Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2020/0401

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Б даргалж, шүүгч А.Н, О.Оюунгэрэл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 2 дугаар танхимд хийсэн хуралдаанаар Б.М, Г.О, Б.О, Г., Н.Мөнхнасан нарын нэхэмжлэлтэй Монгол Улсын Их Сургуулийн удирдах зөвлөлд холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч:

,

Хариуцагч: Монгол Улсын Их Сургуулийн удирдах зөвлөл

            Нэхэмжлэлийн шаардлага: “Монгол Улсын Их Сургуулийн удирдах зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 02 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 4 дүгээр баганан дахь Хууль зүйн сургуулийн ерөнхий суурь, мэргэжлийн суурь болон мэргэжлийн хичээлүүдийн нэг багц цагийн төлбөртэй холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.М, нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч Б.О итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Г., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. К.н, Л.Эа,шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, иргэдийн төлөөлөгч Ж.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Маргаан бүхий тогтоол нь 2018 оны 6 дугаар сарын 6-н өдөр гарсан. Тогтоолыг 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Монгол Улсын Их сургууль албан ёсны вэб хуудсаараа оюутнуудад мэдэгдсэн. Тогтоолыг мэдсэн дариудаа буюу 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Мөн хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим, шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт зааснаар захиргаа үйл ажиллагаандаа баримтлах зарчим буюу захиргааны үйл ажиллагаа, акт нь зорилгодоо нийцсэн байх, бодит нөхцөлд тохирсон байх, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэсэн зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Энэ зарчмын агуулга нь захиргааны байгууллагын шийдвэр нь захиргааны байгууллагын зорилгод нийцсэн байх ёстой. Тус шийдвэрийг гаргаж хэрэгжүүлж буй арга нь зорилгодоо тохирсон. Шийдвэр нь үндэслэл бүхий буюу бодит нөхцөлд нийцсэн байх ёстой гэсэн шалгуураар зарчмын агуулгыг тайлбарлаж байгаа. Энэ зарчмыг хэрэгжүүлэхэд анхаарах зүйл нь захиргааны сонгох боломж юм. Үүнтэй холбоотой захиргааны актыг бичгээр гаргах, бичгээр гаргах захиргааны актад тавигдах шаардлага гэсэн зарчмын үндэслэлийг тайлбарлахад. Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйл, 24 дүгээр зүйл, 25 дугаар зүйл, 40 дүгээр зүйлүүдийг үндэслэл болгож тайлбарлаж байна. Зорилгодоо нийцсэн байх гэдгийг тогтоохын тулд зорилгод нийцсэн зөв аргыг авч хэрэгжүүлэхийн тулд захиргааны байгууллага хэд хэдэн аргыг харьцуулсан байх ёстой. Тэгэхээр хэргийн материалд авагдсан Монгол Улсын Их сургуулийн Удирдах зөвлөлийг 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 2 дугаар тогтоолыг гаргахдаа ямар ямар арга хэрэгсэл байж болох өөр бусад аргууд байж  болох юм. Үүнээс төлбөрийг нэмэх нь хамгийн зөв арга мөн эсэх дээр ямар нэг харьцуулсан шинжилгээ, судалгаа хийгээгүй. Гэтэл энэ нь Захиргааны ерөнхий хуулиар захиргааны байгууллагад оногдуулсан үүрэг юм. Зорилгодоо нийцээгүй, бодит нөхцөл байдалд нийцээгүй гэж тодорхойлж байгаа учир нь нэг багц цагийн төлбөр нэмэх тооцоолол нь үндэслэл бүхий биш байна гэж үзэж байгаа. Хэргийн материалд төлбөр нэмэх тооцоолол гэсэн хоорондоо ялгаатай хоёр баримт гаргаж өгсөн байдаг. Нэг баримтад нь Монгол Улсын Их сургуулийн хууль зүйн сургуулийн ерөнхий эрдмийн хичээлийн төлбөрийг 18200 төгрөгөөр нэмэгдүүлнэ гэж тайлбарласан байдаг. Нөгөө баримтад нь 22200 төгрөгөөр нэмэгдүүлнэ гэж тайлбарласан байдаг. Энэ нь тооцоо нь үндэслэлтэй байгаагүй гэдгийг харуулж байна.

Мөн сургуулиудын өртгийг тооцоод өртөг дээр үндэслэж энэ тооцооллыг гаргасан гэж байна. Гэтэл төлбөрийн үндэслэлийг танилцуулсан баримтад Байгалын ухааны сургууль болон Нийгмийн ухааны сургуулийн төлбөрийг бодит өртгөөр тооцож Бизнесийн сургууль, Хууль зүйн сургуулийн бодит өртгийг 20 хувиар нэмэгдүүлснээр тооцсон гэх боловч Хууль зүйн сургуулийн төлбөрийг нэмэхдээ хууль зүйн сургуулийн нэг багц цагийн төлбөрийн бодит өртгийг 20 хувиар нэмэгдүүлж тооцоод түүн дээрээ үндэслэж 2018-2019 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийг тогтоосон байна гэдэг нь харагдаж байна. Нэг багц цагийн төлбөр нэмэгдүүлэх тухай бодит нөхцөл байдал бүрдээгүй байсан гэж үзэж байна. Үндэслэл нь  төсвийн тооцоолол төсвийн гүйцэтгэлээс бага байна. Төлөвлөж байсан төсвөөсөө өндөр төсөв орж ирсэн. Зарлагыг үзвэл төсөвлөсөн зарлага нь зарлагын гүйцэтгэлээсээ бага байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас Хууль зүйн сургуулийн бодит өртгийг 20 хувиар нэмэгдүүлэн тооцсон, эсхүл төлбөрийг тооцохдоо бодит өртгийг нэмэгдүүлэн тооцсон өртгөөс тооцсон гэж зөрүүтэй тайлбарладаг.

... тэгэхээр бид субъектив эрх буюу нэхэмжлэгч тус бүр дээр авч үзэхээр 48.4 хувиар буюу хэт өндөр хувиар нэмэгдсэн бодит нөхцөл байдалд нийцээгүй гэж үзэж байгаа. Хариуцагчийн гаргаж байгаа 20 хувиар нэмэгдсэн гэх тайлбар нь нарийвчилсан буюу бидний субъектив эрхтэй хамаарах тайлбар биш. Зөвхөн төлбөрийн нэмэгдлийнхээ хувийг бага хувь болгож харагдуулах гэсэн дундаж тооцоог гаргаж ирж байгаа хувь юм. Төлбөр нэмэх үндэслэл байгаагүй гэдгийг харуулах зүйл нь 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр буюу тайлант жилийн эцсийн байдлаар дансанд эерэг 1,4 тэрбум төгрөгтэй байгаа. Хариуцагчийн зүгээс хичээлийн жил, санхүүгийн жил өөр гэж тайлбарладаг. Гэхдээ бид намрын улирлын хичээлийн төлбөрийг намар төлөөд хаврын улирлын хичээлийн төлбөрийг 1 дүгээр сард төлдөг. Хариуцагч талын тайлбарласан логикоор тайлбарлавал бидний 8 дугаар сард төлсөн сургалтын төлбөр намрын улиралд зарцуулагдаад, 1 дүгээр сард төлсөн төлбөр нь хаврын улиралд зарцуулагдах ёстой. Тэгж байж нэг багц цагийн өртөг дээр үндэслэж тооцоо гаргаад өртгөө буцаагаад оюутнууддаа зарцуулаад байгаа гэх тайлбартай нь уялдах ёстой.

Сургуулиас илүүлсэн тайлбар, тайлан тооцоог харахаар багш нарын цалин дээр мэдэгдэхүйц өөрчлөлт гарсан зүйл байхгүй. Гэтэл их сургуулиудын төсвийг авч үзвэл багш нарын  цалин үнэмлэхүй хувийг эзэлдэг. Үнэмлэхүй хувийг эзэлж байгаа зардал нь өөрчлөгдөөгүй байхад өөр бусад ямар үндэслэлээр сургалтын төлбөрийг нэмэгдүүлж байгаа  талаар хариуцагч нар ойлгомжтой байдлаар тайлбарлаж шийдвэр гаргах ёстой байсан. Гэтэл цалин нэмэгдээгүй байхад төлбөрийг 50 хүртэл хувиар нэмэгдүүлсэн нь үндэслэлгүй байна.

2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар Хууль зүйн сургуулийн баланс нь 1.5 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 1.7 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна. Сургуульд хэдэн төгрөгийн орлогын эх үүсвэр шаардлагатай  байгаа талаар тайлангаас нь харж алдагдалтай ажиллаж байгаа юм уу? хүрэлцэхгүй байгаа юм уу гэх тайлбарыг харж итгэж үнэмших ёстой. Гэтэл тайланг хархаар оны төгсгөлд 1.5 тэрбум төгрөгийн эерэг үлдэгдэлтэй. Дараа оных нь төгсгөлд 1,7тэр бум төгрөгийн эерэг үлдэгдэлтэй байна. Тэгэхээр ямар үндэслэлээр 50 хувь нэмэгдүүлж байгаа нь тодорхойгүй байна.

