Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/54

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Улсын яллагч Б.Сансарбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Б,

Шүүгдэгч *******,

Нарийн бичгийн дарга Н.Гүнчинсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* холбогдох эрүүгийн 2124000700075 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: ***********************************

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч ******* нь 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан баг “Гунзаны шар жалга” гэх газраас 46-13 ЗАА улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан зохих зөвшөөрөлгүй 1.771 метр куб хэрэглээний шинэс төрлийн мод, 0.22 метр куб хэрэглээний хуурай шинэс төрлийн мод бэлтгэж, тээвэрлэн ойн санд 1,221,150 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* нь 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн нутагт байрлах “Гунзаны шар жалга” гэх газраас зохих зөвшөөрөлгүй 1.771 метр куб хэрэглээний нойтон мод, 0.22 метр куб хэрэглээний хуурай шинэс төрлийн мод бэлтгэж, 46-13 ЗАА улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэсэн гэх үйл баримт нь:

Иргэний нэхэмжлэгч Ж.Ж мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сумын ойн санд учруулсан хохирол болох Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн шинжээчийн гаргасан экологи эдийн засгийн үнэлгээ, нөхөн төлбөрийг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /хх 46-47/,

Гэрч Ө.Я мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаандаа онгоц буудлын бензин колонкийг шалгаж явах үед модтой пронтер маркийн 2 машин зогсоож шалгасан. Тэр үед 2 машины жолооч нь мод тээвэрлэх зохих зөвшөөрөлгүй явж байсныг жижүүрийн мөрдөгч Б.С танилцуулж, машиныг нь түр саатуулах журмын хашаанд авчирсан. Тухайн үед 2 машины жолооч гоожин байхгүй төвөөс ирнэ гэж хэлж байсан. Тухайн машины жолооч нар маяти маркийн 74-13 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслээр модыг бэлтгэж ачиж байгаад машин замдаа эвдэрсэн учраас уг 2 машинаар хувааж ачиж ирсэн гэж хэлсэн. Байгаль хамгаалагч Г 2021 оны 8 дугаар сарын 05-ний өдрөөс 08-ны өдрийг хүртэл хугацаанд Маяти маркийн 46-13 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслээр Тосонцэнгэл сум Байц гэх газраас 6 куб метр шинэс мод бэлтгэх ЗАА21-080162 гоожийн аваад хэлтэс дотор ороод ирсэн юм. Миний нүдээр харахад нойтон мод цагаалсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх 51-55/,

Гэрч Б.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан. Жижүүрийн 80251102 дугаар руу байгаль хамгаалагч Ш.Тарав модтой хоёр машин Онгоц буудлын колонкийн хажууд байна гэсний дагуу 2 цагдаа явуулсан. Тэгээд тухайн 2 цагдаа машинуудыг шалгаад журмын хашаанд байршуулсан. Тухайн машины 2 жолооч нь унанги мод бэлтгэсэн гэж хэлээд 21-080162 дугаартай мод бэлтгэх эрхийн бичгийг үзүүлэхээр нь эрхийн бичгийг нь аваад өглөө моднуудыг нь нягталж үзэхээр болсон. Би 2021 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 09 цагт журмын хашаа руу орж үзэхэд нойтон мод байсан юм. Тухайн моднуудад ачсан моднууд цагаан голтой моднууд байсан. Өмхтэй болон унанги моднууд байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх 66-67/,

Гэрч Л.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 8 сарын 06-ны өдөр Г.Р, ******* нар өрөөнд орж ирээд өргөдөл өгсөн. Тэр өргөдөл нь 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдөр бичигдсэн байсан ба тухайн өргөдлийг нь хараад Б.Дн дугаар луу залгаж асуухад Т.Б байхгүй учраас 3 куб хэрэглээний модны эрхийн бичиг бичээд явуулчихгүй юу гэж надад утсаар хэлсэн юм. Тэгээд Г.Р 6 метр куб хэрэглээний модны цохолтоос 3 куб модыг хэрэглээний модны 21-080187 дугаартай эрхийн бичгийг Г.Р, үлдсэн 3 куб модыг галын түлээний модны 21-080189 дугаартай мод бэлтгэх эрхийг бичгийг *******д бичиж өгсөн. 3 куб модны галын түлээний модны 21-080189 дугаартай мод бэлтгэх эрхийн бичгийг иргэн ******* нарт Б.Д цохолтоор бичиж өгсөн юм. Цэвэрлэгээний ажлаар тус тус мод бэлтгэх эрхийн бичиг олгосон юм...” гэсэн мэдүүлэг /хх 70-73/,

