Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/64

 

 

 

 

 

 

     2022           01          11                                    2022/ШЦТ/64

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дуламрагчаа,

Улсын яллагч Д.Даваадорж,

Шүүгдэгч Б.Г (өөрөө өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Г-д холбогдох эрүүгийн ............ дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт ............. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б.Г,

 

           Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Г нь согтуурсан үедээ 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 16-нд шилжих шөнө буюу 01 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол Улсын Их сургуулийн хичээлийн 2 дугаар байрны хойд талын зам дээр иргэн Э.Б тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар нүүр хэсэгт нь гараараа цохих, толгойгоороо мөргөх зэргээр биед нь хамар ясны хугарал, баруун дээд доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...”гэв.

 

Эрүүгийн ............. дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч Б.Г мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “....Үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хохирол болон эмчилгээний зардлыг төлж өгнө...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-47 дугаар хуудас/,

 

Хохирогч Э.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Галбадрах нь найзтайгаа хардаж хамт явж байхдаа таксинаас буулгаж намайг цохиж зодсон. Тухайн үед намайг нэг удаа мөргөж, намайг тонгойх үед Галбадрах нь гараараа толгой руу 2-3 удаа цохиж мөн хөлөөрөө толгой руу 7-8 удаа толгой руу өшиглөж дээрх гэмтлийг учруулсан...Одоо хамар хөндүүртэй байгаа, хамраа тэгшлүүлсэн...Тархины хаван буулгах эмчилгээ хийлгэсэн. Мөн хамраа тэгшлүүлсэн. Томографикд харуулсан. Тэгээд эм тариа авч хэрэглэсэн. Зарим эмчилгээний баримт байхгүй, би эмчилгээ хийлгэсэн талаарх тайлбараа бичгээр гаргаж өгнө...." гэсэн мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Бямбажаргал мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “....2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 16-ны шөнийн 01 цагийн орчим МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны хойд талын уулзвар өнгөрөөд таксигаар явж байсан. Тэгсэн хамт явж байсан найзууд Балжинням, Галбадрах нь хоорондоо маргалдаж “таксигаа зогсоо” гээд таксигаа зогсоогоод бүгд машинаас буусан. Тэгсэн Балжинням, Галбадрах нар нь хоорондоо маргалдаж байгаад зодолдсон. Тэгээд Галбадрах эхлээд Балжиннямыг мөргөөд нэг удаа гараараа цохисон. Тэгээд тэр хоёр зууралдаж газарт унасан...Тэр үед хоёулангаас нь цус гарсан байдалтай байсан. Тэгээд бид нар тэр хоёрыг салгасан боловч явж өгөхгүй маргалдаад байсан...харин Балжинням, Галбадрах нар хоорондоо ярилцаад учраа олохоор болж үлдсэн...Тэгэж удаан маргалдсан зүйл байхгүй түрхэн хугацаанд уурлаж маргалдаж машинаас буугаад удаагүй хоорондоо зодолдсон. Тэрийг би хараад салгах зуур тэр хоёр газарт унасан..Тэр хоёр хоорондоо л зодолдсон....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

 

Гэрч Э.Мөнгөншагай мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “....2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 16-ны шөнийн 01 цагийн орчим МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны хойд талын уулзвар өнгөрөөд таксигаар явж байсан. Тэгсэн хамт явж байсан найз Балжинням, Галбадрах нар нь хоорондоо маргалдаж шуугилдаад байсан. Тухайн үед таксины урд суугаад явж байсан. Тэгсэн нэг нь таксигаа зогсоо гэж хэлээд Балжинням Галбадрах нь хойно сууж байсан хэд таксинаас буусан. Би тухайн үед таксины мөнгө өгөөд араас нь буусан. Тэгсэн Галбадрах, Балжинням хоёр нь хоорондоо зодолдсон байдалтай такси руу налсан байдалтай байсан. Тэгсэн такси хөдлөөд явах үед тэр хоёр газар өнхөрч зууралдаж унасан. Тэгээд би очоод салгах үед Балжиннямын хамраас цус гарсан байсан. Тэгээд тэр хоёрыг салгаад хоорондоо маргалдаж байгаад Балжинням цагдаа дуудахаар болж би хүлээж байгаад Балжиннямын хамт цагдаа дээр ирсэн. Харин Галбадрах хамт байсан....Намайг машинаас бууж ирэхэд тэр хоёр зууралдсан байж байсан. Яг хэн нь хэнийгээ цохиж зодсон талаар тодорхой зүйл хараагүй тэр газар унасан байхад Галбадрах тэр хоёр дээр доороо ороод өнхрөөд байхаар нь салгасан. Тэгсэн Балжиннямын хамраас цус гарсан байсан. Тэгээд Балжинням Галбадрахыг цохисон гээд цагдаа дуудсан..Тэр хоёр хоорондоо л зодолдсон....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №11419 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

