Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2015/0429

 

2015 оны 9 сарын 09 өдөр

Дугаар 429

Улаанбаатар хот

 

О.Н-н  нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Д.Батбаатар, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Э.Намжим, нэхэмжлэгч О.Н, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.С нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 450 дугаар шийдвэртэй, О.Н-н  нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга болон Баянзүрх дүүргийн Засаг дарга нарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч О.Н нь 2007 онд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монелын 45 дугаар гудамж 6-б тоот 441 м.кв газрыг хогийн цэг байсныг хорооныхоо зөвшөөрөлтэйгөөр цэвэрлэн хашаа барьж, 2007 оноос хойших хугацаанд уг газартаа амьдарч байгаа болно. Тэрээр 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр өөрийн амьдарч буй газар дээрээ эзэмших эрх авахаар Баянзүрх дүүргийн Газрын албанд хандан холбогдох баримт бичгийн хамт газар эзэмших өргөдөл гаргасан байдаг. Тухайн үед өргөдлийн хариуг 2 сарын дараа ирж аваарай гэсний дагуу 2014 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дүүргийн газрын албанаас өргөдлийн талаар лавлахад Ц.Г гэдэг хүний нэр дээр эзэмших эрхийн захирамж гарсан байна гэсэн хариуг амаар өгсөн байдаг.

Иймд нэхэмжлэгч О.Н нь өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо сэргээлгэхээр Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны алба болон Нийслэлийн Засаг даргад хандан гомдол гаргасан боловч 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 189, 2015 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 3/1116 дугаар албан бичгээр тус тус Ц.Г-д эзэмших болон өмчлөх эрх олгосон шийдвэр гаргасан байна гэсэн хариуг түүнд өгсөн тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Нэхэмжлэгч О.Н нь тухайн газар дээр 2007 оноос хойш амьдарч байсныг шалган тогтоолгүйгээр иргэн Ц.Г-д эзэмшүүлэх захирамж гаргасан нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэснийг зөрчсөн байна. Түүнчлэн тухайн маргаан бүхий газрыг хогийн цэг болсон байхад нь хорооны зөвшөөрлөөр цэвэрлэн хашаа барин амьдарч эхэлсэн учир Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д Хүний үйл ажиллагааны улмаас элэгдэл, эвдрэлд орж, ашиглалтгүй орхигдсон газрыг өөрийн хүч, хөрөнгөөр нөхөн сэргээсэн иргэнд тухайн газрыг эзэмшүүлж болно гэж заасны дагуу давуу эрхтэйгээр нэхэмжлэгч О.Н-д эзэмших эрх олгох хууль зүйн үндэслэлтэй байжээ.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд зааснаар Нийслэлийн Засаг дарга нь Дүүргийн Засаг даргын өргөн мэдүүлснээр иргэнд газар өмчлүүлэх асуудлыг шийдвэрлэхээр зохицуулж өгсөн болно. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/546 дугаар захирамжийн Ц.Г-д холбогдох хэсэг нь Газрын тухай хууль зөрчсөн, хууль зүйн үндэслэлгүй байх тул Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн А/985 дугаар захирамжийн иргэн Ц.Г-д өмчлөх эрх олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, хууль бус шийдвэр байна.

Иймд нэхэмжлэгч О.Н-н  2007 оноос хойш амьдарч байгаа газар дээр Газрын тухай хуульд заасан зохих судалгаа хийж, нөхцөл байдлыг тодруулалгүйгээр иргэн Ц.Г-д эзэмших эрх, улмаар өмчлөх эрх олгон шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/546, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн А/985 дугаар захирамжийн Ц.Г-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч О.Н-д Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 45 дугаар гудамж, 6-б тоот 441 м.кв газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгаж өгнө үү. гэжээ.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.П шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/546 тоот захирамжийн иргэн Ц.Г-д холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч О.Н нь 2007 онд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 45 дугаар гудамж, 6-б тоотод 441 м.кв газрыг хогийн цэг байсныг хорооныхоо зөвшөөрөлтэйгөөр цэвэрлэн хашаа барьж 2007 оноос хойш уг газартаа амьдарч байгаа гэх тухайд:

Газрын тухай хуульд газар эзэмшүүлэх зөвшөөрлийг хороо биш дүүргийн Засаг даргын зөвшөөрлөөр олгодог тул хорооны зөвшөөрлөөр газар эзэмшиж байгаа нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт заасан Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байна.

