Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 2062

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Д-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч  Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2017/01601 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Д-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С.А-т холбогдох,

 

Түрээсийн гэрээнээс татгалзсаны үлдэгдэл 850 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Н,

Хариуцагчийн өмгөөлөгч: Х.Ц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.А-тай 2016 оны 5 дугаар сарын 31-нд цайны газар түрээслэх гэрээг амаар байгуулж, 1 сарын түрээс 2 500 000 төгрөг, барьцаа 1 000 000 төгрөг нийт 3 500 000 төгрөг өгсөн. Гэтэл түрээсийн төлбөр өндөр, цайны газар жоомтой, ариун цэврийн наад захын шаардлага хангахгүй бохир заваан байсан учраас маргааш нь буюу 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр түрээслэхгүй гэж түлхүүрийг нь өгсөн. Нэг өдөр, нэг хоног ч тус ажлын байрыг ажиллуулаагүй. Ингээд С.А-аас мөнгөө нэхэхэд өгөхгүй, “түрээслэх хүнээ өөрсдөө олж өг” гэсэн. Үүнээс болж өөрөөсөө мөнгө төгрөг гаргаж олон удаа зар өгч түрээслэгч олж өгч байхад түрээслэхээр ирсэн хүмүүстээ янз бүрийн юм ярьж түрээслэхгүй, хүнээ өөрөө алдсан. Гэтэл С.А нь 3 500 000 төгрөгөөс алданги тооцохыг зөвшөөрч 2 650 000 төгрөгийг авсан. Үүнээс үлдэгдэл болох 850 000 төгрөгийг алданги хэмээн тооцож өгөөгүй болно. Иймд С.А-аас 850 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Б.Д Хан-Уул дүүргийн шүүхэд 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр гаргасан нэхэмжлэлдээ “... ингээд би 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн орой ... С.А-тай ажлын байрны түрээсийн гэрээг байгуулж, бэлнээр 3 500 000 төгрөг өгсөн. Өмнөх түрээслэгч Г.Гэрэл нь тус ажлын байрны тоног төхөөрөмжийг надад хүлээлгэж өгсөн” гэж бичсэнээс гадна Хан-Уул дүүргийн шүүхэд 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр гаргасан тэр нэхэмжлэлийн “нэхэмжлэлд хавсаргасан баримт бичгүүд” гэсэн хэсэгт “ажлын байрны түрээсийн гэрээ 2 хуудас” гэж бичсэнээс үзэхэд Б.Д 2016 оны 5 сарын 31-нд цайны газар түрээслэх гэрээг надтай амаар байгуулаагүй, бичгээр байгуулсан гэдэг нь нотлогдож байна. Миний компьютерийн принтер гацчихаад гэрээний эх хувийг гарган авч чадахгүй байснаас гэрээний төсөл дээр гарын үсэг зуралцсан санагдана. Тэгээд гэрээ байгуулсан 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн маргаашаас нь эхлэн Б.Д гэрээгээ цуцлая, мөнгөө эргүүлж авъя гэж явснаас болоод гэрээний эх хувийг гаргаж гарын үсэг зуралцаагүй тул эх хувь надад үлдээгүй. Хан-Уул дүүргийн шүүхэд 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр гаргасан нэхэмжлэлдээ иргэн Б.Д С.А миний тухай “та нар гэрээгээ цуцалж байгаа бол гэрээний 4.2 дахь заалтын дагуу 2.5 сая төгрөгийг надад буцааж өг гэсэн” гэж бичсэнээс үзэхэд тэр үед Б.Д-д миний гаргаж өгсөн гэрээний төсөл дээр гарын үсэг зуралцаж байгуулсан. Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “4.2. Хэрэв гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээг цуцлан дуусгавар болгох саналыг түрээслэгч эхлэн гаргасан бол төлбөрийг нь урьдчилан өгсөн түрээсийн сараа дуусгаад уг эцсийн өдрөөр тасалбар болгон ус, цахилгаан, хог хаягдлын бүх төлбөр тооцоог дуусган энэхүү гэрээнд заасан зоогийн газрын ажлын байраа түрээслүүлэгчид буцааж өгөхдөө түрээсийн нэг сарын төлбөртэй тэнцэх 2 000 000 төгрөгийг түрээслүүлэгчид төлнө” гэж заасан байсныг хэлж байх шиг байна. Үүнтэй адилаар түрээслэгчийг хохиролгүй болгоход чиглэгдсэн “гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээг цуцлан дуусгавар болгох саналыг түрээслүүлэгч эхлэн гаргасан бол төлбөрийг нь урьдчилан авсан түрээсийн сарыг дууссанаас хойш нэг сар /30 хоног/-ын хугацаанд энэхүү гэрээнд заасан зоогийн газрыг түрээсийн төлбөр авахгүйгээр ажиллуулаад 30 дахь хоногоор нь тасалбар болгон зоогийн газрын ажлын байраа буцааж авна” гэсэн заалт гэрээний төслийн 3 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт орсон байгаа. Б.