Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/44

 

 

2022           01          03                                   2022/ШЦТ/44        

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дуламрагчаа,

Улсын яллагч Д.Даваадорж,

Шүүгдэгч О.Х /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Х-д холбогдох эрүүгийн ........... дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, энэ өдөр нээлттэй шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 2002 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 19 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт ............... оршин суух, урьд ял шийтгэлгүй, О.Х,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч О.Х нь 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 18 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 48 дугаар байрны 60 тоотод оршин суух иргэн Д.Мөнх-Эрдэнийн гэрт хүүхэд асрахаар очиж, улмаар гэрээс нь гарч явахдаа түүний эзэмшлийн “Айфоне 7” загварын гар утсыг шунахайн сэдлээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогчид 626.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

 

    ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй…” гэв.

 Эрүүгийн ............ дугаартай хэргээс:

Шүүгдэгч О.Х мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “....Би тухайн үед гар утсыг нь 25 дугаар автобусны буудал орчим нэг ломбарданд барьцаанд үлдээж алдсан. Тухайн үед 400.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Би хохирол төлөөгүй, би одоо гэртээ ажилгүй байгаа, мөн 8 сартай жирэмсэн болохоор ажил хийх боломжгүй байгаа, өмнө ажилгүй байсан. Хэрэв надад хугацаа өгвөл хохирлыг төлөх боломжтой, одоогоор мөнгөгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 90-91 дүгээр хуудас/,

Хохирогч Д.М мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 10 дугаар сард “хүүхэд асрагч ажилд авна” гэж зар тавьсан бөгөөд зарын дагуу 18 настай, нэрийг нь санахгүй байна, нэг эмэгтэй хүн холбогдоод манайд ирж хүүхэд асрахаар болсон. Тэгээд 12:00 цагийн үед манайд ирээд орой 18:00 цагийн үед манайхаас явсан. Тэгээд миний 99082587 дугаарын утас руу 95978570 гэсэн дугаараас “би ажиллаж чадахгүй байна, уучлаарай” гэсэн мессеж бичсэн байхаар нь би гэртээ орж ирээд эд зүйлээ шалгахад миний эзэмшлийн “Айфоне 7” загварын гар утас алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,

Хохирогч Д.М мөрдөн байцаалтад дахин мэдүүлэхдээ: “...Би өөрийн айфоне 7 загварын гар утсаа гэрээсээ буюу....унтлагын өрөөнд байсан цүнхнээсээ 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 18 цагийн орчим хулгайд алдаж байсан. Гар утсаа хулгайд алдсан өдрийн маргааш нь буюу 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр би цагдаагийн байгууллагад хандаж байсан...Хохирлоо төлүүлэх хүсэлтэй байна....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 82 дугаар хуудас/,

Гэрч О.Одонбаатар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би 95978570 гэсэн дугаарыг 2018 оны 06 дугаар сард Урт цагааны гудамжинд үнэгүй дугаар худалдаж байхаар нь би худалдан авсан. Би тэр дугаарыг аваад ашиглаагүй байж байгаад 2018 оны 06 дугаар сарын сүүлээр Баянзүрх дүүрэгт байдаг Банана гэдэг бааранд ороод өөрийгөө Хонгорзул гэж танилцуулсан эмэгтэйтэй дахин холбогдохын тулд Нокиа гар утас худалдан авч өөрийнхөө дугаарын хамт өгсөн..Түүнээс хойш дахин холбогдож уулзаж байгаагүй....” /хх-ийн 25 дугаар хуудас/,

