Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 130/ШШ2017/00512

 

 

 

 

 

2017 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 130/ШШ2017/00512

Баян-Өлгий аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 4 дүгээр багт оршин суух, Сарбас овогт Ш.Агийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргын тамгын газар /дарга С.Х/-т холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.А, түүний өмгөөлөгч С.Нургайып, хариуцагч байгууллагын төлөөлөгч С.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Маншүк нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын бичээч, бичиг хэрэг хариуцсан ажилтнаар эгүүлэн тогтоолгохыг хүсжээ.

Нэхэмжлэгч Ш.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Шакиланы Апия миний бие Баяннуур сумын Засаг даргын тамгын газрын даргын 2006 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн ажилд томилох тухай" 15 дугаар тушаалаар бичээч, бичиг хэргийн ажилтнаар томилогдож, ажлаас халагдах өдөр хүртэл улсад тасралтгүй 11 жил тогтвор суурьшилтай ажилласан. Ажиллаж байх хугацаанд ямар нэгэн алдаа дутагдал гаргаж, сахилгын зөрчил хүлээж байгаагүй. Тэрээр 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхэлж ээлжийн амралтаа авч, дараа нь үргэлжлүүлэн декрет-нд явж 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр буцаад ажилдаа ирэхэд ажил олгогч надад өөр ажилд томилсон тухай тушаал танилцуулсан юм. Миний бие цочролд орж үүний учир начрыг ажил олгогчоос асууж тодруулахад: ...чи амралттай байх хугацаанд Баяннуур сумын Засаг дарга 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр захирамж гаргаж Баяннуур сумын Засаг даргын тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн баталсан. Миний бие хуульд заасан эрхийнхээ дагуу шинээр бий болсон архивчийн ажилд чамайг томилж, харин чиний өмнө хийж байсан бичээч, бичиг хэргийн ажилд иргэн Б.Алибекийг томилсон гэсэн агуулгатай хариултыг өгсөн. Хэдийгээр Баяннуур сумын Засаг дарга 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Б-46 дугаар захирамж гаргаж тухайн байгууллагын бүтэц орон тоог шинэчлэн баталсан боловч миний ажлын байр хэвээр хадгалагдан үлджээ. Ажил олгогч энэхүү шинэ бүтцийн дагуу хэвээр хадгалагдан үлдсэн байнгын ажлын байр болох бичээч, бичиг хэргийн ажилд намайг үргэлжлүүлэн ажиллуулах ёстой атал гаднаас өөр этгээдийг шинээр авч ажиллуулсан явдалд туйлын гомдолтой байна. Нөгөө талаар ажил олгогч бага насны хүүхэдтэй намайг ажлаас халсан үйлдэл нь хууль бус гэж үзэж байна. Иймд намайг Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргын тамгын газрын даргын бичээч, бичиг хэргийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ш.А шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Миний бие 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлээд ээлжийн амралтаа аваад үргэлжлүүлэн жирэмсний амралт авч байсан. 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ажилдаа эргэж орсон үед Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Хонай аппаратын хурал хийгээд намайг өөр ажилд томилсон тушаал гаргаж өгсөн. Би урьд нь бичээч, бичиг хэргийн ажилтнаар ажиллаж байсан. Тухайн орон тоо хоёр хуваагдах орон тоо биш. Гэтэл намайг ажилтнаар томилсон. Би энэ орон тоонд ажиллахыг зөвшөөрөхгүй байна. Урьд нь удаан жил ажиллаж байсан мэргэшсэн ажилдаа мэргэжлийн дагуу ажиллахыг хүсэж байгаа тул урьд эрхэлж байсан Баяннуур орон тоонд эгүүлэн тогтоож өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргын тамгын газрын дарга С.Х шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 1.Баяннуур сумын Засаг даргын Орон тоо шинэчлэн батлах тухай 1117 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б-46 тоот захирамж гарч Архив хариуцсан үйлчлэх ажилтан-ы орон тоог шинээр бий болгож урьд уг ажлыг давхар хийж байсан архивын ажлын дадлага туршлагатай Ш.Аг томилон ажиллуулахыг сумын Засаг дарга С.Берик санал болгосон.