Бодит нөхцөл байдалд нийцсэн хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь зорилгодоо нийцсэн байх гэдгийг Захиргааны ерөнхий хуулийн дагуу яаж шалгах боломжтой вэ гэхээр сонгох боломжоо хэрэгжүүлсэн эсэх, сонгох боломжтой холбоотой нотлох үүргээ гүйцэтгэсэн эсэх гэдэг байдлаар шалгах боломжтой гэж үзэж байгаа.

Гэтэл Монгол Улсын Их сургуулийн дүрмийн 8 дугаар бүлэгт эдийн засгийн баталгааг заасан. Үүнд нийт 12 их үүсвэрээс Монгол Улсын Их сургуулийн төсөв бүрдэнэ гэж заасан. 2018-2019 оны хичээлийн жилийн оюутны багц цагийн төлбөрийг шинэчлэн тогтоох танилцуулгад бусад 11 төрлийн эх үүсвэрээс ямар нэг санхүүжилт орж ирж байгаа эсэх, тэр санхүүжилтийг нэмэгдүүлэх боломжтой эсэх талаар ямар нэг харьцуулсан тооцоо судалгаа байхгүй. Монгол Улсын Их сургуулийн Удирдах зөвлөл нь сонгох боломжоо хэрэгжүүлээгүй. Үүнтэй холбоотой судлах үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэж байна.

... Өмнөх шүүх хуралдаанууд дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь төсвийн санхүүжилт зогссон эсхүл орж ирэх нь тодорхойгүй гэх тайлбар өгч байсан. Гэтэл хариуцагчийн иш татаж яриад байсан Боловсролын тухай хуулийн санхүүжилттэй холбоотой заалтад орсон нэмэлт өөрчлөлтийг харахад их дээд сургуулиудын төсөвтэй ямар ч хамааралгүй, их дээд сургуулиудын төсвөөс санхүүжүүлэхтэй ямар ч хамааралгүй зөвхөн коллеж, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийг төсвөөс гаргаж санхүүжүүлдэг болгосон байна. Төсвөөс санхүүжилт олгох нь хуулиар баталгаажсан хэвээр байна.

... Нэхэмжлэл гаргах үед Монгол Улсын Их сургуулийн санхүү төлөвлөлт хариуцсан дэд захирал н.Ундрам гэх хүн байсан. Тэр хүний өгсөн ярилцлага Монгол Улсын Их сургуулийн албан ёсны вэб хуудсанд тавигдсан. Ярилцлагадаа энэ жилийн сургалтын төлбөрийн өсөлтийг бид сургалт судалгааны чанарыг нэмэгдүүлэх оюутны сурч амьдарч байгаа орчих болоод багш нарын оюуны хөдөлмөрөө эрхэлж байгаа орчинг сайжруулах, шилдэг оюутныг сурахад дэмжлэг үзүүлэх, оюутнуудыг ном товхимол бусад шаардлагатай зүйлсээр хангах, сургалтын тоног төхөөрөмжөө илүү сайжруулахад зарцуулна гэсэн. Бид ямар өртгөөр бий болсон боловсролын үйлчилгээ, сургалтын үйлчилгээг авах гэж байгаа талаар бодит тооцоог үндэслэж бидний сургалтын нэг багц цагийн үнэ гарч ирэх ёстой.

н.Узахирлын ярилцлагаас үзэхэд ирээдүйд хийх гэж байгаа зүйлийн өртгийг тооцоолоод түүний санхүүжилтийн төсвийг биднээс бүрдүүлэх байдлаар төлбөрийг 50 хувиар нэмэгдүүлж авсан гэж харагдаж байна.  Эдгээр үндэслэлүүдийг авч үзээд акт нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон,  шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн байна гэж үзэж байна.

Нэхэмжлэгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол Улсын Их сургууль нь захиргааны байгууллага. Захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хуулиар эрх олгосноос бусад зүйл зөвшөөрөгдөхгүй.

... Төсвийн онцлог нь төсвийн дийлэнх хэсэг нь оюутнуудын төлбөрөөс бүрдэж байгаа. Тиймээс бидний хяналт байх ёстой. Байгалийн ухааны сургууль байх ёстой гэж байгаа бол Улсын Их Хурал өөрөө эрх хэмжээнийхээ хүрээнд төсөвлөөд байгалийн ухааны салбарыг цаашид авч явж болно. Гэхдээ бусад сургуулиудын оюутнуудын төлбөрөөс авах нь үндэслэлгүй. Хэрэв үндэслэлтэй байсан бол тодорхой хэмжээний хууль тогтоомж эсхүл Монгол Улсын Их сургуулийн дүрэм, сургалтын журмаар зохицуулагдах ёстой. Гэтэл тодорхой зохицуулалт байхгүй байхад та бүхний сургалтын төлбөрийг Байгалийн ухааны сургуульд зарцуулж байгаа нь үндэслэлгүй байна. 

... мөн хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг зөрчсөн гэж үзэж байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь хэсэгт эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх боломжтой эрх ашгийг хамгаалахаар заасан. Уг зарчмын агуулга нь захиргааны эрх зүйн харилцаанд нэг талаас бүрэн эрх олгогдсон захиргааны байгууллага нөгөө талаас ямар нэг бүрэн эрх олгогдоогүй иргэнтэй харилцаж байгаа харилцаа. Иргэн уг харилцаанд оролцохдоо хууль ёсны итгэлтэй байх ёстой буюу. Хэзээ нэг цагт захиргаа миний эрх ашгийг хөндөхүйц шийдвэр гаргахгүй гэх итгэлийг хуулийн уг заалтаар хамгаалж байгаа ба нэхэмжлэгч нарын хувьд 5 жил сурч байгаа. 5 жилийн дараа дипломоо авснаар бидний энэ сургуульд сурсны үр дүн гарна. Бид 5 жилийн хугацаанд энэ төлбөрийг төлж чадна гэсэн хууль ёсны итгэл байх ёстой. Гэтэл 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн Удирдах зөвлөлийн тогтоол нь ямар эрх зүйн үр дагаврын бий болгосон бэ гэхээр бидэнд ямар ч сонгох, татгалзах боломжийг олгохгүй байгаа. Бид 4 жил сурсан 5 дахь жилдээ сураад үр дүнгээ үзэж диплом авах ёстой байтал 4 дэх жилд нь төлбөрийг 50 хувиар нэмэгдүүлэхээр бид хэн нэгнээс зээлээд ч болов төлбөрөө төлж үр дүнгээ амсахгүй бол 4 жил сурсны үр дүн гарахгүй. Төлбөр нэмсэн актаас болж хэдэн оюутны цаашид суралцах боломж бололцоог хаасныг ярих шаардлагатай.

Анх бид 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр элсэн орж суралцаж байхад Монгол Улсын Их сургуулийн нэг багц цагийн дундаж төлбөр нь 53100 төгрөг байсан. Анх биднийг орж байхад та бүхэн одоо 70500 төгрөг төлнө. 5 дугаар курс хүртлээ 59000 төгрөг болж буурна гэж төлбөрийн хүснэгт гаргаж танилцуулж байсан. Эхний жил 70500 төгрөг төлөөд дараагийн жилээс нэмэгдсэн. Гэтэл 4 дүгээр курс төгсөөд 5 дугаар курст орох жил маргаан бүхий акт гарч төлбөрийг 50 хувиар нэмэгдүүлсэн. Энэ нь бидний хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг зөрчсөн. Анх Монгол Улсын Их сургуульд орохдоо 5 жилийн хугацаанд энэ төлбөрийг төлөөд эрх зүйч болж төгсөх боломжтой юм байна гэж тооцоолох боломжтой байх ёстой. Гэтэл ямар ч тооцоолох боломжгүйгээр анх буурлаа гэж байсан бол одоо 50 хувиар өсгөсөн байна.

Нэхэмжлэлийн шаардлага гаргасантай холбогдуулж Монголын болон гадаад улсын их сургуулийн төлбөрийг харьцуулж авч үзсэн. Хэрэв тухай үед сургуульд ороход нь хэдэн доллар төлөхийг тодорхой заасан. Тухайн оюутан сургуульд орохдоо би 4 жилийн хугацаанд нийт тэдэн төгрөг төлнө гэдгээ мэдэж байдаг. Гэтэл Монгол Улсын Их сургууль эхний жилд тогтоосон төлбөрөө жил бүр өөрчилдөг. Монгол Улсын Их сургууль төлбөрөө нэмэх байсан бол таны 1 дүгээр курсын төлбөр ийм байна. 2 дугаар курст ороход тэдэн хувиар нэмэгдүүлнэ гэх зэргээр тайлбарлаж байсан бол бид үүнийг 5 жилийн өмнөөс тооцоолох боломжтой байсан. Гэтэл бидэнд эдийн засгийн байдлаа мэдэх боломж олгохгүйгээр төлбөрийг гэнэт нэмсэн. Нэмэхдээ 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдөр тухайн актыг баталсан байж хичээл сонгох өдөр буюу 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр мэдэгдсэн. Тиймээс хууль ёсны зарчмыг зөрчсөн гэж үзэж байна” гэв.