Үүрэн холбооны “Мобиком корпораци” ХХК-аас ирүүлсэн “...95978570 дугаартай хэрэглэгчийн мэдээлэл буюу О.Одонбаатар эзэмшдэг...” гэх албан бичиг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 626.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд “...хохирогч Д.Мд таньж олуулах ажиллагаанд нийт 9 хүний зургийг үзүүлж хэрэгт холбогдуулан шалгаж буй Одгэрэлийн Хонгорзулын зургийг 8 дугаарт байршуулж таниулах ажиллагааг эхлэхэд хохирогч уг зургийг хараад 3-4 секундийн дараа уг зургуудаас 8 дугаартай буюу Одгэрэлийн Хонгорзулын зургийг хараад тухайн үед манайд ирсэн хүн энэ байна. Энэ хүн миний утсыг хулгайлж авч явсан гэж гараараа зааж байсныг тэмдэглэл болгон үйлдэв...” гэжээ /хх-ийн 77-78 дугаар хуудас/,

Шүүгдэгч О.Хын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 73 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70 дугаар хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 74 дүгээр хуудас/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 75 дугаар хуудас/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 76 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч О.Х нь 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 18 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 48 дугаар байрны 60 тоотод оршин суух иргэн Д.Мөнх-Эрдэнийн гэрт хүүхэд асрахаар очиж, улмаар гэрээс нь гарч явахдаа түүний эзэмшлийн “Айфоне 7” загварын гар утсыг шунахайн сэдлээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогчид 626.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Д.Мөнх-Эрдэнийн “...Би 2018 оны 10 дугаар сард “хүүхэд асрагч ажилд авна” гэж зар тавьсан бөгөөд зарын дагуу 18 настай, нэрийг нь санахгүй байна, нэг эмэгтэй хүн холбогдоод манайд ирж хүүхэд асрахаар болсон. Тэгээд миний дугаарын утас руу 95978570 гэсэн дугаараас “би ажиллаж чадахгүй байна, уучлаарай” гэсэн мессеж бичсэн байхаар нь би гэртээ орж ирээд эд зүйлээ шалгахад миний эзэмшлийн “Айфоне 7” загварын гар утас алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг,

 “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан,

Таньж олуулах ажиллагаа явуулсан “...8 дугаартай буюу Одгэрэлийн Хонгорзулын зургийг хараад тухайн үед манайд ирсэн хүн энэ байна. Энэ хүн миний утсыг хулгайлж авч явсан гэж гараараа зааж байсныг тэмдэглэл болгон үйлдэв...” гэсэн тэмдэглэл,

Шүүгдэгч О.Хын “....Би тухайн үед гар утсыг нь 25 дугаар автобусны буудал орчим нэг ломбардад барьцаанд үлдээж алдсан...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Дээрх нотлох баримтуудаас үзвэл хохирогчоос гар утсаа алдсаныг мэдүүлж, шүүгдэгчийн мэдүүлгээр гар утсыг хулгайлж ломбардад тавьсан болохыг нотолж, хохирогчоос түүний гар утас авах боломжтой этгээдийг таньсан болох нь тэмдэглэлд тусгагдаж, хохирогчид бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан болохыг хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч О.Хын үйлдэл нь “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчээс амар хялбар аргаар эд хөрөнгө, мөнгөтэй болж хүсэл хэрэгцээгээ хангахын тулд өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан атлаа түүнийг хүсч үйлдсэний улмаас бусдыг хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлджээ. 

Иймд шүүх шүүгдэгч О.Хыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч О.Хыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

О.Хд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал /анх удаа шүүхээр ял шийтгэгдсэн, нярай хүүхэдтэй/, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд О.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч О.Х нь Улаанбаатар хот, .............. тоотод оршин суух байнгын хаягтай болох нь тогтоогдсон байна.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч О.Хыг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух ......................... тоот газраас шаардлагатайгаас бусад тохиолдолд явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Бусад асуудал:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан тул гэм буруутайд тооцогдсон О.Хаас 626.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Мд олгохоор шийдвэрлэв.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдлаа.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил дутагдсан нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

    ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О.Х-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Х-ыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч О.Х-ыг байнгын оршин суух хаяг болох Улаанбаатар хот, ................... тоот газраас шаардлагатайгаас бусад тохиолдолд явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Хаас 626.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Мд олгосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Х нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