Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Чулууны Тунгалаг |
Хэргийн индекс | 128/2016/0902/З/ |
Дугаар | 38 |
Огноо | 2017-02-06 |
Маргааны төрөл | Сонгууль, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 38
А.Түмэннасангийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Очбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жаргалсайхан, Н.Чимэдрэгзэн нарыг оролцуулан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 952 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 802 дугаар магадлалтай, А.Түмэннасангийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 952 дугаар шийдвэрээр Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7, 70 дугаар зүйлийн 70.1.1, 117 дугаар зүйлийн 117.1, 117.2, 159 дүгээр зүйлийн 159.2, 159.3 дахь хэсэгт заасныг баримтлан А.Түмэннасан нь сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн эсэхийг цагдаагийн байгууллага шалгаж, шүүхээс тогтоосны эцэст Сонгуулийн хороо нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах эсэхийг шийдвэрлэж дахин шинэ акт гаргах хүртэл Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 56 дугаар тогтоолыг, мөн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт болон тэдгээрийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төслийн “Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 5 дугаар тойрог” буюу нэр дэвшигч А.Түмэннасанд холбогдох хэсгийг 1 сарын хугацаатай түдгэлзүүлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасны дагуу шүүхээс тогтоосон 1 сарын хугацаанд нийслэлийн Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо дахин шинэ акт гаргаагүй бол Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 56 дугаар тогтоол хүчингүй болох бөгөөд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт болон тэдгээрийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөлд Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 5 дугаар тойрогт нэр дэвшигч А.Түмэннасанг оруулахыг Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороонд даалгаж шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцээд 802 дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 952 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтын “баримтлан” гэсний дараа А.Түмэннасангийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 56 дугаар тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн хоёр дахь заалтыг хүчингүй болгожээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Чимэдрэгзэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хуулийг буруу хэрэглэсэн талаар: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх орон нутгийн Сонгуулийн хорооны эрх хэмжээг тодорхойлсон хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн алдаа гаргаснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвтгөж чадаагүй гэж үзэж байна. Тухайлбал, Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д “ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 70.5-д “сонгуулийн сурталчилгаа хийх эрх бүхий этгээд нь сонгуулийн сурталчилгааны явцад дараах үйлдэл гаргах, үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасан бөгөөд зөрчлийн хэлбэрүүдийг тодорхойлсон.
Сонгуульд хамааралтай аливаа этгээд Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн Сонгуулийн хороо нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасахаар, мөн хуулийн 159 дүгээр зүйлийн 159.3 дахь хэсэгт зааснаар сонгуулийн дүн гарсны дараа зөрчил гаргасан нь тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн хороо нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах эрхийг орон нутгийн Сонгуулийн хорооны эрх хэмжээг шүүх үгүйсгэсэн дүгнэлт хийлээ.
Энэ нь Улсын Их Хурлын сонгуулийн үйл ажиллагаанаас өөр юм. Их хурлын сонгуулийн сурталчилгааны үед зөрчил гаргасан эсэхийг шүүхийн шийдвэрээр тогтоосны дараа нэр дэвшигчийн нэрийг хасах эрх Сонгуулийн хороонд олгогдож байгаа бол орон нутгийн сонгуулийн зөрчилд заавал шүүхийн шийдвэр шаардахгүй, зөрчил гаргасан эсэхэд орон нутгийн Сонгуулийн хороо дүгнэлт өгөх эрх эдэлж байгаагаар онцлог байна.
Иймд Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 56 дугаар тогтоолоор нэр дэвшигч А.Түмэннасан Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, 70.5.16 дахь хэсэгт заасныг зөрчиж, сонгогчдын санал татах зорилгоор хуулиар хориглосон үйлдэл, үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдсон гэж үзэж, нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасахдаа Сонгуулийн тухай хуулийн 18 дугаар бүлгийн 159 дүгээр зүйлийн 159.1-д заасныг зөрчөөгүй гэж үзнэ.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй талаар: Анхан шатны шүүхийн “зөрчил гаргасныг тогтоосон шийдвэр гараагүй байхад нэр дэвшигчийг зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй” гэсэн дүгнэлт хуульд нийцээгүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, хэрэгт цугларсан нотлох баримтаар зөрчил гаргагч нар сонгогчдын саналыг мөнгөөр худалдан авах ажиллагааг идэвхтэй явуулсан баримтуудыг Сонгуулийн хороо үнэлж, дүгнэж, гаргасан тогтоол, түүний агуулгыг шүүх нягтлан үзэж хуульд нийцсэн дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарч чадсангүй. Сонгогчдын саналыг мөнгөөр худалдан авах ажиллагааг шүүх өөгшүүлсэн шийдвэр гаргаснаараа олон нийтэд хууль бус ажиллагаа явуулж болдог, Сонгуулийн хороо гэж ямарч эрх мэдэлгүй, билэгдлийн байгууллага мэт ойлголтыг сонгогчдын дунд төрүүлж байна.
