, АК2274622 серийн дугаартай 10 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг устгуулахаар Монгол банкинд тус тус шилжүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                             Ё.ЦОГТЗАНДАН