| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 170/2021/0102/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/100 |
| Огноо | 2021-09-27 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Б.Чулуунхүү |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 2021/ШЦТ/100
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Намхайдагва, Улсын яллагч Б.Чулуунхүү, Шүүгдэгч Т.Одгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Чулуунхүүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Т.Одгэрэлд холбогдох 2123000890121 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1989 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 21 дүгээр хороо Сэлбийн 48-1069 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Харьд бага овогт Тодбаярын Одгэрэл, регистрийн дугаар ЙЮ89072002.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/ Шүүгдэгч Т.Одгэрэл нь 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Завхан аймгийн Цэцэн-Уул сумын Сангийн далай багийн нутаг дэвсгэр “Цэгээн” нуурын захад Тоёота Приус-30 маркийн 67-92 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож урагшлах үйлдэл хийхдээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1 дүгээр зүйлийн а-д “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөлтэй байна” гэснийг, мөн дүрмийн 10.1-д “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэснийг тус тус зөрчсөний улмаас хүүхдийн суудал дээр сууж байсан Б.Гэгээлэн /06 сартай, эмэгтэй/ хүүхдийг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т хамаарах гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Т.Одгэрэл нь 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Завхан аймгийн Цэцэн-Уул сумын Сангийн далай багийн нутаг дэвсгэр “Цэгээн” нуурын захад Тоёота Приус-30 маркийн 67-92 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож урагшлах үйлдэл хийхдээ хүүхдийн суудал дээр сууж байсан Б.Гэгээлэн /06 сартай, эмэгтэй/-г мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь: Шүүхийн хэлэлцүүлэгт: - Шүүгдэгч Т.Одгэрэлийн өгсөн: “...Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид манай ах хотод очиход нь 5,000,000 төгрөг өгсөн. Цаашид гарах хохирлыг иргэний журмаар төлж барагдуулна гэж тохиролцсон. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Батмагнай хохирол төлбөр нэхэмжлээгүй. Би прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч байна. Ийм хэрэг хийсэндээ маш их харамсаж байна.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, Мөрдөн байцаалтад: - Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Батмагнайн өгсөн: “...Манай гэр бүлийн гишүүд болох эхнэр Халиунаа, 6 настай охин Гэгээлэн-Учрал, 4 настай Батгэрэлт, 6 сартай Б.Гэгээлэн нарын хамт ах Лхагваа ахын гэр бүл болох эхнэр Нарангэрэл, 3 хүүхдийн хамт, мөн найз Мөнх-Амгалангийн гэр бүлийн хамт нийт 3 гэр бүлийн хамт Улаанбаатар хотоос 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр аялж зугаалах зорилгоор хөдөлсөн... Тэгээд бид нар 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 11 цагийн үед очих газраа очоод Пунцагийн гэр бүлийнхэн нуурын эрэг дээр ширээгээ засаад сууж байсан. Бид нар газ дуусаад Банзрагчийн эхнэрийн хамт Завхан аймгийн Цэцэн-Уул сум руу газ, бензинд явахаар болоод хамт явсан. Банзрагчийн эхнэр бид хоёр сумын төвөөс газ бензинээ аваад буцаад Цэгээн нуур руу явж байх замд өөдөөс Лхагва ах, Банзрагч, манай эхнэр Халиунаа нь 6 сартай охин Б.Гэгээлэнг тэвэрсэн байдалтай ирж байсан. Би юу болсон талаар асуухад Банзрагч нь “Нуурын эрэг дээр бөөндөө сууж байхад Халиунаа нь гадаа нартай, салхитай байхаар нь хүүхдээ машины суудалтай хамт Т.Одгэрэлийн Приүс-30 загварын тээврийн хэрэгслийн урд байрлуулаад сууж байхад Т.Одгэрэл нь бие засахаар явахаар машинаа асаагаад урд нь хүүхэд байгааг мэдээд ухарч байгаад урагшлахдаа Б.Гэгээлэнг мөргөчихлөө гэж хэлсэн. Би хүүхдээ харахад царай нь цайрсан, зүүн талын хацар шалбарсан, зулайн яс нь дөрвөлжин хэлбэртэй болчихсон, ард дагз хэсэгтээ хавдсан, өөр ил харагдах шарх гэмтэлгүй байсан. Бид нар түргэн сумын эмнэлэг ороод үзүүлэхэд дотуур цус алдалттай байж болзошгүй, төвөнх яс цуурсан, хугарсан байх магадлалтай тархиндаа цус харвасан байх магадлалтай гэж хэлсэн. Манай гэр бүлийнхэн яаралтай нисдэг тэрэг түрээслэн ГССҮТ-д 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 16 цагийн үед авч ирсэн. ...Манай охин осолд ороод хөдөлгөж болохгүй гэхээр нь Улаанбаатар хотоос хувийн онгоц дуудаж Улаанбаатар хотод аваачиж эмчилгээ хийлгэсэн. Зөвхөн онгоцны зардалд 50 сая орчим төгрөг зарцуулсан, мөн эмчилгээнд 20 орчим сая төгрөг зарцуулсан. Яг нарийн тооцоо байхгүй. Надад одоогийн байдлаар нэхэмжлэх зүйл байхгүй. Т.