| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2017/00413/И |
| Дугаар | 130/ШШ2017/00511 |
| Огноо | 2017-08-04 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 130/ШШ2017/00511
| 2017 оны 08 сарын 04 өдөр | Дугаар 130/ШШ2017/00511 | Баян-Өлгий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багт оршин суух, Бахат-Ахтай овогт Ш.М зын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Засаг Дарга /А.Г/-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.М, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Маншүк нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Засаг даргаас ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 8646093 төгрөг гаргуулах, мөн хугацааны Нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож Нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгөхийг хүсжээ.
Нэхэмжлэгч Ш.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ш.М миний бие Улаанхус сумын Хөх хөтөл багийг ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлын албыг хашиж байгаад Аймгийн Засаг дарга А.Гы 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Б/444 тоот хууль бус захирамжаар ажлаас халагдсан билээ. Миний бие энэ захирамжийг эс зөвшөөрч иргэний хэргийн шүүхэд хандсанаар тус аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 737 тоот шийдвэрээр Засаг дарга А.Гы Б/444 тоот захирамжийг хүчингүй болгож намайг Хөх хөтөл багийн дунд сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн болно. Дараа нь хариуцагч тал үндэслэлгүй давж заалдах болон хяналтын гомдол гаргасныг Давж заалдах шатны шүүх 2017 оны 00014 тоот магадлалаар, Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 00529 тоот тогтоолоор хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, Анхан шатны шүүхийн 737 тоот шийдвэрийг хэвээрээ үлдээж эцэслэн шийдвэрлэсэн болно. Ингээд Анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тул миний бие ажилгүй байсан үеийн цалин хөлс нөхөн олговор болон ажилгүй байсан хугацааны НДШ-ийг хариуцагч Хөх хөтөл багийн дунд сургуулийн данснаас гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Миний бие ажиллаж байх хугацаанд ТҮБД-4 ангиллын 7 дугаар зэрэглэлийн 5 дугаар шатлалаар цалинжиж байсан бөгөөд хамгийн сүүлийн гурван сар болох 5 дугаар сард 844161 төгрөг, 6 дугаар сард 1018935 төгрөг, 7 дугаар сард 1018935 төгрөгийн цалин авч байсан бөгөөд гурван сарын дундаж цалин 960677 төгрөг байгаа болно. НХХ-ийн сайдын 55 тоот тушаалаар батлагдсан журмаар нөхөн олговор гаргуулахад сүүлийн гурван сард авч байсан цалингийн дунджаар бодож гаргуулахаар зохицуулагдсан байдаг байна. Тийм учраас миний ажилгүй байсан үеийн өөрөөр хэлбэл 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 02-ны хүртэлх 9 сарын цалин хөлс нөхөн олговор болох нийт 960677x9 сар=8646093 төгрөгийг хариуцагч Баян-Өлгий аймгийн засаг Даргаас гаргуулан олгож, мөн хугацааны НДШ-ийг тооцож НД-ын байгууллагад төлж өгөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ш.М шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Би 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр аймгийн Засаг даргын Б/444 дүгээр захирамжаар ажлаас халагдсан. Улмаар шат шатны шүүхэд гомдол гаргаснаар бүх шатны шүүхийн шийдвэрээр намайг ажилд эгүүлэн тогтоосон боловч хариуцагч намайг өнөөдөр хүртэл ажилд эгүүлэн томилоогүй тул ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Би анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилсэн. Гэхдээ би одоо хүртэл ажилдаа эгүүлэн томилогдоогүй учраас ажилд хэзээ томилогдоно, тэр өдөр хүртэлх цалинг дараа нь нэхэмжлэх болно. Өнөөдрийн хувьд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Тийм учраас 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх нийт 8646093 төгрөг нэхэмжилж байна. Мөн нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийж өгөхийг даалгах тухай шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна гэв.