2.Нэхэмжлэгч Ш.А нэхэмжлэлд Бага насны хүүхэдтэй намайг ажил олгогч ажлаас халсан гэж дурдсан байна, Ажил олгогч Ш.Аг ажлаас халах тухай ямар ч шийдвэр эрхийн акт гаргаагүй. Харин Ш.Агийн ой хүрээгүй нялх хүүхэдтэй байдал, хуучин хийж байсан ажлын дадлага туршлагыг харгалзан ажлын ачааллыг хөнгөвчлөх зорилгоор Ш.Аг "Архив хариуцсан ажилтан-аар томилсон юм.

3.Ш.Аг Архив хариуцсан үйлчлэх ажилтан-аар томилохтой сарын цалинг урьд авч байсан сарын цалингаас буруулахгүй олгохыг ЗДТГ-ын санхүүд үүрэг болгож ажлын ачаалал, шаардлагыг харгалзан мэргэжлийн ажилд шилжүүлэн ажиллуулсан учир Ш.Агийн ямар нэгэн эрх ашиг нь зөрчигдөөгүй гэж үзэх бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна.

4.Ш.Аг ажилд томилохтой Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.9 дэх заалтад Дээд шатны төсвийн захирагчийн зөвшөөрснөөр үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын ачааллыг нягтруулах, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор байгууллагын дотоод зохион байгуулалтын бүтцийг батлагдсан орон тооны хязгаар, төсвийн хүрээнд шинэчлэн тогтоох гэснийг үндэслэн урьд эрхэлж байсан ажлын чиг үүргийн давхардлыг арилгах зорилгоор хуучин хариуцаж байсан бичээч архивын ажлыг салгаж хоёр ажилтанд хариуцуулсан учир Ш.Аг урьд хариуцаж байсан архивын ажилд хэвээр нь ажиллуулж байгаа гэж үзэх бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна.

5.Ш.А анх ЗДТГ-ын аппаратын хуралд Архив хариуцсан ажилтан-д томилогдохыг хүлээн зөвшөөрч уг ажлыг хийж гүйцэтгэхээр тохирсон учир миний бие ажилд томилох шийдвэр гаргасан юм. Харин Ш.А уг шийдвэр гарсны дараа гаднын ямар нэгэн этгээдийн улс төрийн зорилгын ятгалгад автаж шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэж үзэх үндэслэлтэй.

