Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/430

 

  

 

 

 

 

 

2022         04             22                                     2022/ШЦТ/430

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Хэргийн индекс: 185/2022/0407

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Номин,

Улсын яллагчаар хяналтын прокурор Я.Мөнхзаяа,

Шүүгдэгч Б.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ы.Цод холбогдох эрүүгийн “21097” дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. ХЯНАВАЛ: 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Б.Ц нь 2021 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороонд байрлах Циркийн зүүн талд байрлах хуучны Орос 5 давхар байрны гадна хохирогч Д.Ц үл ялих зүйлээр шалтаглан маргалдан зодож, улмаар өмсөж байсан ботинкоо тайлан цохиж зүүн алганы 3-р шивнүүрийн бороолсон хугарал, хамрын нурууны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

Хохирогч хохирогч Д.Цмөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “...Миний бие урьд өмнө хамт ажилладаг байсан Цогтоо /Баярсайхан/ гэх залуутай 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр архи уусан бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 30-ны үүрээр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороонд байрлах Циркийн зүүн талд байрлах хуучны Орос 5 давхарт байрлах гэрт нь хүргэж өгөх гэж очоод уг байрны гадаа маргалдсан бөгөөд Цогтоо миний зүүн гарын дунд хуруу, баруун гарын дунд, болон хамрын ясыг өшиглөж хугалсан. Энэ үйл явдал 30-40 минут үргэлжилж би босоод зугтаж Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж үзүүлсэн одоо толгой болон биеийн гэмтэл авсан хэсэгт өвдөж байна. “...Бид хоёр Цогтоогийн гэр рүү явахаас өмнө Бааранд суусан бөгөөд Цогтоо бааранд байсан залуутай маргалдсан бөгөөд би салгаж аваад гарсан юм, миний бодлоор өөрийг нь өмөөрсөнгүй гэж уурласан байх...“...айфоне х загварын гар утас, бэлнээр 600.000 төгрөг өгсөн. Дараа нь 2022 оны 03 сарын 12-ны өдөр 2.000.000 төгрөг миний данс руу шилжүүлж, миний хохирлыг нөхөн төлж барагдуулсан. Надад одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29, 32, 35-р хуудас/,

 Гэрч Д.3олзаяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өсгөн: “...2021 оны 10 дугаарсарын 30-ныөдөрөглөө үүрийн 06 цагийн үед Д.Ц миний 89980985 дугаар луу залгаж “Хүү нь зодуулчихлаа, намайг ирээд аваач” гэж хэлсэн. Дараа нь би сансарын Клонкын уулзвар дээр очиход миний xүү Д.Цогт- Эрдэнэ ганцаараа байсан. Мөн надад Д.Ц би найзаасаа арай гэж зугтаж амь гарлаа, тасралтгүй цаг гаран намайг зодсон, зодохдоо Цогт нь өмсөж байсан ботинкоо тайлж, улмаар гартаа ботинкны үзүүр хэсгээр Цогт-Эрдэний дээрээс ботинкоороо цохисон ...би гэртээ Цогт-Эрдэний биеийг харахад хамарны яс хугарсан. зүүн гарын сарвууны дунд хурууны савхан ясыг хуга цохисон, баруун гарын дунд хурууны эхэн үеийг бяцалсан байсан цээжний аль нэг хэсэг дээр нь хүчтэй хазсан, хүзүүний эгэмний ясан дээр аль нэг талд нь бас хүчтэй хазсан байсан. Маргааш нь Д.Ц гэмтлийн эмнэлэг дээр очиж үзүүлээд зүүн гараараа гипстүүлсэн, баруун гарын дэнд хуруундаа чиг зүүлгэсэн. Дараа нь 3 хоногийн дараа нэгдүгээр эмнэлэг дээр очиж хамарны ясаа тэгшлүүлсэн. ...Аллегрий Мед эмнэлэгт 5 хоног хэвтэж эмчлүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн №2244 дугаартай шинжээч Ц.Ганболдын “...Д.Ц зүүн алганы 3-р шивнүүрийн бороолсон хугарал, хамрын нурууны хугарал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, цохих үйлдлээр үүсгэгдэнэ. ...Шүүх эмнэлгийн гэмл ийн зэрэг тогтоох журмын 2.3.1 -д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр зэргийн гэмтэл тоггооно. Дээрх гэмтлүүд нь гурван cap орчмын өмнө үүссэн байна...” гэх дүгнэлт /хх-ийн 47-48-р хуудас/,

Хохирогч Д.Ц-с гаргаж өгсөн эмчилгээний баримтууд /хх-ийн 13-19-р хуудас/,

 Яллагдагч Б.Ц-с гаргаж өгсөн хохирол төлбөр төлсөн баримт /хх-ийн 21-23-р хуудас/ болон энэ шүүх хуралдаанд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа гэсэн мэдүүлэг бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тухай лавлагаа, нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 77, 82 тал/
  • Эд хөрөнгөтэй эсэх хураангүй лавлагаа /хх-ийн 80 тал/
  • Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа: Дархан-Уул Дархан 14-р баг 1-р хороолол 1б-р байрны 58 тоот /хх-ийн 81 тал/
  • Урьд ял шийтгүүлж байсан талаарх Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62 тал/ зэрэг баримтууд болно.
  • Шүүгдэгч Б.Цийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 83 тал /,
  • Шүүгдэгч Б.Цийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 84 тал/,
  • Эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 80 тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2  зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Ц нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан хор уршигт зориуд хүргэж, “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч Б.Ц нь хохирогч Д.Ц-н эрүүл мэндэд нь зүүн алганы 3-р шивнүүрийн бороолсон хугарал, хамрын нурууны хугарал бүхий хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгч Б.Цын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хүндэвтэр хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ. 

Хохирогч Д.Ц нь шүүгдэгчээс “Хохирол болон нэхэмжлэлийн 3.500.000 төгрөгийг өгсөн тул надад ямар нэгэн гэмтэл гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй..” гэсэн хариуг өгсөн болох нь шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудас, хохирогчийн хүсэлт /хх-ийн 85 тал/ тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Цыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Ц-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, хохирол төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, хохирогчоос уучлалт гуйсан, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлж, хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдал зэрэг байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх шүүгдэгч Б.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчид 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтайгаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байх тул прокурорын саналыг харгалзан шүүгдэгчид торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Ц нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10  зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цыг 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3  зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Б.Цод 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.3  зүйлийн 5 дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.   

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Цод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.                

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.АЗЖАРГАЛ