О.Н нь 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр өөрийн амьдарч буй газартаа Баянзүрх дүүргийн Газрын албанд хандан өргөдөл гомдол гаргасан гэжээ. О.Н нь 2007 оноос 2014 он хүртэлх хугацаанд тухайн газартаа эзэмших эрхийн гэрчилгээ авахаар өргөдөл хүсэлт өгөх эрх нь нээлттэй байсан боловч нэхэмжлэгч дээрх хугацаанд газар эзэмших эрх авах хүсэлтээ гаргаагүй байна.

Дүүргийн Засаг дарга Ц.Г-д эзэмшүүлсэн захирамж гаргасан нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасан Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшил ашиглалтад байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэснийг зөрчсөн гэх тухайд:

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг хуульчилсан бөгөөд Ц.Г нь 2008 оноос тус газрын байршилд 6 жил амьдарч байгаа тухайгаа хүсэлтэд бичсэн бөгөөд тус дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт болон холбогдох бичиг баримт, газар эзэмших хүсэлт, өргөдлийг үндэслэж газар эзэмшүүлэх эрх олгосон нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийг зөрчөөгүй болно. гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн О.Н-н  Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн А/985 дугаар захирамжийн Ц.Г-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 22-ны А/546 тоот захирамжаар иргэн Ц.Г-д Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн 45 дугаар гудамж 6-б тоот хашааны 441 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Дараа нь 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Ц.Г нь Баянзүрх дүүргийн Засаг даргад гэр бүлийн хэрэгцээнд хашааныхаа газрыг өмчилж авахыг хүссэн өргөдөл гарган дараах бичиг баримтуудыг хавсаргасан байна. Үүнд: Иргэний үнэмлэхийн хуулбар, хорооны Засаг даргын тодорхойлолт, газар эзэмших эрхийн 000527533 тоот гэрчилгээ, эзэмшиж байгаа газрынхаа газрын төлбөр төлсөн баримт, хашааны 4 талын фото зураг, кадастрын зураг зэргийг хавсаргасан байна.

Дээрх баримтуудыг үндэслэн Нийслэлийн Засаг дарга Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасны дагуу 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 0048644 тоот шийдвэр олгосон юм.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд зааснаар Иргэний газар өмчлөх эрх дуусгавар болдог тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

            Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ц.Г нь хүргэн ах М-н санал болгосны дагуу Б гэдэг хүнтэй анх уулзахад бичиг баримт нь бүрэн энэ хашааг 5 сая төгрөгөөр зарна гэсэн тул 2014 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 800.000 төгрөгийн урьдчилгааг өгсөн. Ингээд урьдчилгаа төлбөрөө авмагцаа Батмөнх нь энэ хашаа бичиг баримтгүй гэдгээ хэлсэн бөгөөд бидэнд та нар өөрсдөө бичиг баримтаа хөөцөлд гэсний дагуу Баянзүрх дүүргийн газрын албанд 2014 оны 5 дугаар сард зохих бичиг баримтаа бүрдүүлж өгсөн байдаг. 2014 оны 7, 8 дугаар сарын үед Батмөнх нь таньдаг тракторын жолоочоороо худалдан авсан газраа тэгшлүүл гэсний дагуу трактороор тэгшлүүлэн ажлын хөлс гэж 400.000 төгрөгийг Ц.Г Б-д өгсөн.

2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/546 тоот Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамж гарсны дагуу Баянзүрх дүүргийн Өмчийн харилцааны газраас Ц.Г-ийн нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ гарсан. Ц.Г нь Нийслэлийн Өмчийн харилцааны газарт хандсаны дагуу Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн А/985 тоот захирамжаар өмчлөх эрх олгох шийдвэр гарсан.