Сонгуулийг шударга явуулъя гэж хаана хаанаа дэмжих гол механизм нь хариуцлага гэдгийг шүүх харуулах эрх мэдлийн үүргээ саармагжууллаа. Шүүх хэрэгт нотлох баримтаар авагдсан видео бичлэг бүхий СД нь нэр дэвшигч А.Түмэннасан сонгогчдын саналыг худалдан авах зорилгоор мөнгө тараасан, ухуулагч болон дэмжигч иргэдээр дамжуулан зохион байгуулалттай мөнгө тарааж буй үйл баримтыг үнэлж дүгнэхээс гадна Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32,1, 32.2 дахь хэсэгт заасны дагуу өөрөө хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, бусдаас нотлох баримт гаргуулахыг шаардах эрхээ хэрэгжүүлсэнгүй. Энэ нь Сонгуулийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.2, 34.1.4, 159 дүгээр зүйл 159.3 дахь хэсэгт заасныг тус тус зөрчиж байна. Шүүх нэхэмжлэгч тал хэрэгт цугларсан нотлох баримтыг няцаасан баримт болон үгүйсгэсэн тайлбараа гаргаж мэтгэлцээгүй нөхцөлд нэхэмжлэлийн шаардлагыг хангах эрх зүйн боломжгүй юм.
Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч А.Түмэннасангийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хянавал:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзлээ.
Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах тухай” 56 дугаар тогтоолоор Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, 70.5.16, 159 дүгээр зүйлийн 159.3 дахь хэсгийг тус тус үндэслэн “...сонгогчдын саналыг татах зорилгоор хуулиар хориглосон үйлдэл, үйл ажиллагаа явуулсан” гэж дурдаж, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч А.Түмэннасанг “нэр дэвшигчдийн нэрийн жагсаалт”-аас хасаж сонгуулийн дүнгийн түүнд холбогдох хэсгийг хүчингүй болгосон байна.
Нэхэмжлэгч А.Түмэннасан нь “зөрчлийг шалган тогтоох эрхийг Сонгуулийн байгууллагад хуулиар олгоогүй, дүүргийн Сонгуулийн хороо хуралдсан, ирц бүрдсэн эсэх, хэний гаргасан ямар гомдол, мэдээлэл, баримтад үндэслэсэн нь тодорхойгүй” гэж маргаж, дээрх тогтоолыг хүчингүй болгох, Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт болон тэдгээрийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөлд өөрийн нэрийг оруулахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хорооны 7 гишүүнтэйгээр хуралдаж “сонгуулийн дүнг хэлэлцэх, төлөөлөгчөөр сонгогдсон гишүүдэд түр үнэмлэх олгох, бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөл боловсруулах, Сонгуулийн тухай хууль зөрчсөн нэр дэвшигчдийг нэрийн жагсаалтаас хасах эсэхийг шийдвэрлэх” гэсэн 3 асуудлыг хэлэлцэх үед “...зөрчлийг шүүх тогтоосны дараа нэрийн жагсаалтаас хасах хуулийн заалттай учир 3 дахь асуудлыг хэлэлцэх боломжгүй” гэснээс маргаан гарч, улмаар уг асуудлыг хэлэлцэх хуралдаанд оролцохгүй гэж тус хуралдааныг 2 гишүүн нь орхин гарсан, үлдсэн 5 гишүүний 4 нь дэмжиж, 1 нь түдгэлзсэн, орхин гарсан 2 гишүүнийг “татгалзсан” санал гаргасанд тооцож, олонхийн саналаар “зөрчил” гаргасан гэх нэр дэвшигчдийг түүний дотор нэхэмжлэгч А.Түмэннасанг “нэр дэвшигчийн нэрийн жагсаалт”-аас хассан байна. Уг хуралдааны тэмдэглэлд, нэр дэвшигч А.Түмэннасан нь Сонгуулийн тухай хуулийн аль зүйл, заалтыг зөрчсөн зөрчил гаргасан, зөрчлийг нотлох ямар баримт байгаа, зөрчилтэй холбоотой гомдол мэдээллийг хэн хэзээ гаргасан зэргийг тусгаагүй байна.
Сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “энэ хуульд өөрөөр заагаагүй бол сонгуулийн байгууллагын дотоод үйл ажиллагаанд энэ зүйлд заасныг баримтална”, 27.2-т “Сонгуулийн хороо эрх хэмжээнийхээ асуудлыг нийт бүрэлдэхүүний гуравны хоёроос доошгүй ирцтэй хуралдаанаар хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийнхээ ердийн олонхийн саналаар шийдвэрлэнэ”, 27.3-т “Сонгуулийн хорооны ажилтан, албан тушаалтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдааныг орхисон, тасалсан тохиолдолд түүнийг хуралдаанд оролцож, хэлэлцсэн асуудлаар татгалзсан санал гаргасанд тооцно” гэж зааснаас үзвэл “хэлэлцэх асуудал”-аас болж маргасан дүүргийн Сонгуулийн хорооны 2 гишүүн тус хуралдааныг орхин гарсныг “хүндэтгэн үзэх шалтгаантай” гэж үзэхгүй, тухайн хорооны 9 гишүүний 7 нь оролцсон уг хуралдаан нь ирцийн хувьд хүчинтэй, хуралдааныг орхин гарсан 2 гишүүнийг “татгалзсан” санал гаргасанд тооцсон нь үндэслэлтэй.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, сонгуулийн 5 дугаар тойрогт Монгол ардын намаас нэр дэвшигч Н.Отгонбаяр, М.Бямбадорж, Б.Амарбаясгалан нараас 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороонд хандан “тус тойрогт 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөр явагдсан нэмэлт санал хураалтын үеэр Ардчилсан намаас нэр дэвшигч М.Ганчимэг, А.Түмэннасан, Н.Мэндбаяр нар нь сонгогчийн бүртгэлийн хуудсыг худалдан авч сонгогчдод мөнгө тарааж байгаа үйлдлийн нотлох баримт гэх хуурцгийг хавсарган, уг зөрчлийг Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст шалгуулж байгааг дурдаж, шүүхээр шийдвэрлэх хүртэл 5 дугаар тойргийн санал хураалтын дүнг нийтэд мэдээлэх, ИТХ-ын төлөөлөгчийн түр үнэмлэх олгох үйл ажиллагааг түдгэлзүүлнэ үү” гэсэн агуулгатай гомдол гаргажээ.
Сонгуулийн тухай хуулийн дүүргийн Сонгуулийн хорооны эрх хэмжээг тодорхойлсон 34 дүгээр зүйлийн 34.1.4-т “өөрийн эрх хэмжээнд хамаарах асуудлаар ирүүлсэн өргөдөл, гомдол, албан бичгийг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх”, 114 дүгээр зүйлийн 114.3-т “энэ хуулиар эрх хэмжээ олгоогүй асуудлаар ирүүлсэн өргөдлийг тухайн сонгуулийн байгууллага хүлээн авахаас татгалзаж, өргөдлийг буцаана” гэж тус тус зааж, захиргааны зөрчлийн талаарх гомдол мэдээллийг гаргах, хянаж шийдвэрлэх харьяаллыг хуулийн арван тавдугаар бүлгийн дөрөвдүгээр дэд бүлэгт зохицуулжээ.
Уг бүлэгт зааснаар захиргааны зөрчил гарсан талаар гомдол, мэдээллийг Цагдаагийн байгууллагад гаргах, зөрчлийн талаарх үйл баримт, нотлох баримтыг хавсаргаж шүүхэд шууд гаргах, зөрчлийг эдгээр байгууллагууд шалган тогтоох, шүүх хянан шийдвэрлэхээр журамласан байх тул дүүргийн Сонгуулийн хороо нь нэр дэвшигч Н.Отгонбаяр нараас гаргасан “зөрчлийн талаарх” гомдлыг хүлээн авч, шийдвэрлэх эрхгүй юм.