Нэхэмжлэгч Г. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлыг тогтоох чиг үүрэг захиргааны байгууллагад байгаа. Захиргааны байгууллага хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй байна. Хэрэгжүүлсэн бол баримтаа шүүхэд гаргаж өгөх ёстой. Одоогийн байдлаар шүүхэд гаргаж өгөөгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлд сонсох ажиллагаа хийхгүй байх нөхцөл байдлыг заасан. Хуульд заасан сонсох ажиллагаа хийхгүй байх үндэслэлийн алинд хамаарч байгаа талаар тайлбарлах шаардлагатай. Нэхэмжлэгч нар бол сонсох ажиллагаа хийхгүй байх үндэслэл байгаагүй гэж үзэж байна.  2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр өөрийн вэб сайтад тавьж 24-ний өдөр хэрэгжиж энэ төлбөрийг төл эсхүл 1 жил түдгэлзэж дараа жил төгс гэдэг нөхцөл байдал үүссэн. Мэдэгдэх ажиллагааны гол онцлог нь захиргааны акт гарсан. Та гомдол гаргах эрхтэй гэдэг утгыг илэрхийлдэг. Гэтэл иргэний гомдол гаргах эрхийг шууд хязгаарласан. Маргааш нь аргагүй нөхцөл байдлаар хэрэгжих нөхцөл байдал үүсгэсэн.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ирүүлсэн тайлбарт энэ бол шүүх хяналтад байдаггүй зарчим гэсэн байна. Захиргааны байгууллагын гаргасан акт бодит эсэх, зорилгодоо нийцсэн эсэхийг шүүх хянадаггүй гэх тайлбар илүүлсэн байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт шүүх нөхцөл байдлыг тогтоох үүрэгтэй гэж заасан.

... Хариуцагчийн зүгээс Монгол Улсын Их сургууль гэж нэг гэр бүл юм гэж байна. Гэтэл хүүхэд бүрдээ өөр өөр хандаж байна. Яагаад вэ гэхээр энэ нь тооцоогүй юм биш үү гэхэд тооцоотой гэсэн. Гэтэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас тооцоогүй юм биш үү үндэслэлгүй байна гэж тодорхой хэлж албан тоот явуулсан байхад Монгол Улсын Их сургууль алдаагаа засаагүй.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт зааснаар бодит үндэслэлгүй байна гэдгийг холбогдох төрийн хяналт шалгалтын байгууллага тогтоосон. Нэгдүгээр курсын оюутнуудад илүү ачаалал оноодог гэж байна. Энэ нь хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим зөрчигдөж байна гэдгийг агуулгаараа хариуцагч зөвшөөрлөө гэж үзэж байна. Сонсох ажиллагаа хийх гэж байгаа бол сонгох боломж байна гээд цахим хэрэгслээр гаргаад хийж болох байсан. Том хурлын танхимд хийж болох байсан боловч хийгээгүй. Захиргааны байгууллага хаалттай байж нэхэмжлэгч нарыг буруутгах боломжгүй гэж үзэж байна. Зарласан өдрийнхөө маргааш хэрэгжүүлсэн. Эдгээр байдлаар сонсох ажиллагааны журам зөрчигдсөн.

Бид Монгол Улсын Их сургуультай маргаагүй зөвхөн Удирдах зөвлөлийн  тогтоолтой маргаж байгаа. Энэ нь Монгол Улсын Их сургуулийн нэр төр багш нарын нэр хүндэд сэв суулгах ажиллагаа биш. Зөвхөн гаргаж байгаа шийдвэрээ бодит үндэслэлтэй гаргаж бусад захиргааны байгууллагад үлгэр жишээ байгаасай гэж хүсэж байна. Мөн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын байцаагчийн дүгнэлт хэрэгжээсэй гэж энэ дүгнэлтийг гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгч Г.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2018 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн захиргааны актыг гаргасан үндэслэлээ нотлохыг хүсэж байгаа. ... 2017 онд төлж байсан төлбөр 74600 байсан гэдэг нь нотлох баримтаар хэрэгт авагдсан. 2018 онд 111000 төгрөг болсон. Үүнийг хариуцагч хүлээн зөвшөөрч байгаа.

Нэмэгдсэн 48.4 хувь нь яг юунд зарцуулагдсан, юунд үндэслэсэн талаар хариуцагч нарын үзүүлсэн слайдаас харж чадсангүй. Хууль зүйн сургуулийнхныг харъя гэхээр харуулаагүй. Өнөөдрийн хурал дээр харуулсан слайд нь нотлох баримтын шаардлага хангаагүй. Нэхэмжлэл гаргаснаас хойш энэ нотлох баримтыг үзэхийг хүссэн. Монгол Улсын Их сургуулийн нийт үлдэгдэл төлбөр хэд байдаг, нийт хэдэн багц цаг байдаг, нэг багц цагийн өртөг хэд байдаг талаар мэдэхийг хүссэн.

Өнөөдрийн слайдаас үзэхэд 98600 гэх тоо үзүүлж байна. Үүнийг тоог нь өөрчилсөн эсэхийг ч мэдэх боломжгүй. Хууль зүйн сургуулийн төлбөрийг 48,4 хувиар нэмсэн. Хууль зүйн сургуулийнхныг харья гэхээр харуулдаггүй. Захиргааны акт яаж үндэслэлтэй болох байсан бэ гэхээр Хууль зүйн сургуулийн 2018 оны нийт зардал тэдэн төгрөг байсан. Нийт тэдэн багц цаг байсан. Үүнийг хуваагаад Хууль зүйн сургуулийн нэг багц цагийн төлбөр тэдэн төгрөг гарч байна гэж гаргаж ирэх ёстой байсан.  Хэрэв ингэсэн бол ойлгох боломжтой байсан. Удирдах зөвлөлийн хуралдааны тэмдэглэлээс үзэхэд Хууль зүйн сургууль зэрэг 3 сургуулийн төлбөрийг бодит өртөг дээр 20 хувь нэмэгдүүлсэн гэдгийг 2 газар тэмдэглэсэн байна. Өөрөөр хэлбэл бодит өртөг гэх тоог 20 хувь нэмэгдүүлсэн гэдгийг хуралдааны тэмдэглэлээрээ нотолж байна. Мөн хөндлөнгийн байгууллага бодит өртгийг тогтоогоогүй байна гэдгийг тогтоосон. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч оюутнууд тэтгэлэг авсан тул субъектив эрх хөндөгдөөгүй гэх үндэслэлгүй тайлбар хэлж байна. Захиргааны байгууллагын тайлбар нь тэтгэлэг авчхаад дуугүй бай гэсэн агуулга илэрхийлж байна. Өөрөөр хэлбэл та нарын тодорхой хэмжээний мөнгийг бид даасан тул та нарын субъектив эрх хөндөгдөөгүй гэж байна.

...Сургуулийн зүгээс бидэнд үзүүлж байгаа хөнгөлөлт биш тэтгэлэг нь оюутнуудын ур чадвар, дүнгийн голч өндөр зэрэг шалгуур үзүүлэлтээр авсан тэтгэлэг юм. Тэгэхээр энэ тэтгэлгийг авсан нь субъектив эрхийг хөндөөгүй гэж үзэх үндэслэл болохгүй” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн нэр бүхий оюутнуудын гаргасан, Монгол Улсын их сургуулийн Удирдах Зөвлөлийн төлбөрийг шинэчлэн тогтоосон 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн тогтоолын Хууль зүйн сургуулийн бакалаврын суралцагчдын 5 дугаар түвшний төлбөрийг 48 хувиар нэмэгдүүлсэн хэсгийг Б.М нарын 5 оюутанд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай захиргааны хэрэгт нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй болох тухай доорх тайлбарыг гаргаж байна.

1. Процессын эрх зүйн үүднээс: Нэхэмжлэгч нарын нэг болох Б.М нь эдүгээ Монгол Улсын их сургуулийг төгсөөд дипломоо гардан авсан байгаа, бусад 4 суралцагч нь 5 дугаар курст суралцаж байгаа тул нэгэнт манай дипломыг олж авсан хэзээ ч 5 дугаар курст суралцаж байгаагүй Б.Мд холбогдох хэсгийг тусгаарлан шийдвэрлэх нь процессын хувьд зөв болох болов уу гэж үзэж байна. Учир нь, хэдийгээр нэг актын тухайд маргаж байгаа ч нэхэмжлэгч нарын эрх зүйн байдал өөрчлөгдсөн, түүнчлэн актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийг гаргах, тодруулбал нэхэмжлэгчдээс сургалтын төлбөр төлүүлэх ажиллагааг Монгол Улсын их сургуулийн хувьд зогсоолгох зэрэг хүсэлтийг хамтран гаргаж, тайлбар гаргах зэргээр процесс ажиллагаанд оролцож байгаа, цаашид энэ төрлийн хүсэлт гарган шийдвэрлүүлэх эрх нь бас нээлттэй байгаад байгаа юм.

