Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2016/0521

 

“Женерал металс минералс” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Болормаа, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Цогбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Батбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Энхтайван нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 332 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор “Женерал металс минералс” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 332 дугаар шийдвэрээр: “Ашигт малтмалын тухай хуулийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15, 4.1.21, 21 дүгээр зүйлийн 21.1.5, 22 дугаар зүйлийн 22.1, 22.4, 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Женерал металс минералс” ХХК-ийн ХV-013563 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг бүртгэн, зохих журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгаж,

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 -д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгож” шийдвэрлэжээ.

Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Одончимэг шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “Нэг. “Женерал металс минералс” ХХК-ийн хувь эзэмшигч нь хайгуулын 13563Х тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааны сүүлийн өдөр болох 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрөл сунгах өргөдлийг ирүүлсэн боловч мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан өргөдлийн бүрдүүлбэрээс байгаль орчны менежментийн төлөвлөгөө, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримтыг дутуу ирүүлснээс хүлээн авах боломжгүй тул бүрдүүлбэрийг гүйцэд гаргаж өгөх болон гадаадад байснаас хугацаа хэтрүүлсэн хүндэтгэн үзэх шалтгааныг нотолсон баримт авч ирэхийг Ц.Оюунбаатарт мэдэгдсэн байна. Хавтаст хэрэгт Ц.Оюунбаатарын гаргасан хүсэлтэд хавсаргасан материалд дээр дурдсан бүрдүүлбэрийг хавсаргаж өгөөгүй, мөн хуудасны тоо заагаагүй болох нь уг хүсэлтийг хүлээж авсан Кадастрын хэлтсийн мэргэжилтний хяналтын картанд тэмдэглэсэн тэмдэглэлээр нотлогдож байгааг шүүх анхаарч үзсэнгүй.

Хоёр. Ашигт малтмалын хайгуулын 13563Х дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хугацаандаа гаргаагүйгээс хүчин төгөлдөр хугацаа дуусгавар болсны дараа тус компанийн захирал Ч.Цогхүүгийн Англи улсад явсан талаарх түүний гадаад паспортын хуулбарыг өгснөөс биш тус улсад суугаа консулын газраас Ц.Оюунбаатарт төлөөлөх эрхийг олгосон итгэмжлэлийг манайд ирүүлээгүй.

Гурав. “Женерал металс минералс” ХХК-ийн хувь эзэмшигч нь хайгуулын 13563Х тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааны сүүлийн өдөр болох 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрөл сунгах хүсэлтээ гаргахдаа тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн баримт, аж ахуйн нэгжийн гэрчилгээг өргөдлийг хамт хавсаргасан байсан тул” Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсэгт заасан “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй бол төрийн захиргааны байгууллага хугацаа сунгахаас татгалзаж энэ тухай өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ” гэж заасны дагуу өргөдлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй байсан.

Харин дээрх 2 баримтаас гадна Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан бусад бүрдүүлбэр, компанийг төлөөлөх итгэмжлэл, тамга байхгүй байснаас тусгай зөвшөөрлийн сунгах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй байсан. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 332 дугаар шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Женерал металс минералс” ХХК-аас Ашигт малтмалын хайгуулын ХV -013563 дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг бүртгэн, зохих журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгах” тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Баянхонгор аймгийн Бууцагаан, Баянцагаан сумдын нутаг дэвсгэрт ашигт малтмалын хайгуулын 9083,4 га талбай бүхий 13563Х дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсан хайгуулын тусгай зөвшөөрлийн 6 дахь жилийн хугацаа 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөр дуусгавар болохоор байсантай холбогдуулж, “Женерал металс минералс” ХХК-ийн захирал тухайн үед тодорхой хүндэтгэн үзэх шалтгааны улмаас Монгол Улсад байгаагүй, ажил үүргээ гүйцэтгээгүй байгааг дурдаж, уг компанийн хувьцаа эзэмшигч Ц.Оюунбат тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст гаргасныг хариуцагч байгууллага хүлээн авсан атлаа тухайн хүсэлтийг тодруулалгүйгээр тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон гэж үзсэн нь буруу болжээ.

Өөрөөр хэлбэл, хариуцагч төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болохоос өмнө 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэгч компанийн хувьцаа эзэмшигчийн хүсэлтийг хүлээн авч холбогдох баримтыг хугацаа сунгуулах өргөдөлд хавсарган ирүүлэх боломжийг олгосон атлаа шаардсан баримтуудыг 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр бүрдүүлэн дахин хандахад Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, ...” гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгч “Женерал металс минералс” ХХК-ийн захирал Ч.Цогбаяр нь тухайн үед хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гадаад улсад байснаас тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хуульд заасан хугацаанд гаргах боломжгүй байсан нь тогтоогджээ.

Эдгээрээс үзвэл нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг бүртгэхээс татгалзсаны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 332 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮГЧ                                                Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                                Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                Д.БАТБААТАР