Түүнчлэн Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д “...“сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон” гэж сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болохыг шүүхээс тогтоож, тухайн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхыг” ойлгоно гэж тодорхойлсноос үзвэл сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн этгээдэд Сонгуулийн тухай хуульд заасан захиргааны хариуцлагыг шүүхээс хүлээлгэсэн, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байх хууль зүйн агуулгатай байна.
Сонгуулийн тухай хуулийн Орон нутгийн хурлын сонгуулийн талаарх арван наймдугаар бүлгийн 159 дүгээр зүйлийн 159.2-т “нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах энэ хуулийн 52, 67.3, 70.1, 70.5.1-70.5.10, 70.5.13-70.5.16-д заасан үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн байгууллага нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлнэ”, 159.3-т “сонгуулийн дүн гарсны дараа тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах энэ хуульд заасан үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн Сонгуулийн хороо нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс уг нэр дэвшигчид холбогдох хэсгийг хүчингүй болгоно...” гэж заасан байна.
Мөн хуулийн Улсын Их Хурлын сонгуулийн талаарх арван зургадугаар бүлгийн 131 дүгээр зүйлийн 131.2-т “нэр дэвшигч энэ хуулийн 52, 67.3, 70.1, 70.5.1-70.5.10, 70.5.13-70.5.16-д заасныг зөрчсөн болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол Сонгуулийн төв байгууллага уг нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлнэ”, 131.3-т “сонгуулийн дүн гарсны дараа буюу нэр дэвшигч Улсын Их Хурлын гишүүний түр үнэмлэхээ авсны дараа энэ хуулийн 131.2-т заасны дагуу нэрийн жагсаалтаас хасагдсан бол Улсын Их Хурлын гишүүний түр үнэмлэх нь хүчингүйд тооцогдоно” гэж заажээ.
Дээрх зүйл, заалтуудад “нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах” үндэслэл болох зөрчлүүд буюу тухайн зүйл, заалтын жагсаалт ижил тусгагдсан, уг хуульд “захиргааны зөрчлийг шалгах, шийдвэрлэх” харилцааг Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, орон нутгийн Хурлын сонгуульд нийтлэг хэрэглэхээр зохицуулсан байна.
Нөгөө талаар Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчийг Сонгуулийн тухай хуулийн 131.2, 131.3-т заасны дагуу “нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах” нь шүүхийн шийдвэрт үндэслэх, харин орон нутгийн Хурлын сонгуульд нэр дэвшигчийн хувьд мөн хуулийн 159.2, 159.3-т заасны дагуу “хасах”-д “шүүхийн шийдвэр гарсан байхыг шаардахгүй” гэж тайлбарлах нь Монгол Улсын Үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн арван дөрөвдүгээр зүйлийн 1-д заасан “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэсэн зарчимд нийцэхгүй.
Иймд, “Сонгуулийн тухай хуулийн 159.3-т зөрчлийг тогтоосон шүүхийн шийдвэр гарсан байхыг заагаагүй байхад шүүх Улсын Их Хурлын сонгуулийн талаарх зохицуулалттай адилтган хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн, дүүргийн Сонгуулийн хорооны эрх хэмжээг үгүйсгэсэн дүгнэлт хийсэн” гэх хариуцагчийн итгэмжлэгч төлөөлөгчийн хяналтын гомдлыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй.
Анхан шатны шүүх “Сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн эсэхийг Цагдаагийн байгууллага шалгаж, шүүхээс тогтоосны эцэст нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах эсэхийг дүүргийн Сонгуулийн хороо шийдвэрлэх нь зүйтэй” гэдэг дүгнэлтээр маргаан бүхий актыг 1 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт,... хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж заасантай нийцэхгүй болсон тул уг шийдвэрийг өөрчилж, маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал зөв байна.
Нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүхийн магадлалд хяналтын журмаар гомдол гаргаагүй тул нэхэмжлэлийн бусад шаардлагыг шийдвэрлэсэн асуудлаар хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийх боломжгүй.
Дээрх байдалд үндэслэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 802 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