2. Материаллаг эрх зүйн хувьд: Нэхэмжлэгч нар нь үндсэндээ хоёр үндэслэлээр Монгол Улсын их сургуулийн тогтоолыг хүчингүй болох ёстой гэдэг ба нэгдүгээрт, төлбөр тогтоохдоо бодитой бус, ирээдүйд бий болох үйл явдал буюу багш нарыг чадавхжуулах зэрэг ажилд бидний төгссөний дараа хэрэглэгдэх үйл ажиллагаанд зарцуулахаар төлөвлөж бидний төлбөрийн хэт ихээр нэмэгдүүлсэн гэдэг.

Захиргааны байгууллагын гаргасан акт нь бодитой юу үгүй юу, зорилгодоо нийцсэн үү үгүй юу гэдгийг /германаар уг ойлголтыг Zweckmaessigkeit гэдэг/ зарчмын хувьд шүүх хянадаггүй, харин дээд шатны захиргаа л хянадаг юм. Харин шүүх бол гагцхүү маргаан бүхий акт хууль ёсны юу үгүй гэдгийг хянадаг /германаар бол Rechtsmeassigkeit/. Энэ зарчмыг ч Захиргааны ерөнхий хууль /§92.1/ болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар /§1.1, 3.1.3, 106.3 гэх мэт/ хуульчилсан байна.

Иймд Монгол Улсын их сургуулийн Удирдах зөвлөл ямар хуулийг зөрчсөн шийдвэр гаргаад нэхэмжлэгч нарын ямар хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн бэ? гэдэг нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээс тодорхой харагдахгүй байна.

Монгол Улсын их сургуулийн Удирдах зөвлөлөөс гаргасан сургалтын төлбөртэй холбоотой шийдвэр хууль ёсны гэдгийг дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

2.1. Шийдвэр гаргах ажиллагааны журмын хувьд: А. Монгол Улсын их сургуулийн захиргаа эрх хэмжээнийхээ хүрээнд уг шийдвэрийг гаргасан:

Боловсролын тухай хуулиар олгогдсон эрхийн хүрээнд суралцагчийн сургалтын төлбөрийг тогтоосон,

Монгол Улсын их сургуулийн дүрэмд Монгол Улсын их сургуулийн Удирдах зөвлөл жил бүр сургалтын төлбөрийг шинэчлэн тогтоох эрх, үүрэгтэй байхаар заасан, энэ хүрээнд бодлогын шинжтэйгээр сургалтын төлбөрийг эрдэм шинжилгээ, сургалтын үйл ажиллагааг идэвхжүүлэх, багш, ажилтны цалин хөлсийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай хэмжээнд л тооцож тогтоосон. Монгол Улсын их сургуулийн Удирдах зөвлөл нь сургалтын төлбөр тогтоох эрхтэй гэж үзнэ, уг эрхийг хязгаарласан хориглосон ямар нэгэн эрх зүйн акт байхгүй байна.

Б. Захиргааны актыг урьдчилж хуульд заасан хугацаанд мэдэгдээгүй, оюутны төлөөлөл хууль бус гэх асуудлын тухайд:

Энэ шийдвэр нь тодорхой нэг этгээдэд чиглээгүй, нийтэд чиглэсэн тул Захиргааны ерөнхий хуулийн сонсгох ажиллагааны журам үйлчлэхгүй, ийм боломжгүй. Тодруулбал, Монгол Улсын их сургуулийн нийт 20 мянган оюутанд нэг бүрчлэн сонсгох тухай ойлголт байхгүй.

Оюутны төлөөлөл Удирдах зөвлөлд оюутан конгрессын гишүүн оролцсоноор бүрэн хангагдсан байдаг. Нэхэмжлэгч нар Оюутан конгрессоос сонгогдсон гишүүн нь хуралд оролцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм байна. Ийм асуудал байдаг бол энэ нь Удирдах Зөвлөлийн хувьд мэдэх боломжгүй асуудал байна. Хамгийн гол сонсох ажиллагаа хийснээр нэхэмжлэгч нарт ямар үр дагавар үүсэх байсан бэ гэдэг нь тодорхойгүй байна.

Монгол Улсын их сургуулийн Оюутны Зөвлөл ТББ-ын удирдах зөвлөлийг Оюутан конгресс гэх бөгөөд энэхүү конгрессын гишүүн нь сүүлийн бүтэн жил удирдах зөвлөлийн хуралд оролцож ирсэн. Оюутан конгрессын гишүүнээ хэрхэн сонгосон, тэнд ямар гишүүд байдаг, хэн нь Монгол Улсын их сургуулийн удирдах зөвлөлийн хуралд орох эрхтэй зэрэг нь энэхүү ТББ-ын гишүүд хоорондын асуудал байх бөгөөд энэ төрлийн маргааныг хянан шийдвэрлэх шүүхийн харьяалал тусдаа, маргаж буй энэ актад хамааралтай биш байна.

2.2.      Материаллаг эрх зүйн шаардлага буюу агуулгын хувьд:

Маргаан бүхий шийдвэр Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль зэрэг бусад салбарын ямар нэгэн хуулийг зөрчөөгүй байна. Нэхэмжлэгч нар ч тодорхой салбар хуулийг үндэслэн маргаагүй байна.

Нэхэмжлэгч нарын зүгээс зөвхөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан бодит нөхцөлд тохирсон байх зэрэг зарчмыг зөрчсөн гэж маргаж байна. Тэгвэл бодит нөхцөлд тохирсон, үндэслэлтэй шийдвэр гаргасан гэдгийг дараах байдлаар нотолж байна.

Монгол Улсын их сургууль нь нэгдмэл нэг хуулийн этгээд бөгөөд тус сургуулийг төгссөн бүх төгсөгч нэг ижил диплом гардаж авдаг болно. 1995 оны Засгийн газрын тогтоолоор Их сургуулийг хоёр ангилалд зэрэглэсэн байдаг бөгөөд үүнд: 1. Үндэсний Их сургууль, 2. Төрөлжсөн их сургууль.

Энэ тогтоолоор Монгол Улсын их сургуулийн үндэсний их сургууль гэж тодорхойлоод, Үндэсний их сургууль нь улсын хэмжээнд шинжлэх ухааны суурь судалгааг эрхлэх, хөгжүүлэх үндсэн бааз бөгөөд эрдэм шинжилгээ, сургалт гэсэн хоёр чиг үүргийг давхар хэрэгжүүлэх үүрэг хүлээлгэсэн. Монгол Улсын их сургууль нь бүтцийн хувьд бүрэлдэхүүн 5 сургуультай, эдгээрээс Хууль зүйн сургууль, Олон улсын харилцааны сургууль, Бизнесийн сургууль нь суралцагч ихтэй, үүгээрээ орлого өндөртэй, харин байгалийн шинжлэх ухаан, түүний дотор хими, физик, биологи, математикийн гэх мэт салбарууд, мөн түүх, хэл шинжлэл, зэрэг нийгмийн шинжлэх ухааны салбар нь жил ирэх тусам элсэгч, суралцагчийн тоо буурсаар байгаа, эдийн засгийн хувьд ашиггүй салбарууд байдаг.