Гэтэл О.Н гэж хүн 2007 оноос хойш энэ газар дээр манайх амьдарч байгаа энэ миний газар гэж ярьсан байдаг. Ц.Г энэ хүнийг огт танихгүй бөгөөд тухайн газрыг О.Н гэдэг хүнээс худалдаж аваагүй. Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн №4330 тодорхойлолтоор О.Н нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монел 45 дугаар гудамж 6-б тоотод 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр бүртгэгдсэн байна.

Иймд О.Н-н  Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/546 тоот, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн А\985 тоот захирамжийн Ц.Г-д холбогдох хэсгийн хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 450 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.1, 33 дугаар зүйлийн 33.1.1, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2, 19.1.4, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч О.Н-н  Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/546, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн А/985 дугаар захирамжийн тус тус иргэн Ц.Г-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 45 дугаар гудамж, 6-б тоот 441 м.кв газрыг О.Н-д эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдооНийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 450 дугаар шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагад дараах үндэслэлээр үл нийцжээ.

1.    Нотлох баримтыг үнэлж дүгнэсэн тухайд:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт /шийдвэрийн 6-р тал/ О.Н нь маргаан бүхий газрыг хууль ёсны дагуу эзэмших, ашиглах эрхгүй бөгөөд тэрээр нэхэмжлэлдээ 2007 оноос хойш энэхүү газартаа амьдарч байсан гэдэг нь шүүх хуралдаан дээр өөрийнх нь (... 2012 оноос хойш ирэн, очин амьдарч байсан, 2014 онд албан ёсоор шилжин ирсэн ...) гэж хэлсэн тайлбараар үгүйсгэгдэж байна гэж дүгнэсэн нь дараах баримтуудаас үгүйсгэгдэж байна.

-       Маргаан бүхий газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл /хх-73-74 тал/, Тэмдэглэлд: нэхэмжлэгч О.Н нь өөрөө энэ хашаандаа амьдардаг болно. Хашаанд гэр, гарааш, авто машины чиргүүл байв гэж тусгажээ.

-       Баянзүрх дүүргийн 5-р хороонд хийсэн бичиг, баримтын үзлэг /хх-116-117 тал/. Үзлэгийн тэмдэглэлд нэхэмжлэгч О.Н нь хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрээ 2014.09.15-нд нээлгэсэн байна. Оршин суугаа хаяг нь БЗД-ийн 5-р хороо, Монелын 45-6б тоотод бүртгэлтэй байна. Гуравдагч этгээд Ц.Г нь БЗД-ийн 5-р хороо, Монос 3-18 тоотод бүртгүүлж 2012.05.12 өдөр өрхийн дэвтэр нээлгэсэн байна гэжээ.

-       Хэрэгт 2009 оноос хойш маргаан бүхий газар болох Баянзүрх дүүргийн 5-р хорооны хэсгийн ахлагч Б.Сугирын гэрчийн мэдүүлэг /хх-104-105 тал/. Мэдүүлгээс түүвэрлэж тодруулбал: О.Н-г 2010 оноос эхлэн мэднэ, хорооны бүртгэл хийх үед мэддэг болсон. Хогийн цэгийг айлууд өөрсдөө цэвэрлээд зөвшөөрөлгүй буусан байсан. Эдгээр айлуудыг 2010 оноос эхлэн бүртгэлдүүлсэн. Хорооны айлуудыг 2012 оноос хаягжуулсан. Мөн Ц.Г гэдэг хүнийг танихгүй, маргаан бүхий газарт О.Н-с өөр хүн амьдарч байсныг мэдэхгүй гэжээ.

-       Баянзүрх дүүргийн 5-р хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-100 тал/ О.Н нь 2012 оноос одоог хүртэл БЗД-ийн 5-р хороо, Монелын 45-6б тоотод амьдардаг гэсэн байна.

