| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2018/0268/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/291 |
| Огноо | 2018-04-25 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ш.Хосбаяр |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 2018/ШЦТ/291
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,
Нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,
Улсын яллагч Ш.Хосбаяр,
Шүүгдэгч М.Б, Д.З /шүүгдэгч нар өөрөө өөрсдийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овогт М.Б, Бэрсүд овогт Д.З нарт холбогдох эрүүгийн 1711016330161 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1990 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Увс аймгийн Хяргас суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэнд бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн ард аюушийн 17 дугаар гудамжны 506 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Тайж овогт М.Б, регистрийн дугаар ..............................
Монгол улсын иргэн, 1989 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Говь-Алтай аймгийн Цогт суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 28 дугаар гудамжны 357 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Бэрсүд овогт Д.З, регистрийн дугаар ............................................,
Шүүгдэгч М.Б, Д.З нар нь 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлангийн задгай тоот М.Бат-Очирын зуслангийн байшингийн вакум цонхоор нэвтэрч 2 ширхэг Молдокыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 180.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.Баас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Тэгээд Зулхүү бид хоёр хамт архи ууж байгаад би Зулхүүд хандан хоёулаа Зусланд очиж нэг газраас багаж аваад ломбарданд тавъя гэж хэлсэн юм. Тэгээд бид хоёр хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд очиж Бат-Очир гэх өмнө байшинг нь барьж өгч байсан айлын зуслангийн нэг давхар ногоон өнгийн байшингийн цонхыг нь хагалан би цонхоор орж 2 ширхэг молдок багаж, нэг ширхэг мишок хулгайлан авч Зулхүүд цонхоор гадагш нь гаргаж өгсөн юм ...” гэсэн мэдүүлэг /хх-51-52х/,
Шүүгдэгч М.Баас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Би эд зүйл хулгайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Шүүхээс оногдуулах хариуцлагыг хүлээхэд бэлэн байна. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна” гэв.
Шүүгдэгч Д.Згээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...миний урьд ажиллаж байсан нэг айлын байшинд багаж байгаа тэрийг хоёулаа очиж авч ломбарданд тавьж мөнгө болгоё гэж хэлсэн юм. Тэгээд бид хоёр хамт очиж цонхыг нь түлхэн байшингаас хулгай хийсэн юм ...” гэсэн мэдүүлэг /хх-53-54х/,
Шүүгдэгч Д.Згээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Би эд зүйл хулгайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Шүүхээс оногдуулах хариуцлагыг хүлээхэд бэлэн байна. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна” гэв.
Хохирогч М.Бат-Очироос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би 2017 оны 12 сарын 18-ны гэртээ байж байсан чинь манай найз Алтанхуяг утсаар ярьж танай зуслангийн байшинг барьж байсан Баяраа нэг залуутай хамт автобусанд баахан багаж барьсан явж байгаад манай эгчтэй дайралдсан байна. Тэгээд би танай гэрт очоод үзсэн чинь танай хойд талын жижиг байшингийн цонхыг хагалан хулгай орсон байна. Баяраа танай байшинд орсон юм шиг байна гэж хэлсэн юм. Тэгээд би шууд гэрээс гарч зуслангийн байшин дээрээ очиж шалгахад манай жижиг байшингийн хойд талын вакум цонхыг хагалан дотор талаас 2 ширхэг молдок алдагдсан байсан. Тэгээд би манай байшинг барьж өгч байсан Баяраа гэх залуутай утсаар ярьж чи манай байшингаас хулгай хийсэн юм уу гэж асуусан чинь Баяраа нэг залуутай хамт манай байшингаас 2 ширхэг молдок хулгай хийсэн гэж хэлсэн юм. Тэгээд би Баяраатай уулзаж алдагдсан эд зүйлээ буцааж авсан юм. Тухайн үед манай найз Алтанхуяг цагдаагийн газарт дуудлага өгсөн байсан юм …Миний зүгээс ямар нэгэн гомдол, санал байхгүй. Батбаяр надаас уучлалт гуйж манай байшингийн цонхыг очиж янзалж өгсөн байгаа …Би дүгнэлттэй танилцсан. Хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд алдсан эд зүйлээ бүрэн бүтэн хүлээн авсан байгаа” гэсэн мэдүүлэг /хх-23-25х/,