Гэтэл олон улсын түвшинд шинжлэх ухааны нэр хүндтэй хүлээн зөвшөөрөгдсөн сэтгүүлд энэ орлого багатай байгалийн шинжлэлийн салбарын эрдэмтэн багш нарын судалгаа хүлээн зөвшөөрөгдөж, Монгол улсын эрдэм шинжилгээний “нүүр царай” болж олон улсын түвшинд үнэлэгдэж эрэмбэлэгдэх үндсэн гол шалгуур болж ирсэн. Үүгээрээ юу хэлэх гээд байна гэхээр, орлого сайтай салбар сургуулиудын төвлөрүүлсэн хуримтлалаар элсэгчгүй шахуу болж ашиггүй ажилладаг байгалийн шинжлэлийн салбараа нөхөж, сая Үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний их сургуулийн чиг үүргээ хэрэгжүүлэх боломжтой болдог юм. Бүрэлдэхүүн сургуулиуд нь өөрийн олсон орлогыг зөвхөн өөртөө зарцуулах эрх зүйн болон бодит ямар ч боломжгүй бөгөөд цаашид ч ийнхүү төсөв нэгтгэгдэж явах эрх зүйн орчинтой. Хувийн хэвшлийн их дээд сургуулиуд зөвхөн элсэгч ихтэй, орлого сайтай хууль, эдийн засаг, олон улсын харилцаа гэдэг чиглэлээр л сургалт явуулдгийн шалтгаан ердөө л энэ,

Монгол улсад өөр ямар ч их дээд сургуульд манай сургууль шиг байгалийн болон нийгмийн шинжлэх ухааны эрдэм шинжилгээ, сургалт, судалгааг цогц байдлаар явуулдаггүй. Ингэх ч боломжгүй, шалтгаан нь байгалийн шинжлэлийн салбар нь маш өндөр зардалтай, лаборатори, тоног төхөөрөмж, технологи, боловсон хүчин гэх мэт. Иймээс ийнхүү шинжлэх ухааны бүх салбарыг цогц байдлаар хөгжүүлэх нь төрийн өмчийн үндэсний хэмжээний их сургуулийн үндсэн үүрэг байдаг, үүнийг ч төрийн бодлогын хүрээнд хүлээлгэдэг юм. Түүнээс гадна Монгол Улсын их сургуульд суралцаж буй дотоод гадаадын суралцагчдад улсдаа тэргүүлэх хэмжээний дээд боловсрол олгоход өндөр мэргэшлийн багшлах боловсон хүчин шаардлагатай бөгөөд ийм өндөр ур чадвартай багш нарын цалинг тодорхой хэмжээгээр нэмж байж ажиллуулах хөшүүрэг болно.

... 1997 оноос тус сургуулийн санхүү нь зөвхөн түүний өөрийнх нь суралцаад гарах зардалд зарцуулагдахаас гадна бусад зардалд мөн адил зарцуулагдана. Жишээлбэл, нэхэмжлэгч ялгаагүй Монгол Улсын их сургуулийн шинэ номын сангаар үйлчлүүлж байгаа, энэ барилгыг барихад 1997 оноос суралцагчийн төлбөрөөс хуримтлуулсан хуримтлалаар бий болгосон байх жишээтэй.

Монгол Улсын их сургууль төсвөөс зөвхөн ус, дулаан цахилгаан гээд урсгал зардлаа л авдаг, бусад бүх зардал, түүний дотор цалин, сургалт, судалгааны ажлын бусад бүх зардлыг үндсэндээ сургалтын төлбөрөөр л санхүүжүүлдэг. Гэтэл энэ төрөөс авдаг урсгал зардлын санхүүжилт 2020 оноос бүрмөсөн зогсохоор төлөвлөгдсөн байгаа. Төрийн өмчийн гэх манай сургуулийн барилгууд бүгд он удаан жил болсон, засвар үйлчилгээний зардалд жил бүр их хэмжээний төсөв шаардлагатай болдог. Энэ бүгдийг толилуулаад байгаагийн учир нь хууль зүйн сургуулийн хувьд төлбөрийг хоёр жил дараалан 5 дугаар түвшнийх нь хувьд нэмэгдүүлээгүй байсан тул 70,000 төгрөгөөс 112,000 төгрөг болгож нэмэгдүүлэх бодит үндэслэлтэй байсан бөгөөд сургуулийн ерөнхий байдлыг танилцуулах зорилготой.

Мөн дахин хэлэхэд, захиргааны акт бодит нөхцөлд тохирсон уу үгүй гэдэг нь шүүхийн хянан шийдвэрлэх хяналтад хамаарахгүй. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын их сургуулийн Удирдах зөвлөл төлбөр тогтоосон энэ үйл ажиллагаанд захиргааны шүүх энэ төлбөр нэмсэн тооцоолол үндэслэлтэй юу, тооцоо судалгаа зөв үү эсхүл буруу юу, хэдээр тогтоох ёстой байсан зэрэг асуудал руу орохоосоо илүүтэй захиргааны шийдвэр хуульд нийцэж байна уу, хууль ёсны эсэх үү гэдэгт анхаарлаа хандуулах ёстой гэж үзэж байна. Хэрэв шүүх бодит байдлыг шалгах эрхтэй гэж үзэж байгаа бол манай сургууль 1992 оноос хойш төлбөрөө яаж нэмж ирсэн, хэн ямар судалгаагаар нэмж байсан, энэ судалгаа юуг үндэслэж байгаа, зах зээлийн эрэлтэд нийцсэн эсэх, төлбөр хэт өндөр эсэх гээд шүүхийн хянан шалгах цар хүрээнээс хэтэрсэн асуудал болох болов уу. Энэ тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд заасан дахин шийдвэр гаргуулах тухай асуудал хөндөгдөх болов уу гэж бодож байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр маргаан бүхий шийдвэр нь Боловсролын тухай хуулиар олгосон эрх мэдлийн хүрээнд гарсан хууль ёсны акт болно.

... Хууль зүйн сургуулийн онцлог гэвэл цөөн орон тоон дээр маш их эрэлттэй байдаг сургууль. Энэ оюутнууд тэрхүү цөөн орон тоог авч орж ирсэн суралцагсад.

... Сургалтын журмын 4 дүгээр зүйлийн 4.13.2 дахь хэсэгт сургалтын үйл ажиллагаатай холбогдсон нэгдсэн үйлчилгээнд зарцуулна гэж заасан. Нэгдсэн үйлчилгээнд сургалтын төлбөрийг шилжүүлэх бүх асуудлууд орно. Нэхэмжлэгч нар анх 2018 оны 8 дугаар сард илт хууль бус захиргааны актад тооцуулах тухай нэхэмжлэл гаргаж нэхэмжлэлийн шаардлагаа 2, 3 удаа өөрчилсөн. Хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг 2018 оны 10 дугаар сард гаргасан. Тэгэхээр 2018 оны 8 дугаар сараас хойш 2018 оны 10 дугаар сар хүртэлх хугацааны хүчингүй болгох үндэслэлийг шүүх харгалзаж үзнэ үү. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдож байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн оюутнууд нийт 200000 төгрөгөөс 700000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэж байгаа боловч оюутнуудад 350000-1500000 төгрөгийн тэтгэлэг олгогдсон. Тиймээс субъектив эрх нь зөрчигдсөн гэж тогтоогдохгүй. Мөн нэхэмжлэгч нар энэ талаар нотолж чадаагүй гэж үзэж байна.

Эцэст нь хэлэхэд 2020 оноос эхлэн манай сургуулийн санхүү төсвийн санхүүжилт бүрэн зогсох, элсэгч цөөрөх урьдчилсан судалгаа төлөв зэргээс огцом хүндрэх дүр зурагтай байгаа бөгөөд нөгөө талдаа эрдэм шинжилгээний суурь судалгааг хөгжүүлэх их үүрэг улам их зардал шаардаж байгаа гээд олон жилийн тооцоо судалгаанд үндэслэж гарсан шийдвэр учраас нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сургалтын төлбөрийн мэдээллийг 2014 оноос хойш гаргасан. Нэхэмжлэгч нар 2014 онд элсэн суралцсан. Өртөгт суурилаагүй гэж тайлбарлаж байсан. Энэ нь өртөгт суурилсан. Монгол Улсын хэмжээнд анх удаа хичээлээр нь ялгасан. Үүнд ерөнхий суурь болон мэргэжлийн хичээл гэж байгаа. Мэргэжлийн хичээлүүд нь илүү өртөг шаарддаг. Өмнө нь 1 дүгээр курсын оюутнууд шинээр орж ирж байгаа тул төлбөрийг нь нэмэгдүүлж тавьдаг байсан. Тэр нь дараагийн жилүүдэд тодорхой хэмжээгээр нэмэгддэг, эсхүл нэмэгдэхгүй явсаар 5 дугаар курс төгсдөг байсан. Энэ жилээс цэвэр өртөгт нь суурилуулж мэргэжлийн хичээлүүдийг илүү өндөр үнээр, ерөнхий суурь хичээлийг өртөгт нь суурилуулсан.

Нэхэмжлэгч нар анх 2014 онд 1 дүгээр курст ороход суурь хураамж нь суурь хураамж нь 200000 төгрөг, багц цагийн өртөг нь 62900 төгрөг.  2015 онд 12 хувиар нэмэгдсэн. Суурь хураамж 24000 төгрөгөөр, багц цагийн төлбөр 7600 төгрөгөөр нэмэгдсэн.  2016 онд 224000 төгрөгийн суурь хураамж төлж багцын төлбөр 70500 төгрөг байна.

2014-2015 онд авсан 1 дүгээр курсын төлбөр. 2017-2018 оны хичээлийн жилд суурь хураамжийг аудитын газраас зохимжгүй байна гэсэн тул суурь хураамжийг байхгүй болгосон. Кредитийн төлбөр 74600 төгрөг болсон. 30 кредит гэж бодож үзвэл нийт нэг жилийн төлбөр 101000 төгрөгөөр буурсан. 2018-2019 оны хичээлийн жилд шинэ систем орж ирээд ерөнхий суурь хичээл болох индекс нь 100 аар эхэлдэг хичээлүүд, мэргэжлийн хичээл гэж ялгасан. Тэгэхээр өмнөхтэй харьцуулах боломжгүй болсон. Хичээлээсээ хамаараад 5 дугаар курсын оюутнууд ч гэсэн ерөнхий суурь хичээл судлах юм бол нэг багц цагийн төлбөр 98600 төгрөг л төлнө.