Дээрх баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч О.Н нь маргаан бүхий Баянзүрх дүүргийн 5-р хороо, Монелын 45-р гудамж, 6-б тоот газрыг анх Цагаандавааны хогийн цэг байхад нь хогийг нь түрэн хашаа барин 2009 оноос жижиг гэр барин, 2012 оноос өөрийн гэрээ барин ирэн очин (Налайхын уурхайд ажилдаг байсан учир) амьдарч байсан байна. Улмаар 2014 оны 9 сард Налайхаас өөрийн одоо оршин суугаа хаяг дээрээ шилжин ирж, газар эзэмших эрхээ олж авахаар Баянзүрх дүүргийн газрын албанд хандсан байдаг. Гэтэл анхан шатны шүүх дүгнэхдээ /шүүхийн шийдвэрийн 7-р тал/ О.Н нь газар эзэмших хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргаж байгаагүй байна гэсэн нь үндэслэлгүйн дээр Газрын тухай хуулийн 4-р зүйлийн 4.1.3-т заасан газар өмчлөх, эзэмшихэд ... шударга ёс, тэгш байдлыг хангах гэсэн үндсэн зарчимтай нийцээгүй байна. Энэ нь дараах баримтуудаар давхар нотлогддог. Үүнд:

Гуравдагч этгээд Ц.Г нь маргаан бүхий газар болох Баянзүрх дүүргийн 5-р хороо, Монелын 45-6б тоот газарт эзэмшлийн болон өмчлөх эрхийн захирамж хэрхэн гаргуулан авсан тухайд хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд авч үзвэл:

-       Баянзүрх дүүргийн 5-р хороон Засаг даргын 2014.09.15-ны өдрийн №8647 дугаар тодорхойлолт /хх-24 тал/ Ц.Г нь Монел, 45-6б тоотод оршин суудаг гэжээ.

-       Ц.Г-ийн Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны газарт гаргасан хүсэлт /хх-25 тал/ Ц.Г миний бие Монелын 45-6б тоотод 6 жил 2008-2014 оны хооронд амьдарч байгаа тул ... гэсэн байна.

-       Баянзүрх дүүргийн 5-р хороонд хийсэн бичиг, баримтын үзлэг /хх-116-117 тал/. Үзлэгийн тэмдэглэлд ... Гуравдагч этгээд Ц.Г нь БЗД-ийн 5-р хороо, Монос 3-18 тоотод бүртгүүлж 2012.05.12 өдөр өрхийн дэвтэр нээлгэсэн байна гэжээ.

-       Гэрч Б.С-н гэрчийн мэдүүлэг /хх-104-105 тал/. Ц.Г гэдэг хүнийг танихгүй, маргаан бүхий газарт О.Н-с өөр хүн амьдарч байсныг мэдэхгүй гэжээ.

Дээрх баримтуудаас үзэхэд гуравдагч этгээд Ц.Г нь маргаан бүхий Баянзүрх дүүргийн 5-р хороо, Монел 45-6б тоотод огт амьдарч байгаагүй /энэ талаараа маргадаггүй/ байна. Өөрөөр хэлбэл Ц.Г нь Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанд тухайн газарт оршин суудаг гэсэн хуурамч тодорхойлолт, мөн тухайн газарт 2008 оноос хойш амьдарч байгаа гэж хүсэлтээ худал бичсэн нь тодорхой харагддаг. Гэтэл Ц.Гийн энэхүү хуурамч тодорхойлолт, хүсэлтийг шууд үндэслэн түүнд газар эзэмшүүлэх талаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014.10.22-ны өдрийн А/546-т захирамж гарсан байдаг. Нөгөөтээгүүр дүүргийн газрын алба нь зохих шалгалтыг хийлгүйгээр зөвхөн иргэний өгсөн хүсэлт, хороон Засаг даргын тодорхойлолт хоёрт үндэслэн газар эзэмших шийдвэр, улмаар Нийслэлийн Засаг даргын өмчлөх эрх олгосон шийдвэр гаргасан нь Газрын тухай хуулийн холбогдох зүйл заалтад нийцээгүй байхад анхан шатны шүүхээс энэхүү хууль бус үйлдлийг зөвтгөсөн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Түүнчлэн нэхэмжлэгчийг амьдарч байх хугацаандаа хүсэлтээ гаргаагүй буюу гуравдагч этгээдээс оройтож гаргасан гэдгээр буруутгах боломжгүй юм.