Д өөрийн гараар бичиж, 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Б.Д бид хоёрын тохиролцсон тохироонд миний цайны газрын ажлын байрыг түрээслэн ажиллуулна гэж авчихаад тогоочоо олж авч чадахгүй байснаасаа болоод уг цайны газраа ажиллуулж чадалгүй хэд хонож намайг алдагдалд оруулж байгаагаа ухаарч миний ажлын байрны түрээсийн 1 сарын төлбөрийн 2016 оны 06 дугаар сарын төлбөр 2 000 000 төгрөгнөөс 10 хоногийн түрээсийн төлбөр 667 000 /2 000 000:30 хоног х 10 хоног=667 000/ төгрөгийг надад суутган өгөөд үлдэх 1 333 000 /2 000 000– 667 000/=1 333 000 төгрөг дээр барьцааны 1 000 000 төгрөгийг нэмээд бүгд 2 333 000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс хэтрүүлэхгүйгээр түрээслэгч Д-д би бэлнээр буцааж өгөхөөр тохиролцсоны дагуу түрээслүүлэгч С.А миний бие 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр уг 2 333 000 төгрөгийг Б.Д-д бэлнээр буцааж өгсөн. Одоо болохоор 850 000 төгрөгийг надаас гаргуулж авахаар нэхэмжлэл гаргаад байгааг би огт ойлгохгүй байна. Хэрэв нэхэмжилвэл суутгаж авсан 667 000 төгрөгийг нэхэмжлэх байсан. Илүү нь тоног төхөөрөмж түрээсэлсэн төлбөр байгаа. Үүнээс гадна Б.Д бид хоёрын гарын үсэг зуралцсан баримт бичгүүдэд алдангийн тухай нэг ч үг байхгүй. Б.Д миний цайны газрын ажлын байрыг сард 2 000 000 төгрөгөөр, түүний өмнө миний ажлын байрыг түрээслэн ажиллуулж байсан н.Гэрэл гэдэг эмэгтэйгээс тоног төхөөрөмжийг нь сард 500 000 төгрөгөөр түрээслэхээр н.Гэрэл бид хоёртой тохиролцож, миний ажлын байрны болон н.Г-ийн тоног төхөөрөмжийн түрээсийн 2016 оны 6 дүгээр сарын төлбөр 2 500 000 төгрөг, барьцааны 1 000 000 төгрөг, бүгд 3 500 000 төгрөгийг С.А миний бие түрээслэгч Б.Д-гээс 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр бэлнээр хүлээн авсан бөгөөд тэр өдрөө тоног төхөөрөмжийнх нь 2016 оны 6 дугаар сарын түрээсийн төлбөр 500 000 төгрөгийг уг тоног төхөөрөмжөөс түрээслэгч Б.Дд түрээсэлсэн н.Гэрэлд хүлээлгэн өгсөн. Иймд нэхэмжлэгч Б.Д бид хоёрын хооронд мөнгөний ямар нэгэн асуудал байхгүй болно гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.А-аас 850 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Д-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.А-аас улсын тэмдэгтийн хураамжид 24 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Д-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “... Шүүх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан 3 500 000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй гэж дүгнэсэн. Гэтэл Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.1 дэх хэсэгт зааснаар "хэрвээ биет байдлаар нь буцаан өгөх боломжгүй бол мөнгөөр нөхөн төлнө" гэж заасны дагуу түрээслэгч тал 667 000 төгрөгийг төлсөн. Манай тал тодорхой хугацаанд түрээсийн байраа түрээслүүлэгчид шилжүүлэн өгсөн байсан, олох байсан орлогоо алдсан тул харилцан тохиролцсоны дагуу дээрх төлбөрийг авсаныг буруутгах үндэслэлгүй гэж үзэж байна. Талуудын хооронд гэрээгээ дүгнэн төлбөр тооцоогоо тохиролцсон нь хууль зүйн хувьд хүчин төгөлдөр үйлчилнэ. Хоорондын тооцоо үүний дагуу дуусгавар болсон болно. Мөн 500 000 төгрөгийг тоног төхөөрөмжийн үнэ гэж тооцон н.Гэрэл гэдэг эмэгтэйд өгсөн тул би хариуцах үндэслэлгүй болно. Түүнчлэн хариуцагч миний оршин суух албан ёсны хаяг Чингэлтэй дүүрэгт харьяалагдаж байгаа болохыг шүүх анхаарч үзээгүй тул албан ёсны харьяаллын дагуу хэргийг шилжүүлэн шийдвэрлэж өгөхийг хүсч байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч С.А-т холбогдуулан түрээсийн гэрээнээс татгалзсаны үлдэгдэл төлбөр 850 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