Бодит байдал дээр түвшин ахих тусам мэргэжлийн хичээл сонгодог ба энэ нь илүү өндөр өртөгтэй байдаг. Лекц, семинарын оюутан цөөрч нэг оюутанд ногдох лекц, семинарын өртөг нэмэгддэг, мөн лабораторийн хичээлүүд ордог ба лабораторийн хичээлийн өртөг зардал өндөр тусдаг. Өртөг тооцох журам нь нийт багш нарын цалин хичээл, практикийн зардал, ном сурах бичиг гэх зэрэг Монгол Улсын Их сургуулийн хэмжээнд гарч байгаа бүх зардлыг нэмж нийт сонгож байгаа оюутнуудын багц цагт хувааж гаргадаг. Тиймээс нэг багц цагт ногдох зардал гарна. Ингэж тооцоод 98600 төгрөг гарсан.

... Нийт багц цагт хувааж гаргасан. Бид төсөв хийхдээ санал авдаг. Санал авахдаа бүх захирал, нягтлан багш нар, тэнхимийн эрхлэгч нарын шаардлагаар тэнхим дотроо тэнхимийн эрхлэгч нарын хурал хийж захиргааны зөвлөл хуралдаж 2019 оны төсөвт юу суулгах талаар саналаа өгдөг. Бид прогноз гаргаж байгаад Монгол Улсын Их сургуулийн дараагийн жилийн төлбөр, дараагийн жилийн орлого хэд байгааг тооцож үзээд энэ бүх хүсэлтийг Монгол Улсын Их сургуулийн орлого даахгүй юм байна. Бид зарим хүсэлтүүдийг хасаж байгаа. Тэгэхээр энэ 98600 төгрөг гэдэг нь бүх боломжийг хязгаарлаж хийж байгаа төсөв гэдгийг ойлгох хэрэгтэй. Хэрэгцээ нэг оюутанд 100000 дээш төгрөгийн өртөгтэй байгаа” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Боловсролын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дугаар зүйлд зааснаар их дээд сургуулиуд байр ажиглалтын гэрэл, дулаан, цэвэр бохир ус зэргийн төлбөрийг улсын төсвөөс санхүүжүүлэхгүй гэсэн нь манайд нөлөөлж байгаа. Энэ нөлөөлөл 2019 оны төсөвт суусан байсан. Үүнтэй холбоотойгоор Сангийн яам болон Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамнаас удаа дараа албан бичиг ирсэн. Манайх улсын төсвийн санхүүжилт зогсож байгааг мэдээгүй төсөвт суулгуулсан. 2019 оны төсөв дээр 1.3 тэрбум төгрөгийг өөрсдөө даа гэсэн бичиг ирсэн.

... Сургуулийн санхүүгийн тайлангийн хугацаа 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрөөр бүх төсвийн байгууллагын цаглабараар явдаг. Хичээлийн жил бол 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 8 дугаар сарын 31-ний өдрийн цаглабараар явдаг. 9 дүгээр сарын 01-ний өдөр ирж намрын улирлын төлбөр орж тэр нь 2 улирлын бүтэн зарлал. Тодорхой хэмжээний хичээлийн зардлыг 2 хуваагаад авч байгаа ч гэсэн 7, 8 дугаар сарын багш нарын амралтын мөнгө болон зуны дадлагын мөнгө тодорхой хэмжээгээр хуримтлагддаг. Иймээс 3 сарын бүтэн зардал дараагийн улиралд үүний тодорхой хэсгүүд нь явна. Иймээс төрийн хяналтын байгууллагууд ч гэсэн өөрсдөө үүнийг үндэслээд манай хичээлийн жилийн цаглабар, санхүүгийн жилийн цаглабар зэргийг ойлгохгүйгээс болоод Монгол Улсын Их сургууль маш их мөнгөтэй үлддэг гэдэг.

... Монгол Улсын Их сургуульд Үндэсний аудитын газраас жил бүр аудит ордог. 4 жил тутам үйл ажиллагааны аудит ордог. 2016 онд Үндэсний Аудитын газраас бүрэн бүрэлдэхүүнээрээ үйл ажиллагаанд шалгалт орсон. Үүнд сургалтын төлбөрийн асуудал яриагүй. Монгол Улсын Их сургууль нэг байгууллагын хувьд нэг менежертэй. Менежер нь сайдтай үр дүнгийн гэрээ байгуулж ажилладаг. Дотоодын үйл ажиллагааг хэвийн явуулах асуудлыг бүрэн хариуцдаг тул хаана ямар асуудлаа шийдвэрлэх вэ гэдгийг өөрийн бүрэн эрхийн хэмжээнд төсвийн тухай хуулийн дагуу шийдвэрлэдэг.

...Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын хянан шийдвэрлэсэн дүгнэлтийг олон удаа дурдаж байгаа нь ашиг сонирхлын зөрчил гэж үзэж байна. Зөвхөн өөрт ашигтайгаар ашиглаж байна. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дүгнэлтийг бусад их дээд сургуулиудтай харьцуулж үзсэн зүйл байгаа юу. Ажлын байран дээр тэр хүмүүстэй өрсөлдөж гарч ирэх гэж байгаа. Энэ дүгнэлтийг зөвхөн өөртөө ашигтайгаар ашиглаж сургуулийн шийдвэрийг буруу гэж байгааг эсэргүүцэж байна. Хэн нэг хүн сайн дураараа эвлэлдэн нэгдэх, төрийн бус байгууллага байгуулах эрхтэй. Тиймээс хэн гэх хүн Оюутны холбоо гэх нэр өгчхөөд явж байгаа юм. Тэр нэрийг улсын бүртгэлийн байгууллагаас өгсөн нэр. Монгол Улсын Их сургуультай хамтын ажиллагаатай юм уу гэрээ хийж ажилладаггүй. Монгол Улсын Их сургууль төрийн бус байгууллагыг санхүүжүүлэхгүй. Төрийн бус байгууллагатай хамтарч ажиллахгүй. Оюутны холбоог төрийн бус байгууллага биш гэж байгаа учир нь Оюутны холбооны тодорхой эрх бүхий хүмүүс дэд захиралтай гэрээ хийж оюутны үйл ажиллагааг зохион байгуулдаг. Оюутны үйл ажиллагааг зохион байгуулж байгаа дээд удирдлага нь Н.Маюм” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.От шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүх энэ гомдлыг хүлээн авч хэлэлцэж байгаад харамсаж байна. Энэ асуудал нь Монгол Улсын Их сургуулийн дотоод асуудал. Захиргааны актын хувьд дотогшоо чиглэсэн акт. Энэ гомдлыг хүлээж авсан шүүгчид харамсаж байна. Захиргааны ерөнхий хууль гэх ойлголтыг сайн ойлгоогүй шүүгч энэ хэдийг үүсгэсэн байна. 5 дугаар курсын оюутнуудад мөн харамсаж байна. Монгол Улсын Их Сургууль гэх 75 жилийн түүхтэй ууган сургууль. 15 салбар сургуультай. Одоо 5 том салбар сургууль болсон эрдмийн их уурхайн оюутан гэдгээ ойлгоогүй зөвхөн Хууль зүйн сургуулийн оюутан гэх ойлголтоор ярьж байгаад харамсаж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Монгол Улсын Их Сургуулийн удирдах зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 02 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтын 4 дүгээр баганан дахь Хууль зүйн сургуулийн ерөнхий суурь, мэргэжлийн суурь болон мэргэжлийн хичээлүүдийн нэг багц цагийн төлбөртэй холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”[1] гэж өөрчилсөн байх бөгөөд уг шаардлагаа дахин дэмжсэн тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэж, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгч дараах үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Их сургуулийн Удирдах зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 02 дугаар тогтоолоор тус сургуулийн сургалтын багц цагийн төлбөрийг шинэчлэн, нэгдүгээр хавсралтын 4 дүгээр баганад Хууль зүйн сургуулийн бакалаврын түвшний ерөнхий суурь хичээлийн нэг багц цагийн төлбөрийг 98,600 төгрөгөөр, мэргэжлийн суурь болон мэргэжлийн хичээлүүдийн нэг багц цагийн төлбөрийг 111,000 төгрөг байхаар тогтоожээ[2].