Нөгөөтээгүүр нэхэмжлэгч нь өөрийн хамаатны дүү Х.Б-д өөрийн амьдарч байгаа газрыг зарах талаар ярьсан байдаг. Улмаар нэгэнт эрхийн гэрчилгээгүй газар тул дүү Х.Б нь тухайн газрыг зарах талаар Ц.Г-тэй ярилцсан боловч, үнэ мөнгөн дээрээ тохиролцоонд хүрээгүй тул авсан мөнгөө буцаан өгч тухайн газраа зарахаа болилоо гэж хэлсэн байдаг. Мөн уг газрыг О.Н гэдэг хүний амьдарч байгаа газар гэдгийг гуравдагч этгээдэд тухайн үед хэлсэн байдаг. Энэ талаар гэрч Х.Б-н мэдүүлгээс тодорхой харагддаг.

Нэгэнт газар эзэмших, өмчлөх талаар хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээ байхгүй иргэдийн хооронд хийсэн дээрх аман тохиролцоо нь илт хүчин төгөлдөр бус хэлцэл буюу эрх зүйн үр дагавар үүсгэхгүй юм. Харин энэхүү мөнгө авсан, өгсөнтэй холбоотой маргаантай байгаа тохиолдолд иргэд иргэний хэргийн шүүхэд хандан шийдвэрлүүлэх боломжтой юм. Гэтэл анхан шатны шүүх нь захиргааны байгууллагын шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянаж, түүний улмаас иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэх талаар дүгнэлт хийх байтал тухайн газрыг гуравдагч этгээд Ц.Г-д худалдах санал гаргаж байсан, нэхэмжлэгч нь өөрөө гуравдагч этгээдтэй уулзаагүй зэргээр нэхэмжлэгчийг буруутгасан нь өрөөсгөл дүгнэлт болжээ.

Мөн шүүх дүгнэхдээ /шүүхийн шийдвэрийн 7-р тал/ маргаан бүхий газар нь хогийн цэг, шарилын бүс байсан бөгөөд албан ёсоор хорооноос иргэдэд буух зөвшөөрөл олгож байгаагүй байна гэжээ. Төрийн байгууллагын үйл ажиллагаа нь бичгээр болон амаар иргэдэд хүрэх боломжтой бөгөөд иргэд тухайн газрын хогийг цэвэрлэн хашаа хатгаж эхлэхэд уг газарт буухыг хориглож мэдэгдэл хүргүүлж байгаагүй, харин ч хашаагаа тэгшхэн татах талаар хорооны ахлагч зөвлөж байсан болон 2010 оноос айлуудаа бүртгэн, 2012 оноос айлуудаа хаягжуулсан, 2014 оноос эхлэн айлуудад эзэмших эрхийн гэрчилгээ олгож эхэлсэн байдаг. Иймд анхан шатны шүүх нь хэрэгт цугларсан нотлох баримт, хэргийн үйл баримтыг үнэн зөв тодорхойлж чадаагүй байна.