Одгэрэлийн шүүх хурал болсны дараа иргэний журмаар нэхэмжлэл гаргах бодолтой байгаа. ” гэх мэдүүлэг /хх-ийн 57-61- р хуудас/, - Гэрч Б.Нарангэрэлийн өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр бид нар Цэцэн-Уул сумын Цэцэн хайрханы бэл “Цэгээн нуур” гэх газарт амрахаар очсон. Өдөр 15 цагийн орчимд бид нар нуурын эрэг дээр байж байхад миний нөхрийн төрсөн дүү болох Одгэрэл нь 67-92 УНХ улсын дугаартай цагаан өнгийн Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг асаагаад уг тээврийн хэрэгслээр хөдөлгөөн үйлдэхдээ тээврийн хэрэгслийн урд талд нь зориулалтын жижигхэн ор /хүүхэд бүүвэйлэгч/ дээр унтаж байсан Батмагнайн 6 сартай охиныг ортой нь мөргөчихсөн. Би яг мөргөж байхыг нь хараагүй. Харин машинаа асаагаад хөдөлгөөн үйлдэж байхыг нь харсан. Тэгээд байж байтал хүмүүс гэнэт орилолдсон. Би эргээд хартал машины урд талын гүперний доод талд хүүхдийн ор орчихсон байсан. Машин дээр гүйж очтол машин доороос Батмагнайн хүүхдийг Банзрагч татаад гаргаад ирсэн. Хүүхдийг тухайн машины жолоочийн эсрэг талаас урд талын дугуйны ард талын хэсгээс нь татаад гаргаад ирсэн. Тэгээд бид нар сандралдаад бүх юмаа баглаж бооцгоогоод Цэцэн-Уул сумын төв рүү эмнэлэгт ирэхээр яаралтай явсан. Тэгээд сумын төв дээр ирээд сумын их эмчид үзүүлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 65-66-р хуудас/, - Гэрч Г.Банзрагчийн өгсөн: “...Одгэрэл машинаа хойш нь ухрааж байгаад буцаад урагш хөдөлсөн. Яг тэр үед машины урд талд Батмагнайн охин байсан. Тээврийн хэрэгсэл нь Гэгээлэн охиныг хэвтэж байсан суудалтай нь хамт мөргөөд хамгаалалтын суудал нь машины урд талын тэнхлэгийн доод талд нь орчихсон. Харин охин суудалнаасаа шидэгдээд мөн тээврийн хэрэгслийн тэнхлэгийн доор орчихсон байсан. Тэнд байсан хүмүүс бүгд гүйлдээд очсон. Тэгээд машинаа хурдан унтраа гэж орилоод машинаа унтраасных нь дараа би машин доогуур шургаж орсон. Би машины зөв тал буюу зүүн талын урд дугуйны ар талын хэсгээр хэвтэж байгаад Гэгээлэн охиныг татаж гаргасан. Намайг Гэгээлэн охиныг татаж гаргах үед Гэгээлэн охин нь машины тэнхлэгийн доод талд нүүрээрээ доошоогоо хараад уначихсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 68-69-р хуудас/, - Гэрч Т.Лхагвын өгсөн: “...Өдөр 15 цагийн орчимд бид нар нуурын эрэг дээр байж байхад миний төрсөн дүү болох Т.Одгэрэл нь 67-92 УНХ улсын дугаартай цагаан өнгийн Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг асаагаад уг тээврийн хэрэгслээр хөдөлгөөн үйлдэхдээ тээврийн хэрэгслийн урд талд нь зориулалтын жижигхэн орон дээр унтаж байсан Батмагнайн 6 сартай охиныг ортой нь мөргөчихсөн. Би яг мөргөж байхыг нь хараагүй. Гэхдээ юм дугарахаар нь хартал машины урд талын гүперний доод талд хүүхдийн ор орчихсон байсан. Бид нар орилолдоод машин дээр гүйж очсон. Тэгээд машины урд талын хамар доороос Батмагнайн хүүхдийг Банзрагч татаад гаргаад ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 70-72-р хуудас/, - Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 6908 дугаартай “...Б.Гэгээлэнгийн биед баруун зулай, чамархай, суурь ясны бяцарсан хугарал, аалзавчийн доорх тархмал цус харвалт, хоёр талын духны дэлбэнгийн цусархаг няцрал, баруун дунд чөмөг, шаант ясны доод булууны далд хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 87- 89-р хуудас/, - 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Завхан аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч П.Батзоригийн “...Тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан гэх Харьд бага овогт Тодбаярын Одгэрэл нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1 дүгээр зүйлийн а-д “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөлтэй байна” гэснийг, мөн дүрмийн 10.1-д “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэснийг тус тус зөрчсөний улмаас гарах боломжтой байна” гэх мөрдөгчийн магадалгаа /хх-ийн 96-99-р хуудас/, - Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-7-р хуудас/, - Т.Одгэрэлийн яллагдагчаар өгсөн: “...Би тэр өдөр болсон асуудлын талаар ярина. Тэр өдөр бид нар Цэгээн нуурын ертөнцийн зүгээр зүүн талд нь байж байгаад бие засах гээд машинаа асаасан. Тэр үед миний машины урд хэсэгт Батмагнайн хүүхэд болох Гэгээлэн гэдэг 06 сартай охиныг хүүхдийн суудал дээр суулгаад газарт тавьсан байхыг хараад машинаа ухраагаад одоо хүүхдийн хажуугаар нь гарчих байх гэж бодоод урагшаа явахдаа хүүхдийн хажуугаар гарч чадалгүй хүүхдийг суудалтай нь мөргөчихсөн. Тэгээд сандраад машинаа зогсоосон. Би машины урд хүүхэд байгааг харсан. Тэгээд эхлээд машинаа ухраасан одоо багтчих байх гэж бодоод урагшаа хөдлөхдөө багтаалгүй хүүхдийг мөргөсөн. Би урьд нь хөдөө гадаа явахдаа хааяа тээврийн хэрэгсэл жолооддог байсан. Би тэр үед архи уугаагүй, эрүүл байсан. Намайг урагшаа явах үед хүмүүс орилсон. Тэгэхээр нь тээврийн хэрэгслээ зогсоосон чинь хүүхдийг мөргөсөн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 109-110-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлэн шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзсэн. Шүүгдэгч Т.Одгэрэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учруулсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна. Шүүгдэгч Т.Одгэрэл нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1 дүгээр зүйлийн а-д “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөлтэй байна” гэснийг, мөн дүрмийн 10.1-д “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэснийг зөрчиж зам тээврийн осол гаргаж хохирогч Б.Гэгээлэнгийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Т.Одгэрэл нь 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Завхан аймгийн Цэцэн-Уул сумын Сангийн далай багийн нутаг дэвсгэр “Цэгээн” нуурын захад Тоёота Приус-30 маркийн 67-92 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож урагшлах үйлдэл хийхдээ хүүхдийн суудал дээр сууж байсан Б.Гэгээлэн /06 сартай, эмэгтэй/-г мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж хэргийн зүйлчлэл тохирч байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ. Гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Батмагнай мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ “...Надад одоогийн байдлаар нэхэмжлэх зүйл байхгүй. Т.Одгэрэлийн шүүх хурал болсны дараа иргэний журмаар нэхэмжлэл гаргах бодолтой байгаа.” гэсэн бөгөөд хохирлын талаар баримт ирүүлээгүй байна. Иймд шүүгдэгч Т.Одгэрэлийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус хуульчилсан. Үүний дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Батмагнай нь гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Гэгээлэнгийн эрүүл мэндэд учирсан хохирлыг шүүгдэгч Т.Одгэрэлээс нэхэмжлэх эрхтэй. Тиймээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Батмагнайгийн насанд хүрээгүй хохирогч Б.Гэгээлэнгийн эрүүл мэндэд учирсан хохирлын баримтаа бүрдүүлж шүүгдэгч Т.Одгэрэлээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ. Хоёр. Шүүгдэгч Т.Одгэрэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Т.Одгэрэлийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй. Шүүх шүүгдэгч Т.Одгэрэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзлээ. Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар шүүгдэгч Т.Одгэрэл нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь тогтоогдож байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ. /хх-ийн 113-р хуудас/ Прокуророос шүүгдэгч Т.Одгэрэлд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагдсан байна. Мөн шүүгдэгчид хүлээлгэх прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэж байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой гэж үзлээ. Шүүгдэгч Т.Одгэрэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн сонсгосон ял, албадлагын арга хэмжээний хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэв. Харин шүүгдэгч Т.Одгэрэлд нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “Хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан болон хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоосон ялтны бүртгэлийг түүний оршин сууж байгаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, нэгдсэн тоо бүртгэлийг хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба хариуцан хөтөлнө” гэсэн байх тул шүүгдэгч Т.Одгэрэлийг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна. Шүүгдэгч Т.Одгэрэл нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Харьд бага овогт Тодбаярын Одгэрэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан шүүгдэгч Т.Одгэрэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Т.Одгэрэлд тэнссэн хугацаанд “Оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4. Шүүгдэгч Т.Одгэрэл нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарласугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч Т.Одгэрэлд хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд түүнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч Т.Одгэрэл нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Батмагнайгийн насанд хүрээгүй хохирогч Б.Гэгээлэнгийн эрүүл мэндэд учирсан хохирлын баримтаа бүрдүүлж шүүгдэгч Т.Одгэрэлээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Т.Одгэрэлд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