Нэхэмжлэгч нар нь Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд суралцаж байсан оюутнууд байх ба хариуцагчийн сургалтын багц цагийн төлбөр тогтоох эрх хэмжээтэй маргаагүй, харин төлбөрийн хэмжээг нэмэгдүүлснийг эс зөвшөөрч нэхэмжлэлийн үндэслэлээ “хариуцагчийн маргаан бүхий акт нь захиргааны актын зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон байх талаарх хуулийн шаардлагыг хангаагүй, уг актын үйлчлэлд хамаарах этгээдүүдийн хууль ёсны итгэлийг хамгаалаагүйн дээр актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулиар тогтоосон шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн тул маргаан бүхий акт нь хууль бус болсон” гэж тайлбарласан.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э, К.А, Б. нараас “маргаан бүхий акт нь тус сургуулийн бодит өртөгт суурилсан бөгөөд Монгол Улсын их сургууль нь үндэсний хэмжээний сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний байгууллага болохынхоо хувьд зөвхөн эрэлт бүхий мэргэжлээр сургалт явуулах боломжгүй тул эрэлт багатай боловч зайлшгүй шаардлагатай сургалтыг санхүүжүүлэх шаардлагаар Хууль зүйн сургуулийн нэг багц цагийн сургалтын төлбөрийг нэмэгдүүлэн тогтоосон нь бодит нөхцөл байдалд тохирсон ба уг шийдвэрийг гаргахдаа шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчөөгүй, түүнчлэн актын улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй тул маргаан бүхий акт хууль тогтоомжид нийцсэн. Мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 536 дугаар магадлалд сургалтын төлбөрийг нэмэх болсон нарийн тооцоолол судалгааг гарга гэсний дагуу сургалтын төлбөрийг нэмэх тухай удирдах зөвлөлийн шийдвэр гаргах үед төлбөрийн тооцооллыг гаргасан байсан. Монгол Улсын их сургууль 20000 гаруй оюутантай учраас оюутны төлөөлөл Г.М-ыг оролцуулж хууль журмын дагуу сургалтын төлбөрийг нэмсэн. Монгол Улсын их сургуулийн Удирдах зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 02 дугаар шийдвэрийг хүчингүй болговол 2019 оны эцэст сургуульд 2,1 тэрбум гаруй төгрөгийн хохирол учирч, багш ажилчдынхаа цалинг олгож чадахгүй нөхцөл байдал үүснэ. Өнөөдрийн байдлаар нэхэмжлэгч нар сургуулиа төгссөн. Боловсролын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д зааснаар тус сургуульд суралцагч гомдол гаргах эрхтэй. Үүнийг шүүхээс анхаарч үзнэ үү” гэж тус тус маргасан.

Монгол Улсын их сургуулийн Удирдах зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 02 дугаартай тогтоолын холбогдох заалт нь нэхэмжлэгч нарын хувьд сургалтын багц цагийн төлбөрийг нэмэгдүүлсэн байдлаар төлөх үр дагаврыг үүсгэсэн, заавал биелэгдэх шинжтэй, зөвхөн тус сургуулийн хэмжээнд 2018-2019 оны хичээлийн жилд мөрдөгдөх сургалтын багц цагийн төлбөрийн хэмжээг баталсан эрх зүйн хэм хэмжээ  тогтоосон нь акт байх ба нэхэмжлэгч нар нь тус тогтоолын дагуу нэмэгдүүлсэн төлбөр төлөх үүрэг хүлээж байгаагийнхаа хувьд сургалтын төлбөрийн хэмжээг нэмэгдүүлсэн хууль зүйн үндэслэлд холбогдуулж маргах эрхтэй байна.

Боловсролын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.12.4-д “сургалтын төлбөр, дотуур байрны үйлчилгээний төлбөрийн хэмжээг зохих журмын дагуу тогтоох” нь боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөлийн эрх хэмжээнд хамаарахаар байхын зэрэгцээ боловсролын байгууллагыг хөгжүүлэх бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, дүрмийг батлах, өөрчлөх, сургуулийн ..., орон тоо, цалингийн нийт хэмжээг тогтоох”, сургалтын байгууллагын хөрөнгө оруулалт, жилийн төсвийн хуваарилалтыг баталж, зарцуулалтад хяналт тавих,... зэрэг чиг үүргийг мөн удирдах зөвлөл хэрэгжүүлэхээр хуульчилжээ.

Мөн Монгол Улсын Гэгээрлийн сайд/хуучин нэрээр/-ын 1999 оны 107 дугаар тушаалаар батлагдсан “Их, дээд сургууль, коллежийн төсөв зохиох, сургалтын төлбөрийг тодорхойлох үлгэрчилсэн аргачлал”-ын 2 дугаар зүйлд “Нэг кредит/багц/ цагийн үнэлгээг сургалтын төлбөрт хамаарах зардлын дүнг нийт кредит цагийн тоонд харьцуулах замаар тогтоох”[3]-оор, ингэхдээ сургалттай холбоотой, захиргаа аж ахуйн, оюутны үйлчилгээний, эрдэм судлалын ажлын, сургууль хөгжүүлэх хөтөлбөрийн зардлуудыг бүхэлд нь сургалтын төлбөрөөс санхүүжүүлэхээр, харин ашиглалтын зардлыг нь сургалтын төлбөр болон улсын төсвөөс, үндсэн бус үйл ажиллагааны зардлыг нь зөвхөн үндсэн бус үйл ажиллагааны орлогоос тус тус санхүүжүүлэхээр сургалтын байгууллагын төсвийг зохиохоор журамласан байна.

Дээрх хууль тогтоомжийн заалтаас үзвэл Сургалтын багц цагийн төлбөрийн хэмжээ нь сургалтын төлбөрт хамаарах зардал/тухайн сургалтын байгууллагыг хөгжүүлэхээр батлагдсан хөтөлбөр, төлөвлөгөөний хүрээнд төлөвлөсөн ажил, үйлчилгээний хөрөнгө оруулалтын болон багш ажилчдад олгох цалин хөлс зэрэг/-аас шууд хамааралтайгаар тогтоогдохоор байх тул нэхэмжлэгч нарын “бидний төлсөн сургалтын төлбөр зөвхөн бидний сургалтын үйл ажиллагаанд зарцуулагдах ёстой. Бусад үйл ажиллагааны зардал нэмэгдсэн нь бидний сургалтын төлбөрийг нэмэх үндэслэл болохгүй” гэсэн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй, харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “Монгол Улсын их сургууль нь үндэсний хэмжээний сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний байгууллага болохынхоо хувьд зөвхөн эрэлт бүхий мэргэжлээр сургалт явуулах боломжгүй тул эрэлт багатай боловч зайлшгүй шаардлагатай сургалтыг санхүүжүүлэх, түүнчлэн Монгол Улсын их сургуулийн 2018 оны нийт төсвийн хэмжээнээс хамааруулан сургалтын төлбөрийг хэмжээг тогтоосон нь хууль тогтоомжид нийцсэн” гэсэн тайлбар илүү үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл, 2018-2019 оны хичээлийн жилд болон 2017, 2018 онуудын санхүүгийн жилүүдэд Монгол Улсын их сургууль нь суралцагчид үзүүлэх үйлчилгээгээ санхүүжүүлэх, улмаар сайжруулах зорилгоор төлөвлөсөн ажил, хөрөнгө оруулалт, түүнчлэн тухайн хичээлийн жилд хичнээн багц цагийн сургалт явуулахаар төлөвлөх нь сургалтын байгууллагын Удирдах зөвлөлийн эрх хэмжээнд хамаарах бөгөөд энэхүү төлөвлөлтөөс хамааран тогтоогдсон сургалтын төлбөр, тэр дундаа төлбөрийн нэмэгдсэн хэмжээ нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхээргүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-д зааснаар захиргааны хэргийн шүүх нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх бөгөөд маргаан бүхий Монгол Улсын Их Сургуулийн удирдах зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 02 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 4 дүгээр баганан дахь Хууль зүйн сургуулийн ерөнхий суурь, мэргэжлийн суурь болон мэргэжлийн хичээлүүдийн нэг багц цагийн төлбөртэй холбогдох хэсгийг хүчингүй болгосноор нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх, ашиг сонирхол хэрхэн сэргэх нь тодорхойгүй байна.

Нөгөө талаас, Монгол Улсын их сургуулийн Удирдах зөвлөлийн 2017-2018 оны хичээлийн жилд Монгол Улсын их сургуулийн бакалаврын түвшний сургалтад суралцагсад нь I-V түвшинд ангилагдаж сургалтын багц цагийн төлбөрийг ялгамжтайгаар төлж байсан ба энэ нь суралцагчийн үзэж судалж буй хичээл, уг хичээлийг зохион байгуулж явуулахад шаардлагатай материаллаг бааз, тоног төхөөрөмж, багшлах боловсон хүчний мэргэжлийн зэрэг, цалин хөлс зэргээс үл хамааралтай буюу суралцагчийн цуглуулсан багц цагийн тооноос хамааран төлбөрийн хэмжээ буурах байдлаар тогтоогдсон байсан тухайд хэргийн оролцогчид маргахгүй байна.