Гэрч Г.Р мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 8 сарын 06-ны өдрийн өглөө 10 цагийн үед байгаль хамгаалагч, байцаагч Г 3 куб хэрэглээний модны гоожин авсан. Би гоожин аваад хөдөө гэрээрээ ороод хувцсаа солиод Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн нутаг “Гунзаны шар жалга” гэх газар руу мод бэлтгэхээр явсан. Тухайн газарт очоод унанги болон хуурай шинэс модыг 30-47 ЗАА улсын дугаартай Пронтер маркийн машинтай ганцаараа мод бэлтгэсэн юм. Би модоо бэлтгэж дуусаад, ачаалаад тухайн газраа Тосонцэнгэл сум руу явсан юм. Онгоц буудлын хажуу талд машинаас буугаад хартал миний ард талд ******* машин зогсчихсон байсан. Тэр үед цагдаа нар ирээд машин болон мод бэлтгэх эрхийн бичиг асуусан. ******* машинаасаа буугаад миний машины дэргэд ирээд, би мод бэлтгэх гоожингоо гэртээ мартчихсан байна гэж хэлэх үед нь надад мод бэлтгэх эрхийн бичиг байгаа гэж хэлсэн. Тэр үед ******* “надад мод бэлтгэх эрхийн бичиг байгаа, хамт явж байгаа гэж хэлээд өгье” гэж хэлсэн. Тэгээд ******* “за тэгээрэй” гэж хариу хэлсэн. Тэгээд би өөрийн унаж яваа машинаа модтойгоо цуг цагдаагийн хэлтсийн тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд оруулсан. Тухайн үед би ******* хамт мод бэлтгэсэн зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 74-75/,

Гэрч О.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн босоо модны 2 ширхэг хожуул нь модны хажууд дорцов хэсэг нь байхгүй байсан. Тухайн авчирсан 2 ширхэг тайрсан модны тайрдас нь уг 2 ширхэг босоо модны дунд хэсгээс тайрч авсан байх магадлалтай байсан...” гэсэн мэдүүлэг /хх 76-77/,

Гэрч Ө.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн босоо 2 модны хажуу дорцов хэсэг нь байхгүй байсан. Бэлтгэсэн босоо 2 ширхэг хожуулын унасан хэсгийн тайрдасны дунд хэсгээс Цагдаагийн хэлтсийн тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд хураагдсан модны тайрсан хэсгийг аван хэргийн газрын нөхөн үзлэгээр харьцуулахаар мод бэлтгэсэн гэх газар очиж тохируулсан. Тухайн модны тайрдас хэсгийн дунд хэсгээс тайрч авч явсан модны хэсэг тохирч байсан. Тухайн 2 ширхэг босоо мод нь 2.50 метрийн урттай байсан болохоор хэрэглээний модонд тооцно галын түлээний мод биш юм...” гэсэн мэдүүлэг /хх 81/,

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн экологи эдийн засгийн үнэлгээ тогтоох шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 20 дугаартай “...Иргэн ******* ойгоос бэлтгэсэн мод нь шинэс /хар мод/ хар байна. Тухайн бэлтгэсэн моднууд нь ангиллын хэрэглээний нойтон, хуурай мод байна. Хамаарч байгаа үндэслэл нь 2,20 см-ээс дээш урттай мод хэрэглээний модонд хамаарах. Иргэн ******* бэлтгэсэн 1,771 метр куб хэрэглээний нойтон мод, 0,22 метр куб хэрэглээний хуурай мод байна. Иргэн ******* мод бэлтгэсэн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн “Гунзаны шар жалга” гэх газар ойн сангийн 2-р мужлалд хамаарна...” гэсэн дүгнэлт, тоолуурын хүснэгт  /хх 88-90/,