 

  1. Э.Бын биед хамар ясны хугарал, баруун дээд доод зовхинд цус хуралт тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна.
  3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй....” гэжээ /хх-ийн 27-28 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Б.Гын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 39 дүгээр хуудас/,  төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 41 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33 дугаар хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 40 дүгээр хуудас/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 42 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Г нь согтуурсан үедээ 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 16-нд шилжих шөнө буюу 01 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол Улсын Их сургуулийн хичээлийн 2 дугаар байрны хойд талын зам дээр иргэн Э.Б тодорхой шалтгаангүйгээр, зүй зохисгүй харьцаж маргалдан улмаар нүүр хэсэгт нь гараараа цохих, толгойгоороо мөргөх зэргээр биед нь “хамар ясны хугарал, баруун дээд доод зовхинд цус хуралт гэмтэл” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

Хохирогч Э.Бын “...Галбадрах нь намайг нэг удаа мөргөж, намайг тонгойх үед Галбадрах нь гараараа толгой руу 2-3 удаа цохиж мөн хөлөөрөө толгой руу 7-8 удаа толгой руу өшиглөж дээрх гэмтлийг учруулсан...Одоо хамар хөндүүртэй байгаа, хамраа тэгшлүүлсэн....." гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Б.Бямбажаргалын “.... Тэгсэн хамт явж байсан найзууд Балжинням, Галбадрах нь хоорондоо маргалдаж Галбадрах эхлээд Балжиннямыг мөргөөд нэг удаа гараараа цохисон. Тэгээд тэр хоёр зууралдаж газарт унасан...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Э.Мөнгөншагайгийн “....Балжинням, Галбадрах нар нь хоорондоо маргалдаж шуугилдаад байсан......Тэгсэн Галбадрах, Балжинням хоёр нь хоорондоо зодолдсон байдалтай такси руу налсан байдалтай байсан. Тэгсэн такси хөдлөөд явах үед тэр хоёр газар өнхөрч зууралдаж унасан. Тэгээд би очоод салгах үед Балжиннямын хамраас цус гарсан байсан...” гэсэн мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №11419 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт: 1. Э.Бын биед хамар ясны хугарал, баруун дээд доод зовхинд цус хуралт тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч Б.Г нь хохирогч Э.Бын биед хүч хэрэглэсэн байдал, хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч хохирогчийг гэмтээснийг хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлсэн, хохирогчийн бие махбодод нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас хэрэг болсон цаг хугацаанд эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Гын үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Тодруулбал Б.Г нь хохирогчийг цохиж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, цохих үед эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж биеэр үйлдсэний улмаас
Э.Бын биед хөнгөн гэмтэл учруулан эрүүл мэндэд хохирол, хор уршигт зориуд хүргэжээ.

Иймд шүүх шүүгдэгч Б.Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Б.Гыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

                                   

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Б.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 380 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Бусад асуудал:

 

Хохирогч Э.Баас “...гомдолтой байна, эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...” гэсэн хүсэлтээ /хх-ийн 63 дугаар хуудас/ илэрхийлсэн байх ба хохирогчоос түүнийгээ нотлох баримт гаргаагүй тул шүүгдэгчийг нэхэмжилсэн баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэхээр байна.

Хэдийгээр хохирогч Э.Б нь “..эмчилгээний зардлаа нэхэмжилнэ..” гэсэн хэдий ч шүүхэд ямар нэгэн иргэний нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримт гаргаж өгөөгүй тул өөрт учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдлаа.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

      ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гыг 380 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

            3. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-т зааснаар хохирогч Э.Б нь өөрт учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

          

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Б.ДУЛАМСҮРЭН