Харин нэхэмжлэгч нараас хүчингүй болгуулахаар шаардаж буй 02 дугаар тогтоолоор сургалтын багц цагийн төлбөрийн дээрх ялгамжтай байдлыг арилгаж сургалтын багц цагийн төлбөрийг оюутны судалж буй хичээлийн агуулгаас хамааралтай байдлаар буюу мэргэжлийн суурь болон мэргэшүүлэх хичээлийн нэг багц цагийн сургалтын төлбөрийг 111,000 төгрөг байхаар тогтоосон нь өмнө I дүгээр түвшний суралцагчийн төлж байсан сургалтын төлбөр болох 92,200 төгрөгөөс 18,800(20,3%) төгрөгөөр, IV-V дугаар түвшний суралцагчийн төлж байсан сургалтын нэг багц цагийн төлбөр болох 74,600 төгрөгөөс 36,400(47,8%) төгрөгөөр нэмэгдсэн зөрүү үүсчээ.

Дээрхээс үзвэл нэхэмжлэгч нарын “бид 4 болон 5 дугаар түвшний ангиллаар сургалтын төлбөрөө төлөх ёстой байсан бөгөөд төлбөрийн хэмжээ 50 орчим хувиар нэмэгдсэн” хэмээн мөнгөн дүнгийн шууд илэрхийллээр нэмэгдсэн хэмжээг тооцож байгааг буруутгах боломжгүй.

Гэвч Дээд боловсролын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “Дээд боловсролын агуулга нь ерөнхий суурь, мэргэжлийн суурь болон мэргэших хэсэг”-ээс бүрдэхээр, 3.2.1-д “ерөнхий суурь хэсгийн агуулга нь суралцагчид дээд боловсрол олгоход зайлшгүй шаардлагатай шинжлэх ухааны үндсийг эзэмшүүлэх”, 3.2.2-т “мэргэжлийн суурь хэсгийн агуулга нь суралцагчид шинжлэх ухаан, технологи, нийгэм-хүмүүнлэгийн тодорхой чиглэлээр мэргэжил эзэмшихэд зайлшгүй шаардлагатай онол-арга зүйн мэдлэг эзэмшүүлэх”, 3.2.3-д “мэргэших хэсгийн агуулга нь суралцагчид нийгмийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн тухайн мэргэжлээр мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлэх, зөрчлийг хүчирхийллийн бус аргаар шийдвэрлэх, эрсдэлээс өөрийгөө хамгаалах мэдлэг, харилцааны ур чадвар олгох” зорилтыг хэрэгжүүлэхээр тус тус заасан нь байх ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “... мэргэжлийн суурь болон мэргэшүүлэх хичээлүүд нь ерөнхий суурь хичээлээс цөөн суралцагчтайгаар зохион байгуулдаг, сургалтын материаллаг бааз, тоног, төхөөрөмж, лабораторийн хэрэглэгдэхүүн их шаарддаг тул өртөг өндөр гардаг” гэж тайлбарлаж байна.

Дээрхээс үзвэл, сургалтын төлбөрийн хэмжээг нэмэгдүүлсэн Монгол Улсын их сургуулийн Удирдах зөвлөлөөс гаргасан 2018 оны 02 дугаартай тогтоолын холбогдох заалт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон...” байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзнэ.

Учир нь Монгол Улсын их сургуулийн удирдах зөвлөл нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-д “үйлчилгээг нь нийтээс заавал хэрэглэдэг төрийн өмчийн ... сургуулийн захиргаа” гэж заасан захиргааны байгууллага болохынхоо хувьд шийдвэр гаргах үйл ажиллагаандаа мөн хуульд заасан тусгай зарчмыг баримтлах бөгөөд хариуцагчаас 2017-2018 оны хичээлийн жилийн сургалтын багц цагийн төлбөрийн хэмжээг ерөнхий суурь болон мэргэжлийн суурь, мэргэшүүлэх хичээлийн ангиллаар шинэчлэн тогтоосон нь дээд боловсролын агуулгыг хэрэгжүүлэх зорилтыг хангах хүрээнд боловсролын агуулгад тохирсон үйлчилгээний өртгийг тодорхойлсон гэж үзэхээр байх тул сургалтын нэг багц цагийн төлбөрийг нэмэгдүүлсэн гэж үзэхээргүй байна.

Нэхэмжлэгч нараас “захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн” өөрөөр хэлбэл, төлөөлөл нь итгэмжлэлээр эсхүл хуульд зааснаар үүсдэг. Г.М нь биднийг ямар ч байдлаар төлөөлж байгаагүй. Бид итгэмжлэл олгоогүй хэмээн тайлбарлан маргаж байх боловч Удирдах зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанд Г.М нь оюутны төлөөлөл болж оролцсон, үг хэлсэн, санал өгсөн байна.

Иймд хариуцагчийг захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн гэж шүүхээс шууд буруутгах үндэслэлгүй байна.

Гэвч энэхүү маргааны тохиолдолд  Монгол Улсын Их Сургуулийн удирдах зөвлөлийн 2015 оны 13 дугаар тогтоолоор “Монгол Улсын их сургуулийн стратегийн төлөвлөгөө 2016-2024”, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 18 дугаар тогтоолоор “Монгол Улсын их сургуулийн 2018 оны орлого болон зарлагын төсөв” -ийг Монгол Улсын их сургуулийн захирлын 2015 оны А/203 дугаар тушаалаар “...сургалтын журам” -ыг, мөн оны 08 дугаар сарын 20-ны өдрийн тушаалаар “Хууль зүйн сургуулийн сургалтын төлөвлөгөө” -г тус тус баталсан, эдгээр баримт бичгүүд нь хүчин төгөлдөр үйлчилж байх тул сургуулийн төлбөрийг шинэчлэн тогтоосон байна.

Өөрөөр хэлбэл, дээрх эрх зүйн баримт бичгүүдийн дагуу 2018-2019 оны хичээлийн жилд Монгол Улсын их сургуулийн хэмжээнд явагдах сургалтын үйл ажиллагаа, хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүд, хөрөнгө оруулалт нь урьдчилан тодорхой болсон байна.

Мөн хууль ёсны итгэл хамгаалах зарчмыг захиргаанаас хэрэглэх нэг болзол нь  иргэн, захиргааны хоорондын тухайн харилцаа дуусаагүй байх ёстой. Иргэнд эерэг үр дагавар үүсгэхээр байсан ч уг харилцаа хэдийн дууссан бол итгэл хамгаалах зарчмыг хэрэглэхгүй. Нэхэмжлэгч нарын хувьд Монгол Улсын Их сургуулийг  аль хэдийн төгссөн байх бөгөөд Монгол Улсын их сургууль нь сургалтын төлбөрийг нэмэгдүүлэхгүй байх үүргийг суралцагчдынхаа өмнө хүлээхгүй тул хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим хэрэглэгдэхгүй гэж үзнэ.

Түүнчлэн Гэгээрлийн сайдын 1999 оны “Их, дээд сургууль, коллежийн төсөв зохиох, сургалтын төлбөрийг тодорхойлох үлгэрчилсэн аргачлал батлах тухай” 107 дугаар тушаал нь захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэлгүй тул Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлд заасны дагуу эрх зүйн үйлчлэлгүй юм. Иймд маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож өгнө үү” гэж нэхэмжлэгчээс тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нар Гэгээрлийн сайдын 1999 оны “Их, дээд сургууль, коллежийн төсөв зохиох, сургалтын төлбөрийг тодорхойлох үлгэрчилсэн аргачлал батлах тухай” 107 дугаар тушаалтай маргаагүй бөгөөд уг актыг хүчингүй болгосон захиргааны шийдвэр гараагүй байна.

Иймд Б.М, Г.О, Б.О, Г., Н. н нарын Монгол Улсын Их Сургуулийн удирдах зөвлөлд холбогдуулан гаргасан “Монгол Улсын Их Сургуулийн удирдах зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 02 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 4 дүгээр баганан дахь Хууль зүйн сургуулийн ерөнхий суурь, мэргэжлийн суурь болон мэргэжлийн хичээлүүдийн нэг багц цагийн төлбөртэй холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боловсролын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.12.4, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.М нараас Монгол Улсын Их Сургуулийн удирдах зөвлөлд холбогдуулан гаргасан “Монгол Улсын Их Сургуулийн удирдах зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 02 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 4 дүгээр баганан дахь Хууль зүйн сургуулийн ерөнхий суурь, мэргэжлийн суурь болон мэргэжлийн хичээлүүдийн нэг багц цагийн төлбөртэй холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

          

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ц.

                                                               ШҮҮГЧ                                  А.

                                                               ШҮҮГЧ                                  О.ОЮУНГЭРЭЛ  

 

[1] 1 дүгээр хавтаст хэргийн 176 дахь талд

[2] 1 дүгээр хавтаст хэргийн 60-61 дэх талд

[3] 1 дүгээр хавтаст хэргийн 160-167 дахь талд