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн экологи эдийн засгийн үнэлгээ тогтоох шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 24 дугаартай “...Иргэн ******* бэлтгэсэн 25 ширхэг мод нь босоо нойтон мод, унанги хуурай мод байна. Иргэн ******* бэлтгэсэн 25 ширхэг модны 22 ширхэг нь босоо нойтон мод, 3 ширхэг нь унанги хуурай мод байна. Иргэн ******* бэлтгэсэн 25 ширхэг мод нь уртаас гадна бусад шинжээрээ  яргүй, өмхгүй, зүсвэр хийх боломжтой. Иргэн ******* ойгоос бэлтгэсэн гэх хэргийн газрын үзлэгээр хуурай 2 хожуул огтолж 8 ширхэг шургааг мод бэлтгэсэн байх ба тухайн 8 ширхэг шургааг нь 40-13 ЗАА улсын дугаартай пронтер маркийн тээврийн хэрэгсэл дээр 3 ширхэг 2.5 метрийн урттай хэрэглээний хуурай мод байсан 5 ширхэг мод нь байгаагүй. ...Иргэн ******* бэлтгэсэн 22 ширхэг хэрэглээний мод дүгнэлтийг 2.20 метрээс дээш урттай хэрэглээний нойтон байсан учир нойтон мод гэж дүгнэлт гаргасан...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх 96-97/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр /хх 6-13/ тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч ******* “...Би 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 13 цагийн үед байгаль хамгаалагч, байцаагч Галбаатараас 3 куб метрийн галын түлээний модны гоожин авсан. Би гоожин аваад гэрээрээ ороод унд цай уугаад Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн нутаг Гунзаны шар жалга гэх газар руу мод бэлтгэхээр явсан. Тэгээд тухайн газар очоод унанги болон хуурай шинэс модыг 46-13 ЗАА улсын дугаартай пронтер маркийн машинтай ганцаараа мод бэлтгэсэн юм. Тэгээд би модоо бэлтгэж дуусгаад, ачаалаад тухайн газраас Тосонцэнгэл сум руу орж ирсэн. Идэр голын гүүрээр орж ирж байхад цагдаа нар зогсоосон. Тэр үед миний машины урд талд бас нэг миний машинтай адилхан машин зогссон байсан. Тэгээд нэг цагдаа ирээд машины бичиг баримт болон мод бэлтгэх бичгээ үзүүлнэ үү гэж надад хэлсэн. Тэр үед би гэртээ цай ууж байхдаа мод бэлтгэх гоожингоо мартчихсан байсан. Тухайн үед би галын түлээний мод бэлтгэх журмыг нь зөрчиж хэрэглээний мод бэлтгэж оруулж ирсэн нь миний буруутай үйлдэл юм. Би өөрийн мод хөрөөддөг цахилгаан хөрөөг ашигласан. Тухайн үед цагаалахдаа гарцаараа байсан, надаас өөр хүн байгаагүй. Би мод цагаалахдаа 46-13 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан зөөвөрлөж оруулж ирсэн...” гэсэн мэдүүлэг нь ойгоос зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэж тээвэрлэсэн гэх үйл баримтыг баримтыг давхар нотолж байна гэж үзээд шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч ******* дээрх үйлдлийн улмаас байгаль экологид 1,221,150 төгрөгийн хохирол учирсан болох нь Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн экологи эдийн засгийн үнэлгээ тогтоох шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 20 дугаартай “...Иргэн ******* бэлтгэсэн 1,771 метр куб хэрэглээний нойтон мод, 0,22 метр куб хэрэглээний хуурай мод байна. Иргэн ******* мод бэлтгэсэн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн “Гунзаны шар жалга” гэх газар ойн сангийн 2-р мужлалд хамаарна. Тухайн мод бэлтгэсэн мужид 1м3 хэрэглээний нойтон модны экологи эдийн засгийн үнэлгээ 363,436 төгрөг, хэрэглээний хуурай модны экологи эдийн засгийн үнэлгээ 109,760 төгрөг байна. ******* ойгоос хийж бэлтгэсэн дээрх моднуудын экологи эдийн засгийн үнэлгээ. БОАЖ-ын сайдын 2020 оны А/176-р тушаалыг үндэслэн экологи эдийн засгийн үнэлгээг тогтооход 2-р мужийн 1м3 шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь хэрэглээний нойтон модонд 369,436 төгрөг, итгэлцүүр болох 1,8-аар үржин бодож 1 метр куб модны эдийн засгийн үнэлгээ 664,984 төгрөг, бэлтгэсэн 1,771 м3 хэрэглээний нойтон модны экологи эдийн засгийн үнэлгээ 1,177,686 төгрөг байна. Бүх төрлийн хуурай модонд 2-р мужийн 1м3 шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь хэрэглээний хуурай модонд 109,760 төгрөг, итгэлцүүр болох 1,8-аар үржин бодож 1 метр куб модны эдийн засгийн үнэлгээ 197,568 төгрөг, бэлтгэсэн 0,22 м3 хэрэглээний модны экологи эдийн засгийн үнэлгээ 43,464 төгрөг байна. Нийт экологи эдийн засгийн үнэлгээ нь 1,221,150 төгрөг болж байна...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч ******* холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч ******* ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 1.771 метр куб хэрэглээний нойтон мод, 0.22 метр куб хэрэглээний хуурай шинэс төрлийн мод бэлтгэж, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын төв руу 46-13 ЗАА улсын дугаартай пронтер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн үйлдэл нь зөвшөөрөлгүй хууль бусаар ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байна.