6.Нэхэмжлэгч Ш.А 6, 7 дугаар сарын цалинг Архив хариуцсан үйлчлэх ажилтан-ы цалингаар цалинжуулсныг хүлээн зөвшөөрч цалингийн цэсээр гаргасан цалинг бүрэн авсан бөгөөд уг албан тушаалын цалингийн тодорхойлолтоор ХААН банкнаас 7 дугаар сард цалингийн зээл авч хэрэглэж байгаа нь өөрөө уг албан тушаалд ажиллахыг хүлээн зөвшөөрч байгааг нотолж байна. Иймд нэхэмжлэгч Ш.Агийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргын тамгын газрын дарга С.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие М.Хонай нэхэмжлэгч Ш.Агийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн талаар тайлбараа өмнө шүүхэд хүргүүлсэн. Надад өнөөдрийн шүүх хуралдаанд тийм их тайлбар хэлэх шаардлагагүй. Гэхдээ ганц хоёр зүйлийг тодруулж хэлье гэж бодож байна. Баяннуур сумын Засаг дарга бүрэн эрхийнхээ дагуу Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.12-т заасны дагуу тус сумын Засаг даргын Тамгын газрын бүтэц орон тоог шинэчлэн тогтоож Б/46 дугаар захирамж гаргасан. Энэ захирамжид архив, бичиг хэргийн эрхлэгч гэсэн давхардсан орон тоо байсан бөгөөд уг орон тоонд Ш.А ажиллаж байсан. Тийм учраас энэ орон тоог хоёр орон тоо болгон салгаж нэг нь бичиг хэрэг хариуцах ажилтан, нөгөө нь архивын ажилтан болгох нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан. Миний бие Засаг даргын санал болгосноор нялх хүүхэдтэй, ажлын ачаалалтай Ш.Аг ямар нэгэн ажлаас халсан шийдвэр гаргаагүй. Урьд нь авч байсан цалингийн хэмжээг бууруулахгүйгээр архивын ажилтан-аар томилсон. Учир нь нялх хүүхэдтэй Ш.Агийн ажлын ачаалал хэтэрч байсан учир ажлын ачааллыг харгалзаад түүнийг архивын ажилтнаар томилсон шийдвэр гаргасан. Ш.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ намайг ажлаас халсан гэж бичсэн байна, би Ш.Аг ямар нэгэн байдлаар ажлаас чөлөөлсөн, халсан шийдвэр гаргаагүй. Засаг даргын Б/46 дугаар захирамжаар ажил нь хоёр орон тоонд хуваагдсан учир мэргэжил, туршлагыг харгалзаж үзээд архивын ажилтнаар Ш.Аг томилсон. Учир нь, Ш.А 12 жил архивын ажлыг хариуцаж хийж ирсэн туршлагатай ажилтан учир аппаратын хурлаар авч хэлэлцүүлээд Ш.А өөрөө зөвшөөрсний үндсэн дээр уг ажилд томилсон. Тухайн үед Ш.А зөвшөөрөөд 14 цагийн үед ирж ажлаа хүлээлгэж өгье, танд баярлалаа гээд гараад явсан. Үүний дагуу би тухайн шийдвэрийг гаргасан. Тэрний дараа Ш.Ад хэн нэгэн улс төрийн үзэл бодлоор эсхүл гаднын нэг хүний шахалтаар шүүхэд нэхэмжлэл гаргуулсан гэж үзэж байна. Би нэхэмжлэгч Ш.Ад өс хонзон санасан, улс төрийн үзэл бодол гаргасан асуудал байхгүй. Харин ч түүний нялх хүүхэдтэй байдал, ажлын ачаалал зэргийг харгалзаад энэ ажилд томилсон. Ингэхдээ би түүний урьд авч байсан цалингийн хэмжээг огт бууруулаагүй. Тийм учраас нэхэмжлэгч Ш.А энэ ажилд томилогдсоноор түүний эрх ашиг зөрчигдөөгүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Засаг даргын захирамж болон миний гаргасан шийдвэр Төсвийн тухай хуульд заасан төсвийн ерөнхийлөн захирагч, шууд захирагчийн бүрэн эрхэд багтаж байна. Тийм учраас миний гаргасан шийдвэр хүчин төгөлдөр гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч Ш.Агийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.А нь Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын бичээч, бичиг хэрэг хариуцсан ажилтнаар эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч байгууллагын төлөөлөгч нь эс зөвшөөрч маргажээ.

Шүүх хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

-Хавтаст хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2006 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 15 дугаартай тушаалаар Ш.Аг 10 дугаар сарын 01-нээс эхлэн Засаг даргын Тамгын газрын бичээч, бичиг хэргийн эрхлэгчээр томилсон байна.

Нэхэмжлэгчийн ажиллаж буй бичээч, бичиг хэргийн эрхлэгчийн албан тушаал нь байнгын ажлын байр болох нь Баяннуур сумын Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн орон тоо шинэчлэн батлах тухай 01 тоот захирамжийн хавсралтаар нотлогдож байна.

Нэхэмжлэгч Ш.А нь жирэмсний амралт авч, 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Т.Ахбаян нэртэй охинтой болж, жирэмсний амралтаа дуусгаж, үргэлжлүүлэн ээлжийн амралт авч ажилдаа 2017 оны 6 дугаар сард орсон болох нь нэхэмжлэгчийн охин Т.Ахбаяны төрсний гэрчилгээ, хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдлоо.

