Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/99

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Намхайдагва, Улсын яллагч Б.*******, Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.******* Шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.*******ад холбогдох 2123000300095 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1984 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн,******* настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, ээжийн хамт амьдардаг, Завхан аймаг ******* сум ******* багт оршин суух хаягтай, урьд хоёр удаа ял шийтгүүлж байсан, овогт *******гийн *******, регистрийн дугаар *******.

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг: Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.*******ыг “Ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнаж, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар: Шүүгдэгч Г.******* нь 2021 оны 01 дүгээр сард Завхан аймгийн ******* сум ******* багийн нутаг “Модон тан” гэх газарт, 2021 оны 02 дугаар сард Завхан аймгийн ******* сум ******* багийн нутаг “Хэц Онь” гэх газарт тус тус зохих зөвшөөрөлгүйгээр ховор амьтан болох 2 тооны “Халиун буга” агнасан, зохих зөвшөөрөлгүйгээр агнасан ховор амьтан болох 1 тооны халиун бугын эврийг Завхан аймаг ******* сум ******* багт байрлах гэртээ хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: Шүүхийн хэлэлцүүлэгт: - Шүүгдэгч Г.*******ын өгсөн: “...Би 2021 оны 01, 02 дугаар сард Завхан аймгийн ******* сумын ******* багийн нутаг “Модон тан”, “Хэц онь” гэх газруудаас 2 тооны халиун буга агнасан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан буу өнгөрсөн оны 12 дугаар сараас хойш миний эзэмшилд байсан. Тэнсэх буюу хорихоос өөр төрлийн ял оногдуулж албадлагын арга хэмжээ авч өгнө үү. Манай ээж группэд байдаг би ажил хийж хохирлоо нөхөн төлөх болно.” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/ Мөрдөн байцаалтад: - Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.ын өгсөн: “...Хэд хоногийн өмнө хүмүүсээс манай суманд буга агнагдаж гэнэ гэсэн дам яриа сонссон. Манай суманд буга агнах зөвшөөрөл их ховор ирдэг. Одоогоос 2 жилийн өмнө нэг зөвшөөрөл ирээд гадаадаас нэг хүн ирж ангийн отог гаргаж байгаад нэг тооны халиун буга агнаж байсан түүнээс хойш огт зөвшөөрөл ирээгүй. Манай сумын ******* багийн “Модон Тан”, “Хэц Онь” гэдэг газрууд нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй. Зөвшөөрөлгүйгээр буга агнаж байгаль экологид учруулсан хохирлыг хуулийн дагуу барагдуулж өгөхийг хүсэж байна.” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 46-р хуудас/ - Гэрч Ч.ын өгсөн: “...2021 оны 01 дүгээр сард яг хэдний өдрийг санахгүй байна шинэ он гараад нилээд удаагүй байсан. Завхан аймгийн ******* сумын Агьтийн эхний цаад талын Модон тан гэх газрын өвөрт хонио хариулаад явж байтал Модон тангийн орой дээрээс хүн орилоод байхаар нь дээшээ өгсөөд хониныхоо дээр очсон чинь “Маанаг хүүрээ” гээд орилоод байсан. Тэгээд явж байсан чинь ******* модны хажууд гараад ирсэн зогсож байсан. Тэгээд хажууд очтол “Хутга чинь байна уу” гэхэд би “Байна” гэхэд “Би чамд юм үзүүлье” гээд мод руу дагуулж ороод модны халз дээр 1 тооны буга буудаж унагасан байсан. Тэгээд би чи яагаад буга алсан юм гээд хараасан чинь “Хутга өгөөд орхи” гээд миний хутгыг аваад толгойг нь аман хүзүүгээр нь буюу эрүүний доогуур нь тасдаж аваад морин дээрээ ******* мордоод намайг наад эвэртэй толгойгоо аваад өг гээд би газраас бугын эвэртэй толгойг авч өгөөд морин дээрээ би мордоод бид хоёр Модон тангийн араас өвөр рүү орж ирээд нөгөө бугын эвэртэй толгойгоо газар хаяад шувуу нохой идэг гээд дагзыг нь эвэртэйгээ үлдээгээд явсан. Бөгс нь эвхэгддэг том буу үүрсэн байсан. Завхан аймгийн ******* сумын нутаг Модон тангийн ард модон дотор модны халзан дээр буудаж унагасан байсан. Нутгийн иргэд “Ганц модны суурины ар” гэж ярьдаг юм. Нэг удаа дал хавсарч буудсан байсан, их цус гараагүй байсан. Бөөрнийх нь арьсыг хуулж хаяад шувуу нохой идэг гээд байсан. Салаа эвэртэй цайвар саарал, шаргалдуу өнгөтэй, том, эр хүйстэй буга байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 50-р хуудас/, - Гэрч М.гийн өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр намайг гэртээ байж байхад гэдэг залуу манайд морин дээрээ эвэртэй бугын толгой дүүрч ирэхээр нь очиж үзэхэд аман хүзүүгээр нь хугалчихсан, эрүүний яс байхгүй, шувуу идчихсэн бололтой 7 салаа эвэртэй нилээн том бугын толгой байсан. Тэгээд би түүнээс юун бугын толгой аваад ирэв гэхэд буудаж алсан юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр бугын толгойг өвөлжөөний арын чулуун дотор хийж хадгалж байгаад маргааш эврийг нь толгойны яснаас хөрөөдөж салгаад толгойны ясыг нь гэрийнхээ хойд талын хадан дотор хаясан. 