 

            Зохигчид 2016 оны 5 сарын 31-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийг ашиглуулах талаар хэлэлцэн тохиролцон  хариуцагч С.А нь Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, ............... тоотод байрлах зоогийн газрын зориулалттай байрыг хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч Б.Д нь сарын 2 500 000 төгрөг төлөх нөхцөлтэй харилцан тохиролцож, барьцаанд 1 000 000 төгрөг, 1 сарын түрээсийн төлбөрт 2 500 000 төгрөг, нийт 3 500 000 төгрөг төлсөн болох нь бэлэн мөнгө хүлээн авсан тухай баримт болон талуудын тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт зааснаар бодит үйлдлээр хэлцэл хийгдсэн байна. /хх-ийн 4 дүгээр тал/

 

            Талууд үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэх гэрээг байгуулсан боловч ийм төрлийн гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байх тул талуудын хоорондын гэрээ Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байх тул уг гэрээний дагуу гэрээнээс татгалзах, түүнтэй холбоотой үр дагавар үүсэхгүй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

            Нэхэмжлэгч Б.Д нь түрээслэхээр тохиролцсон үл хөдлөх эд хөрөнгийг цаашид түрээслэхгүй талаар 2016 оны 6 сарын 09-ний өдөр хариуцагч Х.Арсланбаатарт мэдэгдсэн талаар талууд маргаагүй байна.

 

            Үүнээс хойш талууд 2016 оны 6 сарын 09-ний өдөр тооцоо нийлж, “... бидний хооронд мөнгөний асуудал дууссан, надад гомдол байхгүй” гэж нэхэмжлэгч Б.Д нь уг тооцонд гарын үсгээ зуржээ. Анхан шатны шүүх талуудын хооронд харилцан тооцоо нийлсэн дээрх баримтыг үнэлэлгүй хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. /хх-13 дугаар тал/ 

 

            Энэхүү хүчин төгөлдөр  бус хэлцэлтэй холбоотойгоор нэхэмжлэгчийн хүлээлгэн өгсөн  3 500 000 төгрөгөөс хариуцагч 2 650 000 төгрөгийг 2016 оны 6 сарын 01-ний өдөр буцаан өгсөн үйл баримт тогтоогдсон, харин нэхэмжлэгч  нь хариуцагчийн эд хөрөнгийг хэдийд буцаан өгсөн болохоо баримтаар нотлоогүй байна.

 

Мөн нэхэмжлэгч нь  хариуцагчаас 2016 оны 5 сарын 31-ний өдөр хүлээн авсан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо.............. тоотод байрлах зоогийн газрын зориулалттай байрыг тэр даруй хариуцагчид буцаан хүлээлгэж өгсөн гэх боловч уг тайлбараа баримтаар нотлоогүй болно. Хариуцагч нь уг үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Б.Дд бус өөр этгээдэд түрээслэсэн тохиолдолд олох байсан орлогоо алдахгүй байсан гэх түүний тайлбарыг баримтаар няцааж чадаагүй байна.

 

Иймд дээрх баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэхэд хариуцагчийг  нэхэмжлэгчээс 850 000 төгрөгийн суутгал авч үлдсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэж үзэхгүй.

 

Энэ тохиолдолд нэхэмжлэгч бусдаас эд хөрөнгийг хууль, гэрээний үндэслэлгүйгээр эзэмшиж байсан хугацаанд нөгөө талын олох ёстой байсан  орлого зэргийг нөхөн төлөх үүрэг Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.6 дахь хэсэгт зааснаар үүсэх боломжтой.

           

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Д-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2017/01601 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч С.А-аас 850 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Д-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24 950 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ         

                                   

                                            ШҮҮГЧИД                                      Ч.ЦЭНД                                                                                                        

                                                                                                  Г.ДАВААДОРЖ