Иймд шүүгдэгч ******* үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт “...ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж заасны дагуу шүүгдэгч ******* нь ойн санд нийт 1,221,150х3=3,663,450 төгрөгийн хохирлыг учруулсан байх ба тэрээр ойн санд учруулсан 3,663,450 төгрөгийн хохирлыг төлж барагдуулах талаар иргэний нэхэмжлэгчтэй тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж заажээ.

Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “...урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлж, иргэний нэхэмжлэгчтэй эвлэрлийн гэрээ байгуулсан зэргийг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Kia Frontier” маркийн 46-13 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл түүний аав Р.Ж өмчлөлийнх болох нь шүүгдэгчийн “...Уг машин нь миний аав Р.Ж машин байгаа юм...” гэсэн мэдүүлэг, “...эзэмшигч Г.Э...” гэсэн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Хятад улсад үйлдвэрлэгдсэн цагаан өнгийн цахилгаан хөрөө нь шүүгдэгчийн өмчлөлийнх болох нь түүний “...Би өөрийн мод хөрөөддөг цахилгаан хөрөөг ашигласан...” гэсэн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт албадлагын арга хэмжээний төрлийг “үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах, эмнэлгийн чанартай, хөрөнгө, орлогыг хураах” гэж ангилахаар заажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авах, бусад этгээдийн өмчлөлийнх болох нь тогтоогдсон тохиолдолд түүний үнийг гаргуулах албадлагын арга хэмжээ авах талаар заасан байх тул шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Kia Frontier” маркийн 46-13 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг өмчлөгч Р.Ж буцаан олгож, тээврийн хэрэгслийн үнэ 5,000,000 төгрөг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Хятад улсад үйлдвэрлэгдсэн 50,000 төгрөгийн үнэ бүхий цагаан өнгийн цахилгаан хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 1,771 м3 хэрэглээний нойтон,0,22 м3 хэрэглээний хуурай модыг тус тус улсын орлого болгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгчид хохирол төлбөрт 3,663,450 төгрөг төлөхийг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 30 дугаартай, 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 22 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт *******г зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг, иргэний нэхэмжлэгчид хохирол төлбөрт 3,663,450 төгрөг төлөхийг тус тус дурдсугай. 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 5,000,000 төгрөгийн үнэ бүхий “Kia Frontier” маркийн 46-13 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг өмчлөгч Р.Ж олгож, тээврийн хэрэгслийн үнэ 5,000,000 төгрөг, Хятад улсад үйлдвэрлэгдсэн цагаан өнгийн 50,000 төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 1,771 м3 хэрэглээний нойтон, 0,22 м3 хэрэглээний хуурай модыг тус тус улсын орлого болгосугай.

7. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 30 дугаартай, 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 22 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, шүүгдэгч ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус  хүчингүй болгосугай.

8. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Б.ӨЛЗИЙХИШИГ