2 эврийг нь өвөлжөөнийхөө арын энгэрт байх хадан дотор нуучихсан байтал цагдаа ирээд шалгаж авсан. Тэр буганы толгойд буудагдсан шарх, сорив байгаагүй толгойны үс, шир нь халцарч, яс нь гарчихсан шинэхэн үхсэн буганы толгой байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 52-р хуудас/ - Гэрч Б.ын өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр мал хайж явахад тэнд 1 буга үхсэн толгойг нь тайраад аваад явсан байсан. Тэнд 2 морьтой хүн ирээд явсан мөр байсан. Би 2021 оны 01 дүгээр сарын 27-ны үед Модон Тангийн орой дээр мал хайж яваад *******, хоёртой таарсан. Тэгээд би тэр хоёрыг битгий буга алаад байгаарай гэж хэлсэн. Би 2 сар гарсан хойно Хэц Онь гэх газар нэг буга үхсэн байхыг харсан, тэр буганы 2 эврийг тайраад аваад явсан байсан. Энэ үхсэн буганууд толгойгүй, эвэргүй байхаар нь хүмүүс алаад байх шиг байна гэж ойлгосон.” гэх мэдүүлэг /хх-ийн 54-р хуудас/, - Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Биологийн төрөл зүйл хариуцсан мэргэжилтэнгийн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 07 дугаартай “Баг /Салаа туруутан/, Овог /Бугынхан/, Зүйл /Халиун буга “Cervas elaphus” мөн болно. Халиун буга “Cervas elaphus” Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаар тогтоолоор ховор амьтны жагсаалтад орсон. Зураг 1: Халиун бугын баруун талын цээж хэсэгт дээрээсээ 7 дахь хавирганд бууны сумны нүх үүссэн, эвэр нэг талдаа 8, нөгөө талдаа 5 салаа гажиг ургалттай. Зураг: 2 Тухайн амьтны сэг зэм дууссан тул гэмтэл тогтоох боломжгүй. Үхлийн шалтгаан буудагдсан байна. Нас хүйсийг тогтоох боломжтой бөгөөд шүд, эврийн угийн тойрог, эврийн салаа, биеийн урт, сэрвээний өндөр зэргээр насыг тогтооно. Тус 2 буга нь 10-12 насны нас бие гүйцсэн буга байна. Ургамал, Дөрвөлжин, Завханмандал сумаас бусад сумдад ойн болон ойт хээрийн бүсэд нутаглана. Тусгай зориулалтаар гадаадын анчдад агнуулж болох бөгөөд амьтны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7.4 дэх заалтад жил бүрийн 09 дүгээр сарын 30- ны өдрөөс дараа оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл агнахыг хориглоно. Экологи эдийн засгийн үнэлгээ нэг бугын үнэлгээ 6.600.000, тоо толгой 2, нийт үнэлгээ 13.200.000 /Арван гурван сая хоёр зуун мянга/” гэх дүгнэлт /хх-ийн 62-63-р хуудас/, - Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 14- ний өдрийн 000000020 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн Завхан аймгийн ******* сум ******* багийн нутаг “Хэц Онь” гэх газар байх Халиун буганы сэгэнд хатуу, мохоо зүйлийн үйлчиллээр /цооролт/ үүссэн байна. Уг гэмтэл /цооролт/ нь 6.5 мм-ээс 9 мм хүртэлх дунд калибртай галт зэвсгийн хошуугаар үүсгэгдсэн байх боломжтой. Галт зэвсгийн марк болон буудагдсан хугацааг тогтоох боломжгүй” гэх дүгнэлт /хх-ийн 74-80-р хуудас/, - Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 11- ний өдрийн 000000021 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн буу нь галт зэвсэг мөн. Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсэг нь 7.62мм х 39мм-ийн калибртай, ан агнуурын зориулалттай үйлдвэрлэгдсэн САЙГА-М3 загварын хагас автомат ажиллагаатай карабин буу. Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсэг нь 2002 онд ОХУ-д үйлдвэрлэгдсэн. Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсэг нь гох дараагүй тохиолдолд буудлага үйлдэх боломжгүй” гэх дүгнэлт /хх-ийн 68-73-р хуудас/, - Г.*******ын яллагдагчаар өгсөн: “...2021 оны 01 сард ******* сумын ******* багийн нутаг “Модон тан” нэртэй газар морьтой малд явж байсан чинь модон тангийн ард нэг буга хэвтчихсэн босож чадахгүй байсан. Тухайн үед цас ихтэй байсан тул тэр буга тураалд ороод босож чадахгүй үхэх гэж байсан. Тэгээд амьтан зовоогоод яахын гэж бодоод би буудаад алчихсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 96-р хуудас/, - Завхан аймгийн ******* сумын ******* багийн нутаг “Хэц онь”, “Модон тан” гэх газруудад хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-19-р хуудас/, - Шүүгдэгч Г.*******аас бугын эвэр 1 хос, R82134470 гол төмрийн дугаартай, 470 замагны дугаартай, Сайга-М3 маркийн хагас ажиллагаатай, 7.62мм х39мм-ийн автомат буу 1 ширхэг, гэрч М.гаас сүх 1 ширхэг, бугын эвэр 1 хосыг тус тус хураан авсан тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 28-39-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу хангалттай тогтоогдож байна. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолсон байна. Хавтаст хэрэгт нотлох баримт бүрдүүлэхдээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, яллагдагчаас мэдүүлэг авах болон бусад бичгийн нотлох баримтыг бүрдүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлж авсан, оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хассан, хязгаарласан нөхцөл байдал болон мөрдөн шалгах ажиллагааны журам зөрчсөн үндэслэл тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлэх боломжтой байна. Зөвшөөрөлгүйгээр ховор амьтан болох халиун бугыг агнах гэмт хэргийг шүүгдэгч Г.******* ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдсон бөгөөд өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хохирол, хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. Отгонтэнгэрийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 25 дугаартай “Завхан аймгийн ******* сумын ******* багийн Модон тан, Агьт, Хэц Онь гэдэг газар нь Улсын тусгай хамгаалалттай газарт нутагт хамаарахгүй болно.” гэсэн албан бичиг /хх-ийн 20-23-р хуудас/-ээр уг буга агнасан газрууд нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаггүй болох нь тогтоогдож байна. Амьтны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д “ховор амьтан” гэж тархац нутагтаа тоо толгой цөөрсөн, нөөц багатай, устаж болзошгүй амьтныг ойлгоно гэж хуульчилсан бөгөөд Монгол Улсын Засгийн 2012 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан ховор амьтны жагсаалтад “Халиун буга” /Cervus elaphus/ орсон байна. Иймд хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгчийн гэм буруу тогтоогдож байх тул шүүгдэгч Г.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнаж, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. - Хохирлын талаар: Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Биологийн төрөл зүйл хариуцсан мэргэжилтний 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 07 дугаартай дүгнэлтээр тус хоёр “Халиун буга”-ыг эр буга болохыг тогтоосон байна. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ”-гээр эр “Халиун буга” /Cervus elaphus/-ын үнэлгээг 6,600,000 төгрөгөөр тогтоосон байна. Амьтны тухай хуулийн******* дугаар зүйлийн*******.2 дахь хэсэгт “Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно.” гэж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2-т “амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи–эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж тус тус заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг 26,400,000 /хорин зургаан сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр тогтоосон. Шүүгдэгч Г.******* нь амьтны аймагт учруулсан хохирлоос нөхөн төлөөгүй бөгөөд шүүхээс тогтоосон хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлэв. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна.” гэж заасны дагуу шүүгдэгч Г.*******аас амьтны аймагт учруулсан 26,400,000 /хорин зургаан сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирлыг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэв. Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Г.*******ыг шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй. Шүүх шүүгдэгч Г.*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзлээ. Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон шийтгэх тогтоолуудын хуулбар зэргээр шүүгдэгч Г.******* урьд нь: Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 984 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 03 жил 06 сарын хорих ял оногдуулснаас 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хорих ял хасуулж 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ялын хугацаа дуус ч суллагдсан, Завхан аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/74 дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжээр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан болох нь тогтоогдож байна. /хх-ийн 112-124-р хуудас/ Мөн шүүгдэгч Г.*******ын хувийн байдлын талаарх Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн *******гийн *******ын нэр дээр бүртгэлтэй хөрөнгө байхгүй тухай албан бичиг /хх-ийн 98-р хуудас/, Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаагаар гарсан гэрлэлт бүртгэлгүй тухай болон Завхан аймгийн ******* сумын 3-р баг /*******/-т оршин суудаг тухай тодорхойлолт /хх-ийн 107-108-р хуудас/, Гэрч Б., Ч. нарын “...Г.******* ах нь ээжтэйгээ хоёулхнаа Завхан аймгийн ******* сумын ******* багт хөдөө мал маллаж амьдардаг юм. Зан байдлын хувьд дуу цөөтэй даруу төлөв, олон янзын ааш байхгүй хүн байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 55-58-р хуудас/ зэрэг нотлох баримт авагдсаныг шинжлэн судаллаа. Шүүхээс дээрх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Г.