Гэтэл нэхэмжлэгч Ш.А нь 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр ажилдаа орж ирэхдээ ажил олгогч буюу Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь түүнийг бичээч, бичиг хэрэг хариуцсан ажилтнаар биш архив хариуцсан ажилтнаар томилсон байжээ.

Нэхэмжлэгч Ш.А нь ажил олгогчийн 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 013 дугаар тушаалаар архив хариуцсан ажилтнаар томилсныг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасантай нийцсэн байна.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгч Ш.Аг архив хариуцсан ажилтнаар томилсон 013 дугаартай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийг дараах байдлаар зөрчсөн байна гэж дүгнэлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д Сул зогсолтын үед ажилтныг байгууллага дотроо хөдөлмөрийн гэрээнд заагаагүй ажилд, эсхүл өөр байгууллагад түр хугацаагаар өөртэй нь тохиролцсоны үндсэн дээр шилжүүлэн ажиллуулж болно мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д Эмнэлэг-хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийг үндэслэн ажилтныг эрүүл мэндэд нь харшлахгүй өөр ажилд түүнтэй тохиролцон шилжүүлнэ гэж тус тус заасан бөгөөд дээрх тохиолдолд ажил олгогч ажилтны зөвшөөрлийг үндэслэж өөр ажилд шилжүүлж болох үндэслэлийг хуульчилсан байна.

Гэвч хариуцагч байгууллагын төлөөлөгчөөс нэхэмжлэгч Ш.Агийн эрхийг нь зөрчөөгүй, түүнийг ажлаас нь халаагүй, нэхэмжлэгчийн нялх хүүхэдтэй байдлыг харгалзан үзэж архив хариуцсан ажилтнаар томилсон гэж тайлбарлан маргаж байгаа боловч нэхэмжлэгчээс тухайн албан тушаалд өөрчилж томилж өгөх тухай гаргасан хүсэлт болон зөвшөөрлийг бичгээр аваагүй, ажилтан Ш.Атай тохиролцоогүй байхад түүнийг урьд эрхэлж байсан бичээч, бичиг хэрэг хариуцсан албан тушаал бус архив хариуцсан ажилтнаар томилж түүний эрхийг нь зөрчсөн байна.

-Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын бичээч, бичиг хэргийн эрхлэгчийн орон тоог тус сумын Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн орон тоо шинэчлэн батлах тухай Б/46 дугаартай захирамжаар бичээч, бичиг хэрэг хариуцсан ажилтан гэсэн нэр томьёоны хувьд өөрчилж баталсан байна.

Гэтэл ажил олгогчоос нэхэмжлэгч жирэмсний амралтаас орж ирэхэд тухайн орон тоонд Б.Алибек гэх хүнийг томилж, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа үед албан тушаал нь хэвээр хадгална гэснийг мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно гэж заасныг тус тус зөрчсөн байна.

Нэхэмжлэгч талаас ажил олгогчтой 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээг нотлох баримтаар гаргаж өгснийг хариуцагч байгууллагын төлөөлөгч хуурамч гэж тайлбарлаж байгаа бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн хувийг хариуцагч байгууллагын төлөөлөгчид 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр гардуулж, эрх, үүргийг танилцуулсан ба тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан, үндэслэл болон түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй болно.

Ажил олгогчийн ажилтан Ш.Атай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.7-д ажилтныг өөр ажилд шилжүүлэх буюу байгуулсан гэрээг цуцлах асуудлыг зөвхөн хөдөлмөрийн хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ гэж заасан бөгөөд хариуцагч Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь Хөдөлмөрийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.1.4, 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг тус тус зөрчиж нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан албан тушаалдаа бус архив хариуцсан ажилтнаар томилсон 013 дугаартай ажил олгогчийн тушаал нь хууль зүйн үндэслэлгүй гаргасан тушаал байна гэж дүгнэлээ.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Ш.Аг Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын бичээч, бичиг хэрэг хариуцсан ажилтны ажилд эгүүлэн тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай гомдол нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгээс 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Аг Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын бичээч, бичиг хэрэг хариуцсан ажилтны ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгээс 70200 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