2.    Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн талаар:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт /шийдвэрийн 7-р тал/ ... Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/546 дугаар захирамж гарахаас өмнө маргаан бүхий газрыг хэн ч хууль ёсны дагуу эзэмшиж, ашиглаж байгаагүй байна. ... газар эзэмших, газар ашиглах гэсэн нэр томьёог тайлбарлан ... улмаар ... Газрын тухайн хуулийн 31-р зүйлийн 31.3-т заасныг зөрчөөгүй гэсэн хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар үндэслэлтэй байна гэсэн нь Газрын тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Учир нь Газрын тухай хуулийн 31-р зүйлийн 31.3-т Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасан. Хуулийн энэхүү зохицуулалт нь хүчин төгөлдөр газар эзэмших эрхийн гэрчилгээтэй болон гэрчилгээгүй боловч тухайн газар дээр он удаан жил амьдарч, газрыг эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг давхар хамгаалах зорилготой болно. Өөрөөр хэлбэл эрхийн гэрчилгээгээ аваагүй боловч тухайн газар дээр амьдарч байхад нь газар дээр нь бусад этгээдэд өмнө нь уг газрыг хууль ёсны дагуу /эрхийн гэрчилгээтэй/ эзэмшиж, ашиглаж байгаагүй гэх үндэслэлээр (түрүүлж хүсэлт гаргасан байсан ч) газар эзэмшүүлэхээр шийдвэрлэх нь хууль бус болох юм.

Гэтэл анхан шатны шүүх нь дүүргийн Засаг даргын энэхүү хууль бус шийдвэрийг зөвтгөсөн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. Мөн гуравдагч этгээд болох Ц.Г-ийн хуурамчаар гаргасан хүсэлт, хороон Засаг даргын тодорхойлолт зэргийг нягтлан шалгаагүйгээр, тэрхүү хууль бус баримт бичгийн үндсэн дээр гарсан эзэмших эрх олгон шийдвэрлэсэн хууль бус бөгөөд энэхүү хууль бус захиргааны байгууллагын шийдвэрийн улмаас нэхэмжлэгч О.Н-н  газар эзэмших, өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөгдсөн байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж дүгнэсэн нь алдаатай болжээ.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 450 дугаар шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шүүхийн энэхүү шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэл болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч О.Н-н  нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан олон жил, тогтвор суурьшилтай амьдарч байгаа болон шинээр газар эзэмших эрхийн гэрчилгээ авахыг хүссэн иргэдэд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/546 дугаар захирамжаар газар эзэмших эрх олгосны дотор гуравдагч этгээд Ц.Г-д тус дүүргийн 5 дугаар хороо, Монелын 45-6Б тоотод байрших 441 м.кв газрыг 5 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байх бөгөөд улмаар Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн А/985 дугаар захирамжаар өмчлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрийнх нь амьдарч байсан газрыг бусдад эзэмшүүлж, өмчлүүлсэн нь хууль бус хэмээн маргаж байгаа нь дараах байдлаар үндэслэлтэй байна.                                                                                   Хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны Засаг дарга М.Ш-н тодорхойлолт, 5 дугаар хорооны хэсгийн ахлагч ажилтай гэрч Б.С-н “...2009 онд Монелын 42-50 дугаар гудамж хүртэл ихэнх айлууд газраа хашаалаад буусан байсан. Нарантуяа тухайн газраа гэрт амьдарч байсан. Ирэн очин байдаг байсан. Хөдөө ажлаар явдаг гэж хэлж байсан. Хашаагаа барьсан байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Х.Б-н “...Нарантуяа энэ газар дээр лав 7 жил амьдарч байгаа..., хашааг Н-тэй хамт барьсан..., Н-н газар дээр Н-н блокоор гарааш барьсан...” гэсэн мэдүүлэг, О.Н-н  Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар, гуравдагч этгээд Ц.Гийн эхнэр гэрч И.А-н ”...Монелын 45-6Б хаягт амьдарч байгаагүй...” гэсэн мэдүүлэг, Газрын кадастрын мэдээллийн сангийн сансрын зураг зэргээс үзэхэд нэхэмжлэгч О.Н нь маргаж буй газар дээр анх хашаа барин, 2009 оноос гэр барьж амьдарч байсан болох нь тогтоогдож байна. Мөн шүүхээс маргаж буй газарт хийсэн үзлэгээр нэхэмжлэгч О.Н-н  гэр, гарааш байгаа болох нь тогтоогдсон байна.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа “Ц.Г нь 2008 оноос тус газрын байршилд 6 жил амьдарч байгаа тухайгаа хүсэлтдээ бичсэн бөгөөд газар эзэмшүүлэх хүсэлт болон холбогдох баримтыг үндэслэн газар эзэмшүүлэх эрх олгосон нь хууль зөрчөөгүй” гэсэн нь үндэслэлгүй байна.