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаанд Завхан аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж шийдвэрлэлээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д “Шийдвэр гүйцэтгэгч зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн ялтны байнга оршин суугаа болон хөдөлмөр эрхэлж байгаа, эсхүл суралцаж байгаа газрын хаягаар шүүхээс тогтоосон хориглолт, хязгаарлалтыг биелүүлж байгаа эсэхэд техникийн болон биечлэн хяналт тавина.”, мөн зүйлийн 167.2-т “Зорчих эрхийг хязгаарлах ял эдэлсэн хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолно.” гэж тус тус хуульчилсан. Иймд шүүгдэгч Г.*******ад зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 1 жил 2 сарын хугацаанд түүнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна. Харин шүүгдэгч Г.******* нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй. - Эд мөрийн баримт, бусад асуудлын талаар: Хэрэгт эд мөрийн баримтаар шүүгдэгч Г.*******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан K82134470 гол төмрийн дугаартай, 470 замагны дугаартай, Сайга-МЗ маркийн хагас ажиллагаатай, 7.62мм х 39мм-ийн автомат буу 1 ширхэг, сүх 1 ширхэг, гэмт хэрэг үйлдэж олсон 2 хос нийт 4 ширхэг бугын эвэр зэрэг хураагдаж ирсэн байна. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Б.******* нь “...шүүгдэгч Г.******* нь уг бууг Завхан аймгийн ******* сумын иргэн багийн дарга гэх хүнээс 1,000,000 төгрөг өгөөд худалдаж аваад үлдсэн мөнгөө гүйцээж өгч бичиг баримтаа шилжүүлэхээр тохирсон байсан. Хүнээс худалдаж авна гэдгээ илэрхийлж аваад, төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй, бичиг баримтаа нэр дээрээ шилжүүлж аваагүй тул үүнийг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Шинжээчийн дүгнэлтээр бууны үнэлгээ тогтоогдоогүй байгаа учир 1,000,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хэрэв Г.*******ын өмчлөл мөн гэж үзвэл бууны үнэ 3,000,000 төгрөгийг хохирол төлөхөд шийдэж өгнө үү” гэв. Шүүх уг хүсэлтийг хүлээн авах боломжгүй бөгөөд шүүгдэгч Г.******* нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан K82134470 гол төмрийн дугаартай, 470 замагны дугаартай, Сайга-МЗ маркийн хагас ажиллагаатай, 7.62мм х 39мм-ийн автомат бууг худалдаж авсан бөгөөд тухайн үед түүний эзэмшилд байсан болох нь мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн шүүгдэгч Г.*******ын өөрийн мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул зохих журмын дагуу шийдвэрлүүлэхээр Завхан аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлэх нь зүйтэй байна. Мөн шүүгдэгч Г.*******ын гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан 800,000 төгрөгийн үнэ бүхий хээр зүсмийн морийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулахаар Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, Гэмт хэрэг үйлдэж олсон 2 хос нийт 4 ширхэг бугын эврийг улсын орлого болгож, эд мөрийн баримтаар хураан авсан 1 ширхэг сүхийг устгахаар шийдвэрлэлээ. Шүүгдэгч Г.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,*******.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнаж, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ыг 1 жил 2 сарын хугацаанд Завхан аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зөрчих үүргийг хүлээлгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ад зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 1 жил 2 сарын хугацаанд түүнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.******* зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 2-т зааснаар шүүгдэгч Г.*******аас амьтны аймагт учруулсан хохирол 26,400,000 /хорин зургаан сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.

6. Шүүгдэгч Г.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан K82134470 гол төмрийн дугаартай, 470 замагны дугаартай, Сайга-МЗ маркийн хагас ажиллагаатай, 7.62мм х 39ммийн автомат буу 1 ширхгийг зохих журмын дагуу шийдвэрлүүлэхээр Завхан аймаг дахь Цагдаагийн газарт, гэмт хэрэг үйлдэж олсон 2 хос нийт 4 ширхэг бугын эврийг улсын орлогоболгуулахаар, гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан 800,000 төгрөгийн үнэ бүхий хээр зүсмийн морийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулахаар Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус шилжүүлж, эд мөрийн баримтаар хураан авсан 1 ширхэг сүхийг устгасугай.

8. Шүүгдэгч Г.*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн*******.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