Гэрч З.Халиунаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “…Би 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Шарга морьт зусланд байх өөрийн дүү Алтанхуягийн гэрт очиж ажилд тусалж байгаал 21 цагийн үед байх тэдний гэрээс гарч Алтанхуягаар Жигжидийн уулзвар дээр хүргүүлэн автобусанд суусан чинь миний суусан автобусанд урьд манай дүү Алтанхуягт тусалж байсан Баяраа, Зулхүү гэх хоёр залуу баахан багаж барьсан автобусанд сууж байсан юм. Тэгээд намайг автобусанд суух үед нүүрээ нууж цаашаа харсан юм. Тэгээд би гайхаж дүү Алтанхуягт Баяраа, Зулхүү нар энд баахан юм барьсан явж байна гэж утсаар хэлсэн. Тэгсэн чинь Баяраа, Зулхүү нар надаас зугтаж дараагийн буудал дээр буусан юм. Тэгээд би гэртээ харьсан юм” гэсэн мэдүүлэг /хх-28х/,
Гэрч З.Алтанхуягаас мөрдөн шалгах ажилалгааны үед мэдүүлсэн: “…манай эгч Халиун араас утсаар ярьж танай гэрт юм хийж өгч байсан Баяраа гэх залуу нэг найзын хамт баахан хайрцаг савтай багаж барьсан явж байна гэж хэлсэн юм. Тэгээд би шууд найз Бат-Очирын зуслангийн байшинд очсон чинь Бат-Очирын зуны байшингийн цонхыг түлхэн дотор талаас эд зүйл алдагдсан бололтой байсан юм. Тэгээд би найз Бат-Очирт танай байшинд Баяраа найзын хамт ирж байшингийн чинь цонхыг түлхэн эд зүйл авсан юм шиг байна гэж хэлээд цагдаагийн газарт дуудлага өгөөд Баяраагийн утас луу залгаж ярих гэсэн чинь утсаа авахгүй байсан бөгөөд удаагүй Баяраа над луу залган уучлаарай би Бат-Очир ахын байшингаас эд зүйл хулгай хийсэн ирж аваарай гэж хэлээд байгаа газраа зааж өгсөн юм. Тэгээд би Бат-Очиртой уулзаж Баяраа болон түүний найз Зулхүү нарыг карокед сууж байхад нь очиж уулзан хулгайлж авсан эд зүйлийн нь буцааж авч Зулхүүг цагдаа нар ирж авч яван Баяраа зугтаж явсан юм” гэсэн мэдүүлэг /хх-29х/,
“Дамно” ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайланд: “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 02 сарын 7-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 180.000 төгрөг /нэг зуун наян мянга/ төгрөгөр үнэлэгдэв” гэжээ /хх-41-41х/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-8-11х/,
Шүүгдэгч М.Б, Д.З нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх 55, 64х/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 56, 62х/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-60, 63х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч М.Б, Д.З нар нь 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлангийн задгай тоот М.Бат-Очирын зуслангийн байшингийн вакум цонхоор нэвтэрч 2 ширхэг Молдокыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 180.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлогдож байна.
Хэрэгт нотлолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч М.Б, Д.З нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял хорих оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч М.Б, Д.З нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан тэдгээрийг нээлттэй хорих байгууллагад ялыг эдлүүлэхээр тогтов.
Хохирогч М.Бат-Очир нь мөрдөн шалгах ажиллагааны үед нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй /хх-23-25х/ гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч М.Б, Д.З нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Тайж овогт М.Б, Бэрсүд овогт Д.З нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Быг 1 /нэг/ жилийн хорих ялаар, шүүгдэгч Д.Зг 1 /нэг/ жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б, Д.З нарт тус бүр оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч М.Б, Д.З нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж эдлэх ялыг 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн тус тус тоолсугай.
5. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б, Д.З нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ё.ЦОГТЗАНДАН