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг Дарга А.Г шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ш.Мын нэхэмжлэлд дурдсан цалингүй байсан хугацааны цалин болон нийгэм даатгалын шимтгэлийг төлөх боломжгүй юм. Учир нь Ш.Мын захирлаар ажиллаж байсан Улаанхус сумын Хөх хөтөл багийн ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн санхүүгийн үйл ажиллагаанд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас хяналт шалгалт хийхэд санхүүгийн зөрчил илэрч Ш.Мын нэр дээр акт тавигдсан ба одоогийн байдлаар аймгийн Цагдаагийн газарт шалгагдаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн хувьд нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа ажилгүй байсан хугацааны цалин болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлж өгөхийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байгаа. Учир нь нэхэмжлэгч Ш.Мын Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Хөх хөтөл дунд сургуулийн захирлаар ажиллаж байсан хугацааны санхүүгийн үйл ажиллагааны тайланд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албанаас хяналт шалгалт хийхэд нэхэмжлэгч Ш.Мтай холбоотой нэлээд зөрчил илэрсэн тул түүнд акт тавигдсан. Одоо хүртэл Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа учир нэхэмжлэгч Ш.Мын ажилгүй байсан хугацааны цалинг төлөхөөс татгалзаж байгаа гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.М нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг Даргаас ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 8646093 төгрөг гаргуулах, мөн хугацааны Нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож Нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгөхийг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч маргажээ.
Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Учир нь, 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймгийн Засаг даргын Б/444 дугаар тушаалаар ажлаас нь чөлөөлснийг нэхэмжлэгч Ш.М нь эс зөвшөөрч тус шүүхэд нэхэмжлэл гаргаснаар 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 737 дугаар шийдвэрээр түүнийг Улаанхус сумын Хөх хөтлийн дунд сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн байна.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаснаар 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 14 дугаартай магадлалаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан гэсний дараа Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Б/444 дүгээр захирамжийг хүчингүй болгож, гэсэн нэмэлт өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэснийг хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч хяналтын гомдол гаргаснаар Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 4 дүгээр сарын 28-ний өдрийн 529 дугаартай тогтоолоор 14 дугаартай магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
-Нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулан 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 9 сар 5 хоногийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 8646093 төгрөгийг нэхэмжилжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгохоор зааснаар нэхэмжлэгч урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч Ш.Мыг 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр ажлаас чөлөөлсөн болох нь аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн ажлаас халах тухай Б/444 дугаартай тушаал, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр магадлал, тогтоолоор тогтоогдож байгаа бөгөөд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаал нь 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр гарсан хэдий боловч уг тушаалдаа нэхэмжлэгч Ш.Мыг 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь халж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7-гийн а-д ... дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тогтооно гэж зааснаар нэхэмжлэгч Ш.Мын 0014901 дугаар Нийгмийн даатгалын дэвтрийн бичилтээр нэхэмжлэгчийн ажлаас халагдахаас өмнөх буюу 2016 оны 7 дүгээр сард 1018935 төгрөг, 6 дугаар сард 1018935 төгрөг, 5 дугаар сард 844161 төгрөгийн цалин олгогдсон ба дээрх гурван сарын дундаж нь 960677 төгрөг гарч байгаа бөгөөд нэхэмжлэгч Ш.Мын 2016 оны 8 дугаар сарын 26-наас 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх 9 сар 05 хоногийн хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор нь 8646093 (960677 х 9 сар) төгрөг, 223415 (960677/21.5 х 5 хоног) төгрөг, бүгд 8869508 (8646093+223415) төгрөг гарч байгаа боловч нэхэмжлэгч хариуцагч байгууллагаас ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 8646093 төгрөг нэхэмжилж байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иймд хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргаас нэхэмжлэгчийн ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 8646093 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Мд олгож, нэхэмжлэгчийн 2016 оны 8 дугаар сарын 26-наас 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон Нийгмийн даатгалын дэвтэрт нөхөж бичилт хийхийг хариуцагч байгууллагын даргад даалгаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 153287 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч аймгийн Засаг даргаас153287 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг тус тус баримтлан Баян-Өлгий аймгийн Засаг Даргаас нэхэмжлэгчийн урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 8646093 (найман сая зургаан зуун дөчин зургаан мянган ерэн гурван) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Мд олгож, нэхэмжлэгчийн 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон Нийгмийн даатгалын дэвтэрт нөхөж бичилт хийхийг хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг Даргад даалгасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 153287 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргаас 153287 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Мд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Энэ шийдвэрийг зохигч, гурвадагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