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэсэн газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг хариуцагч зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тухайн газрыг эзэмших хүсэлтийг Ц.Г-ийн дараа өгсөн хэдий ч Ц.Г-ийн эзэмшихийг хүссэн газар нь нэхэмжлэгчийн 2009 оноос хойш амьдарч байсан газар болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул гуравдагч этгээд Ц.Г-д газар эзэмшүүлэхдээ нэхэмжлэгчийн амьдарч байсан газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргасан нь Газрын тухай хуульд заасан газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагад нийцээгүй хууль бус шийдвэр болжээ.                                                                                       Түүнчлэн бодит байдал дээр тухайн газарт амьдарч байгаагүй Ц.Г-с маргаж буй газрыг эзэмших тухай хүсэлтийг Баянзүрх дүүргийн Засаг даргад хандаж гаргасан, тухайн хүсэлт нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 “Иргэн энэ хуулийн 32.1-д заасан хүсэлтэд дараахь зүйлийг тусгана: ...32.2.2 эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харъяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зураг” гэх шаардлагыг хангаагүй, өөрөөр хэлбэл гуравдагч этгээд Ц.Г маргаж буй газарт амьдардаггүй атлаа нэхэмжлэгчийн амьдарч байгаа хаягт /газарт/ амьдардаг гэсэн тодорхойлолт өгсөн, түүнчлэн нэхэмжлэгч О.Н мөн тухайн газрыг эзэмших хүсэлтийг эзэмшүүлэх шийдвэр гарахаас өмнө гаргасан байхад Баянзүрх дүүргийн газрын алба газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлага хангасан эсэхийг шалгаж тогтоогоогүй, хүсэлт, хавсаргасан баримт бичгийг хянах, шаардлага хангаагүй бол энэ талаархи үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасах тухай мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д заасан үүргээ биелүүлээгүйгээс маргаан бүхий захиргааны актууд гарах үндэслэл бүрдсэн байна.

Ингэснээр уг газарт амьдарч, газрын албанд өөрийн амьдарч байсан газраа эзэмших талаар хүсэлт гаргаж байсан нэхэмжлэгчийн эрх зөрчигдөхөд хүргэжээ.

Гуравдагч этгээд Ц.Г нь тухайн газрыг анх Б гэгчээс худалдаж авсан гэх боловч бусдад өмчлүүлээгүй төрийн өмчийн газар нь иргэд хоорондын худалдааны хэрэгсэл болохгүй бөгөөд мөнгө авсан өгсөнтэй холбоотой маргаан байгаа гэж үзвэл иргэний шүүхэд хандаж шийдвэрлүүлэх боломжтой юм.

            Иймд дээрх нөхцөл байдлуудыг дүгнээд Газрын тухай хуульд нийцэж гараагүй Баянзүрх дүүргийн Засаг даргын газар эзэмшүүлсэн захирамж, түүнд үндэслэсэн Нийслэлийн Засаг даргын газар өмчлүүлсэн шийдвэрийн Ц.Г-д холбогдох  хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн газар эзэмшихийг хүссэн хүсэлтийг шийдвэрлэхийг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88  дугаар  зүйлийн  88.1.2  дахь хэсэгт  заасныг  тус  тус  удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 450 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.1, 32.5, 33 дугаар зүйлийн 33.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1 хэсэгт заасныг тус тус баримтлан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/546 дугаар захирамжийн Ц.Г-д холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн А/985 дугаар захирамжийн Ц.Г-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч О.Н-н  газар эзэмшихийг хүссэн хүсэлтийг хүлээн авч, хуульд заасны дагуу шийдвэрлэхийг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгосугай.

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                                               

                                      ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                               О.НОМУУЛИН

                        ШҮҮГЧ                                               Д.БАТБААТАР

                        ШҮҮГЧ                                               Д.БААТАРХҮҮ